| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/04844/И |
| Дугаар | 192/ШШ2025/04113 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/04113
| 2025 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 192/ШШ2025/04113 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух Б овогт Э Я /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, тоот хаягт оршин суух, О овогт Г Б/РД: /,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, тоот хаягт оршин суух, О овогт Г Д/РД: /,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, тоот хаягт оршин суух, Б овогт Д Т/РД: / нарт холбогдох,
Амины орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тухайн орон сууцыг түрээсэлж олох байсан орлого 89,600,000 төгрөг, орон сууцны цахилгааны төлбөр 11,115,655 төгрөг, нийт 100,715,655 төгрөг гаргуулах тухай үндсэн,
Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол Өлзийтийн зам гудамж, шинэ вилла хотхоны *тоот амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч Г.Б, хариуцагч Г.Дн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч нарын өмгөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Э.Я нь хариуцагч Г.Б, Г.Д, Д.Тнарт холбогдуулан тухай орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, тухайн орон сууцыг түрээсэлж олох байсан орлого 89,600,000 төгрөг, орон сууцны цахилгааны төлбөр 11,115,655 төгрөг, нийт 100,715,655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Э.Я нь Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Э-*дугаартай өөрийн эзэмшлийн газартаа “амины орон сууцны хотхон” бариулахаар төлөвлөж, өөрийн танил Г.Бд амины орон сууцны хотхон барих гэж байгаагаа хэлж худалдан авах, захиалга өгөх хүнтэй холбож өгөхийг хүссэн байна. 2020 онд Г.Бнь “өөрийн дүү Г.Ддаа амины орон сууц авах гэж байгаа, танай хотхоны хамгийн эхэнд ашиглалтад орох, амины орон сууцыг баригдах өртгөөр нь худалдан авъя, хамгийн хямд үнээр худалдан авсан учир бусад амины орон сууцуудад захиалагч, худалдан авагчид олж өгөхөд тусална ” гэж хэлсэн байна.
Тэдний дунд *тоот орон сууцыг захиалах болон худалдан авахтай холбоотой ямар нэгэн гэрээ огт байгуулагдаагүй болно. Э.Я нь захиалагчдын төлсөн урьдчилгаа төлбөр болон өөрийнхөө хөрөнгө оруулалтаар эхний 2 хувийн орон сууцыг барьж, 2021 оны 6 сард ашиглалтад оруулсан ба нэг орон сууцны зах зээлийн үнэлгээ нь 460 орчим сая төгрөг юм. Г.Б болон дүү Г.Д нар нь амины орон сууцны төлбөрийн 30 орчим хувийг хэсэгчлэн төлсөн боловч нэмж огт төлбөр төлөөгүй.
2021 оны 06 сард Г.Бнь манай дүү Г.Д Америкаас ирсэн, хотод амьдрах газаргүй байгаа тул танай амины орон сууцанд бид нар оръё, гэрээгээ байгуулж төлбөрийг нь удахгүй өгнө гэсэн тул тэдэнд итгэж бүрэн ашиглалтад ороогүй *тоотод Г.Б, Г.Д нарыг оруулсан байна. Үүнээс хойш Г.Б, Г.Днар нь Амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулахгүй, орон сууцны үнийг хүлээн зөвшөөрөхгүй маргаан үүсгэсэн.
Зах зээлийн үнэлгээгээр тооцсон төлбөрийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулж, төлбөрөө төлөх эсхүл орон сууцыг чөлөөлөх талаар шаардахад үндэслэлгүй маргаан үүсгэсээр өнөөдрийг хүрсэн тул тэдний хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлж, өмчлөх эрхээ хамгаалах шаардлагатай юм.
Г.Б, Г.Днар нь *тоот амины орон сууцанд өөр хүнтэй амьдрах болсон байх бөгөөд одоогоор Г.Д, найз н.Тгэх залуугийн хамт амьдарч байгаа болно. Тиймээс Хан-Уул дүүргийн 21-р хороо, 28-р хороолол, Өлзийтийн зам гудамж “Shine villa” хотхоны *тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-*дугаартай амины орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
1.2 Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд: “Э.Я нь амины орон сууцаа өөрөө ашиглах, худалдах, бусдад хөлслүүлэх байдлаар олох боломжтой байсан боловч хариуцагч нар нь түүнийг хуурч орон сууцыг нь эзэмшилдээ авснаасаа хойш өнөөдрийг хүртэл ашигласаар байна.
Тухайн байршил болох Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт амины орон сууц хөлслөх зах зээлийн хамгийн бага үнэ нь 2,800,000 төгрөг байгаа нь фейсбүүк болон unegui.mn сайтад байрлах зар мэдээгээр нотлогдож байна. 2021 оны 10 сард өмчлөх эрхийн гэрчилгээ авч, орон сууцыг бүрэн ашиглалтад оруулсан ба түүнээс хойш хариуцагч нар нь хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа тул нэхэмжлэгчийн орон сууц хөлслүүлж олох ёстой байсан орлого, үр шимийг төлөх хуульд заасан үүрэг хүлээнэ. 2021 оны 10 сараас 2024 оны 06 сарыг хүртэл нийт 32 сарын орон сууц хөлслүүлэх төлбөр болох 89,000,000 төгрөгийг хариуцагч тус бүрээс адил тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулна.
Мөн хариуцагч нар нь 2021 оны 07 сараас хойш ашигласан цахилгааны төлбөрийг төлөөгүй байдаг бөгөөд *тоот нь тусдаа цахилгааны тоолууртай бөгөөд Тоолуурын өдрийн цахилгаан 48099 квт /1квт=140.18төг/-ын төлбөр нь 6,742,518 төгрөг, шөнийн цахилгаан 29763 квт /1квт= 112.98-ын төлбөр нь 3,362,623 төгрөг нийт 10,105,141 төгрөг, нөат - 1,010,514 төгрөгийг нэмж, нийт 11,115,655 төгрөгийг Э.Я нь УБЦТС ХК-д төлж цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй болгож өөр дээрээ өр үүсгэхгүй явсаар байсан.
Тиймээс өмчлөгчийн эрх ашгийг хамгаалж орон сууц хөлслүүлж олох байсан орлого, үр шим 89,600,000 төгрөгийг, цахилгааны хэрэглээний төлбөр 11,115,655 төгрөгийг, нийт 100,715,655 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч Г.Бшүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Энэхүү үйл явдал 2020 оны 09 дүгээр сараас эхлээд 2021 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд болсон. 7 сарын хугацаанд Э.Я, түүний эхнэр З нартай хамтран 9 айлын амины орон сууц барьж, жижиг хотхоны төсөл бий болгох үүднээс хамтарч ажилласан. Э.Я удаа дараа нар дуу залгаж, “Эгчээ 36 айлын төсөл байгаа, надад 1 га газар байгаа, та хөрөнгө оруулж, эхний загварын 126 м.кв байрыг аваарай. 36 хотхоны ашгийг 50 хувийг авна. Эгч та маркетингийн салбарт ажил үүргийг гүйцэтгэдэг, өөрийн хувийн студитэй тул сурталчилж, захиалагч нарыг олж өгнө үү” гэж хэлэхэд нь “Би дангаараа захиалагч олох ажлыг гүйцэтгэж чадахгүй шүү дээ, харин хамтарч ажиллаж болно. Гэхдээ надад байшин байгаа, өөр байшин хэрэггүй учраас би АНУ-д байдаг дүүгээсээ асууя, манай дүү дараа жил ирэх байх. Ирэхээс нь өмнө байр байшинтай болгоод өгчихвөл болох л юм.” гэж хэлээд эхний уулзалт дууссан. Дүүтэйгээ ярьж ч амжаагүй байхад над руу удаа дараа холбогдож, эцэст нь манай дүү саналыг нь зөвшөөрөн. Анх тохиролцсон гэрээний үүргийг бүхэлд нь биелүүлсэн гэдгээ хэлмээр байна. Гэрээг бичгээр байгуулах ёстой байсан юм. Хуульчаас гэрээ бэлэн болон гарын үсгээ зурмагц түүн рүү явуулсан боловч завгүй гэж шалтаг тоочиж, гарын үсгээ зураагүй. Дараагаар Ковид-19 цар тахлын үеэр уулзах ч боломжгүй байсан тул дахин гэрээг байгуулах талаар сануулаагүй. Э.Яын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би байрны эзэн биш юм бол яагаад надад түлхүүрийг хүлээлгэж өгсөн юм бэ? Байшин бүрэн баригдаж дуусаагүй гэж үзсэн тул би хүлээлцсэн акт дээр гарын үсгээ зураагүй. Тухайн байрны эзэн Э.Я юм бол бид яах гэж дотоод засал тохижилт хийх юм бэ? Загвар байр болно, захиалагч нарт харуулна гэж бодож, үнэтэй тохижилт хийсэн. Тухайн байрыг Г.Б, Г.Дын мөнгөөр барьсан гэдгээ нэхэмжлэл дээрээ ч бичсэн байсан атлаа мэдэгдэлгүйгээр байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан. Уг нь бид хөрөнгө оруулж, барилгыг бариулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байж бидэнтэй ярилцах ёстой шүү дээ. 2021 оны 04 дүгээр сард байшингийн гаднах болон дотоод заслын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй ба бид үлдэх ажлыг өөрсдийн мөнгөөр бэлэн болгож, түлхүүрийг хүлээлгэж өгөхөд нь тэнд оршин сууж эхэлсэн. Бид дээрэмчид, хулгайч биш, яаж хүний барьсан байшинд шууд хууль бусаар орох вэ? Бидэнд шүүхээс мэдэгдэл ирсэн бөгөөд бид тэр болтол өөрсдийн мөнгөөр бариулсан байшингаа өөрийн өмчлөл хэмээн бодож, байнга тордож гадна талд нь мод зүлэг тарьж, засвар тохижилт хийсээр байсан. Дахин нэг ч байшин нэмэгдэж баригдаагүй байсан хотхоны интернэт, ус худаг, цахилгааны асуудлыг шийдвэрлэхэд Э.Яын хүсэлтээр түүнд мөнгө зээлж, дэмжлэг үзүүлж байсан. “н.Бгэдэг хүнээс би 20,000,000 төгрөг авсан, энэ хүн надад 120,000,000-150,000,000 төгрөг өгөөд байшинг бариулна” гэхэд нь хүлээн зөвшөөрсөн. Ковид-19 цар тахлын үеэр н.Б гэх хүн байрнаас татгалзаж, мөнгөө буцааж авъя гэхэд нь “Эгчээ та хөрөнгө оруулж байгаа юм чинь, та л энийг зохицуулахгүй бол таны ч байр зогсох гээд байна” гэж хэлэн ямар ч сонголтгүй нөхцөлд оруулсан. Энэхүү байдлаар би анх 120,000,000 төгрөгөөр нэг л айлын байшин авах байсан боловч хоёр байшингийн хөрөнгө оруулалт хийсэн. Намайг захиалагч олоогүй гэж хэллээ. Миний хамгийн анх олж ирсэн захиалагч нь н.Агэдэг хүн байсан. Н.Агийн мөнгөтэй нь нийлээд 336,058,000 төгрөгийг шилжүүлсэн. 60,000,000-70,000,000 төгрөгийг манай дүүгээс зээлж, компанийн хариуцах ёстой байсан зардлыг манай дүүгээс гаргуулсан. Гэтэл одоо энэ зээлсэн мөнгийг байшинд оруулсан мөнгө гэж хамруулан тайлбарладаг. Мөн цахилгааны төлбөр 11,000,000 төгрөгийг шаардаж байна. 11,000,000 төгрөгийн цахилгааны төлбөр гэдэг нь өөр байшингийн төлбөр гэдэг нь тогтоогдож, хэрэгсэхгүй болж байсан. Д.Тгэх хүн бол хүргэн дүү юм. Бид усгүй, цахилгаангүй газарт амьдруулж, яаж түрээсийн төлбөр авах юм бэ? Заруулах вий гэж айж, тэр амины орон сууцыг мануулсан.” гэж маргажээ.
2.1 Хариуцагч Г.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Диргэн Э.Ятай Г.Бгээс дамжуулан танилцсан. АНУ-н иргэн Монгол улсад ирээд амьдрах орон сууцтай болох үүднээс баригдаж байгаа хауст тодорхой мөнгөн дүн гаргаж, тэр байрыг өөрийн эзэмшилд авахыг зорьсон. Мөнгийг бүхэлд нь шилжүүлсний үндсэн дээр байрыг өмчлөлд авах ёстой байтал Э.Я байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авсан. Уг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт цахилгаантай холбоотой асуудал яригдахгүй гэж бодож байгаа. Г.Дтэр байранд амьдрахын тулд өөрийн данснаас мөнгийг гаргуулж авч, дотоод тохижилтыг хийж дууссан. 2021 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд энэ хүмүүс тэнд оршин сууж, шүүхэд Э.Я нэхэмжлэл гаргасан талаар мэдэж, Г.Бгийн тайлбарласнаар байшин нь өөр этгээдэд худалдахаас сэргийлж, н.Т гэх хүнээр түр хугацаанд харуулсан. Тэр байшинд хэн ч амьдардаггүй, хүн амьдрах боломжгүй байгаа. Иймд энэ үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэж маргасан.
3. Хариуцагч Д.Тшүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
4. Хариуцагч Г.Б, Г.Д нар нэхэмжлэгч Э.Яад холбогдуулан амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ:
4.1 “2020 оны 09-р сард Э.Я нь би 1 га газартай “Хөгжлийн орон зай” ХХК-тай барилга барих зөвшөөрөлтэй 36-н айлын хотхон барих гэж байгаа Г.Бэгч та хөрөнгө оруулаад хоёулаа хамтарч ажиллая гэж санал болгоод эхний хаусны байрын хөрөнгийг та гарга, дараа дараагийн захиалгаас ашгаа хувааж авахаар харилцан тохиролцоод эхний хаусыг 120 сая төгрөгт барихаар болж тэр хаусыг Г.Бминий бие авахаар болсон. Миний дүү болох Г.Днь гадаад улсад амьдардаг Монгол улсад үл хөдлөх хөрөнгө авах сонирхолтой байсан учраас би Э.Яын саналыг хүлээн авч 120 сая төгрөгийг Дгаргаад тус хаусыг авахаар болсон. Ингээд бид хаусны төлбөрөө Э.Яын хаан банкны * тоот дансруу Г.Даас нийт 115,418,500 төгрөг, Бгээс нийт 220,639,537 төгрөгийг шилжүүлсэн.
Хаус баригдаж дууслаа гээд Э.Я нь бид нарт ХУД-н 21-р хороо 28-р хороолол Өлзийтийн зам гудамж “Shine villa” хотхоны *тоотруу оруулсан. Гэтэл хаус халуун хүйтэн ус байхгүй, бохир, гадна цахилгаан холболт хийгдээгүй, нүүж орохдоо хаусны доторх бүх тавилга болон сангийн хоолой, цахилгаан зэрэг бүхий л асуудлыг Г.Б, Г.Дбид нар мөнгө гарган тохижуулсан. Ингээд нүүж орсны дараагаас хаусны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авъя гэхээр Э.Я нь удахгүй гаргаж өгнө гэж хэлдэг байсан боловч 2023.09.19-ний өдөр тус шүүхэд хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаснаар тухайн хаусны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Э.Я нь өөрийн нэр дээр гарган авсныг бид мэдсэн, Э.Я нь биднийг анхнаасаа хууран мэхэлж байсныг мэдсэн учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч одоог болтол эрүүгийн хэрэг үүсгээгүй байна.
Иймээс бид хаусны төлбөрт шилжүүлсэн 336,058,037 төгрөг, тавилга бусад заралд зарцуулсан 161,585,848 төгрөг нийт 497,643,885 төгрөгийг Э.Яаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
4.2 Хариуцагч Г.Б, Г.Днар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн. Үүнд: “…Миний дүү Г.Дгадаад улсад амьдардаг Монголд орон сууц сонирхож байсан болохоор нь би санал болгож 120,000,000 төгрөгөөр амины орон сууцтай болохоор болсон.
Ингээд Э.Яруу амины орон сууцны төлбөрийг шилжүүлснээр 76,000,000 төгрөгөөр Э.Я нь амины орон сууц барих газраа худалдан авч орон сууц барих ажилдаа орсон. Орон сууцаа барьж байх явцдаа Э.Я нь дүү Г.Даас мөнгө зээлдэг байсан. Мөн 2 дахь амины орон сууц захиалгыг Батбаатар гэдэг хүн захиалаад 20,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн байсан. Гэтэл гэнэт нөгөө хүн нь захиалгаа буцаах санал тавьснаар Э.Я нь 20,000,000 төгрөг олох хэрэг гарсан учраас Бнадад санал тавьж худалдаж авах хүн байгаа эсэхийг асуухад нь би танил дүү болох Ад санал болгосноор 2 дах амины орон сууцыг Аавахаар болсон. Ингээд Аурьдчилгаанд 40,000,000 төгрөг өгч Э.Я нь Батбаатарын 20,000,000 төгрөгийг өгсөн. Ань Даас 100 сая төгрөг зээлж амины орон сууцныхаа төлбөрийг бүрэн төлж дууссан.
А, Днар надаар дамжуулан амины орон сууцны төлбөрөө төлдөг байсан. Ингээд бид амины орон сууцны төлбөрийг бүрэн төлж, зээлсэн мөнгөтэй нь нийлээд Э.Яын хаан банкны 5039465127 тоот дансруу Г.Даас нийт 115,418,500 төгрөг, Бгээс 220,639,537 төгрөг нийт 336,058,000 төгрөгийг шилжүүлсэн байна.
Ингээд Э.Я нь Б, Дбид нартай тохиролцсоны дагуу ХУД-н 21-р хороо 28-р хороолол Өлзийтийн зам гудамж “Shine villa” хотхоны *тоотыг хүлээлгэн өгсөн. Гэтэл хүлээлгэж өгсөн амины орон сууцны халуун хүйтэн ус байхгүй, бохир, гадна цахилгаан холболт хийгдээгүй, нүүж орохдоо доторх бүх тавилга болон сангийн хоолой, цахилгаан зэрэг бүхий л асуудлыг бид нар өөрсдийн мөнгөөр нийт 161,585,848 төгрөг зарцуулсан байна.
Иймд Э.Я нь бидний захиалгын дагуу барьж дуусгасан амины орон сууцаа хүлээлгэж өгсөн, бид төлбөрийг бүрэн төлж одоо амьдарч байгаа учраас ХУД-н 21-р хороо 28-р хороолол Өлзийтийн зам гудамж “Shine villa” хотхоны *тоот үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгч Э.Яаас хариуцагч Г.Б, Г.Днарын сөрөг нэхэмжлэлд “...Орон сууцанд нүүж орсноос хойш огт төлбөрийг шаардаагүй гэж тайлбарлаж байна. 2021 онд Золзаяагаас шаардаж байсан гэж өөрөө ч хэллээ. Өмнө нь буюу 2021 оны 10 дугаар сард өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаас хойш өмчлөх эрхийн шаардлага гаргаж байгаагүй. Болсон процесс, үйл баримтуудыг маш зөрүүтэй тайлбарлаж байна. Зардал гаргаж, жагсааж өгсөн. Энэ нь үнэн эсэх нь мэдэгдэхгүй байна. Г.Бнь захиалагч, хөрөнгө оруулагч гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Барилгын ажилд хяналт тавьж байсан хүн учраас өмчлөх эрх үүсэх аливаа үндэслэл байхгүй. Хэрэв хамтран ажиллаж байсан бол яагаад орон сууцны төлбөрийг зээл гэж шилжүүлсэн байхад одоо бол Э.Яад зээлүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Цагдаад хүртэл тэгж худал тайлбарлан гомдол гаргаж байсан. Тэр нь гэмт хэргийн шинжгүй байна гэж хэргийг хаасан байдаг. Түлхүүрийг хүлээлгэж өгсөн тул өмчлөгч мөн гэж тайлбарлаж байна. Яг ямар тайлбарлан хэлж орон сууцанд орсныг мэдэхгүй, уг үйл баримтын дараагаар төлбөрийг төлөхийг зогссон байгаа. Төлбөрөө төлөөгүй, 483,000,000 төгрөгийг өгөөгүй атлаа шаардах эрх нь Г.Дт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар гаргасан.
6. Нэхэмжлэгчээс Итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Иргэний газар эзэмших гэрчилгээ, Үнэлгээний тайлан, Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, УБЦТС ХК-ийн Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.11.29-ний өдрийн 183/ШШ2024/05044 дүгээр захирамж, Орон сууцны төлбөрийн урьдчилгаа төлсөн дүн, жагсаалт, Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн өргөдлийн хариу зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч нараас Итгэмжлэл, Дансны хуулга болон тодорхойлолт, Сөрөг нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, Итгэмжлэл, Дансны хуулга зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Үзлэгийн тэмдэглэл, хариуцагчийн хүсэлтээр Улсын эрхийн бүртгэлийн Ү-*дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах эрх зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Э.Я дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...*тоот амины орон сууцыг захиалах болон худалдан авахтай холбоотой ямар нэгэн гэрээ хариуцагч нартаа огт байгуулагдаагүй. 2021 оны 6 сард ашиглалтад оруулсан ба зах зээлийн үнэлгээ нь 460,000,000 төгрөг орчим. Г.Бболон дүү Г.Днар амины орон сууцны төлбөрийн 30 орчим хувийг хэсэгчлэн төлсөн боловч нэмж огт төлбөр төлөөгүй. 2021 оны 06 сард хариуцагч нар оръё, гэрээгээ байгуулж төлбөрийг нь удахгүй өгнө гэсэн тул тэдэнд итгэж бүрэн ашиглалтад ороогүй байхад оруулсан. 2021 оны 10 сараас хойш хариуцагч нар нь хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа тул хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, орон сууц хөлслүүлж олох ёстой байсан орлого буюу 2021 оны 10 сараас 2024 оны 06 сарыг хүртэл 89,000,000 төгрөгийг хариуцагч тус бүрээс адил тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулна. 2021 оны 07 сараас хойш ашигласан цахилгааны төлбөрийг төлөөгүй байдаг бөгөөд цахилгааны хэрэглээний төлбөр 11,115,655 төгрөгийг, нийт 100,715,655 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.
3. Хариуцагч Г.Б, Г.Днар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Анх Э.Я 2020.9 сард Г.Бэгч та хөрөнгө оруулаад хоёулаа хамтарч ажиллая гэж санал болгоод эхний хаусны байрны хөрөнгийг та гарга, дараагийн захиалгаас ашгаа хувааж авахаар харилцан тохиролцоод эхний хаусыг 120,000,000 төгрөгт барихаар болж тэр хаусыг Г.Бби дүү Г.Дт санал болгож авахаар болсон. Бид хаусны төлбөрт Э.Яын дансруу 336,058,037 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс захиалагч О.Агийн орон сууцны төлбөрт 115,418,500 төгрөгийг Э.Яруу шилжүүлсэн. Бид *тоот орон сууцны төлбөрт 220,639,537 төгрөгийг шилжүүлж төлбөр төлөгдсөн. 2021 оны 6 сард түлхүүрээ авахад 90 хувийн гүйцэтгэлтэй байсан. Бид бүх дутуу зүйлсийг өөрийн хөрөнгөөр хийж дуусгасан. Нэхэмжлэгч нь амины сууцыг зарна гээд зар тавьсан учраас хүргэн дүү Д.Тэмүүжинг гуйж түр байлгасан. Энэ асуудалд Д.Тямар ч хамааралгүй юм...” гэж маргажээ.
4. Хариуцагч Г.Б, Г.Днар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Бид амины орон сууцны төлбөрийг бүрэн төлж Э.Яын хаан банкны * тоот дансруу Г.Даас нийт 115,418,500 төгрөг, Бгээс 220,639,537 төгрөг нийт 336,058,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Бидэнд ХУД-н 21-р хороо 28-р хороолол Өлзийтийн зам гудамж “Shine villa” хотхоны *тоотыг хүлээлгэн өгсөн. Гэтэл хүлээлгэж өгсөн амины орон сууцны халуун хүйтэн ус байхгүй, бохир, гадна цахилгаан холболт хийгдээгүй, нүүж орохдоо доторх бүх тавилга болон сангийн хоолой, цахилгаан зэрэг бүхий л асуудлыг бид нар өөрсдийн мөнгөөр нийт 161,585,848 төгрөг зарцуулсан. Э.Яаас гэрчилгээг авъя гэхээр удахгүй гаргаж өгнө гэж хэлдэг байсан. Иймд бидний захиалгын дагуу барьж дуусгасан амины орон сууцаа хүлээлгэж өгсөн, бид төлбөрийг бүрэн төлж одоо амьдарч байгаа учраас амины орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэж тайлбарласан.
5. Нэхэмжлэгч Э.Я сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. “Өмнө нь буюу 2021 оны 10 дугаар сард өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаас хойш өмчлөх эрхийн шаардлага гаргаж байгаагүй. Г.Бнь захиалагч, хөрөнгө оруулагч гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Түлхүүрийг хүлээлгэж өгсөн тул өмчлөгч мөн гэж тайлбарлаж байна. Яг ямар тайлбарлан хэлж орон сууцанд орсныг мэдэхгүй, уг үйл баримтын дараагаар төлбөрийг төлөхийг зогссон байгаа. Төлбөрөө төлөөгүй, 483,000,000 төгрөгийг өгөөгүй атлаа шаардах эрх нь Г.Дт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1 Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол, /17130/, өлзийтийн Зам гудамж *тоот хаягт байршилтай, 126 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Э.Яын нэр дээр улсын бүртгэлд бүртгэн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ү-*тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ. /1хх-4/
6.2 Хариуцагч Г.Б, Г.Днараас амины орон сууцны төлбөрт 208,819,500 төгрөгийг нэхэмжлэгч Э.Яад шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /1хх29-39, 2хх-6/
6.3 Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол, /17130/, өлзийтийн Зам гудамж *тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө хариуцагч Г.Б, Г.Д нарын эзэмшил, ашиглалтад байгаа.
7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудад харилцан үүрэг үүсдэг бөгөөд нэхэмжлэгч Э.Я болон хариуцагч Г.Б, Г.Д нарын хооронд амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьж ашиглалтад оруулах хүсэл зоригоо илэрхийлсэн, харилцсан тохиролцсон, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр захиалагчаас гүйцэтгэгчид орон сууцны үнийг төлж эхэлсэн үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
8. Дээрх хэлцлийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг шилжүүлэх үүргээ захиалагч биелүүлсэн эсэх талаар зохигч маргаж байна. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хариуцагч нар бүрэн төлөөгүй, хариуцагч нарын эзэмшил хууль бус гэж тайлбарлан маргаж байгаа бол хариуцагч нар үнийг бүрэн төлснөөр амины орон сууцыг эзэмшилдээ авсан гэж харилцан зөрүүтэй тайлбар гарган мэтгэлцэн маргасан.
9. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс “2020 онд Г.Бнь өөрийн дүү Г.Ддаа амины орон сууц авах гэж байгаа, танай хотхоны хамгийн эхэнд ашиглалтад орох, амины орон сууцыг баригдах өртгөөр нь худалдан авъя, хамгийн хямд үнээр худалдан авсан учир бусад амины орон сууцуудад захиалагч, худалдан авагчид олж өгөхөд тусална гэж хэлсэн. 2021 оны 6 сард ашиглалтад оруулсан ба нэг орон сууцны зах зээлийн үнэлгээ нь 460 орчим сая төгрөг үүнээс хариуцагч нар 30 орчим хувийг төлсөн” гэх бөгөөд хариуцагч Г.Б, Г.Днар амины орон сууцны үнийг төлөөгүй үндэслэлээр амины орон сууцыг чөлөөлүүлэхээр шаарджээ.
Хэдийгээр нэхэмжлэгч нь амины орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн агуулга, хэрэгт цугларсан баримтаас үзвэл тухайн амины орон сууцыг хариуцагч нар захиалсан боловч амины орон сууцны үнийг төлөөгүй гэх үндэслэл зааж байгаа нь захиалагч гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж байна гэж ойлгогдохоор байна.
10. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Гэрээнээс татгалзахын тулд гэрээний нөгөө тал нь үүргээ ноцтой зөрчсөн байх, гэрээг цуцлах талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн байх явдал шаардах эрхийн урьдчилсан нөхцөл болно.
11. Нэхэмжлэгчээс 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Сүлд үнэлгээ” ХХК-ийн Үнэлгээний тайланг шүүхэд ирүүлжээ. Энэхүү хөрөнгийн үнэлгээний тайлангаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол /17130/, өлзийтийн зам гудамж *тоотод хаягт байршилтай 126 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 6 сарын байдлаар 483,425,712 төгрөгөөр тодорхойлж байна гэсэн дүгнэлтийн дагуу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дах хэсэгт зааснаар амины орон сууцыг үнийг 460,000,000 орчим төгрөг гэж тодорхойлон үлдэгдэл төлбөрийг хариуцагч нар төлөөгүй үндэслэлийг дурдаж амины орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлгүй байна. /1хх49-66/
Учир нь тухайн Үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 6 сарын байдлаар үнэлсэн байх бөгөөд хариуцагч нар 2021 оны 6 сард амины орон сууцыг хүлээн авахад 90 хувийн гүйцэтгэлтэй байсан талаар талууд хэн аль маргаагүй, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авсан, мөн хариуцагч Г.Бгээс шүүх хуралдаанд “...үнэлгээ хийсэн гэх цаг хугацаанд бид орон сууцандаа амьдарч байсан, ерөөсөө бодит байдалтай танилцаагүй, фото зурагт тулгуурлан үнэлгээ гаргасан..” гэх тайлбарыг нэхэмжлэгчээс үгүйсгээгүй нөхцөл байдлаас үзэхэд маргаан бүхий амины орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан шинжилгээг тал бүрээс нь бүрэн,бодитой байх гэсэн зарчим хангагдаагүй гэж үзнэ.
Хэргийн 2хх-4 дүгээр талд /ар/ авагдсан нэхэмжлэгч Э.Яын Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөлдөлд “...Уг газар дээр өөрийн хөрөнгөөр 80,000,000 төгрөгийн өртөгтэй, 8,5*9 хэмжээтэй 126 м.кв талбайтай төмөр бетонон багана суурьтай, блокон шийдсэн 2 давхар 100 хувь гүйцэтгэлтэй барилгыг барьж дууссан болно...” гэжээ. Нэхэмжлэгч нь “Г.Б, Г.Днар нь зах зээлийн үнэлгээгээр тооцсон төлбөрийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулж, төлбөрөө төлөх эсхүл орон сууцыг чөлөөлөх талаар шаардахад үндэслэлгүй маргаан үүсгэсээр өнөөдрийг хүрсэн тул тэдний хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлж, өмчлөх эрхээ хамгаалах шаардлагатай” гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй, тухайн амины орон сууцыг хэдэн төгрөгөөр барьж ашиглалтад оруулсан, хариуцагч нараас орон сууцны үлдэгдэл төлбөр хэдэн төгрөгийг шаардсныг хариуцагч нар хэрхэн үүргээ биелүүлээгүй талаарх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, гэрээнээс татгалзах тухайгаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дах хэсэгт зааснаар хариуцагч нарт мэдэгдсэн болохоо нотлоогүй.
Мөн зохигчдоос маргаан бүхий амины орон сууцыг 2021 оны байдлаар зах зээлийн үнэлгээ тогтоолгох нотлох баримт бүрдүүлэх талаар хэн аль нь хүсэлт гаргаагүй тул энэ тохиолдолд шүүх шинжээч томилж зах зээлийн үнэлгээг тогтоох үндэслэлгүй, талуудын зарчимд нийцэхгүй болно.
12. Хариуцагч Г.Б, Г.Днараас 2020.09.25-ны өдрөөс 2021.10.21-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч Э.Яын дансанд маргаан бүхий амины орон сууцны төлбөрт 208,819,500 төгрөгийг шилжүүлсэн нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн орон сууцны төлбөрийн урьдчилгаа төлсөн жагсаалт болон хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул хариуцагч нараас амины орон сууцны төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрэн төлж гэрээний үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэх бөгөөд гэрээний үүргийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нарын эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.
13. Харин захиалагч О.Агийн амины орон сууцны төлбөрт хариуцагч Г.Б, Г.Днараас нэхэмжлэгч Э.Яад 115,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй хамааралгүй тул энэ талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
14. Түүнчлэн, хариуцагч нарын эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчээс орон сууц хөлслүүлж олох ёстой байсан орлого буюу 2021 оны 10 сараас 2024 оны 06 сарыг хүртэл 89,000,000 төгрөгийг хариуцагч тус бүрээс адил тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дах хэсэгт заасантай нийцээгүй тул хариуцагч нараас 89,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.
Мөн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол /17130/, өлзийтийн зам гудамж *тоотод хаяг дээр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 1105595 код олгосон болох нь УБЦТС ТӨХК-ны Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2025.04.29-ний өдрийн албан бичгээр тогтоогдож байна. Хариуцагч нар дээрх хаягт байрлах амины орон сууцыг 2021 оны 6 сараас хойш эзэмшиж, ашиглахдаа цахилгааны төлбөрийг төлсөн гэх боловч энэ талаарх тайлбараа баримтаар нотлоогүй ба уг хугацаанаас ашиглалтын зардал буюу цахилгааны төлбөрийг төлөх үүрэгтэй тул хариуцагч нараас цахилгаан хэрэглээний төлбөрт 11,115,655 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй. /2хх-37/
15. Хариуцагч Г.Б, Г.Днарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дах хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна”, 477.4 дэх хэсэгт “Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна” гэж заасны дагуу хамтын үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгө, түүний үр шим, ашиг орлого дундын өмч гэх агуулгаас үзэхэд нэхэмжлэгчээс тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө оруулсан боловч хариуцагчаас оруулсан ажил үйлчилгээний үр дүн, оруулсан хувь тодорхойгүй бөгөөд гэрээний талуудын хамтын үйл ажиллагаанаас бий болсон үл хөдлөх эд хөрөнгө нь дундын хөрөнгө гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна энэ хэргийн тухайд хамтран ажиллах гэрээний үндсэн зорилго тодорхойгүй, хамтран ажиллах үндсэн нөхцөлийн талаар талууд эргэлзээгүй тохирсон болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэх хариуцагч Г.Бгийн тайлбар үндэслэлгүй болно.
16. Харин зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдал болон хариуцагч Г.Б, Г.Днар гэрээний төлбөрийг төлж үүргийг биелүүлсэн талаар өмнө дүгнэсэн.
Нэхэмжлэгч гэрээний зүйлийг буцаан авах шаардлагын үндэслэлийг гэрээнээс татгалзаж, үүргийн зөрчилтэй холбон тайлбарласан, хариуцагч нар төлбөрийн үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-т зааснаар талуудын хооронд үүссэн харилцаанд худалдах-худалдах авах гэрээний журам үйлчилнэ, мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дах хэсэгт худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заажээ. Хариуцагч нар нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол /17130/, өлзийтийн зам гудамж *тоотод хаягт байрлах амины орон сууцыг 2021 оны 6 сараас эзэмшилдээ авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
17. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ болон шинэ өмчлөгчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 109 дүгээр зүйлийн 109.1., 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан журмын дагуу биелүүлээгүй явдал нь хариуцагч нарын эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Хариуцагч Г.Б, Г.Днар нь орон сууцны үнийг төлснөөр өмчлөх эрх үүссэн ба харин улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгч болно. Иймд хариуцагч Г.Б, Г.Днарыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол, /17130/, өлзийтийн Зам гудамж *тоот хаягт байршилтай, 126 м.кв талбайтай, амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, мөн хаягт байрлах амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.Б, Г.Днарын өмчлөлд шилжүүлж бүртгүүлэхийг нэхэмжлэгч Э.Яад даалгах нь зүйтэй.
18. Дээр дурдсанаар хариуцагч Г.Б, Г.Д, Д.Тнараас цахилгаан эрчим хүчний төлбөрт 11,115,655 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Яад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх амины орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууц хөлслүүлж олох ёстой байсан орлого 89,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.Б, Г.Днарыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол, /17130/, өлзийтийн Зам гудамж *тоот хаягт байршилтай, 126 м.кв талбайтай, амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Э.Яын нэр дээрх Y-*дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол, /17130/, өлзийтийн Зам гудамж *тоот хаягт байршилтай, 126 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.Б, Г.Днарын өмчлөлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч Э.Яад даалгаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Яаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 731,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б, Г.Днараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,716,369 төгрөгөөс 1,202,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,514,322 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагч нарт олгож, хариуцагч Г.Б, Г.Д, Д.Тнараас улсын тэмдэгтийн хураамжид 192,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Яад олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 106 дугаар зүйлийн 106.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Б, Г.Д, Д.Тнараас цахилгаан эрчим хүчний төлбөрт 11,115,655 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Яад олгож, нэхэмжлэлээс үлдэх амины орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууц хөлслүүлж олох ёстой байсан орлого 89,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Б, Г.Днарыг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол, /17130/, өлзийтийн Зам гудамж *тоот хаягт байршилтай, 126 м.кв талбайтай, амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Э.Яын нэр дээрх Y-*дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол, /17130/, өлзийтийн Зам гудамж *тоот хаягт байршилтай, 126 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.Б, Г.Днарын өмчлөлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч Э.Яад даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Яаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 731,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б, Г.Днараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,716,369 төгрөгөөс 1,202,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,514,322 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагч нарт олгож, хариуцагч Г.Б, Г.Д, Д.Тнараас улсын тэмдэгтийн хураамжид 192,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Яад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ