| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/04545/И |
| Дугаар | 192/ШШ2025/02854 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/02854
2025 04 11 192/ШШ2025/02854
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: * тоот оршин суух, Б овогт Д.Д /РД:*/,
Нэхэмжлэгч: * тоотод оршин суух, Н овогт Д.Д /РД:*/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * тоотод оршин суух, Ш овогт Ц.М /РД:Х*/,
Хариуцагч: * тоот хаягт байрлах, Х ББСБ ХХК /РД:*/ нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 23 616 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Я.Б, хариуцагч Ц.М-ын өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Ш. Д нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэн Н.Ч-аас *УНИ улсын дугаартай Прадо маркийн автомашиныг 27 сая төгрөгөөр худалдаж авсан хууль ёсны өмчлөгч юм. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг "Галзуу харын худаг" гэх газрын ойролцоо өөрийн өмчлөлийн * УНИ улсын дугаартай автомашинтай зорчиж явах үед эсрэг урсгалд зорчиж явсан * УБӨ улсын дугаартай Приус-30 маркийн автомашины жолооч Ц.М нь урсгал сөрж ирэн мөргөсний улмаас машинтайгаа онхолдсон зам тээврийн осолд өртсөн. Улмаар Төв аймаг дахь цагдаагийн газрын ЗЦТасгийн алба хаагчид ирж үзлэг хийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдсан ба * УБЭ улсын дугаартай автомашины жолооч Ц.М-ын буруутай үйлдлийн улмаас тухайн осол болсон гэсэн дүгнэлтийг гаргасан. Тухайн ослын улмаас машинд хамт зорчиж явсан ээж Д.Д гэмтэж, автомашин 2 бүтэн хөрвөөсний улмаас дахин ашиглагдах боломжгүй болон эвдэрсэн. Гэтэл зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад автомашины эвдрэлийн эцсийн үнэлгээг даатгалаас авах мөнгөний хэмжээ хэмээн ойлгуулж надаар гарын үсэг зуруулсан ба энэ талаар Төв аймгийн прокурорын газарт гомдол гаргахад Иргэний журмаар шүүхэд хандаж дахин үнэлгээ хийлгэж болно гэсэн тайлбарыг өгсөн болно. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад хийгдсэн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа. Энэхүү ослын улмаас автомашин бүрэн эвдэрч 27 сая төгрөгийн хохирол учирсан. Анх автомашиныг худалдаж авахад 20 сая төгрөгийг дансаар шилжүүлж 7 сая төгрөгийг бэлнээр төлсөн. Мөн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа дууссан эсэх талаар ямар нэгэн мэдэгдэл, мэдээлэл аваагүй, хэрэг бүртгэлтийн явцад тогтоосон үнэлгээг зөвшөөрөөгүй тул прокурорын байгууллагад гомдол гаргаж хариу хүлээсний улмаас зам тээврийн осолд өртсөн автомашин өнөөдрийг хүртэл тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд байгаа бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх 85 хоногийн хугацаанд нийт 595 000 төгрөгийн төлбөр гарсан байна. Иймд Ц.М-аас даатгалын байгууллагаас олгосон нөхөн төлбөр болох 5.000.000 төгрөгийг хасаж, хариуцвал зохих этгээдээс нийт 22 595 000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд шаардах эрхийг өвлөх эрхийн гэрчилгээний дагуу нэхэмжлэгчийн хувиар оролцож байгаа гэв.
2. Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн осол болох үед машинд хамт явсан. Ослын улмаас эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан. 671 000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Гар утас эвдэрч дахин ашиглах боломжгүй болсон тул гар утасны үнэ 350 000 төгрөг, нийт 1 021 000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
3. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх нэхэмжлэгч нарын итгэмжлэлээр шүүхэд оролцож байсан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь Д-ны нэхэмжлэлийн шаардлага учраас тусдаа автомашинд учирсан гэм хорын хохирол гэдгийг тээврийн хэрэгслийг буцаан авахгүйгээр 22 595 000 төгрөгийг хариуцагч Х ББСБ ХХК, Ц.М нарын хэн хариуцвал зохихоос нь гаргуулах, Д.Д-ийн эрүүл мэндэд учирсан хохирол, гар утасны үнэ нийт 1 021 000 төгрөгийн хариуцагч Ц.М-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Ц.М-ын зүгээс Д-д учирсан хохирол 1,021,000 төгрөгийг шаардаж байна гэж ойлголоо. Тиймээс зөвхөн үүнтэй холбогдуулан тайлбар гаргана. Тээврийн хэрэгсэлд гарсан хохирлыг Х ББСБ ХХК-аас шаардаж байгаа юм байна. Тиймээс хариуцагчийн зүгээс тухайн осол болоод нэгэнтээ эрүүл мэндэд хохирол учирсан байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ хариуцагч М 3 удаа харвачихсан. Одоогийн байдлаар таяг тулаад чадан ядан явж байгаа. Хамгийн сүүлд шүүх хуралдаан зарлахад эмнэлэгт хэвтсэн байдалтай байсан. Тиймээс хариуцагчийн эрүүл мэндийн шалтгааныг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэгчээс шаардаж байгаа 1 021 000 төгрөгт маргаан байхгүй. Зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэм хорын хохирол нийтэд нь буруутай этгээдээс гаргуулъя гэж байна. Үүнд тээврийн хэрэгсэлд хохирсон учралын талуудаас гаргуулъя гэсэн байна. Хариуцагчийн зүгээс тээврийн хэрэгсэлд хохирсон хохирлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэм хорын хохиролд яг юу шаардаж байгаа вэ. Тухай тээврийн хэрэгсэл ашиглах боломжгүй байдлаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. 27 сая төгрөгөөр авсан машины 27 сая төгрөгөөр шаардах үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээг гаргасан байдаг. Үнэлгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн дүгнэлтээр үнэлгээний компани тодорхойлогдож Б ХХК үнэлгээг хийсэн байдаг. Парадо 120 маркийн автомашинд учирсан хохирлыг тодорхойлсон байдаг. Түүнд 9 985 000 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ хэрэгт авагдсан байдаг. Үнэлгээний тайланд хохирогч гарын үсэг зурсан байдаг. Мөн бусад авто үнэлгээний газрууд үнэлгээ хийсэн байдаг. Үнэлгээний компаниас моторын тос үнэлгээнд ороогүй байна гэдэг. Ороогүй гэдэг байдлаар нь хүлээн зөвшөөрөхгүй байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Улмаар шүүхийн шатад Ашид билгүүн үнэлгээний компанийн үнэлгээ гарсан байдаг. Ингэхдээ нэхэмжлэгчийн бодитой байгаа моторын тос солигдоогүй байна. Мөн солигдох засварлагдах боломжгүй зүйлсийг солих ёстой байсан зүйлийг засварлах гэж бичсэн байна гэж үнэлсэн байдлыг нь шинжээчийн дүгнэлтээр 5,090,000 төгрөг гэж тодорхойлсон. Тэгэхээр хэрэгт эцсийн байдлаар хууль сануулж дүгнэлтээ гаргасан Ашид билгүүн компанийн үнэлгээгээр 5 090 000 төгрөг болсон. Тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 5 090 000 төгрөг гэж тодорхойлсон. М-ын жолоочийн хариуцлагын даатгалд 5 сая төгрөг олгогдсон асуудал байгаа. Тиймээс 90 000 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс шаардах эрхтэй гэв.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХХБ-ны шилжүүлгийн баримт, 2022.02.16-ны өдрийн машин худалдах, худалдан авах гэрээ, Д.Д-ны Хаан банк дахь * тоот дансны хуулга, осол гарсан үеийн фото зураг, Төв аймгийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, эрх бүхий албан тушаалтны тогтоол, тэмдэглэл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, Бэст эстимэйт ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, шийтгэлийн хуудас, мэдрэлийн эмчийн үзлэг, и-баримтууд, гар утасны баталгааны хуудас, , Ш.Д-ийн нас барьсны бүртгэлийн гэрчилгээ, Өвлөх эрхийн гэрчилгээ, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас шийтгэлийн хуудас, үнэлгээний ажлын хөлс төлсөн кассын орлогын ордер, Бэст эстимэйт ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, Миг даатгалд гаргасан хүсэлт, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Х ББСБ ХХК-иас Миг даатгалд гаргасан хүсэлт, Х ББСБ ХХК болон С.С нарын хооронд байгуулагдсан 2022.05.12-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Хариуцагч Х ББСБ ХХК-иас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхэд баримтаар гаргасан.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д-ны хариуцагч Ц.М, Х ББСБ ХХК нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Д-ийн хариуцагч Ц.М-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Д-ны хариуцагч Ц.М, Х ББСБ ХХК нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн тухайд:
2.1. Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Ц.М-т холбогдуулан зам тээврийн ослын улмаас өөрийн өмчлөлийн * УНИ улсын дугаартай Прадо маркийн тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй болсон гэх үндэслэлээр тээврийн хэрэгслийн үнэ 27 000 000 төгрөгөөс даатгалын компаниас төлсөн 5 000 000 хасч үлдэх 22 000 000 төгрөг, тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд байрлуулсан 85 хоногийн төлбөр 595 000 төгрөг, нийт 22 595 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нас барсан болох нь бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон.
2.2. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Д нь хууль ёсны өвлөгчийн хувьд тээврийн хэрэгслийн гэм хорын хохирол шаардах эрхийн өвлөгч, өвийг хүлээн авсан болох нь 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
2.3. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж зааснаар Д.Д нь зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй тул түүнийг эрх залгамжлагчаар тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцуулсан болно.
2.4. Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар баг Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн А0301 автозамын * дахь км-н хооронд Тоёота приус 30 маркийн * УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.М нь Ш.Д-ийн жолоодож явсан Тоёота прадо-95 маркийн * УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэх үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн магадалгаагаар Тоёота приус-30 маркийн * УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж дүгнэжээ.
2.5. Дээрх ослын улмаас Ш.Д-ийн эзэмшлийн Тоёота прадо-95 маркийн * УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 9 985 000 төгрөгийн хохирол учирсан талаар Бэст эстимэйт ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2022070959 дугаар техникийн үнэлгээний тайланд тусгажээ.
2.6. Нэхэмжлэгч Ш.Д нь дээрх хохирлын үнэлгээг үндэслэлгүй гэж тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар шүүх Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн * дугаар Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч Ш.Д-ийн эзэмшлийн Тоёота прадо-95 маркийн * УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 5 090 000 төгрөг гэж тогтоосон байна.
2.7. Хэрэгт авагдсан С.С-ийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Миг даатгал ХХК-д гаргасан даатгалын нөхөн төлбөр олгох талаар гаргасан хүсэлт, Х ББСБ ХХК-иас 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 275 тоот албан бичгээр Миг даатгал ХХК-д “...даатгалын нөхөн төлбөрийг фидуцийн гэрээгээр үүрэг гүйцэтгэгч С.С-ийн дансанд шилжүүлэх...” талаар гаргасан хүсэлт, зохигчдын тайлбараар Миг даатгал ХХК-иас нэхэмжлэгч Ш.Д-д 5 000 000 төгрөгийн хохирлыг барагдуулсан болох нь тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй.
2.8. Нэхэмжлэгч нь * УНИ улсын дугаартай Прадо маркийн тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй болсон гэх үндэслэлээр тээврийн хэрэгслийн үнэ 27 000 000 төгрөгөөс даатгалын компаниас төлсөн 5 000 000 төгрөгийг хасч үлдэх 22 000 000 төгрөгийн хохирол гаргуулна гэж шаардлага үндэслэлээ тодорхойлсон боловч хэрэгт авагдсан баримтаар тухайн тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй болсон гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.
2.9. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т “зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 499.4-т “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.
2.10. Хариуцагч Ц.М-ын жолоодож явсан Тоёота приус 30 маркийн * УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.С нь Х ХХК-тай байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0000660 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу хариуцагч Х ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
2.11. Хариуцагч Х ББСБ ХХК-ийг хариуцагчийн жолоодож явсан Тоёота приус 30 маркийн * УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах аргын хүрээнд эд хөрөнгийг өмчлөлдөө бүртгүүлсэн этгээд юм.
2.12. Хэрэгт авагдсан зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Миг даатгал ХХК-нд гаргасан хүсэлт зэргээс үзэхэд Тоёота приус 30 маркийн * УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч хариуцагч нь Ц.М биш, С.С болох нь тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч Д.Д-ийн гаргасан эрүүл мэндэд учирсан хохирол болон гар утасны үнэ нийт 1 021 000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Ц.М хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-ы хариуцагч Ц.М, Х ББСБ ХХК нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 22 595 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Д-ийн 1 021 000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Ц.М хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276 030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 29 054 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ОЮУН-ЭРДЭНЭ
Д.УРАНЗУЛ