| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2018/0083/Э |
| Дугаар | 99 |
| Огноо | 2018-04-05 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 99
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган улсын яллагч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 1821000220049 дугаартай хэргийг 2018 оны 03 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 01 сарын 9-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ...............гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт ******* /РД:.............../
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын.................тоот хашаанд 2017 оны 12 дугаар сарын 28-ны ...........улсын дугаартай “Хьюндэй Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 7.7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх ба бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 7.7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 1 нас 5 сартай Э дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.
Хохирогчийн төлөөлөгч М.М мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ”...2017 оны 12 сарын 28-ны өдөр 10 цаг өнгөрч байхад нөхөр ******* гэрээс гарахад талийгаач хүү Э дагаад гарсан, тэгэхэд нөхөр маань талийгаачийг буцааж гэрт оруулаад хаалгаа хаагаад гарсан, гэтэл талийгаач маань буцаад нөхрийг дагаад гарсан. Гэтэл нөхөр маань машинаа асаагаад хөдлөөд явах чимээ гарсан. Тэгэхээр нь би талийгаачийг ганцаараа байгаа байх гэж бодоод гэрээс гарсан чинь Э хөдлөөд хашаанаас гараад явсан байсан. Талийгаач дайруулсан байдалтай машин зогсож байсан газрын урдхан нүүр, ам нь цус болсон байдалтай хэвтэж байсан. Ингээд би айгаад бахирахад хажуу айлын хүмүүс гарч ирээд нас барсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-29/
-Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 38-39/
-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 29-ний өдрийн 11 тоот дүгнэлт /хх-ийн 46-47/
-Дорнод аймгийн Замын Цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2018 оны 1 сарын 18-ны өдрийн 2 тоот дүгнэлт /хх-ийн 43/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ..............тоот хашаан дотор ...............дугаартай “Хьюндэй Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 7.7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх ба бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 7.7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас өөрийн төрсөн хүү 1 нас 5 сартай Э дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ******* өгсөн: “...2017 оны 12 сарын 27-ны өдөр эхнэр М. М, талийгаач хүү Э, 4 сартай охин Э.Э нарын хамт Цагаан-Овоо сумын төв буюу .............байрлах хадам ээжийн гэрт очсон юм. ...Би тухайн өдөр хадам ээжийн гэрт хоноод өглөө нь буюу 2017 оны 12 сарын 28-ны өглөө хашаанд байх “Портер” маркийн машинаа асаасан юм. Машинаа асаагаад байж байхад талийгаач хүү маань гадаа хашаан дотор явж байхыг аваад гэрт оруулж хаалгыг гадна талаас нь хаагаад буцаж гарч машиндаа суугаад машинаа ухраагаад хашаанаас гарсан. ...Манай хажуу айлын залуу таараад хашаан дотор хүүхдээ дайрсан байна шүү дээ гэж хэлсэн. Би хашаанаас гарахдаа хүүхдээ дайрсан талаар огт мэдээгүй юм. Тэгээд сандраад хашаанд яваад очиход хүүхэд маань машинд дайруулсан байдалтай, нүүр, ам нь цус болсон байсан бөгөөд эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. ...Хүүхэд гарч ирсэнийг мэдэлгүй ухрах үйлдэл хийсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогчийн төлөөлөгч М.М-н өгсөн: ”...2017 оны 12 сарын 28-ны өдөр 10 цаг өнгөрч байхад нөхөр ******* гэрээс гарахад талийгаач хүү Э.Э дагаад гарсан, тэгэхэд нөхөр маань талийгаачийг буцааж гэрт оруулаад хаалгаа хаагаад гарсан, гэтэл талийгаач маань буцаад нөхрийг дагаад гарсан. Гэтэл нөхөр машинаа асаагаад хөдлөөд явах чимээ гарсан. Тэгэхээр нь би талийгаачийг ганцаараа байгаа байх гэж бодоод гэрээс гарсан чинь Э хөдлөөд хашаанаас гараад явсан байсан. Талийгаач дайруулсан байдалтай машин зогсож байсан газрын урдхан нүүр, ам нь цус болсон байдалтай хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 29-ний өдрийн 11 тоот дүгнэлтэд: Э.Э цогцост гавлын орой болон суурь ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт,бага тархины орой хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, баруун уушгины гялтан хальсны доорхи цус хуралт, элэгний урд гадаргын хавирганы ором, хуйхны дотор гадаргын цус хуралт, дух, зүүн шанааны зулгаралт, зүүн хацрын зулгаралт, баруун хацрын цус хуралт, баруун, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн урд хэсгийн зулгаралт, ар хэсгийн цус хуралт, зулгаралт, доод уруулын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүдийн гавлын орой болон суурь ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, бага тархины орой хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болно. 6. Талийгаач О (I ) бүлгийн цустай байна” гэж /хх-ийн 47/, Дорнод аймгийн Замын Цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2018 оны 1 сарын 18-ны өдрийн 2 тоот дүгнэлтэд: Жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 7.7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх ба бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 7.7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэсэн дүгнэлтүүд /хх-ийн 43-44/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгч, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдвал зохино.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүний эзэмшлээс 3000000 төгрөгийн үнэ бүхий .................улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 2 сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болговол зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ******* тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч ******* эзэмшлээс 3000000 /гурван сая/ төгрөгийн үнэлгээтэй ................улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн /....................../ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг түүнд буцаан олгох нь зүйтэй байна.
6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР