Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/11

 

М.А-ад холбогдох эрүүгийн хэргийн тухай 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолтой,  

 

шүүгдэгч  М.А-ад  холбогдох эрүүгийн 2313003480026 дугаартай, 1 хавтастай хэргийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С-ы давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл,  шүүгдэгч М.А-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс  Казах, **** оны **дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл ** хүнтэй, ээж, ***** оршин суух хаягтай, урьд нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 553 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Т ургийн овгийн М.А- /РД: **********/.

 

2. Шүүгдэгч М.А- нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний шилжих шөнийн 23 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Думан” баарны гадна насанд хүрээгүй хохирогч С.Са-ы нүдэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах  гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаар яллах дүгнэлтээр М.А-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.  

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн  2024/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолоор:   

1. Шүүгдэгч Т  овогт М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар  шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгийн торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч М.А-д сануулж,

5. Шүүгдэгч М.А- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

6. 2413000000014 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч насанд хүрээгүй хохирогч С.Са-д хор уршигт 100000 төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэжээ.

 

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. М.А-ад холбогдох эрүүгийн хэргийн насанд хүрээгүй хохирогч С-ы Са-ы хууль ёсны төлөөлөгч А.С- би Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад, эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.2. Миний насанд хүрээгүй хүү С.Са-ыг 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр М.А- гэгч нь түүнийг шалтгаангүй зодож түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан. Шүүх шинжилгээний дүгнэлтээр С.Са-д хамрын таславчийн мурийлт, хугаралт, уруулын зулгаралт зэрэг гэмтлүүд гарсан. М.А- нь надтай гудамжинд уулзаж КТГ-ийн шинжилгээний үнэ 100,000 төгрөг бэлнээр өгсөн ба харин хүү Са-ы хамрын мурийлтын гэмтлийг засуулж өгөх болно гэж хэлсэн боловч дахин уулзсан ч үгүй, утсаар ч яриагүй чимээгүй алга болсон.

4.3. М.А- нь надаас гомдолгүй гэсэн бичиг хийж өгөх үү гэхэд би түүнд “...миний хүүхдийн хамрыг янзлуулж хэвийн байдалд оруулж өгсөн тохиолдолд гомдолгүй гэж бичиг өгнө, тэрнээс биш одоо гомдолтой байна" гэж хэлсэн. Байдал ийм байхад прокурорын зүгээс түүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналыг шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн явдалд гомдолтой байна.

4.4. Шүүх хурлын товыг мэдэгдэхэд би танилцсан ба харин тэр шүүх хурал болдог өдөр би хөдөө нүүрсний тээвэрт яваад замдаа машин эвдэрсэн тул шүүх хуралд оролцож чадаагүй юм. Иймд М.А-ад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж дахин шалгуулах, эсхүл анхан шатны шүүхэд ердийн журмаар хэлэлцүүлэх буцаан шийдвэрлэж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийсний эцэст оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг ойлгоно.

            6. Гэтэл яллагдагч М.А-ын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт гаргасан “... М.А- миний бие хохирогч С.Са-ыг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болохыг сайн дураараа зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулсан. Иймд миний үйлдсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг прокурорын мөн өдрийн 14 дүгээр тогтоолоор хангаж шийдвэрлэхдээ яллагдагч нь насанд хүрээгүй хохирогч С.Са-д учирсан хохирол, хор уршгийг бүрэн, бодитой нөхөн төлсөн эсэхийг нягтлахгүйгээр “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар төлсөн” гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн, энэ байдлыг анхан шатны шүүх хянаж үзэхгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргасан нь мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5, 4.6 дахь заалтын шаардлагыг хангаагүй байна.

 

            7. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч С.Са-ы биед “хамрын таславчийн шинэ мурийлт, хугаралтай, хамрын нурууны бага зэрэг хаван хавдар, уруулын зулгаралттай” буюу хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл тогтоогдсон, уг хохирол, хор уршгийг яллагдагч бодит байдалд бүрэн арилгаагүй, гагцхүү насанд хүрээгүй хохирогчийн “надад одоогоор учирсан хохирол 100.000 төгрөгийг төлүүлэх болно” /хэргийн 24 дэх талын арын нүүр/, “М.А- нь надад учирсан хохирол болох 100.000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр компьютер томографын зураг авхуулахаар цаг авсан. Тэр үед А- нь өөрөө хамт очоод эмнэлэгт үзүүлж өгөхөөр болсон. Тиймээс өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хэргийн 27 дахь тал/ гэсэн мэдүүлгээр, мөн яллагдагч М.А- прокурорт гаргасан хүсэлтдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлээгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж “шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй” гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтын шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

            8. Шүүгдэгч М.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлээгүй буюу хохирол, хор уршигт хандаж буй байдал зэргээс дүгнэвэл, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хохирол, хор уршгийг нөхөн төлөхтэй холбоотой хууль зүйн үр дагаврыг ойлгосон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.6 дахь заалтын шаардлага хангагдсан гэж үзэхэд учир дутагдалтай ба энэ талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

9. Түүнчлэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/40 дугаартай, М.А-ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтад “М.А-” оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх, мөн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд үүсэх хууль зүйн үр дагаврын талаар сануулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шаардлагыг зөрчсөн байна. 

 

            10. Иймд дээр дурдсан үндэслэлээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг хангаагүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, насанд хүрээгүй хохирогч С.Са-ы хууль ёсны төлөөлөгч С.С-ы давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, насанд хүрээгүй хохирогч С.Са-ы хууль ёсны төлөөлөгч С.С-ы давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Шүүгдэгч М.А-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК