2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/02638

 

2025              04             03                                                 192/ШШ2025/02638                                

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: * тоот хаягт оршин суух, Б овогт Э.Э /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У* тоот хаягт оршин суух, О ХХК /РД:*/-д холбогдох,

 

Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, хууль бусаар ажлаас чөлөөлсөн болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Э миний бие нь 2023 оны 05 сарын 02-ны өдөр хариуцагч "О" ХХК-ны захирал С.Г болон хүний нөөцийн мэргэжилтэн Д.Ц мөн хүний нөөцийн мэргэжилтэн Д.С нарын удаа дараагийн иргэн надад тавьсан тус компанид ажиллах хүсэлтүүдийн дагуу компанийн хуулийн зөвлөхийн албан тушаалыг 2024 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл идэвх чармайлт гарган, компанийн удирдлагаас өгсөн үүрэгт ажлуудыг сар бүрийн төлөвлөгөөнд тусгасан болон тайлагнасны дагуу хийж гүйцэтгэж ирсэн байдаг. Нэхэмжлэгч Э.Э миний бие нь биеийн эрүүл мэндийн байдал болон 2023 оны 12 сард хөдөлмөрийн хуульд заасны дагуу тухайн оны ээлжийн амралт авах сүүлийн хугацаа болсон байсантай холбогдуулан "О" ХХК-ийн хүний нөөцөд ээлжийн амралтаа авах хүсэлтээ бичгээр гарган өгсөн юм. Үүний дагуу тус компанийн санхүүгээс 12 сарын 28-ны өдөр сарын цалинтай хамтатган иргэн миний ээлжийн амралтын олговрыг олгосон байсан. Ингээд нэхэмжлэгч миний бие нь 2024 оны 1 сараас хөдөлмөрийн хуульд зааснаар ээлжийн амралтаа хууль ёсоор авч амрах ёстой байтал ажилтан намайг амраахгүй байсан, үүнээс гадна ээлжийн амралтаа авч амрах ажиллах нь үл ойлгогдож байтал оны сүүлийн өдөр буюу 2023 оны 12 сарын 29-ны өдөр компаниас өгсөн үүрэгт ажлуудыг гүйцэтгэж байх үед даралт 165/128 пульс 138 болон гэнэт өсөж, яаралтай өрхийн эмнэлгийн тусламжийг авсан юм. Үүнээс хойш өдөр алгасалгүй яаралтай тусламж авч эмнэлгээр явж онош тодруулах, цаашлаад иргэн миний амь нас, эрүүл мэндтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмчлүүлэх шаардлага надад зүй ёсоор тулгарсан маш хүнд хэцүү үе тулгарсан байсан юм. Үүний өмнө миний бие гадаадад цааш үргэлжлүүлэн сурах зорилготойгоор тус компанийн ажилд орох сонгон шалгаруулалтын шалгалтад тэнцсэн байсан боловч иргэн миний бие тус компаниас санал болгосон ажлын байранд орохгүй гэсэн шийдвэр гарган 2023 оны 04 сард БНСУ-ын Сөүл хотод очин цаашид эрдмийн ажлаа үргэлжлүүлэхээр судалгааны ажлууд хийж явахад тус компанийн хүний нөөцөөс миний гэр бүлийн хүн рүү залгаж, Э.Э эгч яагаад ирэхгүй байгаа юм бол, материалаа бүрдүүлээд ирж манайд ажилд орно гэж тохирсон юм, эгчийг л ажиллуулах гээд хүлээгээд байна, заавал ирж манайд ажлаа ч, урьж байгаа юмаа манай захирал С.Г нь "гэж манай нөхөр рүү удаа дараа хариуцагч "О" ХХК-ийн хүний нөөцөөс ярьж санал болгосны дагуу нэхэмжлэгч Э.Э миний бие нь Солонгос улсад цаашид сурах болон амьдрах судалгааны ажлаа орхин энэхүү компанийн удирдлагаас надад тавьсан саналыг хүндэтгэн үзэж яаралтай буцан ирж хариуцагч компанид 2023 оны 5 сарын 02-ны өдрөөс эхлэн хуулийн зөвлөхөөр ажиллан, тус компанийн эрх ашгийг иргэний болон захиргааны шүүхүүд дээр компаниас олгосон итгэмжлэлийн дагуу шүүн таслах ажиллагаанд оролцон хариуцагч компанийн эрх ашгийг амжилттай хамгаалсаар ирсэн байдаг. Мөн нэхэмжлэгч Э.Э нь ажилд орсон анхны өдрөөсөө л тухайн компанийн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон шүүхийн маргаантай бүхий л асуудлуудыг ажиллаж байх хугацаандаа шуурхай шийдвэрлүүлэн сар бүр тайлан мэдээллээ үнэн зөвөөр гарган тайлант ажлуудаа бүрэн дүүрэн биелүүлж ирсэн байдаг. Гэтэл иргэн миний биеийн эрүүл мэндийн байдал муудаж эмчлүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч, маш их стресстэй, эмнэлгээр явж архаг мэдрэлийн ядаргаа гэх оношнууд, мөн зүрх судасны өвчин ч байж болох оношнууд тавигдан маш их айж сандран, айдас түгшүүр ихтэй, хэнтэй ч утсаар ярихгүй, тайван байх шаардлагатай болсон ийм хүнд үед, миний амь нас эрүүл мэнд хүнд байдалтай, дөнгөж яаралтайгаар эмнэлэгт хэвтсэн байх үед хүний нөөцөөс компанийн нэр хүндийг хууль шүүхийн байгууллагын өмнө унагаасан, ажлаа удаа дараагаар тасалсан /2024.01.02-01.11 өдрүүдэд/ мөн ажилдаа тэнцэхгүй байгаа зэргээр ярьж ажлаа өгөхийг шаардаж эхэлсэн. Ингээд 2024 оны 01 сарын 11-ны өдөр намайг эмнэлгээс дөнгөж гараад чадан ядан ажилдаа очиж, эмнэлгийн магадалгаа болон эмчилгээ цаашид хийгдэх болсноо дуулгах үед ажилтан намайг тус компанийн хүний нөөц нь та ажлаа өгөө, та ажил тасалсан, мөн шүүхийн байгууллага дээр компанийн нэр хүндийг унагасан, мөн компанийн удирдлагыг худал мэдээллээр хангасан, мөн ажлын байранд тэнцэхгүй байгаа зэрэг асуудлаар таныг ажлаас чөлөөлж байна. Та ажлаа өг гэсэн хууль бус шаардлагыг надад тулгасан. Миний бие тухайн үед маш их айж, биеийн байдал дахин муудсан тул арга буюу би өвчтэй байгаа, цаашид ч эмчлүүлж онош тодруулах шаардлагатай байгаагаа хэлээд, эмнэлгийн магадалгаа бусад яаралтай шүүхэд хэлэлцэгдэж байгаа хэргүүдийг хуульч П.Э-д хүлээлгэн өгөөд, дахин даралт пульс гэнэт ихэссэн тул яаралтай эмнэлэг рүү явсан. Үүнээс хойш эмнэлгийн магадалгаатай эмчлүүлж байгаа биеийн байдал муу, сэтгэл санаа хямралтай, эмч маш тайван байхыг зөвлөж эмнэлгийн эмчилгээ үйлчилгээг авч эмчлүүлж байх үед ч хүний нөөц нь ажлаа өгөхийг шаардсаар байсан юм. Мөн тухайн үед нүүж өөр оффист орох гэж байгаа тул хувийн эд зүйлсээ авахыг компанийн бүх ажилчдад мэдэгдсэн байсан тул миний бие арга буюу эмчилгээтэй байсан ч гэсэн очиж өөрийн хэрэглээний эд зүйлсээ авсан. Тухайн компанийн тавьсан саналыг хүндэтгэн очиж шүүхийн хэрэг маргаантай түрээсийн өндөр төлбөртэй бүхий л хэрэг маргаануудыг цаг хугацаа алдагдуулалгүйгээр эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлж, мөн тус хариуцагч компанийн газрын маргаан бүхий нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх дэх 6 байршил бүхий газрын асуудалд захиргааны хэргүүдийг үүсгүүлэн хэргийг амжилттай шийдвэрлүүлэн дуусах шатандаа явж байтал ажилтан намайг өвдөхийг ч үл тоон, хэрэгтээ үедээ гадаад оронд байхад минь утсаар ярьж, элдэв шан харамж амлан байж авчирч ажиллуулан, хамаг л маргаантай хэргүүдээ хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэн ашигтай шийдвэрүүдийг гаргуулан авчхаад, өнөөдөр биеийн байдал муудаад ирэхээр үл тоон нохой хөөж байгаа юм шиг доромжлогдон ажлаас чөлөөлөгдсөнөө бодохоор үнэхээрийн гомдолтой байгаа. Монгол Улсын хөдөлмөрийн хуулийг ч үл тоон иргэн миний хөдөлмөрийн хуулиар олгогдсон ээлжийн амралтыг ч эдлүүлэлгүйгээр, намайг хүндэтгэн үзэх шалтгаантай буюу өвчтэй байх үед ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна. Иймд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, хууль бусаар ажлаас чөлөөлсөн болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож өгнө үү...” гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Э.Э нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр №23-23 дугаар Компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу "Хуульч" албан тушаалд ажиллаж байсан. 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр №23-49 дугаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан болно. Э.Э нь компанид ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан дараах зөрчлийг гаргасан. 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн ажил үүргийн гүйцэтгэлийн /КРІ/ тайланг буруу тайлагнаж, удирдах албан тушаалтан, компанийн удирдлагыг худал мэдээллээр хангасан, итгэл эвдсэн, мөн компанийн мөнгийг хэсэг хугацаанд хувьдаа ашигласан. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл компаниас зохих ёсоор зөвшөөрөл болон албан ёсны чөлөө аваагүй, ажил тасалсан. Түүнчлэн хамаарал бүхий компанийн эрх ашиг сонирхлыг шүүхэд төлөөлөн хамгаалж ажиллаж байхдаа шүүхэд зохих ёсоор хүсэлт нотлох баримтаа гаргаж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, компанийн нэр хүндийг унагасан, ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан энэ талаар удирдлагаас тавьсан шаардлага болон компанийн зүгээс зөрчилтэй нь холбогдуулан уулзахад зүй бусаар авирласан. Дээрх гаргасан зөрчлүүд нь Э.Э байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйлдлүүд тул Компанийн зүгээс түүний хөдөлмөрийн гэрээ, түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан "хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан" гэсэн үндэслэлээр 2024 оны 1 сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, түүнийг хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. Э.Э нь компанийн ажилтны хувьд байгууллагын дотоод хэм хэмжээ, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй атал тэдгээрийг зөрчиж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан. Иймээс компани Э.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль болон хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан үндэслэлийн дагуу цуцалсан ба Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан тушаал, шийдвэр болно. Э.Э нь тушаал гарсан талаар мэдэгдсэн бөгөөд гардаж аваагүй тул шуудангаар түүнд тушаалыг танилцуулсан болно. Э.Э нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасан хугацаа, 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3. Нэхэмжлэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 23-23 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23-49 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б-15 дугаартай, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай О-ийн захирлын тушаал, ажил хүлээлцсэн акт, Эмнэлгийн магадлагаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах тухай гаргасан хүсэлт, шуудангийн баримт, Голомт банкны дансны хуулга, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, ажил үүргийн хүрээндээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон холбогдох баримтууд, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, эмнэлгийн магадлагаа, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Хөдөлмөрийн дотоод журам, Ажил гүйцэтгэлийн үнэлгээний журам, Байгууллагын дотоод журам уншиж танилцсан ажилчдын нэрс, Ажилд орохыг хүсэгчийн анкет, Э.Э-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, компани, хувь хүний нууц хадгалах гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ, хуульч Э.Э-ийн “Хамт олны асуулга”-ын дүн, үндсэн ажилтан албан тушаал өөрчлөх хуудас, албан тушаалын тодорхойлолт, ажил хүлээлцсэн акт, зөрчил бүртгэх хуудас, ажилтны сахилгын шийтгэлийн тухай мэдэгдэл, зөрчил бүртгэх хуудас, хүсэлт, шалгалтын тэмдэглэл, Э.Э-ийн 2023 оны 12 сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлөх мөнгө олгуулах тухай хүсэлт, 2024 оны 01 сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тойрох хуудас, цалингийн хүснэгт, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас 2024 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд Э.Э-ийн шүүхэд хүргүүлсэн хүсэлт, түүнд хавсаргасан баримтыг нотлох баримтаар гаруулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч О ХХК-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, хууль бусаар ажлаас чөлөөлсөн болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, хууль бусаар ажлаас чөлөөлсөн болохыг тогтоолгож гэх шаардлага нь бие даасан шаардлага бус, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, тушаалын эрх зүйн үр дагаврыг арилгаж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гэж үзнэ.

 

4. Шаардлагын үндэслэлээ “...2023 оны 12 сард хөдөлмөрийн хуульд заасны дагуу тухайн оны ээлжийн амралт авах сүүлийн хугацаа болсон байсантай холбогдуулан "О" ХХК-ийн хүний нөөцөд ээлжийн амралтаа авах хүсэлтээ бичгээр гарган өгсөн юм. Үүний дагуу тус компанийн санхүүгээс 12 сарын 28-ны өдөр сарын цалинтай хамтатган иргэн миний ээлжийн амралтын олговрыг олгосон байсан. Хөдөлмөрийн хуулиар олгогдсон ээлжийн амралтыг ч эдлүүлэлгүйгээр, намайг хүндэтгэн үзэх шалтгаантай буюу өвчтэй байх үед ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Тушаалд заасан зөрчил огт гаргаагүй...” гэж тайлбарлаж байна.

 

5. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн ажил үүргийн гүйцэтгэлийн /КРІ/ тайланг буруу тайлагнаж, удирдах албан тушаалтан, компанийн удирдлагыг худал мэдээллээр хангасан, итгэл эвдсэн, мөн компанийн мөнгийг хэсэг хугацаанд хувьдаа ашигласан. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл компаниас зохих ёсоор зөвшөөрөл болон албан ёсны чөлөө аваагүй, ажил тасалсан. Хамаарал бүхий компанийн эрх ашиг сонирхлыг шүүхэд төлөөлөн хамгаалж ажиллаж байхдаа шүүхэд зохих ёсоор хүсэлт нотлох баримтаа гаргаж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, компанийн нэр хүндийг унагасан, ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан энэ талаар удирдлагаас тавьсан шаардлага болон компанийн зүгээс зөрчилтэй нь холбогдуулан уулзахад зүй бусаар авирлаж хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр 2024 оны 1 сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тушаал хуульд нийцнэ...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

6. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

6.1.Ажил олгогч О ХХК нь ажилтан Э.Э-тэй 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 23-23 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Э.Э нь хуульч албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар сарын үндсэн цалин 2 500 000 төгрөг байхаар харилцан тохирч, улмаар 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 23-49 дугаартай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, сарын үндсэн цалин 2 500 000 төгрөг, ажлын гүйцэтгэлийн үнэлгээний цалин 500 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн талаар маргаагүй.

 

6.2. Ажил олгогч нь батлагдсан бүтэц, ажилчдын орон тооны дагуу ажилтнаа өөрөө сонгож, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй бөгөөд харин ажилтны хөдөлмөрийн харилцааг цуцалж, дуусгавар болгосон үндэслэл, эрхийн акт нь хуульд нийцсэн байх ёстой.

 

6.3. Ажил олгогч О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б-15 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.14 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 5.5.7, 5.5.8, 5.5.9 дэх заалтыг тус тус үндэслэн хуульч ажилтай Э.Э нь 2023 оны 10 сарын 26-ны өдрөөс 2023 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил үүргийн үнэлгээ /КРІ/-ний тайланг буруу тайлагнаж, удирдах албан тушаалтан, компанийн удирдлагыг худал мэдээллээр хангасан, итгэл эвдсэн, мөн компанийн мөнгийг хэсэг хугацаанд хувьдаа ашигласан нь 2023 оны 10 сарын 26-ны өдөр илгээж батлуулсан Ажил гүйцэтгэлийн үнэлгээний тайлан, 2023 оны 12 сарын 28-ны өдөр Санхүү төлөвлөлтийн газраас бэлнээр хүлээн авсан мөнгөний баримт, 2024 оны 01 сарын 12-ны өдөр шүүхийн УТХ тушаасан баримт, шүүхэд нэхэмжлэл хүлээлгэн өгсөн баримт зэргээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 /ажилтан...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан/ ХДЖ-ын 6.4.14 /Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан бусад үндэслэл бүрдсэн/, Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.5.7 /Төлөвлөгөө тайлан, мэдээг буруу гаргасан нь тогтоогдсон/, 5.5.9 /ажил олгогчийн эд хөрөнгө, мөнгө хувьдаа ашигласан/ гэж заасан ноцтой зөрчил гаргасан, 2024 оны 01 сарын 23-ны өдрөөс 2024 оны 01 сарын 29-ний өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд компаниас зохих ёсоор зөвшөөрөл болон албан ёсны чөлөө аваагүй, ажил тасалсан нь ХДЖ-ын 6.4.1 /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш өдөр ажил хаяж явсан/, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн  гэрээний 5.5.8 /хүндэтгэх шалтгаангүйгээр чөлөөний хугацаанаас хоцорсон, эсвэл 3-аас дээш хоног ажилдаа ирээгүй/ гэж заасан зөрчлийг гаргасан, түүнчлэн хамаарал бүхий компанийн эрх ашиг сонирхлыг шүүхэд төлөөлөн хамгаалж ажиллаж байхдаа шүүхэд зохих ёсоор хүсэлт нотлох баримтаа гаргаж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, компанийн нэр хүндийг унагасан, ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан энэ талаар удирдлагаас тавьсан шаардлага болон компанийн зүгээс зөрчилтэй нь холбогдуулан уулзахад зүй бусаар авирласан зэргээс цаашид хамтран ажиллах боломжгүй гэж дүгнэсэн тул ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 1 сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай гэжээ.

 

6.4. Ажилтан Э.Э нь урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, тус хорооны 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэлээр талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр ажиллагаа дуусгавар болж, нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гомдол гаргажээ.

 

6.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заасан.

 

6.6. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ойлгох бөгөөд О ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6.4 дэх заалт, талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.5 дахь заалтуудаар ноцтой зөрчлийн үндэслэлийг тохирсон байна.

 

6.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан.

 

6.8. Хэрэгт авагдсан эмнэлгийн магадлагаа, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлэгийн хуудас, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл гэх баримтуудаар нэхэмжлэгч Э.Э нь эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай байсан болох нь тогтоогдож байна.

 

6.9. Тодруулбал, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 10 хоног Хан-Уул эрүүл мэндийн төвд эмчлүүлсэн эмчлүүлж Нийгмийн даатгалын санаас 1 012 052 төгрөгийн тэтгэмж авсан болох нь Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсаар, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн Хан-Уул эрүүл мэндийн төвийн эмнэлгийн магадлагаагаар, 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн Мэнд саруул өрх БГБХН өрхийн эрүүл мэндийн төв эмнэлгийн магадлагаагаар тус тус тогтоогдож байх тул ажил олгогчийн тушаалын 2024 оны 01 сарын 23-ны өдрөөс 2024 оны 01 сарын 29-ний өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд ажил тасалсан гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

 

6.10. Нэхэмжлэгч Э.Э нь Л ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамж болон нотариатын үйлчилгээ 1 577 225 төгрөгийг Голомт банк 1* тоот дансанд шилжүүлэх өргөдлийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажил олгогчид гаргасан. Мөн өдөр “OUG” гэх утгаар 1 577 225 төгрөг нэхэмжлэгчийн Голомт банк дахь * тоот шилжүүлсэн байна. Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ломекс улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний шимтгэлийн хамт 1 478 425 төгрөг тушаасан болох нь хэргийн 94-95 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдоно.

 

6.11. Нэхэмжлэгч Э.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ авч, улмаар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс мөн сарын 09-ны өдрийг хүртэл хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болох нь Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллийн баримтаар тогтоогдож байх тул дээрх улсын тэмдэгтийн хураамжийг хугацаа хожимдуулан төлсөн нь хүндэтгэх шалтгаантай байсан гэж үзэхээр байна.

 

6.12. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.Э-ийг “удирдах албан тушаалтан, компанийн удирдлагыг худал мэдээллээр хангасан, итгэл эвдсэн, мөн компанийн мөнгийг хэсэг хугацаанд хувьдаа ашигласан” ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалын үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

6.13. Иймд нэхэмжлэгч Э.Э-ийг ажилд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн  ажилгүй байсан 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 14 сар, 3 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч буюу хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасантай нийцнэ.

 

6.14. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу Э.Э-йн 2023 оны 11 сар, 12 сар, 2024 оны 1 сарын дундаж цалин хөлсийг хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Цалингийн хүснэгтийг үндэслэн тооцов. Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолтыг шүүхэд баримтаар гаргаж өгөөгүй байна.

 

6.15. Тодруулбал, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 31 685 416 төгрөгийг  /14 сар х 2 255 572 = 31 578 008, 3 хоног х 35 803=107 408, 31 578 008+107 408=31 685 416/ хариуцагч О ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Э.Э-т олгох нь зүйтэй.

 

6.16. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Э.Э-ийн   ажилгүй байсан хугацааны олговор 31 685 416 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлснийг баталгаажуулахыг О ХХК-д даалгаж шийдвэрлэв.

 

6.17.  Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 316 377 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг даалгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Э-ийг О ХХК-ийн хуульчийн ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 31 685 416 төгрөгийг хариуцагч О ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Э.Э-т олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлснийг баталгаажуулахыг О ХХК-д даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч О ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 316 377 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХЦЭЦЭГ