Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 124/ШШ2025/0039

 

     

   

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: У овогт Л-ийн М, ............................ тоотод оршин суух,

        Хариуцагч: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч П.Г-д холбогдуулан гаргасан,

          “2025.01.20-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай 244 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай, https://opendata.burtgel.gov.mn/les цахим хуудаст “У Х” ХК-ийн хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэлд Л.М хувьцаа эзэмшигч болох талаарх мэдээллийг оруулж залруулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа, нэхэмжлэгч Л.М, түүний өмгөөлөгч Д.М, хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч П.Г нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Л.М нь хяналтын улсын байцаагч П.Год холбогдуулан  “2025.01.20-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай 244 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, https://opendata.burtgel.gov.mn/les цахим хуудаст “У Х” ХК-ийн хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэлд Л.М хувьцаа эзэмшигч болох талаарх мэдээллийг оруулж залруулахыг хариуцагчид даалгах” тухай  шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

            2.  Нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 244 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газарт гомдол гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/6873 дугаар албан бичгээр “Улсын байцаагчийн дүгнэлт нь улсын бүртгэлийн болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.Та шүүхэд хандах эрхтэй” гэх хариуг өгсөн байна.

            Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ирүүлснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор ирүүлжээ.

            3.Нэхэмжлэгч Л.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Би “У Х” ХК-ийн хувьцааг 2007 оноос шилжүүлэн авч эхэлсэн байгаа. 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр 112,532 ширхэг хувьцаа эзэмшиж байна. Эзэмшихийн хувьд гэрээ болоод бусад бэлэглэлийн гэрээ, улсын зохих ёсны байгууллага буюу хувьцааны бүртгэл хийдэг хөрөнгийн бирж, үнэт цаасны газруудад бүртгэлүүдийг байнгын хийлгэсэн. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гараагүй буюу хувьцааг өөрчлөх гомдол шийдвэр гарч байгаагүй. Гэтэл  улсын байцаагч П.Г-ын 2025 оны 01 сарын 20-ны өдрийн дүгнэлтээр миний хууль ёсны эзэмшиж буй хувьцааны эрхийг хүчингүй болгож, хувьцааг эзэмших бүртгэлд байгаагүй хүмүүсээр идэвхжүүлсэн үйлдэл гаргасан. Гэхдээ тус дүгнэлтээ 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үйлдэж, 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдсэн.  Учир нь “У Х” ХК нь Хаан банкнаас зээл хөөцөлдөөд явсан цагаас мэдэж буюу 2025 оны  4 дүгээр сарын 08-ны өдрөөс тус дүгнэлт гарсан тухай мэдээд, П.Г-д өөрийгөө хувьцаа эзэмшиж байгаа талаарх нотлох баримтаа үзүүлсэн. Захиргааны хэргийн шүүхэд анхан шатны шүүхэд хандсан. Захиргааны хэргийн шүүхээс улсын бүртгэлийн энэ үйл ажиллагаа хууль дүрмийн дагуу эхлээд дээд шатны байгууллагаар шийдэгдсэн байх ёстой гэсэн. Би Улсын бүртгэлийн газарт гомдлоо гаргаад хүргүүлэх  2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн. Өөрийн биеэр аваачиж өгөөд миний гомдлыг хангаагүй учраас би Захиргааны хэргийн шүүхэд 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...“ гэв.

            4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2 шаардлага байгаа. Эхний шаардлагын тухайд Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлстсийн хяналтын улсын байцаагч П.Гын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэл хүчингүй болгох тухай 244 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулъя. Дараагийн шаардлагын тухайд https://opendata.burtgel.gov.mn/ цахим хуудаст У Х хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэлд Л.М 112,532 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа талаарх мэдээллийг оруулах шаардлагыг тавьсан. Маргаан бүхий захиргааны актад  2  үндэслэлийг дурдсан байдаг. 1 дүгээрт нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А341 дугаартай 2021 оны улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 14 дэх хэсгийг үндэслэсэн. 2 дахь үндэслэл нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаартай албан шаардлагыг үндэслэсэн. Эхний үндэслэлийн тухайд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А341 дугаартай акт нь хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлгүй учраас бид  хүчин төгөлдөр хэрэглэх боломжгүй гэж үзэж байгаа. 2024 оны 12  дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаартай албан шаардлагын тухайд улсын бүртгэгч нарын дотооддоо чиглэсэн үйл ажиллагааны шинжтэй албан бичиг байсан. Нэхэмжлэлийн гол үндэслэлийн тухайд нэхэмжлэгч нь 2007 оноос хойш “У Х” ХК-ийн хувьцаа эзэмшигч буюу дийлэнх олонх хувьцаа эзэмшигчээр,тус компанийнхаа захирлаар бүртгэгдээд үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн. Өнгөрсөн жилүүдэд хувьцааны өмчлөлийн маргаан үүсээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар эрх эзэмшигч, өмчлөгч  Л.М гэдэг нь тодорхой. Улсын бүртгэлийн байгууллага зөвхөн тухайн хүний эзэмшиж байгаа хувьцааны эрхийг бүртгэх л чиг үүрэгтэй. Тэрнээс биш Л.М-ийн хувьцаа биш  гээд 18 жилийн өмнө хувьцаагаа шилжүүлээд явсан хүний бүртгэлийг сэргээгээд олон нийтэд мэдээлэх нь хууль зөрчсөн үйлдэл байгаа. Хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээс үзэхэд архивын бүрдэл дутуу гэх байдлаар дүгнэлт хийсэн. Гэвч тухайн цаг үедээ улсын бүртгэлийн байгууллагаас захиргааны акт гараад, гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн гэх акт гараад бүртгэл хууль ёсны дагуу хийгдсэн. Мөн тус компанийн хувийн хэргийг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулан ирүүлсэнтэй танилцахад жишээлбэл гүйцэтгэх захирлаар н.Б гэх хүн бүртгэгдээгүй атлаа бүртгэл бүртгэл хийлгэх хүсэлт гаргасан байна гэдэг байдлаар өрөөсгөл дүгнэлт хийсэн. Шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг нь судлаад үзэхээр тухайн н.Б нь Төлөөлөн удирдах зөвлөлөөсөө итгэмжлэл аваад, гүйцэтгэх захирал гээд бичсэн гэх асуудал үүслээ гэхэд тухайн хүнд итгэмжлэл олгогдоод тухайн үедээ бүртгэл хийлгэх хүсэлтээ гаргаад бичиг баримтаа бүрдүүлээд өгч байсан тохиолдлууд байгаа. Тухайн маргаан бүхий актад дурдаад байгаа 2012, 2017 оны бүртгэлүүдийг аль алийг хүчингүй болгож байна гэх дүгнэлт хийсэн асуудал нь магадгүй тухайн үедээ баримт бичгийн бүрдэл дутуу, гарын үсэг дутуу байлаа ч гэсэн нэгэнт захиргааны байгууллага бүртгэх чиг үүргээ хийгээд захиргааны акт гарчихсанаас хойш хамгийн сүүлийн хугацаа болох 2017 оноос хойш тооцоход нийтдээ 8 жилийн хугацаа өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг захиргаа хүчингүй болгох хугацаа 5 жил байдаг. Дээрх хугацаа өнгөрснөөс хойш хэн нэгний гомдол санал гараагүй, ямар ч өмчлөлийн маргаан үүсгээгүй байхад улсын бүртгэлийн байгууллага хүний өмч хөрөнгөд халдсан үр дагавар үүсгэсэн шийдвэр гаргасанд нэхэмжлэгч тал маш их хохирч байгаа. “У Х” ХК нь олон жил үйл ажиллагаа явуулсны хувьд томоохон хэмжээний зээл хөөцөлдөх байсан ч Л.М 112,532 хувьцааны эзэмшигчээр 13 жил явсны эцэст хөрөнгөгүй мэтээр улсын бүртгэлийн байгууллагын буруутай, хууль зөрчсөн шийдвэрээс болоод зээл авч чадаагүй. Үүнтэй холбоотой өмнөх зээлүүдээ төлөх, хүү хохирол зэрэг  бодитоор тооцвол маш их хохиролтой байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, зөрчигдсөн эрх ашгийг нь сэргээж өгнө үү...” гэв.

            6. Хариуцагч П.Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Ж.Ч-ийн албан шаардлагын дагуу тус компанийн хувийн хэрэгт шалгалт хийсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газар шалгалт хийгээд, сонсох ажиллагаа хийгдээд Л.М-тай 2024 оны 12 дугаар сарын 10-ны утсаар холбогдсон боловч хариу тайлбар ирүүлээгүй учраас харьяаллын дагуу Увс аймгийн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч н.Шинэбаяр, П.Г нарт албан шаардлага хүргүүлсэн. Энэ албан шаардлагын дагуу миний бие шалгалтын ажиллагаа зохион байгуулсан. Шалгалтын ажиллагааг хийхэд 2012 оны компанийн шинэчилсэн дүрэм бүртгүүлэхдээ итгэмжлэлгүй этгээд буюу Н.Э гэх хүнээр хүсэлт гаргуулсан байсан. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, хурлын тэмдэглэл байхгүй. Шинэчилсэн дүрмийг О.А, Д.Г, н.Ц, н.М нарын гарын үсэг баталгаажуулсан боловч Цын хувьцаа эзэмшигчийн мэдээлэл бүртгэгдээгүй. Мөн “У Х” ХК-ийн салбар төлөөлөгчийн тэмдэглэл авагдсан байдаг. Би Л.М-тай сонсох ажиллагаа хийсэн. Сонсох ажиллагаанд тамга тэмдгийг нь тодруулахад нэхэмжлэгч өөрөө мэдэхгүй байсан. Манайх “У Х” ХК гэх тамга тэмдэг хэрэглэдэг. Яагаад тухайн тамга тэмдэг дарагдсаныг би мэдэхгүй байна гэж тухайн үед сонсох ажиллагаагаар надад хэлж байсан. 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигч өөрчлөх хүсэлтийг гүйцэтгэх захирал н.Б гэх хүний гарын үсэгтэй бичиг ирсний дагуу хувьцаа эзэмшигчийн өөрчлөгдсөн бүртгэлийг манайд хийсэн. Үүнд хувьцаа эзэмшигчийн өөрчлөгдсөн шийдвэр байхгүй байсан. “У Х” ХК гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэх ёстой байсныг хийж, хуулийн этгээдийн бүртгэлд н.Б гүйцэтгэх удирдлагын гэрчилгээгээ бичүүлэх ёстой байсан ч бичигдээгүй байхад хүсэлт гаргаж манайд бичиг өгч уг бүртгэлийг нь хийсэн байсан. Үүнийг хууль зөрчсөн гэж үзсэн. Дээрх шалтгаанаар хүчингүй болгосон. Нотлох баримт дутуу учраас асуудлыг нь тайлбарлаж өгөөд, нотлох баримтаа бүрдүүлээд шинээр дахиад бүртгүүлэх боломжтой гэдгийг би тухайн үедээ нэхэмжлэгчид хэлсэн. Нэхэмжлэгчийг манай байгууллагад хувьцаа шилжсэн гэрээгээ авч ирээд бүртгүүл гэсэн боловч 2 иргэнээс шилжсэн гэрээ контракт байгаагүй. Т-ын Д, Д-ны С гэх хүмүүсээс яаж хувьцаа Л.М-д шилжсэн гэдгийг нотлох хувьцаа, эрх шилжүүлэх гэрээ байгаагүй. Үүнийгээ нэхэмжлэгч баталж, холбогдох баримтаа гаргаж өгөөгүй учраас өнөөдрийг хүрсэн...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            2.Нэхэмжлэгч талаас “Нэхэмжлэгч нь 2007 оноос хойш “У Х” ХК-ийн хувьцаа эзэмшигч болсон. 2017 онд дийлэнх олонх хувьцаа эзэмшигч, компанийнхаа захирлаар бүртгэгдээд үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн. Өнгөрсөн жилүүдэд хувьцааны өмчлөлийн маргаан үүсээгүй, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар эрх эзэмшигч, өмчлөгч гэдэг нь Л.М гэдэг нь тодорхой байгаа. Улсын бүртгэлийн байгууллага зөвхөн тухайн хүний эзэмшиж байгаа хувьцааны эрхийг бүртгэх л чиг үүрэгтэй. Нэгэнт захиргааны байгууллага бүртгэх чиг үүргээ хийгээд захиргааны акт гарчихсанаас хойш хамгийн сүүлийн хугацаа болох 2017 оноос хойш тооцоход нийтдээ 8 жилийн хугацаа өнгөрсөн,  эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг захиргаа хүчингүй болгох хугацаа нь 5 жил байдаг. Дээрх хугацаа өнгөрснөөс хойш хэн нэгний гомдол санал гараагүй, ямар ч өмчлөлийн маргаан үүсгээгүй байхад улсын бүртгэлийн байгууллага хүний өмч хөрөнгөд халдсан үр дагавар үүсгэсэн шийдвэр гаргасан…” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

            3. Хариуцагч талаас “...2012 оны компанийн шинэчилсэн дүрэмд бүртгүүлэхдээ итгэмжлэлгүй этгээд буюу Н.Энхжаргал гэх хүнээр хүсэлт гаргуулсан байсан. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, хурлын тэмдэглэл байхгүй. Шинэчилсэн дүрмийг О.А, Д.Г, н.Ц, н.М нарын гарын үсэг баталгаажсан боловч Ц-ын хувьцаа эзэмшигчийн мэдээлэл бүртгэгдээгүй. Нэхэмжлэгчийг манай байгууллагад хувьцаа шилжсэн гэрээгээ авч ирээд бүртгүүл гэсэн боловч 2 иргэнээс шилжсэн гэрээ контракт байгаагүй. Т-ын Д, Д-ны С гэх хүмүүсээс яаж хувьцаа Л.М рүү шилжсэн гэдгийг нотлох хувьцаа, эрх шилжүүлэх гэрээ байгаагүй.Улсын бүртгэл нотлох баримтад үндэслэж, ” гэх тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            4.Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 244 дугаар дүгнэлтээр “...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан улсын бүртгэл нь “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-т “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчмыг удирдлага болгон тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-т “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” , 18 дугаар зүйлийн 18.7.1-т “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”гэж заасныг тус тус баримтлан “У Х” ХК-ийн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн компанийн шинэчилсэн дүрмийг бүртгэсэн бүртгэл, 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөний бүртгэл, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөний бүртгэлийг  тус тус хүчингүй болгох дүгнэлт гаргажээ.

            5. Улсын байцаагчийн 244 дугаартай дүгнэлтийн 1, 2 дахь хэсэг болох  “У Х” ХК-ийн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн компанийн шинэчилсэн дүрмийг бүртгэсэн бүртгэл, “У Х” ХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөний бүртгэл хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

            5.1. Маргаан бүхий акт болох хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр “У Х” ХК-ийн гурван төрлийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч Л.М-аас дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасан “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Л.М-ийн нэхэмжлэлийн “У Х” ХК-ийн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн компанийн шинэчилсэн дүрмийг бүртгэсэн бүртгэл, “У Х” ХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөний бүртгэл хүчингүй болгуулах хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            5.2. 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дахин олгогдсон “У Х” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл гэх хэсэгт улсын бүртгэлийн байгууллагын улсын бүртгэгч Н.Б тус компанийн шинэчилсэн дүрмийн бүртгэлийг 2012 оны 10 сарын 25-ны өдөр, гүйцэтгэх захирлаар Л.М-г томилсон бүртгэлийг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бүртгэсэнийг тэмдэглэжээ.

            5.3. Өөрөөр хэлбэл, уг хоёр бүртгэлийн эрх зүйн үр дагавар, үйлчлэл “У Х” ХК-ийн зохион байгуулалтын шинжтэй үйл ажиллагаанд чиглэсэн бүртгэл байх бөгөөд улсын байцаагчийн дүгнэлтийн холбогдох хэсэг нь “У Х” ХК-ийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн байна.

            5.4. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 83.3-д “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна”, 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасан тул компанийн нэрийн өмнөөс гүйцэтгэх захирал нэхэмжлэл гаргахаар байна.

            5.5. ”У Х” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24/06 дугаартай тогтоолоор гүйцэтгэх захирлаар Л.Н томилогдсон байх бөгөөд нэхэмжлэгч Л.М хувьцаа эзэмшигч, иргэний хувиар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

            Иймд Л.Мгаас “У Х” ХК-ийн бүртгэлтэй холбогдох маргаанд “У Х” ХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс “маргаан бүхий актын “У Х” ХК-ийн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн компанийн шинэчилсэн дүрмийг бүртгэсэн бүртгэл, “У Х” ХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөний бүртгэл хүчингүй болгуулах” хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

            6. Улсын байцаагчийн 244 дугаартай дүгнэлтээр “У Х” ХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөний бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

            6.1 Маргаан бүхий улсын байцаагчийн 244 дугаартай дүгнэлтийн 3 дахь заалтаар “У Х” ХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөний бүртгэлийг “ Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн архивт хадгалагдаж байгаа 1510001008 дугаартай “У Х” ХК-ийн хувийн хэрэгт авагдсан эх нотлох баримтад улсын бүртгэлд бүртгэлгүй гүйцэтгэх захирал Э.Бы гарын үсэгтэй 2017 оны 4 сарын 17-ны өдрийн 17/091 дугаар албан бичиг авагдсан, хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр байхгүй гэх үндэслэлээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 дахь хэсэгт заасан зарчмыг хангуулахаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.

            Улсын байцаагчийн зүгээс хяналт шалгалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаартай албан шаардлагын дагуу хийсэн байх бөгөөд уг албан шаардлагад “У Х” ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд хяналт шалгалтын ажиллагааг хийж, хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг шаардсан байна.

            2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дахин олгогдсон “У Х” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл гэх хэсэгт улсын бүртгэлийн байгууллагын улсын бүртгэгч Н.Б тус компанийн хувь нийлүүлэгч 1 нэмэгдэж, 4 хасагдаж үүсгэн байгуулагчийн тоо нийт  1 болж өөрчлөгдсөн бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр бүртгэсэн талаар тэмдэглэгдсэн.

            Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална.

4.1.4.үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;

4.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэж заасан.

Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна:

18.7.1.хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж заасан.

            Хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөний бүртгэл хийгдсэн 2017 онд 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хууль үйлчилж байсан ба хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна:

11.5.1.улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах;

11.5.2.энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах;

11.5.3.энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж заасан байна.

            “У Х” ХК-ийн хувийн хэрэгт Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2016 оны 9 сарын 08-ны өдрийн үнэт цаас эзэмшигчдийн хураангуй болон дэлгэрэнгүй судалгаа авагдсан байх бөгөөд тус судалгаанд “У Х” ХК-ийн нийт гаргасан хувьцааны тоо 112,716 , М.Г 14 ширхэг, М.Б 70 ширхэг, Б.Т 100 ширхэг, Л.М 112,532 ширхэг хувьцаа эзэмшиж байгааг мэдээлсэн байна.

Нэхэмжлэгч Л.М-аас хэрэгт бэлэглэлийн гэрээг ирүүлсэн бөгөөд Д.Г-с 2007 оны 11 сарын 2-ны өдрийн хувьцаа бэлэглэлийн гэрээгээр 11,271 ширхэг хувьцааг, 2013 оны 12 сарын 02-ны өдөр 14,991 ширхэг хувьцааг, Н.Ц-аас 2013 оны 12 сарын 02-ны өдрийн үнэт цаас бэлэглэлийн гэрээгээр 28,784 ширхэг хувьцааг, О.А-ээс 2013 оны 12 сарын 02-ны өдрийн үнэт цаас бэлэглэлийн гэрээгээр 57,486 ширхэг, нийт 112,532 ширхэг хувьцааг тус тус Л.М-д шилжүүлсэн байна.

Хариуцагч улсын байцаагчаас шүүх хуралдаанд хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөний бүртгэлийг анх хийгдэхэд гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтөөр бүртгүүлээгүй этгээд Э.Б-ийн гарын үсэг бүхий албан бичиг гаргасан, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, хувьцаа эзэмшигчдийн хувьцаа шилжүүлсэн баримт буюу өмнө хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан Д, С нарын иргэдийн хувьцаа хэрхэн Л.М-д шилжсэн талаарх баримт байхгүй гэх үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгосон талаар тайлбарласан.

Мөн хариуцагчаас хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөний бүртгэлийг бүртгүүлэх өргөдлийг Л.М нэрээр гаргаж гарын үсэг зурсан боловч 2017 оны компанийн дүрмийг батлахад зурагдсан Л.М-ийн гарын үсэгтэй харьцуулахад өөр байсан, хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр байхгүй тул шаардлага хангахгүй гэж тайлбарласан.

Хувийн хэрэгт хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөний бүртгэлийг бүртгүүлэх өргөдлийг 2017 оны 04 сарын 18-ны өдөр Л.М нэрээр гаргасан, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбогдуулан “У Х” ХК-ийн 2017 оны 4 сарын 17-ны өдрийн 17/091 дугаартай албан бичгээр Улсын бүртгэлийн хэлтэст тус компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд гүйцэтгэх захирал Э.Б гарын үсэг зурсан байна.      

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар үнэт цаасны төрөлд компанийн хувьцаа хамаарагдах бөгөөд мөн хуулийн 45.1-д “Үнэт цаас гаргагч болон бусад оролцогчтой байгуулсан гэрээний үндсэн дээр үнэт цаасыг хадгалах, түүнтэй холбоотой бүртгэл хөтлөх үйл ажиллагааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа гэнэ”,

45.2.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдэд олгоно.

45.4.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь үнэт цаасны тухайлсан бүртгэл хөтлөх эрхтэй ба кастодианы үйл ажиллагааг хавсран эрхэлж болно гэж заасан байна.

Үүнээс үзэхэд хувьцааг хэн эзэмшиж байгааг нягтлан шалгаж бүртгэл хөтлөх эрх үүргийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хэрэгжүүлдэг байх тул тухайн төвөөс гаргасан “У Х” ХК-ийн  хувьцаа эзэмшигчдийн лавлагаа нь тухайн хувьцаа эзэмшигчийн бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт байна.

Улсын бүртгэгч тухайн бүртгэлийг хийхдээ  хувийн хэрэгт авагдсан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2016 оны 9 сарын 08-ны өдрийн үнэт цаас эзэмшигчдийн хураангуй болон дэлгэрэнгүй судалгааг үндэслэн хийсэн гэж үзэхээр байх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтнаас тухайн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь захиргааны эерэг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарагдана.

Захиргааны байгууллагаас буюу хяналт шалгалт хийх эрх бүхий этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ тухайн улсын бүртгэлийг буюу эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэг тохиолдолд хүчингүй болгоно.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:

48.2.1.хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан;

48.2.2.бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн;

48.2.3.захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй;

48.2.4.захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн;

48.2.5.нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан.

48.3.Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж заасан.

            Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийг хийлгүүлэхдээ хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн нь тогтоогдсоноос бусад тохиолдолд эерэг нөлөөлөл бүхий бүртгэлийг хүчингүй болгох захиргааны байгууллагын бүрэн эрх 5 жилийн хугацаагаар хязгаарлагдана.

            Маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлтэд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан үндэслэлийн талаар дурдаагүйн зэрэгцээ улсын бүртгэл 2017 онд хийгдсэнээс хойш 8 жилийн дараа нотлох баримт дутуу байсан гэх үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь хууль бус болсон байна.

            Түүнчлэн Захиргааны байгууллага (албан тушаалтан) нь хуулиар олгосон эрх, үүргийг хэрэгжүүлж аливаа асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмыг баримтлана.

            Захиргааны байгууллагаас гарах шийдвэр нь шаардлагатай үед гарч, гарах болсон зорилгодоо хүрэх арга замыг тодорхойлж, бодит нөхцөл байдалд тохирч зохист хэмжээнээс хэтрээгүй байх ёстой.

Гэтэл өмчлөгч болон хувьцааны эзэмшлийн талаар маргаангүй, хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг хүчингүй болгох хэрэгцээ шаардлага үүсээгүй байхад хувийн хэрэгт хувьцаа эзэмшигчдийн шийдвэр байхгүй, албан бичигт гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй этгээд гарын үсэг зурсан гэж үзсэнээр хувьцаа эзэмшигч “У Х” ХК-ийн 2017 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нөхөн гаргах, Э.Б 2017 онд гүйцэтгэх захирал болсон талаарх улсын бүртгэлийг нөхөн хийх бодит боломжгүй байна.

Иймд захиргаа өөрийн алдаатай гарсан гэж үзсэн шийдвэрийг засах боломжгүй нөхцөл үүсгэж бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь буруу байна.

            Мөн “У Х” ХК-ийн эцсийн өмчлөгчөөр Л.М бүртгэгдсэн бүртгэл хүчинтэй байхад хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас Л.М-ийн хувьцаа эзэмшигчийн улсын бүртгэлийг хүчингүй болгосноор улсын бүртгэл тодорхойгүй болж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан бүртгэл үнэн зөв байх зарчим алдагджээ.

            Иймд энэ талаарх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

            Иймд дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн маргаан бүхий захиргааны актын 3 дахь хэсэгт холбогдох нэхэмжлэгчийн маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлтийн “У Х” ХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөний бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

            7. https://opendata.burtgel.gov.mn/les цахим хуудаст “У Х” ХК-ийн хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэлд Л.М нь хувьцаа эзэмшигч /112532 ширхэг хувьцаа/ болох талаарх мэдээллийг оруулж залруулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

            Нэхэмжлэгчийн “У Х” ХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөний бүртгэлийг хүчингүй болгосонтой холбогдох нэхэмжлэлийг хангаж шийлвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх сэргэж, хувьцаа эзэмшигчийн бүртгэл хүчинтэй хэвээр үлдэж байгаа тул түүний үр дагавар болох  https://opendata.burtgel.gov.mn/les цахим хуудаст “У Х” ХК-ийн хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэлд Л.М нь хувьцаа эзэмшигч /112532 ширхэг хувьцаа/ болох талаарх мэдээллийн талаарх өөрчлөлтийг дахин хийхээр байна.

            Иймд https://opendata.burtgel.gov.mn/les цахим хуудаст “У Х” ХК-ийн хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэлд Л.М нь хувьцаа эзэмшигч /112532 ширхэг хувьцаа/ болох талаарх мэдээллийг оруулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            8.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажиллаж буй байгууллага болох Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс гаргасан Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 244 дугаартай дүгнэлтийн “У Х “ХК-ийн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн компанийн шинэчилсэн дүрмийг бүртгэсэн бүртгэл,  2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөний бүртгэлийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосгугай.

            2. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заалтыг баримтлан нэхэмжлэгч Л.М-ийн гаргасан Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 244 дугаартай дүгнэлтийн “У Х” ХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнийг бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, https://opendata.burtgel.gov.mn/les цахим хуудаст “У Х” ХК-ийн хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэлд Л.М хувьцаа эзэмшигч /112532 ширхэг хувьцаа/ болох талаарх мэдээлэл оруулахыг хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид  даалгасугай. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.М-д  олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АЛТАНЦЭЦЭГ