2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/03811

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,   тоотод оршин суух, М овогт Д Б/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,   тоот хаягт байрлах “М е” ХХК-д  /РД: /-д холбогдох,

 

57,842,616 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Д.Бнь хариуцагч “М е” ХХК-д  холбогдуулан 57.842.616 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Д.Бнь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “М е” ХХК-тай Амины орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр “М е” ХХК нь Гачуурт, Шар хоолойд 73 м.кв талбайтай амины орон сууцыг барьж гүйцэтгэн, 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Д.Бт хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээгээр талууд 73 м.кв талбайтай амины орон сууцны 1 м.кв үнийг 2,200,000 төгрөг, нийт үнэ 160,600,000 төгрөг байхаар тохиролцож, улмаар гэрээний 2.3.1-д заасан төлбөр төлөх нөхцлийн дагуу Д.Бнь “М е” ХХК-д нийт 135,425,000 төгрөгийг төлсөн. Гэрээнд зааснаар талууд амины орон сууцыг барьж хүлээлгэн өгсний дараа төлбөрийн үлдэгдэл 20 хувийг төлөхөөр тохиролцсон. Барилгын ажил гүйцэтгэж дуусах гэрээнд заасан 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр болоход хариуцагч нь барилгын ажлыг бүрэн дуусгаж өгөөгүй тул талууд дахин нэмэлт гэрээ байгуулж, энэ нэмэлт гэрээний Хавсралт №1-д заасан 21 төрлийн барилгын ажлыг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн дуусгаж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр болсон. Гэвч нэмэлт гэрээнд заасан хугацаа дуусахад нэмэлт гэрээний хавсралт №1-д заасан 21 төрлийн барилгын ажлыг хариуцагч нь хийгээгүй, барилгын ажлыг дуусгаагүй төдийгүй гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болно. Нэмэлт гэрээний дагуу барилгын ажлыг хийж дуусгахад шаардагдах зардал 42,966,000 төгрөг байхаар талууд тохиролцож гэрээ байгуулсан. Дээрхээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд хуульд Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгээгүй, үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж, Нэмэлт гэрээний хавсралт №1-д заасан 21 төрлийн барилгын ажлын үнэ 42,966,000 төгрөгийг хариуцагч “М е” ХХК-иас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 1.2 Нэхэмжлэгч Д.Бнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4-т “Нэмэлт гэрээнд заасан хугацаанд үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хэтрүүлсэн тал хоног тутам гэрээний үнийн дүнгээс 0.5 хувийн алдангийг төлнө” гэж заасан. Талууд гэрээгээр тохиролцохдоо барилгын ажлыг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн гүйцэтгэж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр заасан ба хариуцагч нь тохиролцсон хугацаандаа гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээгүй, үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул гэрээнд заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн алданги тооцон шаардах эрхтэй байна. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 42,660,000 төгрөгөөс алданийг гэрээнд заасны дагуу 0,5 хувиар тооцоход 1 өдрийн алданги 214,900 төгрөг, үүнийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар хугацаа хэтрүүлсэн 315 хоногоор тооцоход алданги нийт 14,876,616 төгрөг болж байна. Иймд гэрээний дагуу алданги 14,876,616 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 2. Хариуцагч “М е” ХХК хариу тайлбартаа: “Манай компани иргэн Д.Бтэй 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Амины орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Ийнхүү гэрээний гол нөхцөл буюу төлбөрийн нөхцлийг талууд гэрээний 2.3.1-т тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, захиалагч нь энэхүү гэрээний 2.3.1, 4.1-д заасны дагуу гэрээгээр тохирсон төлбөрийг ажил гүйцэтгэгчид гүйцэтгэлийн дагуу 3 хуваан төлөхөөр үүрэг хүлээсэн. Захиалагч тал болох Д.Бнь гэрээнд заасан нөхцөлөөр төлбөрөө бүрэн гүйцэт, хугацаандаа төлөөгүйгээс ажил гүйцэтгэх хугацаа хоцорч ирсэн бөгөөд захиалагч талаас болж ажил гүйцэтгэх хугацааг сунгах шаардлага гарсан байдаг. Ажил гүйцэтгэгчийн зүгээс гэрээнд заасан ажил дууссаныг захиалагч талд мэдэгдсэн боловч үлдэгдэл ажлын гүйцэтгэл дутуу гэж үзэн асуудал үүсгэж эхэлсэн. Захиалагч гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөөгүйгээс гүйцэтгэж буй ажлаас одоогоор ханын эмульс, дотор хаалга, нойлын өрөөн плита, нүдэн гэрлүүд зэрэг хийгдээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан 42,699,000 төгрөг, алдангийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Амины орон сууц захиалгын гэрээ, Нэмэлт гэрээ, Голомт банкны дансны хуулга, Итгэмжлэл, Фото зураг, Хас банкны дансны хуулга, Зарлагын тооцоолол болон засвар үйлчилгээ хийгдсэн зардал, Хаан банкны дансны хуулга, Тооцооны хуудас, Зарлагын баримт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, Фото зураг, Хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.  

Хариуцагчийн хүсэлтээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрдүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 2. Нэхэмжлэгч Д.Бдараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “М е” ХХК-тай Амины орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба гэрээний дагуу нийт үнэ 160,600,000 төгрөгөөс  135,425,000 төгрөгийг төлсөн. 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр болоход хариуцагч нь барилгын ажлыг бүрэн дуусгаж өгөөгүй тул талууд дахин нэмэлт гэрээ байгуулсан. Гэвч барилгын ажлыг хариуцагч нь хийгээгүй, барилгын ажлыг дуусгаагүй төдийгүй гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Нэмэлт гэрээний дагуу барилгын ажлыг хийж дуусгахад шаардагдах зардал 42,966,000 төгрөг байхаар талууд тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлсэн. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж, Нэмэлт гэрээний хавсралт заасан 21 төрлийн барилгын ажлын үнэ 42,966,000 төгрөг, алданги 14,876,616 төгрөгийг хариуцагч “М е” ХХК-аас шаардах эрхтэй.” гэжээ.

 3. Хариуцагч “М е” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “...Гэрээний гол нөхцөл буюу захиалагч нь энэхүү гэрээний 2.3.1, 4.1-д заасны дагуу гэрээгээр тохирсон төлбөрийг ажил гүйцэтгэгчид гүйцэтгэлийн дагуу 3 хуваан төлөхөөр үүрэг хүлээсэн ба 119,825,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Д.Бнь гэрээнд заасан нөхцөлөөр төлбөрөө бүрэн гүйцэт, хугацаандаа төлөөгүйгээс ажил гүйцэтгэх хугацаа хоцорч ирсэн бөгөөд захиалагч талаас болж ажил гүйцэтгэх хугацааг сунгах шаардлага гарсан байдаг. Ажил гүйцэтгэгчийн зүгээс гэрээнд заасан ажил дууссаныг захиалагч талд мэдэгдсэн боловч үлдэгдэл ажлын гүйцэтгэл дутуу гэж үзэн асуудал үүсгэж эхэлсэн. Нэмэлт гэрээний дагуу нэхэмжлэгч мөнгө шилжүүлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

 4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 4.1 Нэхэмжлэгч Д.Бнь 2022 оны 6 сарын 21-ний өдөр “Амины орон сууц захиалгын гэрээ”-г хариуцагч “М е” ХХК-тай байгуулж, “М е” ХХК нь Гачуурт, Шархоолойд байршилтай, 73 м.кв талбайтай, амины орон сууцыг барьж ашиглалтад оруулах, захиалагч Д.Бнь амины орон сууцны төлбөрт 160,600,000 төгрөгийг 1 м.кв-ын үнийг 2,200,000 төгрөгөөр тооцож, төлбөрийг 40, 40, 20 хувиар төлж барагдуулахаар талууд тохиролцжээ. /хх4-7/

 4.2 Улмаар талууд дээрх гэрээг үндэслэн Нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээнд хариуцагчаас амины орон сууцыг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүрэн гүйцэт захиалагчид хүлээлгэн өгөх, ажлын жагсаалтын хавсралт 1-т заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэж дуусгах, нэхэмжлэгчээс энэхүү гэрээнд заасан хугацаанд ажил гүйцэтгүүлэх болон чанарын хяналт тавих, 2022 оны 6 сарын 21-ний өдөр “Амины орон сууц захиалгын гэрээ”-ний нөхцөлөөр төлбөрийг ажилд гүйцэтгэгчид төлөх, мөн гэрээнд заасан хугацаанд ажил гүйцэтгэгч үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гэрээний үнийн дүнгээс 0,5 хувиар алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. /хх9-10/

 

4.3 Шүүхээс томилогдсон 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд  “...2022 оны 6 сарын 21-ний өдөр “Амины орон сууц захиалгын гэрээ”-ний хавсралт Нэмэлт гэрээний хүрээнд 21 нэр төрлийн барилгын ажлын 3-г хийж гүйцэтгэсэн байна. “М е” ХХК нь 19,929,550 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй, энэ нь гэрэгээр тохирсон ажлын 12,6 хувь болно.” гэжээ. /хх128-143/

 4.4 Хариуцагчаас дээрх гэрээний төлбөрт дансаар нэхэмжлэгчид 119,825,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна.

 5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ-ний зохицуулалтад нийцжээ. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

6. Талууд “Амины орон сууц захиалгын гэрээ” болон нэмэлт гэрээнд заасан үүргээ биелүүлсэн эсэх маргааны зүйл байна.

 

7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай ба мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр заасан.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дах хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан бөгөөд Амины орон сууц захиалгын гэрээ, Нэмэлт гэрээний 2.1-т зааснаар хариуцагч “М е” ХХК нь орон сууцыг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь амины орон сууцыг захиалгын гэрээнд зааснаар 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид амины орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс талууд Нэмэлт гэрээг байгуулан дээрх хугацааг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүрэн хүлээлгэн өгөхөөр нэмэлт хугацаа зааж тохирсон боловч амины орон сууц өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон ба Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч “М е” ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Д.Бнь гэрээг цуцлах, мөн гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 8. Харин хэрэгт авагдсан дансны хуулгаар нэхэмжлэгч Д.Бээс гэрээний төлбөрт “с А” гэх дансанд нийт 119,825,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд энэ талаар хариуцагч “М е” ХХК маргаагүй бөгөөд 1,702,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...гэрээнд нэхэмжлэгч нь төлбөрийг 40, 40, 20 хувиар төлж барагдуулахаар тохиролцсон боловч 119,825,000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, “Нэмэлт гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч мөнгө төлөөгүй тул нэмэлт гэрээний төлбөр болон алдангийг төлөх учиргүй...” гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Учир нь нэхэмжлэгчээс “Нэмэлт гэрээ”-ний дагуу ажлыг хийж дуусгахад шаардагдах зардал 42,966,000 төгрөг байхаар талууд тохиролцсон гэх боловч гэрээний хавсралтад заасан 21 төрлийн ажлыг гүйцэтгэхэд гарах зардлыг талууд тодорхойлоогүйгээс гадна нэхэмжлэгчээс “Нэмэлт гэрээ”-ний 3.3-т заасны дагуу үүргээ бүрэн биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 Тодруулбал, нэхэмжлэгчээс нэмэлт гэрээг 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэж тайлбарласан ба хариуцагч “Нэмэлт гэрээ”-ний хавсралт заасан 21 төрлийн ажлыг хийж гүйцэтгэх, нэхэмжлэгчээс амины орон сууцыг захиалгын гэрээний нөхцөлөөр төлбөрийг төлөх үүргийг хүлээхээр талууд тохиролцсон боловч хэрэгт авагдсан дансны хуулгаар нэмэлт гэрээний үүрэгт нэхэмжлэгч Д.Бээс 2,825,000 төгрөгийг хариуцагч “М е” ХХК-д төлсөн байх бөгөөд энэ нь “Амины орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу төлсөн нийт 119,825,000 төгрөгт багтжээ.

 9. Тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хариуцагч “М е” ХХК нь Нэмэлт гэрээнд заасан ажлын 3-г хийж гүйцэтгэсэн, 19,929,550 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй, “Амины орон сууц захиалгын гэрээ”-ний үнийн дүн болох 72м.кв*2,200,000=158,400,000 төгрөгтэй харьцуулахад 12,6 хувь болно гэснээс  үзэхэд хариуцагч нь “Амины орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу 140,670,450 төгрөгийн /160,600,000-19,929,550/ ажлыг хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгчээс гэрээний төлбөрийн үлдэгдэл 40,775,000 төгрөг /160,600,000-119,825,000/-ийг хариуцагчид төлөөгүй бөгөөд нэхэмжлэгч Д.Б“Амины орон сууц захиалгын гэрээ”-нд заасан төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, нэмэлт гэрээний дагуу 42,966,000 төгрөг хариуцагчид төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохирол болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийг хариуцагч “М е” ХХК-аас шаардах эрхгүй гэж үзэх үндэслэлтэй.

 10. Мөн нэхэмжлэгчээс Нэмэлт гэрээнд заасан ажлыг гуравдагч этгээдээр хийж гүйцэтгүүлсэн гэх зарлагын баримтыг шүүхэд ирүүлсэн тамга тэмдэггүй,  Ebarimt-аа шивэгдсэн эсэх нь тодорхойгүй байх тул эдгээр баримт нь хуульд заасан журмын дагуу авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримт гэж үзнэ.

 

11. Иймд талууд хооронд байгуулагдсан 2022 оны 6 сарын 21-ний өдөр “Амины орон сууц захиалгын гэрээ”-г цуцалж, нэхэмжлэлээс үлдэх Нэмэлт гэрээний барилгын ажлын үнэ 42,966,000 төгрөг, алданги 14,876,616 төгрөг нийт  57,842,616 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 605,780  төгрөгөөс 517,363 төгрөгийг хэвээр үлдээж, улсын орлогоос 88,417 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 6 сарын 21-ний өдрийн “Амины орон сууц захиалгын гэрээ”-г цуцалж, нэхэмжлэлээс үлдэх Нэмэлт гэрээний барилгын ажлын үнэ 42,966,000 төгрөг, алданги 14,876,616 төгрөг нийт 57,842,616 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 605,780  төгрөгөөс 517,363 төгрөгийг хэвээр үлдээж, улсын орлогоос 88,417 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ