2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/02637

 

2025              04             03                                                 192/ШШ2025/02637                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: * тоот хаягт оршин суух, Б овогт Б.Х /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: * байранд байрлах, Б ХХК /РД:*/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б  ХХК-ийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б-24/88 дугаар "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай" тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. Б ХХК-ийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б-24/88 дугаар тушаалын үндэслэх хэсэгт "Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3, 83.4, 83.5, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.2 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.4.1, ажлын байрны тодорхойлолт, М  ХХК- ийн Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4.5 дахь заалт, ЭД хөрөнгийн тооллогын журмын 4.1, 5.2 дахь заалт, Шууд худалдааны бодлогын 3.21 дэх заалт, тус бодлогын 2 дугаар хавсралт, Сахилгын шийтгэл ногдуулах маягт болон гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 439 тоот итгэмжлэлийг үндэслэн тушаах нь" гэжээ. Миний бие сахилгын зөрчил гаргаагүй, ажил олгогчийн буруутгаж байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ журмын дагуу гүйцэтгэж ирсэн бөгөөд аливаа хэлбэрээр сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Тушаал өөрөө эрх зүйн акт болохын хувьд тушаалын үндэслэх хэсэг болон тушаах хэсэг нь хоорондоо нийцэж, хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангасан байвал зохино. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна. * ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2024 оны 10 дугаарсарын 01-ны өдөр гомдол гаргасан боловч 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тэмдэглэлийг танилцуулсан болно. Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргаж, 2024 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хуралдсан болно. Хурлын тэмдэглэл нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гарч тус хурлын тэмдэглэлийг хүлээн авч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Б" ХХК нь Б.Х-тай 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр HR-22/71 дугаартай Туршилтын хугацааны, 2023 оны 02 сарын 27-ны өдрийн HR-23/12 дугаартай Үндсэн ажилтны хөдөлмөрийн гэрээг "Дэлгүүрийн менежер" ажлын байранд байгуулсан. "Б" ХХК-нь Б.Х-д 2023 оны 10 сарын 03-ны өдрийн Б-23/119 дугаартай тушаалаар "Өөрт нь ганцаарчлан сануулах", 2024 оны 01 сарын 15-ны Б-24/10 дугаартай тушаалаар "Гурван сарын үндсэн цалинг 20% бууруулах", 2024 оны 09 сарын 24-ний өдрийн 5-24/88 дугаартай тушаалаар "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай" сахилгыншийтгэлүүдийг тус тус ногдуулсан.

1."Өөрт нь ганцаарчлан сануулах" сахилгын шийтгэлийн тухайд: 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр "Голден будда" төвд байрлах "Б" компаний "С"  дэлгүүрт буюу ажлын байран дээр дэлгүүрийн менежер Б.Х болон Ц.Н нарын хооронд ажлаас үүдэлтэй маргаан болж улмаар Б.Х нь Ц.Н руу гар ариутгагч санитолыг авч шидсэн. Дээрх үйлдэл нь ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.4. Хамтран ажиллагсад .....тэй эелдэг боловсон харилцах, дотоод ажлын уялдаа холбоо, хамт олны найрсаг уур амьсгалыг бүрдүүлж, бусадтай нийцтэй, бүтээлчээр ажиллах..."; Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн "7.4.17. Ажлын байранд бусдыг хэл амаар доромжлох, ..... бусдын биед зөвшөөрөлгүй халдах, цохих зэргээр бусдын эрүүл мэнд. халдашгүй байдлын эсрэг хүчирхийлэл үйлдэх, үйлдэхээр заналхийлэх...."; Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр бүлгийн "11.1. Компанийн соёлд харшлах, ёс зүйгүй үйлдэл, эс үйлдэл гаргасан тохиолдолд энэ журамд заасны дагуу хариуцлага ногдуулна."; Компанийн Үндсэн хэм хэмжээний дүрмийн 1 дүгээр зүйлийн "1.2.1...... Бие биедээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандах нь удирдлага болоод боловсон хүчин хоорондын харилцан итгэлцэл, суурь үзэл баримтлал билээ. Ажилтан бүр хариуцлагатай, ёс зүйтэй байх үүрэгтэй. Хүн бүрийн нэр төрийг хүндэтгэх учиртай..." зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн. Тиймээс Б.Х-ийн гаргасан үйлдэл нь байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4.1-т заасан "Өөрт нь ганцаарчлан сануулах" сахилгын шийтгэлийг 5-23/119 дугаартай "Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалаар ногдуулсан.

2. "Гурван сарын үндсэн цалинг 20% бууруулах" сахилгын шийтгэлийн тухайд: Б.Х нь Ажлын байрны тодорхойлолтод заасан дараах үүргээ биелүүлээгүй:

- Харилцагч нарт бараа татан авч нийлүүлэх чиг үүргийн хүрээнд Amgalan beverages, Sunny trade, Shakelton group, Ulemj, Boom beverages зэрэг байгууллагуудтай тохирсон хугацаанд гэрээ хийн бараа татан аваагүйгээс борлуулалт зогссон.

- Компанийн шинэ жилийн багц борлуулалтын шоколадны татан авалтыг хийгээгүйн улмаас маркетингийн хэлтсээс хийх бүтээгдэхүүний зураг авалт, идэвхжүүлэлт ажлууд хойшлогдож, улмаар багцын борлуулалт гацсан; зэрэг үйлдлийг удаа дараа гаргасан. Дээрх үйлдлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.7 42.2.9 дэх заалтууд, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.1. ...хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ болон Ажил олгогчийн үйл ажиллагаатай холбогдуулан тогтоосон бүхий л дүрэм, журам, тушаал, зааврыг чанд сахин биелүүлэх, тэдгээрийн өөрчлөлтийг цаг алдалгүй судалж, үйл ажиллагаагаа нийцүүлэх; 5.3.2. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг болон ажил үүрэгтэй нь холбогдуулан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь, чанарын ендер түвшинд хийж гүйцэтгэх; 5.3.4. Хамтран ажиллагсад болон харилцагч, үйлчлүүлэгчидтэй эелдэг боловсон харилцах, дотоод ажлын уялдаа холбоо, хамт олны найрсаг уур амьсгалыг бүрдүүлж, бусадтай нийцтэй, бүтээлчээр ажиллах" зэрэг заалтууд; мен 6 дугаар зүйлийн 6.3 дэх хэсгийг тус тус зөрчсөн тул Хөдөлмөрийн тухайн хуулийн 123 дугаарзүйлийн 123.1-т заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон. Эдгээр зөрчил нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа гаргасан сахилгын зөрчил бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль болон ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэн 2024 оны 01 сарын 15-ны Б- 24/10 дугаартай "Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалаар "Гурван сарын үндсэн цалинг 20% бууруулах" сахилгын шийтгэлийг ногдуулсан

3."Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай" сахилгын шийтгэлийн тухайд: Б.Х нь Дэлгүүрийн менежерийн үндсэн үүрэг болох /ажлын байрны тодорхойлолтод заасан/ дэлгүүрийн хэвийн үйл ажиллагааг хангах, дэлгүүрийн ажилтнуудыг удирдан зохион байгуулах, бараа бүтээгдэхүүн худалдаалах үйл ажиллагаануудыг хянах, шаардлагатай борлуулалтын идэвхжүүлэлтийг хийх чиг үүргийн хүрээнд ажил үүргээ хангалтгүй биелүүлэн дараах зөрчлүүдийг гаргасан. Үүнд: Бэлэн мөнгийг хугацаанд нь тушаагаагүй. Шууд худалдааны журмын 3 дугаар зүйлийн 3.21-д заасан "дараа өдрийн 12 цагт тушаана" гэж заасныг зөрчин 2024 оны 08 сарын 20-ноос хойш бэлэн мөнгийг тушаалгүй байсаар 2024 оны 09 сарын 05-нд тушаасан; 2024 оны 06 сар болон 07 сарын тооллогын зөрүүг хугацаанд нь тушаагаагүй "С"  дэлгүүрийг нээх цагт нь нээгээгүй буюу 2024 оны 08 сарын 17-ны өдөр өдрийн 14:00 цаг хүртэл дэлгүүр нээгээгүй; Компанийн харилцагчийн туслах буюу худалдагч нарын дунд урамшуулалт аян зарласан ба тэдгээрийн тайланг хугацаанд нь өгөөгүй; "С"  дэлгүүрийн Вип /VIP/ өрөөнд төлбөл зохих төлбөрийг үйлчлүүлэгчдээс авахгүйгээр үйлчилсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан нь: Компанийн Шууд худалдааны журмын 3 дугаар зүйлийн 3.21, Тооллогын журмын 4 дүгээр зүйлийн 4.1. Вип өрөөг түрээсээр ашиглах заавар зэргийг тус тус зөрчсөн үйлдлүүд бөгөөд эдгээр зөрчлийг цалин бууруулах сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83,2, 83,3, 83,4, 83.5 болон Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.2, 7 дугаар зүйлийн 7.4.1, Ажлын байрнытодорхойлолт, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр бүлгийн 11.4.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болсон.

Иймд Б.Х-ийн гаргасан "Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны хөлсийг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэх" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2024.09.24-ний өдрийн Б-24/88 дугаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, 2024.12.23-ны өдрийн Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.  

Хариуцагчаас итгэмжлэл, туршилтын хугацаанд ажиллуулах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, жинхлэн ажиллуулах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, сахилгын шийтгэл ногдуулсан тухай маягт, Б.Х-тай уулзсан тэмдэглэл, П.О-тай уулзсан тэмдэглэл, Ц.Н-тай уулзсан тэмдэглэл, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаал, сахилгын шийтгэл ногдуулсан маягт, Х-тай уулзсан тэмдэглэл, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, сахилгын шийтгэл ногдуулах маягт, тойрох хуудас, М ХХК-ийн үндсэн хэм хэмжээний дүрэм, М ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, Шууд борлуулалтын бодлого, дансны дэлгэрэнгүй хуулга эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр үзлэг хийх ажиллагааг гүйцэтгэсэн болно.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            2. Нэхэмжлэгч Б.Х хариуцагч Б ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

            3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Миний бие сахилгын зөрчил гаргаагүй, ажил олгогчийн буруутгаж байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ журмын дагуу гүйцэтгэж ирсэн бөгөөд аливаа хэлбэрээр сахилгын зөрчил гаргаж байгаагүй...” гэж тайлбарласан.

 

4. Хариуцагч нь тушаал хуульд нийцсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

5. Ажил олгогч М ХХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Б-22/85 дугаар тушаалаар Б.Х-г Б ХХК-ийн дэлгүүрийн менежерийн албан тушаалд туршилтын хугацаагаар ажиллуулах, сарын үндсэн цалин 2 100 000 төгрөг байхаар шийдвэрлэж, талууд мөн хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Улмаар 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б-23/24 дугаар жинхлэн ажиллуулах тухай захирлын тушаалаар Б.Х-г 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн жинхлэн томилж, сарын үндсэн цалинг 2 464 000 төгрөг, холбогдох нэмэгдэл олгохоор тохиролцон хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан.Талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

 

6. Ажил олгогч М ХХК-ийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн Б-24/88 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3, 83.4, 83.5 дахь заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, ажилтайнтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.2 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.4.1 дэх заалт, ажлын байрны тодорхойлолт, М ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр бүлгийн 11.4.5 дахь заалт, Эд хөрөнгийн тооллогын журмын 4.1, 5.2 дахь заалт, Шууд худалдааны бодлогын 3.21 дэх заалт, тус бодлогын 2-р хавсралт, сахилгын шийтгэл ногдуулах маягт болон Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 11-ний 439 тоот итгэмжлэлийг тус тус үндэслэн Б ХХК-д дэлгүүрийн менежер ажилтай Б.Х нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дэлгүүрийн менежерийн үндсэн чиг үүргийн хүрээнд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн давтан зөрчил гаргасан нь ноцтой зөрчил тул түүнд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж, 2024 оны 09 сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцалсугай гэжээ.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заасан.

 

8. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ойлгох бөгөөд М ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 1.1.2-т Энэхүү журмыг М ХХК түүний охин компани болох Б ХХК болон хараат компани болох Д ХХК-ууд мөн адил дагаж мөрдөнө гэсэн байх ба тус журмын 11.13 дахь заалт, талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4 дэх заалтуудаар ноцтой зөрчлийн үндэслэлийг тохирсон байна.

 

9. Ажил олгогч М ХХК-ийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б-23/119 дугаартай Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Б.Х-д хамтран ажиллагсадтайгаа эелдэг боловсон харилцах үүргээ зөрчсөн, мөн бусад руу юм шидэж бусдын халдашгүй байдлын эсрэг үйлдэл гаргасан үндэслэлээр “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

10. Улмаар 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б-24/88 дугаар захирлын тушаалаар Б.Х сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажил үүргээ гүйцэтгэхдээ хайхрамжгүй хандаж, харилцагчтай байгуулсан гэрээний дагуу барааг хугацаанд нь татан авч нийлүүлэх ажил үүргээ гүйцэтгээгүйн улмаас харилцагчаас гомдол ирсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй зэрэг зөрчил гаргасан үндэслэлээр “Гурван сарын үндсэн цалинг 20 хувь бууруулах” сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

11. Ажилтан Б.Х нь дээрх хоёр сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаалд гомдол гаргаагүй байна.

 

12. Маргааны эрх зүйн баримт бичиг болох ажил олгогч Ажил олгогч М ХХК-ийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн Б-24/88 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын үндэслэл нь баримтаар тогтоогдож байна. Тодруулбал, нэхэмжлэгч буюу ажилтан Б.Х нь бэлэн мөнгийг хугацаанд нь тушаагаагүй. Шууд худалдааны журмын 3 дугаар зүйлийн 3.21-д заасан “дараа өдрийн 12 цагт тушаана” гэж заасныг зөрчин 2024 оны 08 сарын 20-ноос хойш бэлэн мөнгийг тушаалгүй байсаар 2024 оны 09 сарын 05-нд тушаасан гэх үндэслэл нь дансны дэлгэрэнгүй хуулгаар, компанийн харилцагчийн туслах буюу худалдагч нарын дунд урамшуулалт аян зарласантай холбоотой худалдагч нарын тайланг хугацаанд нь өгөөгүй болох нь үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдов.

 

13. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.4-т “хөдөлмөрийн сахилгын зөрчлийн шинж байдлаас нь хамааруулан ажилтны гаргасан дараах үйлдэл, эс үйлдэхүйг ноцтой зөрчилд тооцох ба ажилтан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогч өөрийн санаачилгаар шууд цуцална.”, 7.4.1-т “ажилтан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан бол” ноцтой зөрчилд тооцохоор тухайлан тохирсон байх тул ажил олгогчийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн Б-24/88 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн, хуульд нийцээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

14. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Х-ийн хариуцагч Б ХХК-д  холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн баталгаажуулах хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

15. Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х-ийн хариуцагч Б ХХК-д  холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХЦЭЦЭГ