Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2025/0611

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.П /РД:/

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл нарын хоорондын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаартай Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах, нэхэмжлэгч Д.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, Т.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Пгээс Төрийн албаны зөвлөлд холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаартай Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай тогтоолыг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Х******* аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01 дүгээр Ажилд шилжүүлэн томилох тухай тушаалаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 34/31 дүгээр тушаалын 2.1 2.5 дахь заалтуудыг үндэслэн Төрийн сангийн мэргэжилтэн, Д.Пгийн өөрийн хүсэлтээр Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд Дотоод аудитороор ажиллахаар өргөдөл гаргаж, тухайн байгууллагаас шилжүүлэн ажиллуулах хүсэлтээ ирүүлсэн тул 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс шилжүүлэн ажиллуулсугай. гэж шийдвэрлэсэн.

3. Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаар Д.Пг ажилд томилох тухай тушаалаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, 67.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 27.1.2 дахь заалт, 44 дүгээр зүйлийн 44.1, дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 488 дугаар тогтоол, Засгийн газрын 489 дүгээр тогтоол, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05/180 албан бичиг албаны дүрмийн 2.10 дахь заалтыг тус тус үндэслэн Тус байгууллагын дотоод аудитор Доржгочоогийн Элбэгзаяа нь Улаанбаатар хот руу шилжиж, дотоод аудиторын сул орон тоо гарсан тул Ж сумын Төрийн сангийн мэргэжилтэн Ды Пг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дотоод аудитороор шилжүүлэн ажиллуулсугай. гэж шийдвэрлэсэн.

4. Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай тухай тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.3, 66.1.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм-ийн 2.1.1, 3.1.2.в, 4.5 дахь заалтыг тус тус үндэслэн Х******* аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ажилд шилжүүлэн томилох тухай Б/01 дүгээр тушаал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалт, тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Д. Пг ажилд томилох тухай Б/01 дүгээр тушаал Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг тус тус зөрчсөнийг тогтоож,

2. Х******* аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01, тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, биелэлтийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг Х******* аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газар (Ж.А)-т, тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба (А.Д*******)-нд тус тус үүрэг болгож,

3 Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацаанд дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгоогүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлж, төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхийг урьдчилан мэдэгдэж,

4. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасны дагуу Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод аудиторын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Х******* аймаг дахь Салбар зөвлөлд хүргүүлэхийг тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба (А.Д*******)-нд даалгаж... шийдвэрлэжээ.

5. Уг тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус тус Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 04/624 дүгээр албан бичгээр ...Х******* аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг, тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг тус тус зөрчсөнийг тогтоож, уг зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгсөн

Иймд Таныг Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод аудиторын албан тушаалд төрийн жинхэнэ албан тушаалд шилжүүлэн ажиллуулах журмыг зөрчиж, төрийн албаны тусгай шалгалтгүй томилсон гэж үзнэ. Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчмын хүрээнд Та тухайн албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх эрхтэйг дурдах нь зүйтэй. Иймд гомдолд дурдсан асуудлыг Төрийн албаны зөвлөл хүлээн авч, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэх хариуг хүргүүлжээ.

6. Нэхэмжлэгчээс тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ: Би Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаад эмнэлгээс гарч 2025 оны 02 дугаар сарын 05-ны өглөө ажилдаа ирэхэд Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1/30 тоот албан бичгийг өгсөн. Уг бичигт ... ТАЗ-ийн 48 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ... 2025 оны 02 сарын 05-ны өдрөөр... миний ажилд томилогдсон тушаалыг хүчингүй болгож байгаагүйгээр мэдэгдье... шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна гэсэн байлаа.

Учир нь Монгол улсын Төрийн албаны зөвлөл нь миний хувийн хэрэгт хяналт шалгалт хийж 2025 оны 01 сарын 15-ны өдөр №48 дугаар тогтоол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 06/158 дугаар албан бичгээр Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд ирүүлснээр манай Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга А.Д******* Ажил хүлээлцэх комисс томилох тухай 2025 оны 02 сарын 06-ны өдрийн А/04 тоот тушаал гарган миний ажлыг хүлээлцүүлснээр би 2025 оны 02 сарын 17-ний өдрөөс ажлаа хүлээлгэн өгч ажилгүй боллоо.

Би Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 сарын 15-ны өдрийн Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай №48 дугаар тогтоолыг эс зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төрийн албаны зөвлөлд [email protected] мэйл хаягаар дамжуулан гомдол гарган явуулсан боловч хариу өгөөгүй тул Төрийн албаны зөвлөлийн ажлын албаныхан Х******* аймагт ажиллаж байхад нь дахин гомдол гарган 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ТАЗ-ын гишүүн Б*******д өөрөө аваачиж өгөхөд очоод хариу ирүүлнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байгаа учраас би энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Би Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 сарын 15-ны өдрийн 48 тоот тогтоолыг доорх үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

1. Тогтоолтой танилцахад намайг шилжүүлсэн болон ажилд томилсон тушаалуудыг хууль бус хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзээд байгаа юм уу? Илт хууль бус захиргааны акт гэж үзээд байгаа юм уу илт хууль бус захиргааны акт гэж үзээд байгаа юм уу гэдэг ойлгосонгүй. Тухайлбал Уг тогтоолтой танилцахад:

А. Х******* аймгийн Ж сумын ЗДТГ-ын даргын 2023 оны 01 сарын 13-ны өдрийн Ажилд шилжүүлэн томилох тухай Б/01 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан Захиргааны үйл ажиллагааны зарчмуудаас 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; зарчмыг болон тус хуулийн 47 дугаар зүйлд заасан Захиргааны акт илт хууль бус болох үндэслэл-ээс хуулийн 47.1.6 захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; гэснийг зөрчсөн гэжээ.

Төрийн албаны зөвлөл дээрх Ж сумын ЗДТГ-ын даргын намайг төрийн албанд шилжүүлсэн тушаалыг илт хууль бус захиргааны акт гэж үзсэн бололтой, тэгвэл илт хууль бус захиргааны актыг хүчингүй болгох гэсэн ойлголт хууль зүйн шинжлэх ухаанд байдаггүй. Төрийн албаны зөвлөл хуулинд байхгүй ойлголт гарган захиргааны актыг илт хууль бус байх гэх үндэслэлийг үндэслэн тус актыг хүчингүй болгохыг даалгасан үүрэг даалгавар өгч байгаа нь өөрөө хууль бус байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн томилсон тушаал гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй дээрх 2 байгууллагын удирдлагуудын харилцан тохиролцсон албан бичгүүд байдаг бөгөөд Ж сумын ЗДТГ-ын дарга тушаал гаргахдаа гаргасан алдаа болон бусад эрх бүхий албан тушаалтнуудын гаргаж буй алдаа нь миний эрхийг зөрчих, эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.

Б. Х******* аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст мэргэжилтнээр түр ажиллаж байгаад Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд сул орон тоо гарсан тул 2023 оны 01 сарын 20-ны өдрөөс эхлэн Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу Х******* аймгийн ЗДТГ-т ажиллаж байсан намайг тухайн албан тушаал дээр шилжүүлэн ажиллуулсан болно. Энэ нь Төрийн албаны хуулийн дээрх заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна.

2. ТАЗ-ийн 48 дугаар тогтоолын 1 дэх заалтаар мөн л Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 сарын 20-ны өдрийн Д.Пг ажилд томилох тухай Б/01 дүгээр тушаал нь Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг зөрчсөнийг тогтоосугай гэжээ.

Тэгвэл Төрийн албаны зөвлөлийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт дотроо 3 заалттай тэр 3 заалтаас яг аль заалтыг зөрчсөн гэж үзээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд Төрийн албаны хуулийн 27.1.2-д .... тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас гэж заасныг зөрчөөгүй өөрөөр хэлбэл би хувийн байгууллагад бус аймгийн ЗДТГ-т ажиллаж байсан, ТАЗ-аас надад хариу өгөхдөө таныг нөөцөд байгаа гэж үзнэ гэж хэлсэн тэгвэл Төрийн албаны хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс; гэсэн заалтыг зөрчөөгүй.

3. Монгол улсын төрийн албаны зөвлөл нь төрийн албан хаагчдыг шилж сонгох, сургах, мэргэшүүлэх, төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх, өөрөө хуулиа мөрдөх, мөрдүүлэх үүргээ биелүүлэхдээ төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулах, эрхийг нь зөрчих ёсгүй, гэтэл ТАЗ нь ямар шалтгаанаар намайг төрийн албанд орсон томилсон байдлыг шалгах болсон, шалгасны эцэст ямар үндэслэлээр намайг ажилгүй болгож байгаагаа, өөpөөp хэлбэл Төрийн албаны тухай 46,47,48 дугаар зүйлийн аль зүйл заалтаар намайг төрийн албанаас чөлөөлж байгаа тухайгаа тайлбарлаагүй байгааг би хувийн ашиг сонирхлын үүднээс болсон үйл явц юм уу гэдэг хандлага төрж байна.

4. Төрийн албаны зөвлөл нь хяналт шалгалт хийх үүргийнхээ дагуу Х******* аймагт 2021 онд ирж төрийн албан хаагчдын томилгоотой холбоотой хяналтыг хийж 88 албан хаагчийг хууль бус томилгоотой гэж тогтоосон тогтоол гаргаж байсан бөгөөд ингэхдээ миний хувийн хэргийг ч гэсэн үзээд магистрийнхаа дипломыг хувийн хэрэгтээ хийгээрэй гэснээс өөр зүйл хэлээгүй зөрчил байсан бол энэ үед илрүүлэх байсан.

5. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан 30 хоногийн хугацаа өнгөрсөн, уг захиргааны акт хүчин төгөлдөр үйлчлээд /хэрэгжээд/ 2-3 жил болсон байхад уг захиргааны актыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй байсан.

6. ТАЗ-ийн 48 дугаар тогтоолд Д.П намайг ажилд томилсон болон шилжүүлэн ажиллуулсан тушаалуудыг хүчингүй болгож хариу ирүүлэхийг үүрэг болгосон байгаа нь дотогш чиглэсэн буюу төрийн албан хаагч миний хөдөлмөрлөх эрхэд халдан намайг ажлаас халахыг зөвлөсөн шинжтэй байх тул миний субьектив эрхэд халдсан захиргааны акт гэж үзэж, энэхүү актын улмаас би ажилгүй болж төрийн албанаас халагдсан тул хүчингүй болгуулахыг хүсч байна.

7. Би дээрх 48 дугаар тогтоолын талаарх гомдлоо Төрийн албаны зөвлөлд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр p*******.mn хаягнаас Төрийн албаны зөвлөлийн [email protected] хаяг руу явуулсан боловч хариу өгөөгүй тул ТАЗ-ын ажлын албаныхан Х******* аймагт ажиллаж байхад нь дахин гомдол гарган 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ТАЗ-ийн гишүүн Б*******д өөрөө аваачиж өгсөн байхад шүүгчийн захирамжинд намайг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болгон.... 2 дугаар сарын 23-ны өдөр гаргасан гэж андуурагдан бичигдсэн байна.

Иймд төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 сарын 15-ны өдрийн "Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай" 48 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө ... төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх... гэж тус тус заасныг үндэслэн Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 179 дүгээр тушаалаар хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод аудиторын албан тушаалд Д.Пг томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт шалгалт хийсэн.

Хяналт, шалгалтын тайланг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулж, Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод аудиторын албан тушаалд Д.Пг томилоход Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсныг тогтоож, хуульд заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд Зөвлөлийн 2025 оны 48 дугаар тогтоолоор томилгооны зөрчил арилгах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн.

Тодруулбал, Х******* аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01, тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод аудиторын албан тушаалд Д.Пг төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж, томилох зохицуулалтыг зөрчин түүнийг төрийн жинхэнэ албан тушаалд төрийн албаны тусгай шалгалтгүйгээр томилсныг тогтоосон.

Өөрөөр хэлбэл, Х******* аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Д.Пг ажлаас чөлөөлөх тухай Б/18 дугаар тушаалаар тус сумын Төрийн сангийн мэргэжилтний албан тушаалаас Д.Пг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтын дагуу төрийн албанаас түр чөлөөлсөн байхад тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар дотоод аудиторын албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн.

Иймд Д.Пгийн Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Пгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч Д.Пгээс Төрийн албаны зөвлөлд холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...2 байгууллагын удирдлагууд харилцан тохиролцсон...Ж сумын ЗДТГ-ын даргын гаргасан алдаа нь миний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй...Х******* аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст мэргэжилтнээр түр ажиллаж байгаад Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд сул орон тоо гарсан тул 2023 оны 01 сарын 20-ны өдрөөс эхлэн Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу Х******* аймгийн ЗДТГ-т ажиллаж байсан намайг тухайн албан тушаал дээр шилжүүлэн ажиллуулсан...уг захиргааны акт хэрэгжээд 2-3 жил болсон... гэж,

Хариуцагчаас Х******* аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Д.Пг төрийн албанаас түр чөлөөлсөн байхад тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар дотоод аудиторын албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж тус тус маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар

1. Х******* аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 03 сарын 02 өдрийн дугаар Б/03 дугаар Ажилд томилох тухай тушаалаар Д.Пг ЗДТГазар, ЭМТөв, Сум хөгжүүлэх сан, Байгаль орчныг хамгаалах сан, Орон нутгийн хөгжлийн сангийн нягтлан Бодогчоор 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 3 сар хүртэлх хугацаанд түр томилж,

2. Мөн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/06 дугаар Д.Пг Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн албан тушаалд 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн томилж,

3. Мөн сумын засаг даргын 2019 оны 07 сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр Д.Пг Санхүүгийн албаны даргын ажилд түр томилох тухай захирамжаар Д.Пг Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд төсвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр томилж,

4. Мөн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 05 сарын 17 өдрийн Б/18 Д.Пг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар...Өөрийн өргөдөл, санал хүсэлтийг нь үндэслэн Д.Пг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтний үүрэгт ажлаас нь түр чөлөөлж,

5. Х******* аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 05 сарын 18-ны өдрийн Б/66 дугаар Н.А*******ыг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Д.Пг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаалаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төрийн сангийн дотоод хяналтын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжилтний албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч Н*******ын А*******ыг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Үндсэн ажилтныг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Ж сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн Ды Пг өөрийнх нь хүсэлтийг харгалзан Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төрийн сангийн дотоод хяналтын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжилтний албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар томилж,

6. Үүний дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/07 дугаар бүхий Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу танай байгууллагын Төрийн сангийн мэргэжилтэн Д.Пг Санхүүгийн хяналт дотоод аудитын албанд шилжүүлэн ажиллуулах хүсэлтэй байгаа тул саналыг үүгээр хүргүүлж байна гэх албан бичгийг Х******* аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газрын даргад хүргүүлсэн,

7. Х******* аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 01 сарын 13-ны өдрийн Б/01 дүгээр Ажилд шилжүүлэн томилох тухай тушаалаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 34/31 дүгээр тушаалын 2.1 2.5 дахь заалтуудыг үндэслэн Төрийн сангийн мэргэжилтэн, Д.Пгийн өөрийн хүсэлтээр Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд Дотоод аудитороор ажиллахаар өргөдөл гаргаж, тухайн байгууллагаас шилжүүлэн ажиллуулах хүсэлтээ ирүүлсэн тул 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс шилжүүлэн ажиллуулах-аар шийдвэрлэсэн,

8. Х******* аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 01 сарын 19-ний өдрийн Б/04 дүгээр Д.Пг албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалаар Д.Пг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төрийн сангийн Дотоод хяналтын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн,

9. Харин Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаар Д.Пг ажилд томилох тухай тушаалаар ...дотоод аудиторын сул орон тоо гарсан тул Ж сумын Төрийн сангийн мэргэжилтэн Д.Пг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дотоод аудитороор шилжүүлэн ажиллуулах-аар тус тус шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдов.

Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1/111 дугаар Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн томилсон томилгоонд хяналт шалгалт хийлгэх тухай албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хандаж ...2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн дотоод аудиторын албан тушаалд шилжин ажилласан Д.П нь төрийн албаны шилжин ажиллах шаардлага шалгуурыг хангаагүй байх үндэслэл бүхий эрх зүйн актууд байх тул томилгоог хянаж өгнө үү гэх хүсэлт хүргүүлсний дагуу Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 179 дүгээр Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар Д.Пг томилсон хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг Ажлын хэсгийн ахлагч: Б.И*******, Гишүүд: Ч.Б*******, Р.Ж, Я.Ө*******, Т.У гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулсан,

Тус ажлын хэсгийн, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 147 дугаар тайланд ...Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод аудиторын албан тушаалын сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтын дагуу төрийн албанаас түр чөлөөлөгдөн төрийн албаны нөөцөд байгаа Д Пг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн дагуу шилжүүлэн төрийн албаны тусгай шалгалтгүй томилсон байна, иймд Х******* аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01 дүгээр тушаал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6, тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаал Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27 1, 33 дугаар зүйлийн 33.3, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байх тул дээрх тушаалыг хүчингүй болгох шийдвэр гаргаж, биелэлтийг 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг...үүрэг болгох тогтоолын төсөл танилцуулсныг тус зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02/07 дүгээр хуралдаанаар хэлэлцээд тогтоолын төслийг дэмжсэн болох нь тогтоогдов.

Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар бүхий Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай тухай тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.3, 66.1.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм-ийн 2.1.1, 3.1.2.в, 4.5 дахь заалтыг тус тус үндэслэн Х******* аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ажилд шилжүүлэн томилох тухай Б/01 дүгээр тушаал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалт, тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Д. Пг ажилд томилох тухай Б/01 дүгээр тушаал Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг тус тус зөрчсөнийг тогтоож, Х******* аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01, тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, биелэлтийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг Х******* аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газар (Ж.А)-т, тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба (А.Д*******)-нд тус тус үүрэг болгож, төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацаанд дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгоогүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлж, төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхийг урьдчилан мэдэгдэж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасны дагуу Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод аудиторын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Х******* аймаг дахь Салбар зөвлөлд хүргүүлэхийг тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд даалгаж тус тус шийдвэрлэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ., 30.2-д Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна, 66 дугаар зүйлийн 66.1-т Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 66.1.3-т иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэж,

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм-ийн 2.1-д Зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна дараах эрх эдэлнэ:, 2.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгөх, 3.1-д Зөвлөл доор дурдсан чиг үүргийг хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу дараах хүрээнд хэрэгжүүлнэ:, 3.1.2-д Хяналт шалгалт, шинжилгээ, үнэлгээ хийх хүрээнд, 3.1.2.в-д төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтууд болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1/111 дугаар Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн томилсон томилгоонд хяналт шалгалт хийлгэх тухай албан бичгээр хүсэлт гаргасны дагуу Төрийн албаны зөвлөл тухайн хяналт шалгалтыг хийсэн нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар тогтоосон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн уг хяналт шалгалтаар, Х******* аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг, түүнчлэн тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг тус тус зөрчсөнийг тогтоосон, энэ нь хэрэгт авагдсан Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод аудиторын албан тушаалд Д.Пг томилсон хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хийсэн хяналт, шалгалтын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 147 дугаар тайлан болон Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02/07 дүгээр хуралдааны тэмдэглэлээр тогтоогдов.

Нэхэмжлэгчээс ...2 байгууллагын удирдлагууд харилцан тохиролцсон... гэж тайлбарласныг хариуцагч ...сургуульд сурах үндэслэлээр хүсэлтээрээ чөлөөлөгдөөд нөөцөд бүртгэгдсэн байсан ба төрийн албанд буцаж ороогүй, Ж сумын засаг даргын тамгын газартаа томилогдоогүй, бодитоор ажиллаагүй байгаа хүнийг шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь бодит нөхцөлд тохироогүй илт хууль бус захиргааны акт гэж маргасан.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө, 27.1.2-т төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, 27.1.3-т төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс гэж, 33 дугаар зүйлийн 33.3-т ...тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна, 44 дүгээр зүйлийн 44.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно., 46 дугаар зүйлийн 46.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө, 46.1.2-т зургаан сараас дээш хугацааны сургалтаар...бэлтгэгдэх болсон, 46.6-д Энэ хуулийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно гэж тус тус заасан.

Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл Х******* аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг зөрчсөн, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт-ын шинжийг агуулсан, түүнчлэн Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.1, 44.1-д заасныг мөн зөрчсөн болох нь тогтоогдсон, энэ утгаараа тухайн тушаалуудыг хүчингүй болгохыг даалгасан Төрийн албаны зөвлөлийн 48 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, Х******* аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 34/31 дүгээр тушаалын 2.1, 2.5 дахь заалтуудыг үндэслэн Төрийн сангийн мэргэжилтэн Д.Пгийн өөрийн хүсэлтээр Аймгийн санхүүгийн хяналт аудитын албанд Дотоод аудитороор ажиллахаар өргөдөл гаргаж, тухайн байгууллагаас шилжүүлэн ажиллуулах хүсэлтээ ирүүлсэн тул 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс шилжүүлэн ажиллуулах-аар, харин Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27.2.1, 44.1..-д заасныг тус тус үндэслэн мөн өдрөөс эхлэн дотоод аудитороор шилжүүлэн ажиллуулахаар тус тус шийдвэрлэжээ.

Гэтэл тухайн цаг хугацаанд Д.П нь төрийн албанаас чөлөөлөгдсөн байсан буюу төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахаар хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад Д.Пг шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь илт хууль бус, тухайн захиргааны акт нь бодит нөхцөлд биелэгдэх боломжгүй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, Д.П нь нэгэнт төрийн албанаас чөлөөлөгдсөн байхад Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/07 дугаар бүхий Ж сумын засаг даргын тамгын газарт хүргүүлсэн ...Төрийн сангийн мэргэжилтэн Д.Пг Санхүүгийн хяналт дотоод аудитын албанд шилжүүлэн ажиллуулах хүсэлтэй байгаа тул саналыг үүгээр хүргүүлж байна гэх албан бичгийг үндэслэн ...төрийн сангийн мэргэжилтэн гэж үзэж улмаар ...хүсэлтээ ирүүлсэн...тул шилжүүлэн ажиллуулсугай гэж шийдвэрлэсэн нь бүхэлдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан нөхцөл шаардлагад нийцээгүй, энэ тохиолдолд ...албан тушаалтнуудын гаргасан алдаа нь миний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй...Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу тухайн албан тушаал дээр шилжүүлэн ажиллуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Иймд хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт болох 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай тогтоол хууль зүйн үндэслэлтэй, уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул уг тогтоолыг хүчингүй болгох боломжгүй.

Дээрхи, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай тогтоол гарсны дараа Х******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5. Төрийн албаны тухай хуулийн 32 дугааp зүйлийн 32.2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл, 37 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн "Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг чиглэл өгөх тухай" 48 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн Б/01 дүгээр Д.Пг ажилд томилох тухай тушаалыг 2025 оны 02 дугаар сарын 07-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай гэж шийдвэрлэсэн байх ба уг тушаалтай холбогдуулан нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Пгээс Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаартай Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно..

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 30 дугаар зүйлийн 30.2, 66 дугаар зүйлийн 66.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Пгээс Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаартай Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН