2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/03605

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух, Ж овогтой Б Б /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,   тоот хаягт оршин суух, А овогт Б С /РД: /-д холбогдох,

 Дансны дугаар тогтоож, орон сууцны эзэмшлийг дуусгавар болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.С, түүний өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Сад холбогдуулан дансны дугаар тогтоож, орон сууцны эзэмшлийг дуусгавар болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Б.Б миний бие нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 19 дүгээр хороолол, *дүгээр байр, *тоот хаягт байрлах Ү-*тоот улсын бүртгэлийн дугаартай, *тоот гэрчилгээний дугаартай, 44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Тухайн орон сууцанд Б.Сыг Иргэний хуулийн 311 дүгээр зүйлд заасан зориулалтаар амьдруулж байсан. 2017 онд Б.С ажлаасаа гарсан тул албаны орон сууцыг чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч Б.С нь миний өмчлөлийн орон сууцнаас гарахгүй, орон сууцыг чөлөөлж өгөхгүй Б.Б миний дээрх орон сууцны өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн өргөдөл гарган шүүхэд хандсан. 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ХУД-ийн ИХАШШүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай 183/ШШ2022/01902 дугаарт Шийдвэр гаргасан. Миний бие нь уг шийдвэрийг эс зөвшөөрч НИХДЗШШүүхэд гомдол гаргасан. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр НИХДЗШШүүхээс 210/MA2022/01594 дугаарт магадлалын үндэслэх хэсгийн 8.б.-д "... маргааны зүйл болох орон сууцыг Б.С аман хэлцлийн үндсэн дээр бодитоор шилжүүлж, шударгаар эзэмшиж байх боловч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх зааснаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдэж шилжүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч Б.Б нь мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т зааснаар өмчлөгч болно. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Б.Сын нэхэмжлэлийг хангах боломжгүй. ... ”, мөн 9.в. ”... Б.С нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа гаргасан зардал, өөрийн шаардлагаа хангагдах хүртэл орон сууцыг буцаан өгөхгүй байх эрхтэй. ” гэж дурдан шийдвэрлэсэн. Миний бие нь уг магадлалд холбогдуулан Дээд шүүхэд гомдол гаргахад хэлэлцүүлэхээс татгалзах тухай 001/ШХТ2022/01193 дугаарт Тогтоол гаргасан. Үүний дараагаар уг орон сууцыг эзэмших Б.Сын эзэмшил дуусгавар болсон болохыг тогтоож өгнө үү гэх нэхэмжлэл гаргахад ХУД-ийн ИХАШШүүх болон НИХДЗШШүүхээс “НИХДЗШүүхээс 210/MA2022/01594 дугаарт Магадлалаар шийдвэрлэсэн нөхцөл болох Б.Саас уг орон сууцыг буцаан өгөх нөхцөл болон маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөнд хийсэн засан сайжруулалтын зардлын шаардлага хангагдсан гэх баримт байхгүй байна” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.С нь уг магадлалд холбогдуулан Дээд шүүхэд гомдол гаргахад хэлэлцүүлэхээс татгалзах тухай 001/ШТХ2023/01457 дугаарт Тогтоол гаргасан. Иймээс миний бие нь шүүхэд дахин хандахад 2024 онь 05 дугаар сарын 17-ны өдөр ХУД-ийн ИХАШШүүхэд 183/ШШ2024/02197 дугаарт шийдвэрээр орон сууцанд хийсэн Б.Сын засан сайжруулалтын зардал 13 000 000 төгрөг, засан сайжруулалтын үлдэгдэл өртөг нь 6,240,000 төгрөг болохыг тус тус тогтоож, Улсын тэмдэгтийн хураамж 114,790 төгрөгийг Б.Саас гаргуулахаар болсон. Энэхүү шийдвэрт хэргийн зохигч талууд гомдол гаргаагүй тул шийдвэр хүчин төгөлдөр болсон. Шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 183/Ш32024/19305 дугаар шүүгчийн захирамж, 183/ГХ2024/01774 дугаарт шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан. Үүний дагуу албадан гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгүүлэхээр, Б.Сын дансыг тогтоолгохоор НШШГГазарт хандаж, ШШГАжиллагааны зардалд 20 000 төгрөг төлсөн. Харин НШШГГазраас Шийдвэрт заагдаагүй ажиллагааг хийх боломжгүй гэх аман тайлбарыг шийдвэр гүйцэтгэгч Ц.Онь өгч, Б.Сын дансыг тогтоож өгөөгүй. Мөн миний бие нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б.Сад засан сайжруулалтын үлдэгдэл өртгийг хүлээн авах дансны дугаараа ирүүлнэ үү гэх мэдэгдэл шуудангаар хүргүүлсэн боловч мөн адил хариу ирүүлээгүй. Б.Б миний бие нь Б.Сын дансанд орон сууцны засан сайжруулалтын үлдэгдэл өртөг болох 6,240,000 төгрөгийг шилжүүлэхэд бэлэн байгаа. Гэвч засан сайжруулалтын төлбөрийг Б.Сруу шилжүүлэх банк болон дансны дугаар байхгүй байна. Иймд ХУД-ийн 1 дүгээ хороо 19 дүгээр хороолол, *дүгээр байр, *тоот хаягт байрлах орон сууцанд хийсэн засан сайжруулалтын үлдэгдэл өртгийг Б.С руу шилжүүлэх банк болон дансны дугаарыг тогтоож, Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т зааснаар уг орон сууцыг эзэмших Б.Сын эзэмшлийг дуусгавар болгож өгнө үү.” гэжээ.

 2. Хариуцагч Б.С хариу тайлбартаа: “Миний бие нэхэмжлэгч Б.Бын болон түүний дүү Б.Ж, Б.Ц нарын хамтран үүсгэн байгуулсан "Б" ХХК-д нярав, менежер, гүйцэтгэх захирал албан тушаалуудад 2002-2017 оныг хүртэл ажиллаж байсан. 2002 онд намайг барилгын материалын худалдаа эрхэлж байх үед "Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Б.Жын ‘R” рестораныг хариуцан ажиллах ажлын санал, өгсөн амлалтыг нь хүлээн авснаар тус компанид ажиллаж эхэлсэн. Үүний дараа 2003 онд амлалтынх нь талаар асуухад Б.Ж “чи надад хэрэгтэй. Цаашид ажиллавал орон сууц, бусад урамшуулал олгоно. Жаахан тэсээд хүлээчих” гэсэн тул цалин багатай ажиллаж байсан хэдий ч компанийн хувьцаа эзэмшигчдийн өгсөн үүрэг, даалгаврыг сайн биелүүлж ажилласаар ирсэн. Миний бие энэ байгууллагад 15 жил тасралтгүй, амралтгүй, өдөр шөнөгүй ажилласны хүчинд анхны хөрөнгө оруулалтыг нь 2 дахин өсгөж, салбар ресторан байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэмжээнд амжилттай ажиллуулсан.

Надад өгнө гэж амласан орон сууцны асуудлаар хувьцаа эзэмшигч Б.Ц, Б.Б нартай ч уулзаж, нөхцөл байдлаа хэлсний эцэст Б.Б надад “чиний байрыг олгохоор боллоо. Хоёр өөр байр байгаа, аль нэгийг нь сонгоод аваарай” гэсний дагуу Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, *-*тоот, 44 м.кв, 3 өрөө орон сууц /маш хуучны, засвар хийгээгүй/-ыг сонгож, банк болон өөрийн ах дүүсээсээ мөнгө зээлж, бүрэн засвар хийсэн. Энэхүү байрны өмчлөх эрхийг надад шилжүүлж өгөөгүй. “Б” ХХК нь тэтгэвэрт гартлаа, эсхүл тахир дутуу болтлоо ажиллаад байрны ордероо өөрийн нэр дээр болгож аваарай гэх байдлаар анхны тохиролцсоноосоо буцаж, үл ойлголцол үүссэн учир цаашид энэ компанид ажиллахаа больсон. Хэдийгээр “Б” ХХК-аас гарсан ч орон сууц авах болзол шаардлагаа хэдийн хангачихсан байсан. Манай амьдарч байгаа орон сууцыг компани миний өмчлөлд өгсөн боловч хувьцаа эзэмшигч Б.Бын нэр дээр гэрчилгээ нь байдаг, би цаашид компанитай хамтарч ажиллахгүй болсон тул Б.Б нь иргэний хэргийн шүүхэд “орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг надад холбогдуулан гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01902 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2022/01594 дугаар магадлалаар тус тус эцэслэн шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр “үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж, Б.С намайг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон”, Давж заалдах шатны шүүхийн магадлалаар “анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон”.

Ингэхдээ Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, дараах дүгнэлтүүдийг хийсэн байдаг. Үүнд: Б” ХХК болон хариуцагч Б.С нарын хооронд тогтвор суурьшилтай ажилласнаар орон сууцыг өмчлөх эрх олж авах агуулгаар хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл хийгдсэн байна. Хариуцагч Б.С болон “Б” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт зааснаар тодорхой болзол нөхцөлтэйгөөр Б.Сын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээн, эзэмшилд нь орон сууц шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх нөхцөлийг Б.С хангасан, харин "Б” ХХК тохиролцсон ёсоор үүргээ биелүүлээгүй байна. Талуудын хоорондын гэрээний үүргийг Б.Б зохих ёсоор гүйцэтгээгүй буюу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.3 дахь хэсэгт зааснаар үндсэн үүрэг гүйцэтгэгч болох “Б” ХХК хариуцах учиртай. Шударга эзэмшигч болох Б.С нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа гаргасан зардал, өөрийн шаардлагаа хангагдах хүртэл орон сууцыг буцааж өгөхгүй байх эрхтэй.

Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-д “Өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болно” гэж зааснаар нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ. Гэтэл Б.С намайг “шударга эзэмшигч” гэж давж заалдах шатны шүүх нэгэнтээ дүгнэчихсэн. Б ХХК болон түүний хувьцаа эзэмшигчдийг үүргээ биелүүлж шаардлага хангагдах хүртэл орон сууцыг буцааж өгөхгүй байх эрхтэй гэж шийдвэрлэчихсэн. Маргаж сууц нь нэхэмжлэлд дурдсан шиг албаны орон сууц биш, Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасны дагуу надад олгосон шагналын буюу ажлын үр дүнг маань үнэлж өгсөн орон сууц юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасны дагуу энэхүү үйл баримт, тогтоогдсон асуудлыг дахин нотлох шаардлагагүй байна. Нөгөөтээгүүр энэхүү маргааныг шүүх нэгэнт шийдвэрлэчихсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа", 117 дугаар зүйлийн 117.1-д "Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү.” гэж маргажээ.

 3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэлэхийн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.Сын хүсэлт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.13-ны өдрийн 183/ШШ2022/01902 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2022.08.26-ны өдрийн 210/МА2022/01594 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.11.04-ний өдрийн 001/ШХТ2022/01193 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.17-ны өдрийн 183/ШШ2024/02197 дугаар шийдвэр, Шүүхийн гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, Мэдэгдэл, Итгэмжлэл, баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, Хариу тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.04-ний 182/ШШ2023/02405 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.10.11-ний өдрийн 210/МА2023/01849 дүгээр магадлал, шүүх хуралдааны тэмдэглэл, Магадлалын тогтоох хэсгийн агуулгыг тайлбарласан бичвэр, Гэрч асуусан тэмдэглэлүүд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2022.06.13-ны өдрийн тэмдэглэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2022.08.26-ны өдрийн тэмдэглэл,   Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, сиди зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.  

 Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Б.С нь миний өмчлөлийн орон сууцнаас гарахгүй, орон сууцыг чөлөөлж өгөхгүй орон сууцны өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа. ХУД-ийн ИХАШШүүх 183/ШШ2024/02197 дугаарт шийдвэрээр орон сууцанд хийсэн Б.Сын засан сайжруулалтын зардал 13,000,000 төгрөг, засан сайжруулалтын үлдэгдэл өртөг нь 6,240,000 төгрөг болохыг тус тус тогтоосон. Б.Сын дансанд орон сууцны засан сайжруулалтын үлдэгдэл өртөг болох 6,240,000 төгрөгийг шилжүүлэх банк болон дансны дугаар байхгүй байна. Иймд орон сууцанд хийсэн засан сайжруулалтын үлдэгдэл өртгийг Б.Сруу шилжүүлэх банк болон дансны дугаарыг тогтоож, уг орон сууцыг эзэмших Б.Сын эзэмшлийг дуусгавар болгож өгнө үү.” гэжээ.

 3. Хариуцагч Б.С нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “...Намайг "шударга эзэмшигч" гэж давж заалдах шатны шүүх нэгэнтээ дүгнэчихсэн. “Б” ХХК болон түүний хувьцаа эзэмшигчдийг үүргээ биелүүлж шаардлага хангагдах хүртэл орон сууцыг буцааж өгөхгүй байх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Маргаж буй сууц нь нэхэмжлэлд дурдсан шиг албаны орон сууц биш, надад олгосон шагналын буюу ажлын үр дүнг маань үнэлж өгсөн орон сууц юм. Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг надад холбогдуулан гаргасныг шүүх өмнө нь шийдвэрлэсэн. Засан сайжруулалтын зардалд 6,240,000 төгрөгийг өгнө гэвэл татгалзахгүй, харин байр авах шаардлагаа хангагдах хүртэл орон сууцыг буцааж өгөхгүй байх эрхтэй...” гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, *дүгээр байрны *тоотод байршилтай, 44 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б.Быг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээг 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр олгосон байна. /хх-6/

 4.2 Б.Бын нэхэмжлэлтэй, Б.Сад холбогдох орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01902 дугаар шийдвэрээр орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, орон сууцны өмчлөгчөөр Б.Сыг тогтоосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2022/01594 дүгээр магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, Б.Сын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ШХТ2022/01193 тогтоолоор нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан үйл баримт тогтоогдсон. /хх10-18/

 4.3 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/02405 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2023/01849 дүгээр магадлалаар хариуцагч Б.Сад холбогдох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, *дүгээр байрны *тоот орон сууцыг эзэмших эзэмшил дуусгавар болсон болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх53-57/

 4.3 Б.Бын нэхэмжлэлтэй, Б.Сад холбогдох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, *дүгээр байрны *тоот орон сууцанд Б.Сын хийсэн засан сайжруулалтын зардлыг 13,000,000 төгрөг, үүнээс үлдэгдэл өртөг 6,240,000 төгрөг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/02197 дугаар шийдвэрээр Б.Сын хийсэн засан сайжруулалтын зардал 13,000,000 төгрөг, засан сайжруулалтын өртөг нь 6,240,000 төгрөг болохыг тогтоож, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх19-21/

 5. Нэхэмжлэгчээс “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/MA2023/01849 дүгээр магадлалаар .... Б.Саас уг орон сууцыг буцаан өгөх нөхцөл болон маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөнд хийсэн засан сайжруулалтын зардлын шаардлага хангагдсан гэх баримт байхгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс засан сайжруулалтын үлдэгдэл өртөг 6,240,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэхэд шаардлага хангагдана...” хэмээн тайлбарлаж байна. Гэтэл энэ тайлбарыг хариуцагчаас “...засан сайжруулалтын зардлыг өгнө гэвэл татгалзахгүй, харин “Б” ХХК-аас орон сууц авах өөрийн шаардлага хэвээрээ байгаа тул энэ шаардлага хангагдаагүй учраас байрыг чөлөөлөх боломжгүй...” гэж тайлбарлан няцаасан нь үндэслэлтэй байна.

 Тодруулбал Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2022/01594 дүгээр магадлалын хянавал хэсгийн 9в-д “Иймд шударга эзэмшигч болох Б.С нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.6 дах хэсэгт зааснаар эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа гаргасан зардал, өөрийн шаардлагаа хангагдах хүртэл орон сууцыг буцааж өгөхгүй байх эрхтэй” гэжээ.

 

Улмаар хариуцагч Б.Сын эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа гаргасан засан сайжруулалтын зардлыг 13,000,000 төгрөг, үүнээс үлдэгдэл өртөг 6,240,000 төгрөг болохыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/02197 дугаар шийдвэрээр тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар нэхэмжлэгчээс энэхүү засан сайжруулалтын үлдэгдэл өртөг 6,240,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх банк болон дансны дугаарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.  

 6. Харин “Б” ХХК-аас хариуцагч Б.Сад орон сууц олгох үүргээ биелүүлсэн эсэх нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдоогүй тул энэхүү шаардлага хангагдах хүртэл хугацаанд хариуцагч орон сууцыг эзэмших эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан боловч түүний эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй.

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.” гэж заажээ.

 

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан “...ХУД-ийн 1 дүгээ хороо 19 дүгээр хороолол, *дүгээр байр, *тоот хаягт байрлах орон сууцыг эзэмших Б.Сын эзэмшлийг дуусгавар болгох...” гэх тус шаардлагыг дахин шийдвэрлэх үндэслэл болохгүй.

 

Учир нь, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2022/01594 дүгээр магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/02405 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2023/01849 дүгээр магадлалаар дээрх шаардлагатай маргааныг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдал арилсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

8. Иймд дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Баас Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, *дүгээр байрны *тоот орон сууцанд Б.Сын хийсэн засан сайжруулалтын зардлыг 13,000,000 төгрөг, үүнээс үлдэгдэл өртөг 6,240,000 төгрөгийг шилжүүлэх банкны дансны дугаарыг нэхэмжлэгчид өгөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс үлдэх орон сууцыг эзэмших хариуцагч Б.Сын эзэмшлийг дуусгавар болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 б

1. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Баас Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, *дүгээр байрны *тоот орон сууцанд Б.Сын хийсэн засан сайжруулалтын зардлыг 13,000,000 төгрөг, үүнээс үлдэгдэл өртөг 6,240,000 төгрөгийг шилжүүлэх банкны дансны дугаарыг нэхэмжлэгчид өгөхийг хариуцагч Б.Сад даалгаж, нэхэмжлэлээс үлдэх орон сууцыг эзэмших Б.Сын эзэмшлийг дуусгавар болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ