| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/00616/И |
| Дугаар | 192/ШШ2025/04119 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/04119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 1 хороо, Авто замчдын гудамж, Монполимет цогцолбор 30 байр хаягт байрлах, “М б м” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоот хаягт байрлах, “М д” ХХК /РД: /,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, Т овогт Б А /РД: /,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух, Б овогт Ц У /РД: / нарт холбогдох,
82,148,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, түүний өмгөөлөгч Б.Р, хариуцагч “М д” ХХК, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Ц.Ун итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “М б м” ХХК нь хариуцагч “М д” ХХК, Б.А, Ц.У нарт холбогдуулан 82,148,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “Манай компани нь М д ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаатай барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулж тус гэрээгээр манай компани өөрсдийн үйлдвэрлэж буй 42.5 маркийн задгай, ууттай нийт 528 тонн цементийг нийлүүлэх, М д ХХК нь төлбөрийг гэрээний 2.2.3-т заасан хуваарийн дагуу 8,9,10,11 дүгээр саруудад тус тус 27,951,000 төгрөг нийт 11,804,000 төгрөгийг төлж барагдуулах үүргийг хүлээсэн.
2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс ууттай болон задгай нийт 655.15 тонн буюу 108,693,750 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлснээс М д ХХК нь 28,695,800 төгрөгийг төлж, үлдэгдэл 79,997,950 төгрөгийг төлөөгүй.
Манай компани цементийн тээврийг гүйцэтгэн худалдан авагч талын талбайд буулгасан. Тус тээврийг зардал болох 2,150,750 төгрөгийг мөн төлөөгүй байгаа. М д ХХК нь нийт цементийн төлөгдөөгүй төлбөр 79,997,950 төгрөг болон тээврийн зардал 2,150,750 төгрөг, нийт 82,148,700 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн талуудын тооцоо нийлсэн актаар манай компанид 82,148,700 төгрөгийн өглөгтэй болохыг харилцан баталсан.
Тус төлбөрийг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн төлж барагдуулах хүсэлтийг гаргаж байсан ч хугацаандаа төлж барагдуулаагүй. Гэрээний 4.8, 4.10-т заасны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй төлбөрийн алдангийг тооцож үзвэл нийт алданги 46,429,740 төгрөг, нийт авлага 98,578,440 төгрөг байна.
Мөн уг гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай гэрээг иргэн Б.А, Ц.У нартай байгуулсан бөгөөд дараах үл хөдлөх эд хөрөнгүүд нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт барьцаанд бүртгэлтэй байгаа. Үүнд * тоот хаягт байршилтай, 75 м.кв талбайтай, мансарт зориулалттай, Ү-* дугаар бүхий улсын бүртгэлтэй, Б.Агийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, мөн Орхон аймгийн *тоот хаягт байршилтай, 166 м.кв талбайтай, Ү-* дугаар бүхий улсын бүртгэлтэй, Ц.Уийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байгаа.
Иймд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээний төлбөр 82,148,700 төгрөг, алданги 16,429,740 төгрөг, нийт 98,578,440 төгрөгийг хариуцагч “М д” ХХК-аас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.
1.2 Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Үүнд “...“М б м” ХХК болон “М д” ХХК-ийн хооронд 2018.07.04-ний өдөр “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Монгол Улсын чанар стандартын шаардлага хангасан ОРС-42,5 маркийн 111,804,000 төгрөгийн үнэ бүхий цементийг худалдах, худалдан авахаар тохиролцсон.
Талууд ууттай 528 тонн цементийг 1 тонныг 168,000 төгрөгөөр, задгай 140 тонн цементийг 1 тонныг 165,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд “М д” ХХК нь төлбөрийг тухайн оны 8 сард 27,951,000 төгрөг, 9 сард 27,951,000 төгрөг, 10 сард 27,951,000 төгрөг, 1 сард 27,951,000 төгрөгийг тус тус 4 хуваан төлөхөөр тохиролцсон. Улмаар 2018.07.27-ны өдөр 744,800 төгрөг, 2018.09.04-ний өдөр 8 сард төлөх 27,951,000 төгрөг, нийт 28,695,800 төгрөг төлж, бусад саруудын хуваарьт төлбөрийг төлөөгүй. Ийнхүү талуудын санхүүгийн албанаас 2019.08.08-ны байдлаар 82.148.700 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг “Тооцоо нийлсэн акт”-аар баталгаажуулж, “М д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 сарын 26-ны өдрийн 120 дугаартай гарын үсэг, компанийн тамга бүхий албан бичгээр 2019.09.15-нд 25,000,000 төгрөг, 2019.10.15-нд 25,000,000 төгрөг, 2019.11.15-нд 32,148,700 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн.
Улмаар манай байгууллагын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал нь Монгол Улсын хилээр гарч явсан тул бид шүүхэд гэрээний үүргээ биелүүлэх шаардлага гаргаж чадахгүй хугацаа алдсан бөгөөд хариуцагчийн зүгээс төлбөрөө төлөхөө илэрхийлсэн боловч бодит үүргээ биелүүлээгүй.
Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасны дагуу “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” байгуулснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн боловч Иргэний хуулийн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Хэдий хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч талуудын хооронд иргэний хуулийн 8.1.6-д заасан “үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших” харилцаа үргэлжилсээр байна. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна”...гэх хугацаа өнгөрөөгүй тул шаардах эрхийн хугацаа дуусаагүй байна. “М б м” ХХК нь цементийн төлбөр бус Монгол Улсын чанар стандартын шаардлага хангасан ОРС-42,5 маркийн цементийг буцаан шаардах боломжтой боловч “М д” ХХК-д уг цемент нь байхгүй, 2018 оноос хойш цементийн үнэ харьцангуй нэмэгдсэн тул цементээ бус тухайн гэрээний ханшаар төлбөрийг нэхэмжилж байна. Өмнөх нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 16,429,000 төгрөгөөс татгалзаж байна.
Иймд “М б м” ХХК-ийн Монгол Улсын чанар стандартын шаардлага хангасан ОРС-42,5 маркийн 79.997.950 төгрөгийн үнэ бүхий цементийг буюу уг цементийн төлбөр болох 79,997,950 төгрөг, тээврийн зардал 2,150,000 төгрөг, нийт 82.148.000 төгрөгийг “М д” ХХК-иас гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар тусгаж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч “М д” ХХК, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 04 дүгээр сарын 29-ний өдөр өөрчилж, шаардлагад 655 тонн цементийг авсан гэж бичсэн байна. Нэхэмжлэгч анх 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл шүүхэд гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэл хавтаст хэрэгт ямар хэмжээний цемент хүлээлгэж өгсөн талаар аливаа баримт байхгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн байдлаар нотолсон баримт өгөөгүй. Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан зээлээр цемент худалдах худалдан авах гэрээг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа тус шүүхэд анх гаргасан байгаа. Харин нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Барьцаат зээлийн гэрээг байгуулсан болохыг, мөн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан болохыг хүлээн зөвшөөрч, гэрээний дагуу өгсөн авсан зүйлээ буцаахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа буюу арван жилийн хугацаатай гэж тайлбарлаж байна.
Үүнийг хариуцагчийн зүгээс хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр анх гэрээ байгуулагдсан ба гэрээнд шаардах эрхийг тодорхой тусгасан. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шаардах эрх үүссэн. М б м ХХК анх шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч бүрдүүлбэр хангаагүй байсан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Дараагаар нь 2020 оны 03 дүгээр сарын 04-ний өдөр дахин нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгчийг төлөөлөхгүй эрхгүй этгээд байна гэх үндэслэлээр шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Сүүлийн удаад 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. Нэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, хоёрт хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн нь нэхэмжлэлд дурдсан хууль зүйн үндэслэлд хамаарахгүй. Ц.У нь хэргийн хариуцагч биш. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр баг цагаанчулуун 1 гудамж, * тоотод байрлах 166 м.кв талбайтай 5 өрөө амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хэдийгээр бичиг баримтын хувьд Ц.Уийн нэр дээр байгаа боловч “М д” ХХК-ийн өмч хөрөнгө юм. Ц.У нь талуудын хооронд байгуулсан гэрээнээс нэг ч төгрөг авч захиран зарцуулаагүй, огт мэдэхгүй гэрээний талуудтай холбоогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хэргийн 1-3 дугаар тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-5 дугаар тал/, итгэмжлэл /хэргийн 6 дугаар тал/, М б м ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргийн 7-12 дугаар тал/, М б м ХХК болон М д ХХК-ийн цемент борлуулалтад тооцсон алдангийн тооцоолол /хэргийн 13, 81 дүгээр тал/, 2018.07.04-ний өдрийн Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 14-18 дугаар тал/, 2018.07.03-ны өдрийн М д ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /хэргийн 13 дугаар тал/, М д ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 20-21 дүгээр тал/, 2018.07.04-ний өдрийн ИБИ20185/078/01 дугаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай гэрээ /хэргийн 22-28 дугаар тал/, иргэн Б.Агийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 29 дүгээр тал/, 2018.06.22-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 30 дугаар тал/, С.Д, Ө.Э, Б.А нарын иргэний үнэмлэхийн лавлагаа хэргийн 31 дүгээр тал/, 2018.07.04-ний өдрийн ИБИ20186/078/02 дугаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай гэрээ /хэргийн 32-39 дүгээр тал/, иргэн Ц.Уийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хэргийн 40 дүгээр тал/, 2018.06.22-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 41-42 дугаар тал/, 2019.08.26-ны өдрийн 120 тоот М д ХХК-иас М б м ХХК-д гаргасан хүсэлт /хэргийн 43 дугаар тал/, 2018 оны цемент борлуулалтын тооцоо нийлсэн акт /хэргийн 44 дүгээр тал/, М б м ХХК болон Б к ХХК-ийн цемент борлуулалтад тооцсон алдангийн тооцоолол /хэргийн 45 дугаар тал/, 2024.04.30-ний өдрийн 2-4в/2661 дугаар Хил хамгаалах ерөнхий газрын албан тоот /хэргийн 96 дугаар тал/, JOTIRMOY PRAMEL KRISHNA гадаад паспорт /хэргийн 97-98 дугаар тал/, М б м ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргийн 99 дүгээр тал/, М б м ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /хэргийн 100 дугаар тал/, 2023.08.11-ний өдрийн 0724632 дугаар Шийтгэлийн хуудас /хэргийн 101 дүгээр тал/, 2016/03/09-ний өдрийн №1/12 дугаар М б м ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр /хэргийн 105 дугаар тал/, 2023.08.25-ны өдрийн дугаар 1/18 М б м ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /хэргийн 106 дугаар тал/, Хуулийн этгээдийн гэрчилгээ /хэргийн 107-108 дугаар тал/, Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага /хэргийн 179-180 дугаар тал/, Гэрч оролцуулахаас татгалзсан хүсэлт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч “М д” ХХК, Б.А нараас Б.Тд олгосон итгэмжлэл /хэргийн 57 дугаар тал/, хариу тайлбар /хэргийн 69 дүгээр тал/, Б.Агийн иргэний үнэмлэх /хэргийн 48 дугаар тал/, Б.Агаас Б.Тд олгосон итгэмжлэл /хэргийн 70 дугаар тал/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч Ц.Уээс Иргэний үнэмлэх /хэргийн 53 дугаар тал/, хариу тайлбар /хэргийн 54 дүгээр тал/, хариу тайлбар /хэргийн 75 дугаар тал/, 2020.03.04-ний өдрийн 181/ШЗ2020/03201 дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 76-77 дугаар тал/, 2023.11.23-ны өдрийн 181/ШЗ2023/19810 дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 78-80 дугаар тал/, Итгэмжлэл, Хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “М б м” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Талуудын хооронд 2018.07.04-ний өдөр “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, ОРС-42,5 маркийн 111,804,000 төгрөгийн үнэ бүхий цементийг худалдах, худалдан авахаар тохиролцсон. Улмаар нийт 28,695,800 төгрөг төлж, бусад төлбөрийг төлөөгүй. 2019.08.08-ны байдлаар 82.148.700 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг “Тооцоо нийлсэн акт”-аар баталгаажуулсан. Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч Иргэний хуулийн 8.1.6-д заасан “үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших” харилцаа үргэлжилсээр байна. Хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жилийн хугацаа өнгөрөөгүй тул ОРС-42,5 маркийн цементийг буюу цементийн төлбөр 79,997,950 төгрөг, тээврийн зардал 2,150,000 төгрөг, нийт 82,148,000 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй” гэжээ.
3. Хариуцагч “М д” ХХК, Б.А, Ц.У нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт ямар хэмжээний цементийг хариуцагчид хүлээлгэж өгсөн талаар аливаа баримт байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан болохыг хүлээн зөвшөөрсөн. Шаардах эрхийн хугацаа дууссан, шүүхэд хоёр удаа нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй буюу төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, бүрдүүлбэр дутуу гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Мөн үл хөдлөх хөрөнгө Ц.Уийн нэр дээр байгаа боловч “М д” ХХК-ийн өмч хөрөнгө. Ц.У нь талуудын хооронд байгуулсан гэрээнээс нэг ч төгрөг авч захиран зарцуулаагүй, огт мэдэхгүй гэрээний талуудтай холбоогүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч “М б м” ХХК, хариуцагч “М д” ХХК нар 2018 оны 07 сарын 04-ний өдөр “Барьцаат зээлээр цемент худалдах худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулж, нэхэмжлэгч нь ОРС-42.5 маркийн ууттай 1 тн цемент 168,000 төгрөгийн үнэ бүхий 528 тн цемент, задгай 1 тн цемент 165,000 төгрөгийн үнэ бүхий 140 тн цементийг хариуцагчид нийлүүлэх, хариуцагч цементийн нийт үнэ 111,804,000 төгрөгийг 2018 оны 12 сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар тохиролцжээ.
4.2 Талууд 2018 оны 7 сарын 04-ний өдрийн МБМ2018Б/078/01, МБМ2018Б/078/02 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр хариуцагч Б.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсан дүнжингарав гудамж, *тоот хаягт байршилтай, 75 м.кв талбайтай, Мансард зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, хариуцагч Ц.Уийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 11 баг, * тоот хаягт байршилтай, 166м кв талбайтай, таван өрөө амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр тус тус “Барьцаат зээлээр цемент худалдах худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, дээрх гэрээнүүдийг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
5. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүрэг хүлээдэг.
Нэхэмжлэгч “М б м” ХХК нь “Барьцаат зээлээр цемент худалдах худалдан авах гэрээ”-ний 2.1, 2.2-т зааснаар үнэ бүхий цементийг “М д” ХХК-д шилжүүлэн өгсөн, талууд 2019 оны 8 сарын 08-ны өдөр тооцоо нийлж акт үйлдсэн байх ба хариуцагч цементийн үнэ нийт 108,693,750 төгрөг төлөхөөс 28,695,800 төгрөгийг төлж, үлдэх 79,997,950, тээврийн зардал 2,150,750 төгрөг нийт 82,148,700 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон бөгөөд зохигчдын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
Мөн зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
6. Талуудын маргааны зүйл нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх, нэхэмжлэгч нь 82,148,000 төгрөгийг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй эсэх байна.
7. Зохигчид 2019 оны 8 сарын 08-ны өдрийн тооцоо нийлж актыг үндэслэн хариуцагч “М д” ХХК-аас 2019 оны 8 сарын 06-ны өдөр нэхэмжлэгч “М б м” ХХК-д “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг хүргүүлжээ. Үүнд: Манай байгууллага нь “Барьцаат зээлээр цемент худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу танай компанид төлбөр 82,148,700 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа. 2019.09.15-ны өдөр 25,000,000 төгрөгийг, 2019.10.15-ны өдөр 25,000,000 төгрөгийг, 2019.11.15-ны өдөр 32,148,700 төгрөгийг төлж барагдуулах хүсэлттэй болохоо илэрхийлжээ.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай ба мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр заасан. Хариуцагч “М д” ХХК нь “Барьцаат зээлээр цемент худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу үлдэгдэл төлбөр 82,148,700 төгрөгийг 2019.11.15-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.
8. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч Иргэний хуулийн 8.1.6-д заасан “үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших” харилцаа үргэлжилсээр байна. Хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жилийн хугацаа өнгөрөөгүй учир 82,148,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй хэмээн тайлбарлаж байна. Гэтэл энэ тайлбар нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтад хамаарахгүй ба хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар тус тус зохицуулсан байна. Гэтэл талууд хооронд байгуулагдсан зээлээр худалдах худалдан авах гэрээ болон барьцааны гэрээ нь хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр, үүний дагуу тэдгээрийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүссэн байх тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй юм.
9. Талууд “Барьцаат зээлээр цемент худалдах худалдан авах гэрээ”-ний хугацааг 2018 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэл хүчинтэй байхаар тохиролцсон, хариуцагчаас 2019.11.15-ны өдрийн дотор гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхийг илэрхийлэн нэмэлт хугацаа тогтоосон байх ба эдгээр хугацаа дууссан, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй, төлбөр төлөх хугацаа сунгах хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаас тогтоогдсон гэж үзлээ.
Иргэний хуулийн 74 дүгээр хуулийн 74.1 “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж зохицуулсан. Хариуцагчаас “Барьцаат зээлээр цемент худалдах худалдан авах гэрээ”-ний төлбөр төлөх хугацаа 2019.11.15-ны өдөр дуусч, энэхүү хугацаанаас нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн ба 2022 оны 11 сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна.
10. Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 181/ШЗ2020/03201 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 23-ны өдрийн 181/ШЗ2023/19810 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлээ тогтоосон журмын дагуу биш нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, мөн нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу зөрчлийг гаргасан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх боломжгүй юм.
11. Ийнхүү шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах боломжгүй ба шилжүүлсэн эд хөрөнгийн байдал, шаардлагын агуулга зэргээс хамааран Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан тусгай хугацааны дотор нэхэмжлэгч шаардлага гаргаагүй байх тул шаардах эрхээ алдсан үзнэ.
Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна.” гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 7 сарын 04-ний өдрийн МБМ2018Б/078/01, МБМ2018Б/078/02 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийн хөөн хэлэлцэх хугацаа үндсэн үүргийн хамт дууссан болох нь тогтоогдож байна.
12. Нэхэмжлэгч гэрээний төлбөрийг шаардах, шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагч үүргийг зөвшөөрөөгүй бол Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар хариуцагч нар үүргийг гүйцэтгэхээс татгалзсан болно.
13. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч “М д” ХХК, Б.А, Ц.У нарт холбогдуулан гаргасан цементийн төлбөр 79,997,950 төгрөг, тээврийн зардал 2,150,000 төгрөг, нийт 82,148,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч “М б м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 721,043 төгрөгөөс 638,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 82,153 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч “М д” ХХК, Ц.У, Б.А нарт холбогдох цементийн төлбөр 79,997,950 төгрөг, тээврийн зардал 2,150,000 төгрөг, нийт 82,148,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Б.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсан дүнжингарав гудамж, *тоот хаягт байршилтай, 75 м.кв талбайтай, Мансард зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Ц.Уийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 11 баг, * тоот хаягт байршилтай, 166 м.кв талбайтай, таван өрөө амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч “М б м” ХХК-ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 721,043 төгрөгөөс 638,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 82,153 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ