| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2017/00054/Э |
| Дугаар | 00038 |
| Огноо | 2018-04-10 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 00038
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Б.Эрхэмбаатар
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Са, түүний өмгөөлөгч Р.Төгсбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Чд холбогдох 201718020003 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Борнуур суманд 1981 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, * гэдэг газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн шийтгэлтэй,
-2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ¹ 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар
- 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ¹ 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 03 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан 03 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харнууд овогт Батжаргалын Ч. /РД: */
Шүүгдэгч Б.Ч нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эзэмшлийн 17-92 УНА улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугатаан замын хөдөлгөөнд оролцон явахдаа мөн өдрийн 19 цагийн орчимд Дарханаас Улаанбаатар чиглэлийн төв засмал замд буюу Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг Баянцогтын өвөр гэх газар эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан 03-01 УНЛ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл, 54-79 УНР улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгсэл, 38-27 УБН улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тус тус мөргөж зам тээврийн осол гаргаснаас 03-01 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Цацрал нас барсан, 08 настай Г.Хүрэлсүхийн бие махбодид хөнгөн, 17-92 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан иргэн Б.Сэгийн бие махбодид хүндэвтэр, иргэн Э.Алын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Чын өгсөн …… 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уби согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Сүмбэр сумын хүнсний дэлгүүрийн гадна байсан машиныг авч яваад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баянцогтын өвөр гэх газарт осол гаргасан. Би машин мөргөөд ухаан балартсан байсан. Тэгээд яг юу болсныг сайн мэдэхгүй байна. Гэрлийн гялбаанд орсон гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Саын өгсөн …… Оршуулгын зардал болон талийгаачийн машинд учирсан хохиролд 12332306 төгрөг болж байгааг нэхэмжилж байна. Ч нь газрыг миний нэр дээр шилжүүлсэн боловч яг гэрчилгээ нь миний нэр дээр гараагүй байгаа. Барьцаа маягаар надад өгөөд 6 сарын дотор бүх хохирлоо төлөөд газраа буцааж авна гэж тохирч бид хоёр гэрээ хийсэн юм. Гомдолтой байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Нагийн мөрдөн байцаалтад өгсөн ....... Тэгсэн Ч гараад миний машиныг хулгай хийж унаад яваад өгсөн байсан. Нөгөө хоёр охин машинд суугаад үлдсэн бөгөөд миний машин акумлятор муутай болохоор унтраавал асахгүй байх гэж бодоод машинаа асаалттай нь үлдээсэн байсан болохоор Ч унаад явчихсан байсан. Тэгээд араас нь утсаар холбогдох гээд чадалгүй байж байгаад орой хоёр охиных нь нэгнийх нь утсасны дугаарыг олоод ярьсан чинь Баруунхараад осол хийсэн байсныг нь мэдсэн....... Миний машин 17-92 УНА дугаартай цагаан өнгийн Хонда сивик нэртэй япон автомашин байсан. 2016 оны 10 дугаар сарын 04-нд Монголд орж ирсэн. Орж ирээд худалдаж авсан үнэ нь 7200000 төгрөг. Худалдаж авсан гэрээ баримтууд нь бүгд байгаа. Ямар ч байсан машинаа бүрэн болгуулж авмаар байна. Эсхүл үнийг нь төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 95 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч А.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн ….. Би өөрийн эзэмшлийн приус 20 маркийн 38-27 УБН улсын дугаартай автомашинтай 2 том хүн, 2 хүүхэдтэй нийт 4 зорчигчтой явсан. Улаанбаатараас Дархан чиглэлийн 140-141 дэх километрт явж байсан. Миний урд саарал өнгийн 03-01 дугаартай приус 20 маркийн машин явж байсан ба уг машинаас 10-15 метр зайд 72-73 км цагийн хурдтай явж байсан. Энэ үед багцаагаар 18.30 цагаас 19.30 цагийн хооронд байсан байх. Миний урд явж байсан приус 20 маркийн машиныг нэг машин мөргөөд тоос манарч баахан юм бутраад явчихсан. Тэгээд миний машин луу орж ирээд хальт түг хийсэн чимээ гараад шүргэчихсэн юм. Урд талын машинтай мөргөлдөөд тэгээд дараа нь миний машиныг шүргэсэн. Миний хувьд би яг урсгалаараа эсрэг урсгал руу орсон зүйлгүй чигээрээ явж байсан. Миний машинд сууж явсан зорчигчид болон миний биед учирсан ямар нэгэн гэмтэл байхгүй. Машины гупер хагарсан, зүүн урд гэрэл хагарсан, карлан шмбийсан, зүүн толь байхгүй эвдэрсэн байна. Хохирлоо нэхэмжилнэ. Машины эвдрэл нийт 1874000 төгрөг болсон бөгөөд би машинаа хүнээс мөнгө зээлээд засуулсан, мөн үнэлгээний зардал гэх 70000 төгрөгийг би өөрөө төлсөн. Иймд тэр 70000 төгрөгийг бас нэхэмжилж байна гэх мэдүүлэг /Хх-н 98-101 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч П.Багийн мөрдөн байцаалтад өгсөн ….. Би 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Урьханаас Дархан Хөтөл чиглэлтэй 19-20 цагийн орчимд гарч явсан. Өөрийн тоёота аллион маркийн 54-79 УНР дугаартай цагаан өнгийн машинтай 2 том хүн, 1 хүүхэд гэсэн 3 зорчигчтой явсан. Улаанбаатараас 140 дэх км-т өөдөөс цагаан өнгийн суудлын автомашин зам голлоод над руу чиглээд ороод ирсэн. Би 70-80 км цагийн хурдтай явсан ба эсрэг урсгалд ороогүй хойшоо чиглэлтэй урсгалынхаа дагуу явж байсан. Тэр машин болохоор урсгал сөрж орж ирсэн. Би амжиж машинаа баруун гар тийш дарж тоормос гишгэж замын хажууд зогссон. Тэр машин миний машины зүүн урд талаас хажуу хэсгийг хамаад явчихсан. Тэгээд тэр машин ард явсан 2 ширхэг приус 20 маркийн машинуудыг дараагаар нь дараалан мөргөөд онхолдсон байсан. Бууж ирээд харахад Хонда сивик маркийн цагаан өнгийн машин байсан. Миний машины зүүн гупер, зүүн гэрэл, толь, зүүн талын 2 хаалга, урд салхины шил, обуд хагарсан, гар тахийсан, 5 бул мултарсан, багана дотогшоо чихэгдэж орсон байсан… Миний машины эвдрэлийн үнэлгээ 2730000 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Мөн машины хохирол үнэлүүлэхэд төлсөн мөнгөө нэхэмжилнэ гэх /Хх-н 109-112 дугаар хуудас/
Хохирогч Б.Сэгийн мөрдөн байцаалтад өгсөн …… 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчимд Баруунхараагаас Улаанбаатар хотын чиглэлд би найз Э.Алын хамт мөн цагаан Хонда сивик маркийн 17-92 дугаартай автомашинтай жолооч /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ Дамба гэх хүнтэй хамт Улаанбаатар хот орохоор явж байсан юм. Гэтэл манай машин нилээд хурдтай бараг 100 км цаг хурдтай байсан байх Дамбад би их хурдтай яваад байхаар нь болно машиныг би жолоодъё гэж хэлж байсан ч Дамба өөрөө Урьхан хүртэл би бариад явчихъя би өөрийгөө мэдэж байна гэсэн. Тэгээд Баруунхараагаас урагш явж байхад гэнэт миний тал руу буюу зүүн тийш Дамба машинаа дарж оруулаад эсрэг урсгал руу орж миний талаар машинтай мөргөлдсөн. Тэгээд юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд машин дотор орилоод хэвтэж байсан….. Цээгий ахынд 1 шил Болор архи, нийт 3 том архи уусан. Тэгээд тэднийд хоноод 30-ны өглөө 10 цагийн үед босцгоосон. Босоод Лхагвадорж, На, Дамчаа, Дамба нар 1 шил соёрхол архи уусан. Тэндээс Сээгий гэж айлынд очиж архи уусан. Тэр үед нь Ал бид хоёр машиныг нь бариад Дамбыг хайгаад Сүмбэр сумаар явж байсан. Тэр үед Дамба алга болчихсон байсан юм. Тэгээд Цээгий ахынд очиход Дамба тэднийд 2-3 цаг унтаад нилээн сэргэчихсэн байсан. Тэгээд Дамба Натай маргалдаад муудалцаад гараад явсан. Тэр үед Ал бид хоёр машинд хамт байсан ба Дамба ирээд машиныг нь унаад явчихсан. Бид хоёрыг хамт аваад явчихсан. Тэгээд Сүмбэр сумаас гарахад 17-18 цаг болж байсан байх. Тэгээд шууд Баруунхараа ороод Дамбын найз Тулгаагаас мөнгө асууж уулзаад удаагүй салсан. Тэндээс гарч яваад осол болсон. Миний баруун гар хугарсан, толгой хагарсан, эгэм өвдөөд байна мөн хавирга, босохоор сав, гэдэс хавиар их өвдөж байна. Хоёр хөл их өвдөж байна. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ…… Сүмбэр суманд байхад машинд суунгуутаа Дамба машин жолоодоод шууд хөдөлсөн. Их хурдтай хөдлөөд явсан болохоор Ал бид 2 бууж чадаагүй. Тэр үед машинаас бууя гэж бодож байсан. Дамба машин бариад явж байхдаа наад пизданууд чинь дургүй хүргэчихлээ. Баруунхараа ороод нохой Тулгаагаас бензиний мөнгө төгрөг авна , наадуул чинь араас унаа олоод хүрээд ирнэ гэж хэлж байсан….. Миний зүгээс бодит учирсан хохирол 539650 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /Хх-н 117-122 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Э.Алын мөрдөн байцаалтад өгсөн …… 2016 оны 12 дугаар сарын 30-ны орой 18-19 цагийн хооронд найз Сэгийн хамт Хонда сивик маркийн 17-92 дугаартай машинтай жолооч Дамба гэх хүний хамт явсан. Явах замдаа маш хурдтай явж байсан. Осол болох үед би арын суудал дээр толгойгоо зүүн тийш харуулаад хажуулдаж хэвтээд унтаж байсан учир яг юу болсныг мэдэхгүй байна…. Ч миний хувьд машиныг хулгайлж аваад зарж борлуулах байсан гэж бодохгүй байна. Миний хувьд хот руу явах гэж авч явсан байх гэж бодож байна. Ер нь ч тэгээд би Наг Дамбын найз гэж бодож байсан ба найзынхаа машиныг аваад явлаа гэж ойлгосон. Би На Дамба нарыг Сүмбэр суманд байхдаа дэлгүүрийн гадаа маргалдаж байсныг харсан. Тэгээд л Дамба машинд орж ирээд шууд унаад явсан. Би яагаад хүний машин унаж явж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд Дамба би мэдэж байна гэж хэлсэн. Тэгээд ч Сэ бид хоёр хот явах бодолтой байсан болохоор дуугүй л явчихсан юм. Осол болно гэж хэн мэдэх билээ. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 130-133 дугаар хуудас/
Гэрч А.БАгийн мөрдөн байцаалтад өгсөн ….. Би 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Урьханаас Дархан хөтөлийн чиглэлд эхнэр Н.Тунсаг, түүний хүргэн ах П.Ба, түүний охин Буянхишиг нарын хамт Багийн аллион маркийн 54-79 дугаарын машинтай орой харанхуйд гарсан. Хэдэн цагт Урьханаас гарч хойшоо явснаа санахгүй байна. Тэгээд би замдаа хойно суугаад явж байхдаа унтчихсан байсан. Яг юу болсныг санахгүй байна. Ба машин жолоодож явсан бөгөөд машин өөдөөс урсгал сөрөөд ороод ирлээ дараад дараад гайгүй гарлаа даа. Дараагүй бол балрах байж гэж хэлж байсан гэх мэдүүлэг /Хх-н 135 дугаар хуудас/
Гэрч Н.Тугийн мөрдөн байцаалтад өгсөн ….. Жолооч Ба ах бид нартай юм яриад явж байсан. Манай машин урсгалаараа явж байсан болохоор урдаас ирсэн машин урсгал сөрж орж ирсэн байх. Тэгээд гэрэл орж ирээд түс няс хийгээд мөргөлдсөн. Манай жолооч баруун гар луугаа дараад хажуу тийш эргээд зогссон байх. Манай машин ямар ч байсан их зөөлөн явж байсан юм. Одоохондоо гомдох юм нэхэмжлэх зүйл алга гэх мэдүүлэг /Хх-н 136 дугаар хуудас/
Гэрч Д.Батгын мөрдөн байцаалтад өгсөн …. Тэр өдөр өдийд буюу 19 цагийн орчимд намайг гэртээ байхад Дамба ирсэн. Манай эхнэр гадаа түлээ мод нүүрсээ оруулж байсан ба гаднаас Тулгааг дуудчих гээд хэлэхээр нь би гэрээсээ өөдөөс нь гараад очсон. Дамба хашааны үүдэнд ирсэн зогсож байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь гэрийн углааштайгаа гараад яваад очсон. Тэгээд очсон чинь мэнд мэдэлцээд машинд суу гээд тэгээд ороод суусан чинь машинд нь хоёр хүүхэн байсан. Тэр хоёр хүүхний нэг нь жолооны ард нөгөө нь жолоочийн хажуу талд сууж байсан. Дамба бид хоёр машины арын суудалд суусан. Тал шил болор архи барьчихсан байсан ба надад хундаганд хийж өгсөн. Тэгээд найзыгаа зориод Баруунхараад ирлээ гэж хэлсэн. Тэгээд би тэр архинаас нь уугаагүй юм. Тэгээд би чи халамцуу согтуу байна одоо наад хүмүүсээрээ машинаа бариулаад харь гэж хэлсэн. Тэгээд намайг гэрт хүргэж оруулж өгчөөд явсан. Тэнд Дамба удаагүй. Тэр үед Дамба өөрөө ч архи уугаагүй. Нэг их согтсон харагдаагүй. Тэгээд явцгаасан гэх мэдүүлэг /Хх-н 137 дугаар хуудас/
Иргэний хариуцагч Д.Норовын мөрдөн байцаалтад өгсөн …. Миний эзэмшдэг 17-92 УНА улсын дугаартай автомашиныг би хүү Над худалдаж авч өгсөн нь үнэн. Гэхдээ би энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцахгүй. Гэм буруутай этгээд Ч нь хохирлыг барагдуулах ёстой юм. Учир нь миний хүү На машинтайгаа Сүмбэр суманд байх үед нь Ч нь санаатай машиныг нь авч зугатаасан. Сайн дураар Чд өгч явуулаагүй юм. Тийм учраас би энэ хариуцлагыг хүлээхгүй юм гэх мэдүүлэг /Хх-н 156 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт ¹ 100.... Дүгнэлт:
1. Г.Хүрэлсүхийн биед баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл, зүүн хацарт цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 22 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹35.... Дүгнэлт:
1. Сэгийн биед баруун гарын шуу ясны далд хугарал, тархи доргилт, нүүр, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 24 дүгээр хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 36.... Дүгнэлт:
1. Алын биед тархи доргилт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 28 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн акт ¹ 07.... Дүгнэлт
1.Нас барагч А.Цацралын биед их тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн уушгины хатгагдсан шарх, зүүн уушгины уналт, өвчүү ясны хугарал, баруун, зүүн талын олон хавирганы хугарал, элэгний язралт, дунд чөмөгт ясны далд хугарал, баруун гарын алганы ар хэсэг, баруун хөлний өвдөгний үе, баруун гуя, зүүн өгзгөнд шарх. Баруун хацар, зүүн шанаа, цээж, хэвлий, зүүн ташаа, баруун гуя, шилбэ, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн гарын алганы ар хэсэг, баруун хөлийн шилбэнд цус хуралт гамтал тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй мөргүүлэх үед үүсэх боломжтой гэмтэл юм.
3. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Нас барагчийн биед үүссэн гэмтлүүд нь хүний гар хөлийн үйлчлэлээр үүссэн байх боломжгүй.
5. Нас барагч нь нас барах үедээ согтолтгүй байжээ.
6. Нас барагчийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй болно.
7. Нас барагч А.Цацрал нь гавал тархи, цээж, хэвлийн хөндий, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.
8. Нас барагчийн цус О /l/ бүлгийн харьяалалтай байжээ гэх /Хх-н 33 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ¹ 04 ....
1. Хариулт: Хонда сивик маркийн 1792 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Харнууд овгийн Батжаргалын Ч нь МУ-ын ЗХД-ийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. А/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8. Тээврийн хэрэгсэл байрлан явах, 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгэл сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн.
2. Хариулт: Тоёота приус 20 маркийн 0301 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Я.Мөнх-оргил нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчөөгүй.
3. Хариулт: Тоёота приус 20 маркийн 3827 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Гантөмөр нь МУ-ын ЗХД-ийн ямар нэг заалт зөрчөөгүй.
4. Хариулт: Тоёота аллион маркийн 5479 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Ба нь МУ-ын ЗХД-ийн ямар нэг заалт зөрчөөгүй.
5. Хариулт: Хонда сивик маркийн 1792 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.На нь МУ-ын ЗХД-ийн 11. Түр буюу удаан зогсох. 11.3. Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө … гэснийг зөрчсөн.
6. Хариулт: Хонда сивик маркийн 1792 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Харнууд овгийн Батжаргалын Ч, машины эзэмшигч Н.На нар нь зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргав гэх /Хх-н 69 дүгээр хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 04-10 дугаар хуудас/
Б.Чын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Мета багажаар үлээлгэж шалгахад 1.36 % гарсан гэсэн согтуурал хэмжсэн тодорхойлолт /Хх-н 12 дугаар хуудас/
17-92 УНА улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын шууд зардлыг 5978000 төгрөгөөр, шууд бус зардлыг 795000 төгрөгөөр, нийт 6773000 төгрөгөөр үнэлсэн Бан хас ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 46-47 дугаар хуудас/
03-01 УНЛ улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын шууд зардлыг 5886000 төгрөгөөр, шууд бус зардлыг 165000 төгрөгөөр, нийт 6051000 төгрөгөөр үнэлсэн Бан хас ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 53-54 дүгээр хуудас/
38-27 УБН улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын шууд зардлыг 1794000 төгрөгөөр, шууд бус зардлыг 80000 төгрөгөөр, нийт 1874000 төгрөгөөр үнэлсэн Бан хас ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 59-60 дугаар хуудас/
54-79 УНР улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын шууд зардлыг 2635000 төгрөгөөр, шууд бус зардлыг 100000 төгрөгөөр, нийт 2735000 төгрөгөөр үнэлсэн Бан хас ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 62-63 дугаар хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Саын хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 78-85, 242-247 дугаар хуудас/
Хохирогч Б.Сэгийн хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 125 дугаар хуудас/
Б.Чын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 157 дугаар хуудас/
Улаанбаатар хотын Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн № 7/1052 дугаартай Б.Чын нэр дээр бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийн тодорхойлолт /Хх-н 170 дугаар хуудас/
Б.Чын хувийн сууцыг битүүмжилсэн шүүгчийн захирамж /2 дугаар хавтаст хэргийн 138 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Ч нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 17-18 цагийн орчимд Төв аймгийн Сүмбэр сумын хүнсний дэлгүүрийн гадна байсан бусдын эзэмшлийн 17-92 УНА улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугатаан замын хөдөлгөөнд оролцон явахдаа мөн өдрийн 19 цагийн орчимд Дарханаас Улаанбаатар чиглэлийн төв засмал замд буюу Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг Баянцогтын өвөр гэх газар замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин урсгал сөрж эсрэг урсгалд эгнээндээ зорчиж явсан 03-01 УНЛ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл, 54-79 УНР улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгсэл, 38-27 УБН улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тус тус мөргөж зам тээврийн осол гаргаснаас 03-01 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Цацрал нас барсан, 08 настай Г.Хүрэлсүхийн бие махбодид хөнгөн, 17-92 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Сэгийн бие махбодид хүндэвтэр, иргэн Э.Алын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг болон авто тээврийн хэрэгслийг авч зугатаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Ч нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн тул Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Б.Чын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын хүнсний дэлгүүрийн гадна байсан бусдын эзэмшлийн 17-92 УНА улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугатаасан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Б.Чыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгосон боловч хүний амь нас хохирсон нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд энэ зүйл ангиар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжтой байна.
17-92 УНА улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Донровын Норов мөн болох нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон бөгөөд түүнийг иргэний хариуцагчаар татсан боловч зам тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг зөвхөн шүүгдэгч Б.Ч хариуцах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Учир нь шүүгдэгч Б.Ч нь уг тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугатаах явцдаа замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Час талийгаачийг оршуулах ёслолд гарсан зардалд болон 03-01 УНЛ тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд нийт 12332306 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Сад, 35850 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Г.Хүрэлсүхийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ганцэцэгт, 228690 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Сэд олгох үндэслэлтэй байна.
Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.На, иргэний нэхэмжлэгч А.Гантөмөр, П.Ба нараас тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд нэхэмжилсэн үнийн дүнгээс тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын шууд зардлыг үнэлгээний байгууллагад төлсөн үнэлгээний хөлсийн хамт 6270000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Над, 1864000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Гантөмөрд, 2880000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Бад тус тус олгох нь зүйтэй ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь тээврийн хэрэгслийн эвдэрч гэмтсэнийг тухайн үнэлүүлсэн байгууллагаар засаж сэргээлгэсэн тохиолдолд ажлын хөлсний зардлаа буюу шууд бус зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Талийгаач А.Цацрал нь хүү Г.Хүрэлсүхийн хамт ам бүл хоёул амьдардаг байсан, сард дунджаар 1000000 /нэг сая/ төгрөгийн цалин хөлс , орлоготой ажил хөдөлмөр эрхэлдэг байсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон бөгөөд нэг хүнд оногдох хэсэг нь 500000 төгрөг болж байх ба талийгаачийн хүү Г.Хүрэлсүхэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 253510 төгрөгөөр тооцож олгож байгаа тул түүнд оногдох цалин хөлс, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгөний зөрүүнд шүүгдэгч Б.Час сар бүр 246490 төгрөгийг гаргуулж хүү Г.Хүрэлсүхэд олгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний нэхэмжлэгч Э.Ал нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ч нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ¹ 249 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 03 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан 03 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан хугацаанд буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 4215.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч Б.Чын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан тодорхой хугацаагаар хасч, хорих ялаар шийтгэх, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1. дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Чын өмчлөлийн хувийн сууцыг битүүмжилсэн шүүгчийн захирамжийг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээх, цагдан хоригдсон 228 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Харнууд овогт Батжаргалын Чыг бусдын эзэмшлийн авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугатаасан, мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаснаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний бие махбодид хүндэвтэр, хоёр хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чыг мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт заасныг баримтлан Б.Чын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 03 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чд энэ тогтоолоор оногдуулсан 03 жил 05 хоногийн хорих ял дээр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ¹ 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялын зарим болох 06 сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 03 жил 06 сар 05 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чд оногдуулсан 03 жил 06 сар 05 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
7. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 03 хоног, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 119 хоног, 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 106 хоног, нийт 228 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
8. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Час
12332306 / арван хоёр сая гурван зуун гучин хоёр мянга гурван зуун зургаан/ төгрөгийг гаргуулж * тоотод оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Чонос овогт Аръяабазарын Сад /РД:*/,
35850 / гучин таван мянга найман зуун тавин/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч * оршин суух, Жанчивын Ганцэцэгд /РД:*,
6270000 /зургаан сая хоёр зуун далан мянган/ төгрөгийг гаргуулж * тоотод оршин суух, хохирогч, иргэний нэхэмжлэгч Урианхай овогт Норовын Над /РД:*/,
1864000 /нэг сая найман зуун жаран дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж * тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Боржигон овогт Амаржаргалын Гантөмөрд /РД:*/,
2880000 /хоёр сая найман зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг * тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Боржигон овогт Пүрэвдоржийн Бад /РД: */,
228690 /хоёр зуун хорин найман мянга зургаан зуун ерэн/ төгрөгийг гаргуулж * тоотод оршин суух, хохирогч Булгадар овогт Батсуурийн Сэд /РД:*/ тус тус олгосугай.
9. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Час сар бүр 246490 төгрөгийг гаргуулж 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү ГОын Хүрэлсүхэд 16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл олгосугай.
10. Хохирогч Б.Сэ нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
11. Энэ хэргийн улмаас Б.Чын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1411000356 дугаартай хувийн сууцыг битүүмжилсэн шүүгчийн захирамжийг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.
12. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Чд өмнө авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.