| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0084/Э |
| Дугаар | 100 |
| Огноо | 2018-04-05 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 100
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган улсын яллагч С.Алтай шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суваргачин овогт М.Б холбогдох эрүүгийн 1821000170041 дугаартай хэргийг 2018 оны 03 сарын 15-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 11 сарын 01-ний өдрийн Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, гаалийн газрын малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн ..................гэх газарт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: 2004 оны 03 сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 160 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Суваргачин овогтМ.Б . /РД: ЖБ/
Шүүгдэгч М.Б нь Дорнод аймгийн ................сумын төвд согтуугаар 2017 оны 12 сарын 28-ны өдөр 24 цагийн орчимд хууль сахиулагч, цагдаагийн ажилтан Д.Н албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан цохиж биед нь хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна” гэв.
Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 12 сарын 28-ны шөнө 00 цагийн орчид цагдаагийн кабонд байхад миний утас руу эмэгтэй хүн залгаад “Соёлын төвийн зүүнд талд Тулгаагийнд согтуу хүмүүс маргалдаад зодолдоод байна” гэж хэлсэн. Кабоноос гарахад харанхуйд Соёлын төвийн чигт согтуу хүмүүс бахираад байгаа дуулдсан. Хэсгийн төлөөлөгч Мөнгөнбаганы хамт машинтай очсон. Тулгаагийн гэрийн гадна хүмүүс харагдахгүй байсан ба эсгий гэр дотор согтуу хүмүүс зодолдоод байгаа гэмээр чанга, чанга бахиралдаад байхаар нь хоёулаа дотогш орсон. Гэрт 10 орчим эрэгтэй, эмэгтэй согтуу залуучууд байсан. Б, Тайван гэдэг залуутай маргалдаж тэнд байгаа хүмүүс хорьсон байдалтай байсан. Багийн дарга Эрдэнэбаяр “Бид нар аймаг явлаа, ах нь эднийг зодолдуулахгүй зохицуулна” гэж хэлсэн. Тэгээд Мөнгөнбагана, Эрдэнэбаяр, Төгсмандах нар гэрээс гарсан. Тэр үед Б, Тайвантай маргаж байснаа тэр уураа шууд над руу гаргаж “ Чи намайг дандаа баяраар ингэдэг, хувцсаа тайлаад надтай үзвэл чи хэн ч биш шүү. Хөдөөний малчинг чи яаж ч чадахгүй шүү дээ” гээд агсрахаар нь Отгонбаяр аваад гадагш гарсан. Тэр үед гадаа харанхуй байсан ба хаалгаар гарахад Б шууд нүүр рүү гараараа нэг удаа цохиод, дахиж цохих гэхээр нь тэвэрч газарт дараад гарах гэтэл хажуунаас араас хэнийг нь мэдэхгүй хүн татаж чангаагаад байсан. Б гадаа зууралдаж байхад мөн чамайг ална, чи намайг олон жил баярлуулаагүй гээд агсраад байсан. Би 102 руу залгаж “нэмэлт цагдаа явуулаач” гэж хэлсэн. Тэгээд Мөнгөнбаганы хамт Б машинд суулгаж аймгийн төв рүү явж байхад машин дотор агсраад янз бүрийн үгээр хэлж дайрч доромжлоод байсан. Энхтөгөлдөр, Отгонбаатар нар машинтай ирэхээр нь тэдний машинд Б суулгахад “Чамайг харна, чаддаг юм бол насаар нь шоронд суулгаарай” чи намайг яаж ч чадахгүй” гэж доромжлоод байсан. ...Энхтөгөлдөр, Отгонбаатар нар түүнийг авч яваад эрүүлжүүлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
Гэрч С.Эрдэнэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад сумын Соёлын төвөөс Б , түүний эхнэр Болортуяа, дүү Отгонбаяр, Төгсмандах, Тайван, түүний эхнэр Сарантуяа, Энхбаатар түүний эхнэр Дэлгэрцэцэг, Гантулга нарын хамт Гантулгын гэрт очсон. Тэр орой шинэ жилийн арга хэмжээ болоод бүгдээрээ гэр бүлээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай явсан. Тайван Б согтуу машин барьж журамлууллаа гэж хэлснээс маргаан үүссэн. Тэр хоёр бие биеэ заамдаж гэр дотор маргасан юм. Би болон хамт байсан хүмүүс тэднийг хорьж болиулсан. Тэр үед гаднаас цагдаа Н төлөөлөгч Мөнгөнбагана 2 орж ирсэн. Тэр хоёр “Юу болоод байгаа юм дуудлагаар ирж байна” гэхэд Төгсмандах, Энхбаатар бид гурав цагдаа нарт хандаж бид нар гэр бүлээрээ баяр тэмдэглээд явж байна. Уур амьсгал эвдээд яах вэ, бид нар энэ хоёрыг амраачихна гэж хэлсэн. Би Төгсмандах, Мөнгөнбагана нартай гэрээс гарч гадаа бас тэр талаар дахиж яриад зогсож байхад гэр дотроос Н, Б хоёр маргалдаад гарч ирсэн. Н, авч явна гээд байсан. Б Бид нар гэрээс баруун урагш хашааны буланд байсан ба Мөнгөнбагана “Юу болоод байна” гээд Н, Н нар руу очих гэхээр нь би наад хэд чинь учраа олно биз дээ гээд явуулаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
Гэрч С.Мөнгөнбагана мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ....Эсгий гэр дотор, эрэгтэй, эмэгтэй нийлсэн 10 орчим согтуу залуучууд байсан. Б, Энхтайван гэх 2 залуу нэлээн согтуу хоорондоо маргалдсан, хамт байсан хүмүүс тэднийг хорьсон байдалтай байсан. Багийн дарга Эрдэнэбаяр гэх залуу “ Бид нар аймаг явлаа. Ах нь эднийг зодолдуулахгүй, зохицуулъя гэхээр нь тэр хүмүүст соёлтой амрах талаар хэлж анхааруулчихаад гэрээс гарсан. Гэрт Нямбаяр ганцаараа үлдсэн байсан ба удалгүй араас Нямбаяр гарч ирээд гэрийн гадна Б гэх залуутай зууралдсан байдалтай байсан ба тэд нар руу ойртоход багийн дарга Эрдэнэбаяр, Төгсмандах өөр нэг залуутай гурвуулаа намайг тэндээс татаж холдуулаад хашааны дотор баруун буланд аваачин Эрдэнэбаяр “Би багийнхаа иргэдийн учрыг нь олно. Санаа зоволтгүй” гээд байсан. .... Б гэх залууг машинд суулгаад авч явж байхад Н хандаж “ Чи шинэ жилийн баяр болгоноор намайг ингэж дарамталдаг шантаачилдаг, харна аа чамайг, хувцсаа тайлчих, зодолдъё” гэх зэргээр агсан тавьж, дайрч доромжлоод байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20/
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 2 сарын 02-ны өдрийн 130 тоотод: “Д.Н биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 38/
- -Шүүгдэгч М.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч М.Б нь согтуугаар 2017 оны 12 сарын 28-ны өдөр 24 цагийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын төвд хууль сахиулагч, цагдаагийн ажилтан Д.Н албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан цохиж биед нь хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч М.Б мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Гэрээс гараад Н намайг аймаг руу авч явж эрүүлжүүлнэ гэхээр нь би чи намайг яагаад онцлоод байгаа юм бэ? найз нөхөдтэйгээ баярламаар байна гээд уур хүрээд Н нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/ түүнийг давхар нотолсон хохирогч Д.Н өгсөн: “... Тэр үед гадаа харанхуй байсан ба хаалгаар гарахад Б шууд нүүр рүү гараараа нэг удаа цохиод, дахиж цохих гэхээр нь тэвэрч газарт дараад гарах гэтэл хажуунаас араас хэнийг нь мэдэхгүй хүн татаж чангаагаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/, гэрч С.Эрдэнэбаяр, С.Мөнгөнбагана нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаа Д.Н хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, санаатайгаар түүний нүүр рүү гараараа нэг удаа цохисон үйлдэл нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч М.Б холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгч М.Б үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М.Б / / регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Суваргачин овогт М.Б хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Б тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн түүний ЖБ регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг түүнд буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР