| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/06121/И |
| Дугаар | 192/ШШ2025/02401 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/02401
2025 03 27 192/ШШ2025/02401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*******,*******,*******лол,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох,
Хариуцагч: *******,,,,,
4,701,449.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч , нарт холбогдуулан 4,701,449.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Нэхэмжлэгч нь "Жи эм эс юу" ХХК-ийн гүйцэтгэх захирал юм. Тус компанийг анх , нар үүсгэн байгуулсан ба 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр болон нар компанийн хувьцааг 50 хувь, 50 хувиар эзэмшин хамтран ажиллаж эхэлсэн байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сараас эхлэн ОХУ-ын Москва хотод аспирантурт суралцахаар явсан тул энэ үеэс эхлэн компанийг удирдан үйл ажиллагаа явуулж байсан. Мөн компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нь "…компаниараа тендерт орох материал бэлдэхэд чи байхгүй, бичиг цаасны ажил нь хэцүү байна. Компаниа тур надруу шилжүүлээч" гэж гуйсны үндсэн дээр 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр компанийн гүйцэтгэх захирлаар томилсон. Өөрөөр хэлбэл 2016 оны 9 дүгээр сараас эхлэн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд компанийг нь ганцаар удирдан, үйл ажиллагааг нь явуулж байсан. Дээрх хугацаанд хариуцагч нь компанийг ашиглан ашиг, орлого олж байсан атлаа Монгол Улсын хууль тогтоомжид заасан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхгүй компанийг хохироосноор өнөөдөр “Жи эм эс юу" ХХК-д 4,701,449.83 төгрөгийн татварын өр төлбөр үүсээд байна.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...миний бие 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр М хамтран Жи эм эс юу ХХК-ийг анх үүсгэн байгуулж, уул уурхайн зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд нэхэмжлэгч Х хамтран ажиллах санал тавьснаар 2016 оноос эхэлж хамтран ажиллах болсон юм. Нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сараас ОХУ-ын Москва хотод аспирантурт явсан бөгөөд энэ хугацаанд компани үйл ажиллагаа зохион байгуулж ажиллаж байсан нь үнэн болно. Миний зүгээс “...компаниараа тендерт орох материал бэлдэхэд чи байхгүй, бичиг цаасны ажил нь хэцүү байна. Компаниа түр над руу шилжүүлээч” гэж гуйсан гэж нэхэмжлэгч үндэслэлгүй дурдсан байна. Нэхэмжлэгч ОХУ-ын аспирантурт байгаад ирж хамтран ажиллах хугацаандаа надтай удаа дараа үл ялих зүйлээр шалтгаалан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж уг асуудал 3 шатны шүүхээр нэхэмжлэл үндэслэлгүй тул шүүхийн шийдвэр, магадлалууд гарсан байгаа. Нэгэнт цаашид бид хамтран ажиллах боломжгүй, бие биедээ итгэх итгэл алдарч өөрийн үүсгэн байгуулсан Жи эм эс юу ХХК-ийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн оффис дээр нэхэмжлэгч Х дуудаж бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн бөгөөд 100 хувь ажил хийж гүйцэтгэсэн 2 компани түүнээс авах авлага ажлын гэрээ, бусад компанитай холбоотой эд зүйлс тэр ч бүү хэл надад тухайн үед надад бэлэглэж байсан эд зүйлийг хүлээлгэж өгсөн болно. Х дунд хугацааны болон үлдэгдэл авлага 10,000,000 төгрөг ХХХ ХХК-аас ажил хийж гүйцэтгэсэн гэрээний үлдэгдэл 55,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөгийн авлага бүхий компанийг бэлэглэж ажлын гэрээ холбогдох материалуудыг өгсөн. Тус компанийг шилжүүлсэн үеэс одоог хүртэл татварын болон бусад байгууллагаас ямар нэгэн өр, төлбөр авлагын талаар асуудал үүсч энэ талаар яриа гарч байгаагүй тул хэвийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгосоор ирсэн болно. Тухайн үед компани шилжүүлэх үед нэхэмжлэгч татварын тодорхой хэмжээний өр үүссэн байх 2-аас 3 орчин сая төгрөг орчим түүнийг авлагаасаа төлж барагдуулахаар харилцан тохирсон болно. Иймд нэхэмжилж буй татварын өр болох нийт 4,701,449 төгрөг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй байгаа боловч цаашдын бизнесийн нэр хүнд, найз нөхөд байсан нөхөрлөл, эр хүнийхээ жудаг ёс заншлаа бодоод шүүхээс тогтоосон төлж барагдуулах үндэслэлтэй үзсэн төлбөрийг хүн ёсны хувьд төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй байна. Энэ нь зөвхөн хүн ёсны илэрхийлэл болно. Шүүхээс үнэн бодит байдлыг нягтлан хянаж зөвөөр шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие тус -ийн гүйцэтгэх захирлаар 2019 оны 07-р сарын 03-ны өдрөөс 2019 оны 12-р сарын 19-ныг хүртэл хугацаанд томилогдсон боловч ямар нэгэн үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй болно. Ямар нэгэн дансны эрх, тамга тэмдэг, бичиг цаас, өрөө тасалгаа тавилга эд зүйл ашиглаж байгаагүй болно. Би энэ компанийн үйл ажиллагааны талаар ямар нэгэн мэдээлэл оролцоо байхгүй” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.04.17-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Монголын татварын албаны тодорхойлолт, Монголын татварын албаны нэхэмжлэх зэргийг ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Х, Б нарт холбогдуулан, 4,701,449.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. 2010.07.28-нд ХХК-ийн үүсгэн байгуулагч, 50, 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Х, Б нар бүртгэгдсэн байна. (хавтаст хэргийн 6 дахь тал)
3.2. 2012.05.17-нд ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Х бүртгэгдсэн байна. (хавтаст хэргийн 6 дахь тал)
3.3. 2016.02.23-нд ХХК-ийн үүсгэн байгуулагч, 50, 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Д. нар бүртгэгдэж, 2018.09.21-ээс 2019.06.11-ийг хүртэл хугацаанд гүйцэтгэх удирдлагыг Б. хэрэгжүүлж байсан байна. (хавтаст хэргийн 6 дахь тал)
3.4. 2019.06.11-нд Жи Эм Эс Юу ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Д. бүртгэгдэж, гүйцэтгэх удирдлагыг Н. хэрэгжүүлж байсан байна. (хавтаст хэргийн 6 дахь тал)
3.5. 2019.07.03-нд үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэж, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан байна. (хавтаст хэргийн 6 дахь тал)
3.6. 2019.12.19-нд үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэж, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан байна. (хавтаст хэргийн 6 дахь тал)
3.8. ХК нь 2017 оны 4 улирлын Аж ахуй нэгжийн орлогын албан татварт 51.039.99 төгрөг, 2018 оны 2 улирлын Аж ахуй нэгжийн орлогын албан татварт 44,083.82 төгрөг, 2018 оны 4 улирлын Аж ахуй нэгжийн орлогын албан татварт 1,000,170.25 төгрөг, 2018 оны 12 сарын Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан Нэмэгдсэн өртгийн албан татварт 133,428.50 төгрөг, 2019 оны 4 улирлын Аж ахуй нэгжийн орлогын албан татварт 1,736,363.64 төгрөг, 2019 оны 12 сарын Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан Нэмэгдсэн өртгийн албан татварт 1,736,363.63 төгрөгийн үлдэгдэлтэй байна. (хавтаст хэргийн 9 – 14 дэх тал)
3.9. Зохигчид ХХК-ийн хувьцааг эзэмшдэг байсан тухайд, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан тухайд талууд маргаангүй.
Харин зохигчид татварын үлдэгдлийг хариуцах тухайд, татварт төлөх ёстой 4,701,449.83 төгрөгийг хувьдаа авч үлдэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тухайд маргаантай.
4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1. “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1. “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан байна.
Хариуцагч нь 2010.07.28-ээс 2019.06.11-ны өдрийг хүртэл ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр, 2018.09.21-ээс 2019.06.11-ийг хүртэл хугацаанд гүйцэтгэх удирдлагаар, Н. нь 2019.07.03-аас 2019.12.19-ний өдрийг хүртэл хувьцаа эзэмшигчээр, 2019.06.11-ээс 2019.12.19-ний өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэх удирдлагыг Н.хэрэгжүүлж байсан боловч энэ хугацаанд үүссэн татварыг хариуцагч нар нь хариуцах үүрэгтэй болох, 4,701,449.83 төгрөгийг хариуцагч нар хувьдаа авч, хөрөнгөжсөн болох нь тогтоогдохгүй байна.
Мөн хариуцагч нар нь өөрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэн өгч, хамтын ажиллагаагаа дуусгавар болгох үед нэхэмжлэгч байгууллага нь татварын үлдэгдлийн талаар мэдэх боломжтой байсан, компанийн гүйцэтгэх удирдлага нь хянамгай байх үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагч нар нь компанийн өмнө хүлээсэн хувьцаа эзэмшигчийн аливаа үүргээсээ чөлөөлөгдсөн байна.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч -ийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан, 4,701,449.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч нэхэмжлэлтэй, АХА нарт холбогдох, 4,701,449.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР