2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/04516

 

 

 

 

     2025            05             27

                  192/ШШ2025/04516

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хурд хороолол, ********* тоотод оршин суух, Ч******* овогт Э******* Э******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, **************** тоотод оршин суух, А***** овогт Ч******* Э******* /РД:*******/-д холбогдох,

Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэрэг,

Дээрх иргэний хэрэгт нэгтгэсэн:

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 4-р баг,*********** тоотод оршин суух Ч******* Э******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, ********* тоотод оршин суух Э******* Э******* /РД:*******/-д холбогдох,

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг тус тус хянан хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.Э*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О*******,

Хариуцагч Ч.Э*******,

Хариуцагчийн өмгөөлөгч С.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Э.Э******* нь хариуцагч Ч.Э*******д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: “...Э.Э******* миний бие Ч.Э*******тай 2015 оны 10 дугаар сард танилцаад 2020 оноос эхлэн хамтран амьдрах болсон. Хамтын амьдралын хугацаанд 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдөр охин Э.А мэндэлсэн. Ч.Э******* бид хоёр 2023 оноос харилцааны хувьд таарамжгүй болж тусдаа амьдрах болсон. Тэр цаг хугацаанаас хойш охин миний асрамжид байсан. Бид хамтдаа амьдрахаа больсон цаг хугацаанаас хойш миний бие охины хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, "Хурд групп"-н "Рапид харш" хорооллын************* тоотод байрлах 32 м2 бүхий 1 өрөө орон сууцанд амьдарч байна. Тус орон сууцны өмчлөгч нь Ч.Э******* бөгөөд энэ үл хөдлөх эд хөрөнгөө охин бид хоёрт өгнө гэсэн боловч өгөхгүй гэдэг болсон. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэг "гэр бүлийн гишүүн" гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садны хүнийг" гэж тодорхойлсон. Тиймээс миний бие болон охин Э.А нь гэр бүлийн гишүүн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэг "гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө" мөн хуулийн 126.2.5 дах хэсэг "гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал" гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг "Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ" гэж заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. Хүүхдийн асрамж тогтоолгох болон дундын өмчлөлийн эд хөрөнгө болох зах зээлийн ханш нь 130,000,000 төгрөг гэж байгаа Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, "Хурд групп"-н "Рапид харш" хорооллын ********** тоотод байрлах 32 м2 бүхий 1 өрөө орон сууцыг охин Э.А бид хоёрт гаргуулж өгнө үү.

2025.05.27-ны өдөр нэхэмжлэгч Э.Э******* багасгасан нэхэмжлэлийн шаардлагаа:

Э.Э******* нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш********** тоот 32 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгээс татгалзаж, зөвхөн охин Э.Ад ногдох хэсгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч Ч.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хүүхдийн асрамж тэтгэлгийн талаар миний бие охиноо өөртөө авах хүсэл сонирхолтой тул энэ тухай шаардлагыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, ************ тоот байрны хувьд бид гэрлэлтээ бүртгүүлээгүй нэхэмжлэгчийн оролцох хувь гэх зүйл энэ байрыг худалдаж авахад огт байгаагүй тул гэр бүлийн хөрөнгө биш миний хувийн хөрөнгө юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Ч.Э******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ч.Э******* миний бие нь Э. Э*******тай 2015 онд танилцан үерхэж байгаад амьдарч эхэлсэн. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. 2020 оны хавраас эхлэн хамт амьдарч бидний дундаас 2022.05.04-ны өдөр охин Э******* овогтой А төрсөн. Хариуцагч Э.Э******* нь байнга хий хардаж, миний хувийн орон зайд хэтэрхий халдан мөрдөн мөшгөж эхэлснээс болж бидний хооронд үл ойлголцол үүсч, байнгын хэрүүл маргаантай байх болж, хамтран амьдрах боломжгүй болсон. Э.Э******* нь таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрах хугацаандаа удаа дараа гэрээ минь хөөж, орох оронгүй болгож байсан бөгөөд хамгийн сүүлд 2023 оны 6 дугаар сард намайг хөөснөөс эхлэн бид энэ цагаас хойш тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд миний зүгээс эцэг байх үүргээ ухамсарлан охиноо тэжээн тэтгэхэд нь зориулж мөнгө шилжүүлдэг байсан болно. Хан-Уул дүүргийн 15-р хороо, Рапид харш, ************ тоот 32 м.кв орон сууцыг миний бие 2021.07.02-ны өдөр 80,000,000 төгрөгөөр худалдан авсан. Ингэхдээ уг орон сууцны урьдчилгаа 31,000,000 төгрөгийг миний бие бусдаас болон ээжээсээ зээлж аван бүрдүүлсэн бөгөөд үлдэгдэл 49,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны ипотекийн зээлээр авсан юм. Хамтран зээлдэгчээр миний ээж орсон бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зөвхөн миний нэр дээр байдаг. Э.Э******* бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй дээрх орон сууцанд түүний оролцоо байхгүй, зээлийн эргэн төлөлтийг ч 100 хувь миний бие хариуцан төлдөг учраас түүнд энэ орон сууц огт хамааралгүй юм. Үүнтэй холбоотойгоор уг орон сууц нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө эсхүл дундын хөрөнгө ч биш зөвхөн миний өмчлөлийн хуваарьт хөрөнгө билээ. Иймд миний бие охин Э.Аг өөрийн асрамжид авч, эхээс нь тэтгэлэг гаргуулах, дээр дурдсан Хан-Уул дүүргийн 15-р хороо, Рапид харш, ********** тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, түүнийг албадан нүүлгэж өгнө үү.

           

2025.05.27-ны өдөр багасгасан нэхэмжлэлийн шаардлагаа:

            Ч.Э******* миний бие хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ********* тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан нүүлгэх шаардлагаас хоёрдахь шаардлага буюу Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, рапид харш, ********* тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан нүүлгэх шаардлагаас татгалзаж, бусад хэсгийг дэмжсэн хэвээр байна гэжээ.

 

            Нэхэмжлэгч Э.Э******* шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Мэндсаруул өрхийн эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Э.А төрсний гэрчилгээний хуулбар, Монгол экспресс ХХК-ийн 2024.07.01-ний өдрийн 372 дугаар албан бичиг, Э.Э*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ч.Э*******н иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

Хариуцагчаас хариу тайлбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Н.Агийн төрсний бүртгэлийн лавлагаа, 2021.08.30-ны өдрийн ЗГ/BCC210820039-1 дугаар Орон сууцны зээлийн гэрээ, 2021.08.30-ны өдрийн ЗБ/BCC210820039-1-1 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2021.07.02-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.07.05-ны Бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийг лавлагаа, автотээврийн хэрэгсэл, эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Худалдаа хөгжлийн банкны 2025.04.14-ний өдрийн №Е00001033289 дугаар тодорхойлолт, Хаан банкны 2025.04.14-ний өдрийн 5070/27272 дугаар албан бичиг, дансны хуулга,

 

Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Голомт банкны 2025.03.13-ны өдрийн 14/хх103-1105 дугаар албан бичиг, хас банкны 2025.03.12-ны өдрийн 56/2466 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.03.17-ны өдрийн 5/3714 дугаар албан бичиг, Автотээврийн үндэсний төвийн 2025.03.13-ны өдрийн 11 дугаар албан бичиг, Худалдаа хөгжлийн банкны 2025.03.13-ны өдрийн 6*3819 дугаар албан бичиг, Төрийн банкны 2025.03.20-ны өдрийн албан бичиг, Хаан банкны 2025.03.20-ны өдрийн 29/3227 дугаар албан бичиг, 2024.05.05-ны өдрийн 25/14 дугаар шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2024.12.26-ны өдрийн 01/725 дугаар албан бичиг, 2025.03.12-ны өдрийн 01/115 дугаар албан бичиг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э******* нь хариуцагч Ч.Э*******д холбогдуулан  хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш ********** тоот 32 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцнаас өөрт болон охин Э.Ад ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Э******* нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш ********* тоот 32 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлагаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш ********** тоот 32 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцнаас охин Э.Ад ногдох хэсгийг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч Ч.Э******* хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш ****** тоот 32 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцнаас Э.Э*******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг шаардлагыг анх шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Э*******  нь хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан нүүлгэх шаардлагаас татгалзаж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох сөрөг шаардлагаа дэмжиж мэтгэлцэв.

 

Э.Э*******, Ч.Э******* нар нь 2015 онд танилцаж, тэдний дундаас 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр охин Ахай Бээс овогт Э*******н Э.А төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /х.х-ийн 6 тал/

 

Зохигчид хэн хэн нь охин Э.Аг тэжээн тэтгэх эдийн засгийн хувьд аль аль нь боломжтой, хэн хэн нь хүүхдээ гэсэн чин сэтгэлтэй, хүүхдийнхээ төлөө хэн нь ч бүх зүйлээ зориулах хүсэл эрмэлзэлтэй байгаа нь шүүхийн хэлэлцүүлэгт тэдний тайлбараас дүгнэгдэж байна.

 

Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

 

2025.02.25-ны өдрийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын шинжээчийн дүгнэлтэд “...охин Э.Аг ээж Э.Э*******гийн асран хамгаалалд үлдээх...”  дүгнэлтийг шүүхэд ирүүлснийг шүүх үндэслэлтэй гэж үзлээ. Учир охин 3 настай бага насны хүүхэд байх тул эхийн халамж түүнд илүү их шаардлагатай байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг шүүх харгалзан охин Э.Аг эх Э.Э*******гийн асрамжид үлдээж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, энэ шаардлагад холбогдох сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

  Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр тус тус заасан тул эцэг нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас  эцэг  Ч.Э*******гаас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу тэтгэлэг гаргуулан охин Э.Аг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Хүүхдийн эрхийн тухай конвенцын 7 дугаар зүйлийн 1-д “…эцэг, эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ”,

9 дүгээр зүйлийн 3-т “хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг, эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ” гэж тус тус заасан.

 

Эх Э.Э******* нь хууль болон конвенцын дээрх заалтуудын дагуу охин  Э.Аг эцэг Ч.Э*******н хайр халамжийг хүртэх, түүнтэй байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг хүндэтгэх, Ч.Э*******г Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4-т заасан үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыг, хүүхдийг эцэг Ч.Э*******тай уулзуулж байхыг эх Э.Э*******д даалгаж, шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

 

Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш 27-94 тоот 32 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцнаас охин Э.Ад ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэгч Э.Э*******гийн нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч Ч.Э******* маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.-т Гэр бүлийн нэг буюу хэд хэдэн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарвал хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ авах …, 131.2-т Ногдох хэсгийг эд хөрөнгөөр өгөх боломжгүй бол үнийг нь төлнө, 130.3-т Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно гэж тус тус зааснаар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш ********* тоот 32 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг хариуцагч Ч.Э*******гийн өмчлөлд үлдээж, орон сууцны зах зээлийн үнэ болох 163,876,000 төгрөгөөс орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөр 43,753,342 төгрөгийг хасаж үлдэх 120,122,658 төгрөгийг адил тэнцүү хувааж, охин Э.Ад ногдох гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн хэмжээ 60,061,329 төгрөгийг эцэг Ч.Э*******гаас гаргуулж охины хууль ёсны асран хамгаалагч эх Э.Э*******д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т заасныг баримтлан 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин А******** овогт Э*******гийн А /РД:/-г эх Э.Э*******гийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Э.Аг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг Ч.Э*******гаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар охин Э.Аг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Ч.Э*******гийн, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Твин хаус 27 байр, 94 тоот, 1 өрөө орон сууцыг Ч.Э*******н өмчлөлд үлдээж, охин Э.Ад ногдох 60,061,329 төгрөгийг Ч.Э*******гаас гаргуулж, охин Э.Агийн хууль ёсны төлөөлөгч эх Э.Э*******д олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Э******* орон сууцнаас ногдох хэсгээс гаргуулах шаардлагаас, хариуцагч Ч.Э******* орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагаасаа тус тус  татгалзсаныг баталсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 129,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ