Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 212/МА2021/00043

 

М.Е-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2021/00337 дугаар шийдвэртэй, Цэнгэл сумын 8 дугаар багт оршин суух Санырау овогт М-н Е-ийн нэхэмжлэлтэй, Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 4 дүгээр  сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Ердос, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоох тухай.  

 

Нэхэмжлэлд: “Миний бие Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №Б/05 тоот “М-ын Е-ийг ажилд томилох тухай” тушаалаар 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Цэнгэл сумын ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаалын байнгын ажлын байранд томилогдож, ажлын байрны чиг үүргийг хэвийн хэмжээнд гүйцэтгэж ажлын хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж ирсэн. Гэтэл ажил олгогч Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ерболат нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаартай “Нурланы Еркебекийг хэвлэл мэдээллийн ажилтнаар томилох тухай” тушаалаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, сумын ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолыг үндэслэн М.Е намайг “Цэнгэл сумын ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан”-ны албан тушаалаас чөлөөлж, тухайн орон тоонд Н.Еркебек гэдэг хүнийг томилсон. Гомдол гаргагч М.Е миний бие ажил олгогч Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаартай Нурланы Еркебекийг хэвлэл мэдээллийн ажилтнаар томилох тухай тушаалыг дараах үндэслэлээр хууль зөрчсөн, илт хууль бус эрхий акт гэж үзээд гомдол гаргаж байна.

1.Гомдол гаргагч М.Е намайг Цэнгэл сумын ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаалаас чөлөөлөх тухай Засаг даргын тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаартай Нурланы Еркебекийг хэвлэл мэдээллийн ажилтнаар томилох тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар хуулийн заалтын холбогдох хэсгийг баримтлаагүй, ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тушаалд заагаагүй.

2.Цэнгэл сумын ЗДТГ-ын бүтэц орон тоонд хэвлэл мэдээллийн ажилтны ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа ба тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2021 оны төсөв батлах тухай 18 дугаар тогтоолоор баталсан Цэнгэл сумын ЗДТГ-ын төсөвт хэвлэл мэдээллийн ажилтны цалин хөлс 504.0 сая төгрөгөөр батлагдсан, орон тоо ажлын байр хэвээр байхад үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн, тухайн орон тоонд Н.Еркебекийг хууль бус томилогдсон гэж гомдол гаргаж байна.

3.Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Цэнгэл сумын ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтны байранд томилогдож, бүтэн нэг жил ажилласан байхад ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй байхад гэрээ байгуулаагүй явдал нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх хэсэгт зааснаар намайг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажилладаг. 2020 оны сонгуулийн үр дүнгээр манай сумын шинээр томилогдсон Засаг дарга энэ нэхэмжлэгчийг ажлаас хал гэж удаа дараа шаардсаны дараа ажлаас халсан. Засаг дарга төсвийг ерөнхийлөн захирагч байдаг бол миний бие төсвийн шууд захирагч хүн. Өөрөөр хэлбэл шинээр томилогдсон Засаг дарга Тамгын газрын хэвлэлийн мэдээллийн ажилтныг өөрчилж, Н.Еркебекийг томил гэсэн удаа дараа шаардсаны дараа би Засаг даргын хэлснээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, Н.Еркебекийг томилсон. Хэвлэл мэдээллийн ажилтан бол Засаг даргын Тамгын газрын ажилтан байна. Уг орон тоог сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан. Нэхэмжлэгч ажиллаж байх хугацаанд ямар нэгэн ажил төрлийн дутагдал гаргаагүй байгаа. Тийм хүнийг хамаагүй чөлөөлж болохгүй байхад Засаг дарга Н.Еркебекийг 3,4 удаа дагуулж ирээд Н.Еркебекийг ажилд ав гэж дарамт, шахалт үзүүлж нэхэмжлэгчийг ажлаас халуулсан. Тухайн үед нэхэмжлэгчид өөр ажил олж өгөх байх гэж бодсон. Хэвлэлийн мэргэжилтэн улс төрийн ажилтан биш байхад Засаг дарга нь удаа дараа шаардлага тавьж, ажиллуулахыг хүссэн байна. М.Еийг хуулийн дагуу авсан. Өөрөө Казахстан Улсад сураад төгсөж ирсэн. Ажиллаад эхэлснээс хойш монгол хэл болон ажлаа сураад эхэлсэн, сайн ажилтан байсан. Миний бие ажлаас халсан тушаал буруу гэж үзэж байгаа ч нэхэмжлэгчийн өмнөх ажилд эгүүлэн тогтоох эсэх асуудлыг шүүхээр хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүсэж байна.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2021/00337 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Санырау овогт Маралын Е-ийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.    

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/05 дугаар, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар М.Е-ийг тус газрын Хэвлэл мэдээллийн ажилтнаар авч ажиллуулахдаа Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт болон сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгосон байдаг.

2. Хариуцагч Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ерболат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд Хэвлэл мэдээллийн ажилтан гэсэн орон тоо байхгүй..." гэжээ.

3. Нэхэмжлэгч М.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...миний бие Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргатай 2020 онд, 2021 онд ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй" гэжээ.

4. Даатгуулагч М.Е-ийн 01299758 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн 6 дугаар талд 2020 онд төлсөн шимтгэл, сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого гэсний 1-12 дугаар мөрүүдэд тус тус 420,000 гэж бичигдсэн байна.

5. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 24, 472 дугаар тогтоолуудын хавсралтаас үзэхэд төрийн үйлчилгээний байгууллага болон Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн сүлжээнд 420,000 төгрөгийн цалин гэж байхгүй байна.

6. Цэнгэл сумын ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар хуралдааны тогтоолын 18 дугаар хавсралтын Засаг даргын тамгын газарт гэсэн хүснэгтийн 2 дахь мөр Хэвлэл мэдээллийн ажилтны цалин, НДШ 5,670.0 гэжээ.

7. Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” гэсэн зөвлөмжийн Нэг дэх хэсгийн 1.3 дахь заалтын а/-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан "байнгын ажлын байр”-д ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар “хугацаагүй” байна", мөн заалтын б/-д “ “байнгын ажлын байр” гэдэгт ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг ойлгоно” гэж тайлбарласан байна.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч М.Е-ийн ажиллаж байсан Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан гэсэн орон тоо байнгын ажлын байр биш бөгөөд ажил олгогчоос Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын дагуу төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлсэн гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.Е болон Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарын хооронд хөдөлмөрийн гэрээнээс үүдэлтэй эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд М.Е нь гэрээт ажилтны чиг үүргийг л хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Гэтэл шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Е-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч М.Е нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаартай “Нурланы Еркебекийг Хэвлэл мэдээллийн ажилтнаар томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, тус Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргажээ.

 

Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаартай тушаалд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар  зүйлийн 16.5.5 дахь заалт, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолыг тус тус үндэслэн М.Еийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Ажилтан М.Е нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцсэн ба нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа хөдөлмөрийн тухай хуулийн  холбогдох хэсгийг баримтлаагүй. Миний орон тоо хэвээр хадгалагдаж байхад  үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн” гэж, харин ажил олгогч “Цэнгэл сумын засаг даргын шахалтаар нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн” гэж тайлбарлаж, шүүхэд мэтгэлцжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгч гарын үсгээ зурж баталгаажуулаагүй хэдий ч  хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд түүнд бусад гэрээний нэгэн адил Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэл хамаарах ба ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд тэдний хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцэж байна.

 

М.Е-ийн ажиллаж байсан хэвлэл мэдээллийн ажилтны ажлын байр нь байнгын ажлын байр мөн болох нь ажил олгогчийн тушаал, хөдөлмөрийн гэрээ, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоол зэрэг  баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй буюу ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлахдаа ажилтны хөдөлмөрлөх эрхийг болон хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурласан, хууль ёсны болжээ. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлсэн байна.

 

2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаартай Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын “Нурланы Еркебекийг Хэвлэл мэдээллийн ажилтнаар томилох тухай” тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт нийцсэн, анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хуульд зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2021/00337 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

                       

                                                                                              С.ӨМИРБЕК