Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 212/МА2021/00041

 

М.Н-ы хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

                Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2021/00291 дугаар шийдвэртэй, Дэлүүн сумын 3 дугаар багт оршин суух  Молхы хошах овогт Монголханы Н-ы хүсэлттэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны  4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлтийн шаардлага: Х-н С-тай гэрлэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие Дэлүүн сумын 3 дугаар багт эхнэр Х.Жайнагүл болон 4 хүүхдийн хамт амьдардаг. Би 1991 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр миний төрөл садны хүмүүс болон бусад нэр бүхий хүмүүсийн шахалтаар Дэлүүн сумын иргэн Х-н С гэгчтэй хүчээр шахуу гэр бүл болсон бөгөөд миний хувьд тухайн үед Х.С-тай гэр бүл болох зорилгогүй байсан. Гэтэл тухайн үед хүмүүсийн шахалтаар Х.С-тай гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд бид хоёр нэг хоног хамт амьдраагүй. Улмаар Х.С нь надтай хамт амьдраагүй болохоор өөр тийшээ явсан бөгөөд үүнээс хойш огт холбоо бариагүй. Би дараа нь 1992 онд одоогийн эхнэр Х.Жайнагүлтэй гэр бүл болж, бид хоёр 4 хүүхэдтэй болсон бөгөөд,эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байна. Одоо миний хүүхдүүдийн бичиг баримт болон бусад баримтуудад эцэг, эхийн гэрлэлтийн байдал шаардлагатай болсон тул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад тэрээр миний Х.С-тай гэр бүл болсон гэрлэлт гарч ирсэн тул шүүхэд хандаж, өмнөх гэрлэлтээ хүчин төгөлдөр бусад тооцуулахыг зөвлөсөн.Тухайн үед гэрлэлтээ бүртгүүлсэн гэх Х.С нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаар зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан бөгөөд одоо Казахстан улсын хаа нэг газарт амьдарч байгаа ба ямар ч холбоо барих боломжгүй байна. Иймд би нэгэнт Х.С-тай гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн тул дээрх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргаж байна. Миний шүүхэд бүрдүүлж өгсөн материалыг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10-т заасныг үндэслэн М.Н миний Х.С-тай бүртгүүлсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгөхийг хүсье.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2021/00291 дүгээр шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Молхы хошах овогт Монголханы Ны Х-н С-тай гэр бүл болсон гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Би 1991 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр миний төрөл садны хүмүүс болон бусад нэр бүхий хүмүүсийн шахалтаар Дэлүүн сумын иргэн Х-н С гэгчтэй хүчээр шахуу гэр бүл болсон бөгөөд миний хувьд тухайн үед Х.С-тай гэр бүл болох зорилгогүй байсан. Гэтэл тухайн үед хүмүүсийн шахалтаар X.С-тай гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд бид хоёр нэг ч хоног хамт амьдраагүй. Улмаар Х.С нь надтай хамт амьдраагүй болохоор өөр тийшээ явсан бөгөөд үүнээс хойш огт холбоо бариагүй. Би дараа нь 1992 онд одоогийн эхнэр Х.Жайнагүлтэй гэр бүл болж, бид хоёр 4 хүүхэдтэй болсон бөгөөд одоо эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байна. Одоо миний хүүхдүүдийн бичиг баримт болон бусад баримтуудад эцэг, эхийн гэрлэлтийн байдал шаардлагатай болсон тул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад тэрээр миний Х.С-тай гэр бүл болсон гэрлэлт гарч ирсэн тул надад шүүхэд хандаж, өмнөх гэрлэлтээ хүчин төгөлдөр бусад тооцуулахыг зөвлөсөн.Тухайн үед надтай гэр бүл болсон гэх Х.С нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаар зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан бөгөөд одоо Монгол Улсад байхгүй, Казакстан улсын хаа нэгтээ амьдарч байгаа ба ямар ч холбоо барих боломжгүй, Баян-Өлгий аймагт ямар нэгэн хамаатан, садангүй хүн юм. Би нэгэнт Х.С-тай гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн тул дээрх гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд хандсан болно

Гэтэл анхан шатны шүүхээс миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд би Х.С-аас салж явснаас хойш өдгөө 30 жилийн хугацаа өнгөрч байгаа ба энэ хугацаанд огт холбоо бариагүй. Х.С нь 2007 онд Монгол Улсын хилээс гарч явснаас хойш эргэж ирээгүй, цаашид ч ирэх эсэх нь тодорхой бус болно. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний X С-тай гэр бүл болсон гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

Хүсэлт гаргагч  М.Н нь Х-н С-тай гэрлэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хүсэлт гаргаж үндэслэлээ Би 1991 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр миний төрөл садны хүмүүс болон бусад нэр бүхий хүмүүсийн шахалтаар Дэлүүн сумын иргэн Х-н С гэгчтэй хүчээр шахуу гэр бүл болсон бөгөөд миний хувьд тухайн үед Х.С-тай гэр бүл болох зорилгогүй байсан. Гэтэл тухайн үед хүмүүсийн шахалтаар Х.С-тай гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд бид хоёр нэг хоног хамт амьдраагүй. Улмаар Х.С нь надтай хамт амьдраагүй болохоор өөр тийшээ явсан бөгөөд үүнээс хойш огт холбоо бариагүй. Би дараа нь 1992 онд одоогийн эхнэр Ү.Жайнагүлтэй гэр бүл болж, бид хоёр 4 хүүхэдтэй болсон бөгөөд, эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байна. Х.С нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаар зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан бөгөөд одоо Казахстан улсын хаа нэг газарт амьдарч байгаа ба ямар ч холбоо барих боломжгүй байна” гэж тайлбарлажээ. Анхан шатны шүүх хуульд зааснаар нотлох баримтыг бүрдүүлэх бүхий л ажиллагааг гүйцэтгэсний эцэст, хэрэгт цугларсан баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлттэй харьцуулан дүгнээд, хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад хүсэлт гаргагч М.Н нь Х-н С РД: /БЖ68111761/ нар 1991 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр гэр бүл болсон нь гэрлэснийг бүртгэх анкет /0075 дугаартай/, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн -39/000020 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар,  Х-н С Монгол Улсын хийлийн боомтуудаар 2007 оноос хойш улсын хил нэвтэрсэн бүртгэл авагдаагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 2-5а/759 дугаар албан бичиг, Х.С нь Монгол Улсын харьяатаас 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гарсан болох нь Гадаадын иргэн, харьяатын газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолт тус тус тогтоогджээ.

 

Хүсэлт гаргагч М.Н нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 3 дугаар багт  Ү.Жайнагүл болон 4 хүүхдийн хамт амьдардаг болох нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн -39/000025, -39/000022, -39/000023, -39/000024 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, ХААТР-21 (A) маягт, ХААТР-1 (A) маягт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч Ү.Жайнагүлтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д “Энэ хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.” гэж зааснаас үзэхэд М.Ны хүсэлтийн шаардлага болох төрөл садны хүмүүс болон бусад нэр бүхий хүмүүсийн шахалтаар Дэлүүн сумын иргэн Х-н С гэгчтэй хүчээр шахуу гэр бүл болсон бөгөөд миний хувьд тухайн үед Х.С-тай гэр бүл болох зорилгогүй байсан хүсэлтийн үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна. Иймд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул хэвээр батлах нь зүйтэй.

 

Хүсэлт гаргагч М.Ны “1991 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр миний төрөл садны хүмүүс болон бусад нэр бүхий хүмүүсийн шахалтаар Дэлүүн сумын иргэн Х-н С гэгчтэй хүчээр шахуу гэр бүл болсон бөгөөд миний хувьд тухайн үед Х.С-тай гэр бүл болох зорилгогүй байсан. Гэтэл тухайн үед хүмүүсийн шахалтаар Х.С-тай гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд бид хоёр нэг хоног хамт амьдраагүй. Улмаар Х.С нь надтай хамт амьдраагүй болохоор өөр тийшээ явсан бөгөөд үүнээс хойш огт холбоо бариагүй. Х.С-тай салж явснаас хойш 30 жилийн хугацаа өнгөрч байгаа огт холбоо бариагүй гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн үндэслэл нь нотлох баримтаар нотлогдоогүй болно. Иймд хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх хуулийг үндэслэлтэй, зөв тайлбарлан дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөг төрийн сангийн дансанд хэвээр үлдэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2021/00291 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч М.Н-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч М.Н-ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                       

                                                                                              Д.КӨБЕШ