| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/03566/И |
| Дугаар | 192/ШШ2025/02658 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/02658
2025 04 04 192/ШШ2025/02658
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Д.Хулан, шүүгч Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: * тоот хаягт оршин суух, Х овогт, Д.М /РД:*/,
Нэхэмжлэгч: * тоот хаягт байрлах, Э ХХК /РД:*/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * байранд байрлах У ТӨХК /РД:*/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 42 651 527 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, иргэдийн төлөөлөгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Д.М миний бие "Э ХХК-ийн захирлаар ажилладаг ба Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах өөрийн эзэмшил газарт 6 айлын амины орон сууцны хотхоны барилгын ажлыг 2019 онд эхлүүлж 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр загварын байр болох 130 м.кв нэг байшингийн халаалт, цэвэр, бохир усны шугам, заслын ажлыг бүрэн хийж дуусгаж, 380В-ын тогоор халдаг халаалтын зуух, 220В-ын тогоор халдаг цэвэр усны шугамын хөлдөлтөөс хамгаалах утас, 220В-ын тогоор халдаг цахилгаан радиаторыг тогонд залгаж байнгын ажиллагаанд оруулсан. 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байшиндаа тавилга хийлгэхээр, мэргэжлийн хүмүүсийн хамт хэмжээ авахаар очиход байшингийн 2 ариун цэврийн өрөө усаар дүүрсэн, 3 унтлагын өрөө, коридорын паркетэн шал усаар дүүрсэн, том өрөөний шалан доогуур явж байгаа усны шугамыг дагаад ус нэвчсэн, өрөө тусгаарласан 5 хаалга хөлдөж хагарсан, бүх өрөөний ханын доод хэсгээр 40 орчим см усанд норж, ханын обой норж, хөндийрсөн байсан. Би гайхаад Коспель брэндийн халаалтын зуухнаас боллоо гэж бодон, халаалтын зуухаа салгаад, халаалтын зуух авсан Акуатерм дэлгүүрт очиж үзүүлэхэд манай зуух хэвийн ажиллагаатай байна гэсэн хариу өгч, та тогны хүчдэлээ шалгуулаарай гэж зөвлөсөн. Би өөрийн төлөвлөсөн хотхоноо цахилгаан үүсгүүрээр хангахын тулд 10/0,4кВ-ын 1*250 кВ хүчин чадал бүхий цахилгаан хангамжийн дэд өртөө /КТПН/-ийг өөрийн хөрөнгөөр барьж, байгуулж 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр У ТӨХК-ний Ашиглалт засварын зүүн төвд гомдол гаргаж Цахилгаан эрчим хүчээр хангах 807744 дүгээр гэрээний 6 дугаар зүйлийн 3-т зааснаар хохирлын акт үйлдэхийг хүссэн боловч уг газраас 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хариу ирүүлэхдээ нөөц дизель цахилгаан үүсгэвэр, автомат сэлгэн залгагч болон хэд гүйдэл фазын хамгаалалт тавихыг зөвлөж, хамтран ажиллахад бэлэн гэсэн хариу ирүүлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргаж уг газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09/125 дугаар хороол Д.М-тай байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд тусгагдсан хохирол барагдуулах журмаар хохирлыг барагдуулж 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор Хороонд хариу ирүүлнэ үү" гэсэн албан бичгийг У ТӨХК-нд хүргүүлсэн. Гэтэл У ТӨХК нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/288 дугаар албан бичгээр "учирсан хохирлыг манай компанийн зүгээс барагдуулах боломжгүй байна" гэсэн хариуг Эрчим хүчний зохицуулах хороонд буцааж хүргүүлсэн. Нэхэмжлэгч би 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр У ТӨХК-тай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулж төлбөр мөнгөө бүрэн барагдуулж ирсэн. Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах, 29.1.3-т гэрээнд заасан үйлчилгээний түвшнийг хангах үүрэгтэй гэж заасан ба Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 6.3-т Цахилгаан эрчим хүчний тасалдал, чанарын үзүүлэлтийн хэлбэлзлээс болж хангагчтай гэрээтэй хэрэглэгчид хохирол учруулсан тохиолдолд 24 цагийн дотор хэрэглэгч хангагчид мэдэгдэж хамтарсан акт үйлдэн гаргасан шийдвэрийг үндэслэн шууд хохирлыг буруутай тал төлөхөөр зохицуулжээ. Гэтэл хариуцагч байгууллага нь хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хохирлын акт үйлдэхгүй чирэгдэл учруулж байгаад гомдолтой байна. Хотхоны загварын байшинд учирсан хохирлыг "Гэрэлт хаш ХХК-иар үнэлүүлсэн ба энэхүү хохирлыг хариуцагч байгууллагаас нэхэмжилж байна. У ТӨХК-ний Ашиглалт, засварын зүүн төвийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 31/03 дугаар албан бичгийн хавсралтаар цахилгааны хүчдэл нь стандарт хэмжээндээ байгаагүй болохыг горимын инженер нь тодорхойлсон болно. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Иймд У ТӨХК-иас гэм хорын хохирол болох 36 898 327 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаад 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 5 753 200 төгрөг нэмэгдүүлсэн. Үндэслэл нь үнэлгээний Гэрэлт хаш компанийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 0924 дугаартай дүгнэлтээр гэм хорын улмаас нэхэмжлэгчид учирсан бодит хохирлын хэмжээг, цалингийн зардал, материалын зардал, тээврийн зардал, гэж тодорхойлсон үүнд буулгалтын зардлыг тооцоогүй. Иймд буулгалтын зардал 5 753 200 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 42 651 527 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Ц" ТӨХК-ийн ашиглалтын 110/35/10 кВ-ын Цэвэрлэх дэд станцад 35 кВ-ын Рашаант гаргалгын 300/5 А хүчин чадал бүхий гүйдлийн трансформатор 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг 15 минутад 308 А хүрч хэт ачаалагдсан тул тус компанийн хүсэлтээр ачаалал хөнгөлөх ажил хийгдсэн. Үүнд: 35/10 кВ-ын Гэрэл д/ст-с 10 кВ-ын Нефьт, Тахилт шугамуудын ачааллыг 110/35/10 кВ-ын Найрамдал, 110/10 кВ-ын Толгойт дэд станц руу тус тус шилжүүлж 260 А болж буурсан. Манай компанийн зүгээс хэт ачаалагдаад буй 35 кВ-ын Рашаант ЦДАШ-ын 300/5 А гүйдлийн трансформаторыг солих талаар шуурхай ажиллагааны журмаар "Ц ТӨХК-ийн Улаанбаатар салбарт мэдэгдсэн. Мөн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 28 минутад 35 кВ-ын Рашаант гаргалгын гүйдлийн трансформатор 320 А хүрч дахин хэт ачаалагдсан тул 35/10 кВ-ын Партизан дэд станцаас 10 кВ-ын Аргунт фидерийначааллыг 35/10 кВ-ын Яргайт дэд станцаас 10 кВ-ын Гүнт шугам руу ачаалал шилжүүлж хөнгөлөх ажил хийгдсэн. Тухайн 10 кВ-ын Гүнт шугамын хэрэглэгчдээс хүчдэлийн уналт үүсэж байгаа талаар гомдол манай компанид ирүүлэх болсон тул 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12:00 цагт 35/10 кВ-ын Яргайт дэд станцад трансформаторын РПН-ийг хөдөлгөж хүчдэл нэмж, "Ц” ТӨХК-д Нэгдсэн сүлжээний дүрмийн 2.2.2.5 дах заалтын дагуу 110/35/10 кВ-ын Сэлбэ дэд станцад хүчдэлийн тохируулга хийж нэмэх, 110/35/10 кВ-ын Цэвэрлэх дэд станцад 35 кВ-ын Рашаант гаргалгын гүйдлийн трансформаторыг өргөтгөн солих талаар албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн.Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах КТПН-10055 дугаартай хувийн эзэмшлийн дэд станцаас танай зуслангийн байшин цахилгаан эрчим хүчээр тэжээгдэж байгаа. 110/35/10 кВ-ын Цэвэрлэх дэд станцаас 35 кВ-ын Рашаант цахилгаан дамжуулах агаарын шугам хэт ачаалагдаж аваарын байдал гарсан учраас 35/10 кВ-ын Партизан дэд станцын Ар гүнт фидерийн ачааллыг 35/10 кВ-ын Яргайт дэд станцын Гүнт фидер лүү түр шилжүүлсэн байсныг хэвийн схемд оруулсан байдаг. Танай зусланг тэжээж байгаа КТПН-10055 дэд өртөө нь Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдваржилтын зэрэглэл тогтоох журамд зааснаар 3 дугаар зэрэглэлийн хэрэглэгчийн ангилалын шугам тоноглолоос тэжээгддэг. "Дэд бүтцийн сайд"-ын 2003 оны 112 дугаар тушаалаар батлагдсан "Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдваржилтын зэрэглэл тогтоох журам"-ын 3.3-т зааснаар хоёрдугаар зэрэглэлийн хэрэглэгчид нь хангагчийн харьяаллын шугам сүлжээнээс хоёр талын тэжээлтэй байхаас гадна аль нэг нь тасрахад өөр хоорондоо автоматаар залгагдах, өөрийн эзэмшлийн аваарын эх үүсвэртэй байна. Энэ зэрэглэлийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний тасалдлын зөвшөөрөгдөх хугацаагаар тодорхойлогдоно" гэж заасан байдаг. Мөн Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 2.2.4 заалтад "Хэрэглэгч нь нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмж хэрэглэж байгаа бол гүйдэл, хүчдэлийн хэлбэлзлээс хамгаалах төхөөрөмж тавьсан байх" гэж заасан байна. Иймд өөрийн байранд нөөц дизель цахилгаан үүсгэвэр, автомат сэлгэн залгагч болон хэт хүчдэл, гүйдэл фазын хамгаалалт тавихыг техникийн нөхцөлд заасан байдаг. Ц ТӨХК-ийн эзэмшлийн тоноглол хэт ачаалсны улмаас хэрэглэгчид учирсан хохирлыг манай компанийн зүгээс барагдуулах боломжгүй...” гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2023.12.21-ний өдөр Д.М-аас У ТӨХК-ийн ашиглалт засварын төвд гаргасан гомдол, 2024.01.04-ны өдрийн 31/03 албан бичгээр У ТӨХК-ийн ашиглалт засварын зүүн төвөөс Д.М-т хүргүүлсэн хариу, хавсралт, 2024.01.23-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хороонд гаргасан гомдол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024.01.02-ны өдрийн 09/125 тоот албан бичиг, У ТӨХК-ийн 2024.02.20-ны өдрийн 1/288 тоот албан бичиг, 2020.08.18-ны өдрийн Цах-001/2020 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Г ХХК-ийн 2024.05.13-ны өдрийн 09/24 тоот дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг, ажил гүйцэтгэх гэрээнүүд, төлбөр төлсөн баримтууд, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Э ХХК-ийн 2011.08.25-ны өдрийн захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, Г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, фото зураг эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх У ТӨХК-иас Д.М-т 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр олгосон 15/03375/19 дугаартай техникийн нөхцөлийг, Үндэсний төв архивын газраас Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Цах-011/2020 дугаартай дүгнэлтийн комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн жагсаалтыг нотлох баримтаар тус тус гаргуулсан болно.
4. Иргэдийн төлөөлөгч Ч.М “...У ТӨХК нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг зөрчиж, тогны хэлбэлзэл үүсч, иргэн Д.М-т хохирол учирсан тул У ТӨХК гэм буруутай гэж үзэж байна...” гэж дүгнэлт гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Д.М, Э ХХК нар хариуцагч У ТӨХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 42 651 527 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ “... Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах өөрийн эзэмшил газарт 6 айлын амины орон сууцны хотхоны барилгын ажлыг 2019 онд эхлүүлж 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр загварын байр болох 130 м.кв нэг байшингийн халаалт, цэвэр, бохир усны шугам, заслын ажлыг бүрэн хийж дуусгасан байсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байшиндаа очиход байшингийн 2 ариун цэврийн өрөө усаар дүүрсэн, 3 унтлагын өрөө, коридорын паркетэн шал усаар дүүрсэн, том өрөөний шалан доогуур явж байгаа усны шугамыг дагаад ус нэвчсэн, өрөө тусгаарласан 5 хаалга хөлдөж хагарсан, бүх өрөөний ханын доод хэсгээр 40 орчим см усанд норж, ханын обой норж, хөндийрсөн байсан. Цахилгааны хэлбэлзлээс шалтгаалан 380В-ын тогоор халдаг халаалтын зуух, 220 В-ын тогоор халдаг цэвэр усны шугамын хөлдөлтөөс хамгаалах утас, 220В-ын тогоор халдаг цахилгаан радиатор ажиллаагүйгээс ус хөлдөж 42 651 527 төгрөгийн хохирол учирсан. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний дагуу хариуцагч хохирлыг хариуцах үүрэгтэй...” гэж тайлбарласан.
4. Хариуцагч “...Манай өмчлөлийн шугамд хэт хэлбэлзэл үүсээгүй болно. Нэхэмжлэгч буюу хэрэглэгч нь КТПН-10055 дугаартай хувийн эзэмшлийн дэд станцаас цахилгаан эрчим хүчээр тэжээгддэг. Уг хувийн эзэмшлийн дэд станц нь цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдваржилтын зэрэглэл тогтоох журамд зааснаар гуравдугаар зэрэглэлийн хэрэглэгчид хамаардаг тул техникийн нөхцөлд нь нөөц дизель цахилгаан үүсгэвэртэй байхаар олгогдсон байдаг...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд
5.1. Нэхэмжлэгч Э ХХК, Д.М нар Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо Ар гүнтэд байрлах амны орон сууцны хотхоны 130,93 м.кв талбайтай загварын байшинг ашиглалтад оруулсан болох нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, төлбөрийн баримтууд, фото зургаар эдгээр баримтуудаар тогтоогдож байна.
5.2. Нэхэмжлэгчийн дээрх зуслангийн байшин нь хувийн эзэмшлийн дэд станцаар цахилгаан эрчим хүчээр тэжээгддэг байна. Зохигчид энэ талаар маргаагүй.
5.3. Тодруулбал, нэхэмжлэгч Д.М нь өөрийн хөрөнгөөр 10/0,4кВ-ын 1*250 кВА хүчин чадал бүхий цахилгаан хангамжийн дэд өртөө КТПН-ийг барьж, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Цах-011/2020 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр ашиглалтад оруулжээ.
5.4. У ТӨХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/288 дугаартай алба бичигт “...2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 28 минутад 35 кВ-ын Рашаант гаргалгын гүйдлийн трансформатор 320 А хүрч хэт ачаалагдсанаас 35/10 кВ-ын Партизан дэд станцаас 10 кВ-ын Ар гүнт фидерийн ачааллыг 35/10 кВ-ын Яргайт дэд станцаас 10 кВ-ын Гүнт шугам руу ачаалал шилжүүлж хөнгөлөх ажил хийгдсэн...” гэж, горимын инженер Г.Б-ний гарын үсэгтэй хавсралт гэх баримтад “...иргэн Д.М КТПН-10055-д хүчдэл хэмжиж 169, 173, 175 В байсанг тр-ын анцаф 3-с 5-рүү шилжүүлж 185, 181, 184 В болгосон байна.” гэснээс үзэхэд цахилгаан хүчдэлийн хэлбэлзэл үүссэн болох нь тогтоогдож байна.
5.5. Нэхэмжлэгч Э ХХК, Д.М нарын Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо Ар гүнтэд байрлах 130,93 м.кв талбайтай загварын байшин цахилгааны хэлбэлзлээс шалтгаалан 380В-ын тогоор халдаг халаалтын зуух, 220 В-ын тогоор халдаг цэвэр усны шугамын хөлдөлтөөс хамгаалах утас, 220В-ын тогоор халдаг цахилгаан радиатор ажиллаагүйгээс ус хөлдөж хохирол учирсан болох нь Г ХХК-ийн дүгнэлт, зохигчдын тайлбараар тогтоогдсон.
5.6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
5.7. Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн хууль бус үйлдэл байх, гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.
5.8. Хариуцагч У ТӨХК-иас нэхэмжлэгч Д.М-т 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр олгосон 15/03375/19 дугаартай техникийн нөхцөлийн 4.6-д “цахилгаан хангамжийн 3 дугаар зэрэглэлийн шугамаас холбогдож байгаа тул цахилгаан эрчим хүч тасарсан үед тэжээх нөөц эх үүсгүүр /дизелт генератор/ суурилуулах” гэж тусгасан. Уг техникийн нөхцөлд заасан нөөц эх үүсгүүр суурилагдаагүй талаар нэхэмжлэгч маргаагүй.
5.9. У ТӨХК болон Д.М нарын хороонд 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдөр байгуулагдсан 807744 дугаартай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 2.2.4-т хэрэглэгч нь нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмж хэрэглэж байгаа бол гүйдэл, хүчдэлийн хэлбэлзлээс хамгаалах төхөөрөмж тавьсан байх үүрэгтэй гэжээ.
5.10. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Д.М нь өөрийн хувийн эзэмшлийн дэд станц болох КТПН-10055-д техникийн нөхцөлд заасан нөөц, эх үүсвэр суурилуулаагүй, гэрээнд заасан гүйдэл, хүчдэлийн хэлбэлзлээс хамгаалах төхөөрөмж тавьсан байх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
5.11. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч У ТӨХК-ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч У ТӨХК-ийн хууль бус үйлдэл эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нарт гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5.12. Иймд нэхэмжлэгч Д.М, Э нарын хариуцагч У ТӨХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 42 651 527 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М, Э ХХК нарын хариуцагч У ТӨХК-д холбогдуулан гаргасан 42 651 527 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449 452 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ХУЛАН
Д.ЭНХЦЭЦЭГ