2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/04758

 

 

 

 

 

 

 

 

    2025             06                03                                           192/ШШ2025/04758                         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,    

 

Нэхэмжлэгч: Хан-уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамж, ********* байрлах, Н******* и******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш хотхон, *********** тоот хаягт оршин суух, М******* овогт Н******* У******* /РД:*******/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 56,535,254.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгч Н******* и******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд болон шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна.       

Үүнд: “...Н.У******* нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Nissan juke-YF15 /2014-2022/ маркийн, JN1AF58ET050529 арлын дугаартай, ********* улсын дугаартай улаан өнгийн тээврийн хэрэгсэл, МERCEDES BENZ S350 /2006-2022/ маркийн, WDDNG56X26A048157 арлын дугаартай, *********** улсын дугаартай 2 машиныг барьцаалан 30,000,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, сарын 3,30 хувийн хүүтэйгээр, 8322000745 тоот зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулан зээлж авсан байна. Зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй 1613 хоногийн хугацаа хэтэрсэн, 832200745 тоот зээлийн гэрээний 6.2.1 дэх хэсэгт заасан, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэг талын санаачилгаар гэрээг цуцалж байна. 832200745 тоот зээлийн гэрээний фидуцийн гэрээнээс татгалзаж үндсэн зээл 30,000,000 төгрөг, үндсэн хүү 21,648,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,887,254.11 төгрөг, нийт 56,535,254.11 төгрөгийг гаргуулах, дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

            Хариуцагч Н.У******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Н.У******* миний бие 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Н к ББСБ ХХК-тай 832200745 тоот зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 30,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 1 сарын 3,3 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Зээлийн барьцаанд:

            -NISSAN JUKE-YF15 /******** улсын дугаартай, JN1AF58ET050529 арлын дугаартай, улаан өнгийн, суудлын зориулалттай, 2014 онд үйлдвэрлэгдэж 2022 онд Монгол Улсад импортлогдсон, барьцаанд тавигдах үед импортлогдоод 1 жил болоогүй байсан/

            -MERCEDES BENZ S350 /********** улсын дугаартай, WDDNG56X26A048157 арлын дугаартай , цагаан саарал өнгийн, суудлын зориулалтай, 2006 онд үйлдвэрлэгдэж 2022 онд Монгол Улсад импортлогдсон, барьцаанд тавигдах үед импортлогдоод 1 жил болоогүй байсан/

            Зээлийн гэрээ байгуулахтай хамт 832200745 тоот барьцааны гэрээ, 832200745 тоот баталгаат ипотекийн гэрээ, 832200745 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, 832200745 тоот батлан даалтын гэрээ хийсэн байдаг. Зээлийн гэрээний 3.1.9-д зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй буюу гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан тохиолдолд зээлдүүлэгч энэ гэрээний салшгүй хэсэг болох барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээгээр барьцаалагдсан эд зүйлээр хуульд заасан журмаар гэрээний үүргийг бүрэн гүйцэтгүүлэх, барьцааны хөрөнгө зээлийн төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй бол зээлдэгч, хамтран зээлдэгчийн эд хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах авах гэж зохицуулжээ. 2023 оны 5 дугаар сарын байдлаар гэрээний 2.2.5, 3.1.9, 4.2.18 дугаар зүйлд заасны дагуу зээлдүүлэгч нь барьцааны эд зүйл болох 2 авто машинаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн боломжтой байсан ба тухайн үеийн барьцааны машинуудын зах зээлийн үнэлгээ нь зээлийн гэрээний үнийн дүнгээс илүү байсан байдаг. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний 2.1.7-д заасан хугацаа дууссанаас хойш 1 жил 7 сарын дараа буюу 19 сарын дараа нэхэмжлэл гарган их хэмжээний мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд, барьцаанд тавигдсан автомашинд ноцтой гэмтэл учруулан, улмаар хохирлыг арилгах үүргээсээ зайлсхийсэн нь шударга ёсонд нийцэхгүй, зээлдэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Барьцаанд тавигдсан 2 автомашин нь 2023 оны 2 дугаар сард Н.У******* миний нэрээс Н к ББСБ ХХК-ийн нэр рүү шилжсэн байдаг ба энэ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний дагуу барьцааны эд зүйлээр хангуулсан гэж үзэж байна. Барьцаанд тавьж зээлдүүлэгчийн эзэмшилд шилжүүлж өгсөн автомашин болох MERCEDES BENZ S350 зээлдүүлэгчийн зогсоолд байх хугацаанд зээлдүүлэгч гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас уг автомашин осолд өртөж их хэмжээний гэмтэл учирсан ба засварын зардлыг Н.У******* миний бие өөрөөсөө 4,710,000 төгрөг гаргаж засварлуулан зээлдүүлэгч талын эзэмшил, өмчлөлд дахин шилжүүлэн өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ зээлийн гэрээний хугацаа 1613 хоногийн хэтрэлттэй гэж үзэн 56,535,254.11 төгрөгийн үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги зэргийг нэхэмжилжээ. 1613 хоног нь сараар тооцвол 76 сар, жилээр тооцвол 4 жил 5 сарын хугацаа болж байна. Гэрээний хугацаа дууссан 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 19 сар буюу 1 жил 7 сарын хугацаа болж байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлгүй байгаа ба үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зээлдэгчийн хууль ёсны эрх ашгийг дордуулсан, нэхэмжлэл гаргах хугацааг хойшлуулж барьцааны эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг алдагдуулсан байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийг хуульд нийцүүлэн, зээлдэгчийн хууль ёсны эрх ашгийг хангаж, бенз автомашинд учирсан хохирлыг арилгаж засварласан үнийн дүнг зээлээс хасаж тооцуулан, барьцааны эд зүйлсийг тухайн үеийн байдлаар бодитой үнэлэн, хуулийн дагуу шийдвэрлэж зээлдэгчийн хөндөгдөж буй эрх ашгийг хамгаалж өгнө үү. Мөн фидуцийн гэрээний зүйлийг нэхэмжлэгч бодитоор өөртөө авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2023.02.08-ны өдрийн 832200745 дугаар Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл хүсэгчийн анк, зээлийн шийдвэр, зээлийн тооцоолол, 2023.02.08-ны өдрийн 832200745 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ,

 

Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, харилцах дансны хуулгууд, фото зургууд,

 

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвөөс N.JUKE 6334УАХ,  M.BENZ ********** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөний лавлагаа зэрэг баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Н******* и******* ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 56,535,254.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.У*******д холбогдуулан гаргасан.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зээлдүүлэгч буюу Н******* и******* ХХК нь Зээлдэгч буюу Н.У******* нар 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр №832200745 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг, сарын 3,30 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар Н.У******* зээлдүүлэгчээс зээлэхээр харилцан тохиролцож, гэрээний зүйл 30,000,000 төгрөгийг зээлдэгч Н.У******* бодитоор авсан, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагджээ. /х.х 5-7 тал/ 

 

№832200745 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Н.Уянгын ************ улсын дугаартай NISSAN JUKE-YF15 маркийн автомашиныг 17,000,000 төгрөгөөр, 7221 УАВ улсын дугаартай MERCEDES BENZ.S350  маркийн автомашиныг 13,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах №832200745 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулж, тээврийн хэрэгслүүдийн өмчлөх эрхийг Н******* и******* ХХК-нд шилжүүлсэн талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан хүчин төгөлдөр фидуцийн гэрээ авагдсан байна. /х.х-ийн 78-79 тал/

 

Дээрх зээлийн гэрээний зээлдэгч мөнгө төлөх буюу гэрээний үүргээ биелүүлэх хугацаа нь 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөр дууссан байх бөгөөд энэ хугацаанд зээлдэгч үүргээ биелүүлээгүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгч Н******* и******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр өгсөн дээрх автомашиныг нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өмчлөх эрхийг шилжүүлж, өөрийн зогсоолдоо тээврийн хэрэгслийг зогсоож, тус өдрөөр буюу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор тээврийн хэрэгслүүдийг  өөрийн өмчлөлдөө гаргуулан авч, тээврийн хэрэгслийг зээлдэгчийн эзэмшилд буцаан шилжүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч тал фидуцийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч компанийн зогсоол дээр байгаа, хариуцагч тээврийн хэрэгслийг авахгүй байгаа гэж маргаж байх тул шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар гэрээг тайлбарлаж, талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/ хийгдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч тал автомашиныг худалдан борлуулж зээлийн үүрэг хангагдахгүй, үүрэг бүрэн биелэгдэхгүй гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгч тал өөрийн өмчлөлд шилжүүлсэн эд зүйлийг хэрхэн захиран зарцуулснаар нэхэмжлэгч талын гэрээний үүрэг хангагдах нөхцөлтэй үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар фидуцийн гэрээг сонгож, байгуулсан фидуцийн гэрээ хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н******* и******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ