Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/12

 

Ж.А-, Б.Г- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/31 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ж.А-, Б.Г- нарт холбогдох эрүүгийн 2213003490039 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч Ж.А-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгч Ж.А-, түүний өмгөөлөгч С.Алтай, шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим, орчуулагч, хэлмэрч А.Ахмерей нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, ** настай, эмэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, ****** ажилтай, ам бүл ***хүнтэй, ***** оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Б.Г- /РД:**********/,

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **** оны **дугаар сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ** настай, эмэгтэй, *** боловсролтой, **** мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл **хүнтэй, *****оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Ж. А- /РД:************/.

 

3. Шүүгдэгч Б.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Думан” үйлчилгээний төвд хохирогч Ж.А-тай маргалдах явцдаа түүнийг зодож,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ж.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Думан” үйлчилгээний төвд хохирогч Б.Г-тай маргалдах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

4. Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 20-ны  өдрийн 33 дугаар яллах дүгнэлтээр Ж.А-, Б.Г- нарын дээрх үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.   

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн  2024/ШЦТ/31 дүгээр шийтгэх тогтоолоор: 

5.1. Шүүгдэгч Б.Г-, Ж.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-, Ж.А- нарын тус бүрийг нь  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Г-, Ж.А- нарт сануулж,

5.4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-аас гэмт хэргийн хор уршигт 57.000 төгрөг гаргуулан хохирогч Ж.А-д,  шүүгдэгч Ж.А-аас гэмт хэргийн хор уршигт  163870 төгрөг гаргуулан хохирогч Б.Г-т тус тус олгож,

5.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Г-, Ж.А- нар нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Шүүгдэгч Ж.А-ы давж заалдах гомдлын агуулга:

6.1.  Энэ хэрэг гэгч анх шалгагдаж эхэлсэн үеэс би өөрөө мөрдөгчид дараа нь өмгөөлөгчийн хамт прокурор болон шүүхэд удаа дараа хүсэлт гаргаж байсан. Утга нь: “Уг Думан гэх үйлчилгээний төвд тэр өдөр хамгаалалтын “Кыран” албаны хамгаалагчаар ажиллаж байсан Төлегенийг гэрчээр асууж өгөөч. Тэр хамгаалагч нь тэр оройн болсон зодоон, цонх хагарсныг, Б.Г-ыг “Думан” баарны эзэн А.А- зодсоныг харсан зэрэг байдлыг нотолно” гэж бичгээр болон амаар шүүх хуралд хэлэхэд ач холбогдол өгөөгүй.

6.2. “Кыран”    хамгаалалтын албаны хамгаалагч, тэр өдөр “Думан” үйлчилгээний төвд хамгаалагчаар ажиллаж байсан Төлеген нь анхнаасаа гэрч болохыг хүсэж, цагдаад очсон. Шүүх хурал болж байхад шүүгч Талгаттай өөрөө уулзаж гэрчлэхээр шүүхийн дежурт хүртэл ирж байсан. Тухайн үед хэргийг нэг талыг буюу банкны зээлийн хорооны ажилтан Б.Г- болон “Думан” үйлчилгээний төвийн захирал А.А- нарын талд ашигтайгаар хэргийг шалгуулж, камерын бичлэгүүдээс яллагдагч А- миний эсрэг хэсгүүдийг авч хэрэгт хавсаргуулж ажилласан хяналтын прокурор Х.Өрен нь Төлегенийг гэрчээр асуулгахгүй гэж зүтгэн элдэв тайлбар гаргаж байсан ч уг хэргийг шүүгч Талгат захирамжаар прокурорт буцаасан байхад ч Төлегенийг гэрчээр асуулгалгүйгээр, тодруулаагүйгээс болж дахин шүүхэд авч ирсэн бөгөөд үүнээс болж гэм буруутай нэг этгээд ял завшиж гэм буруугүй Ж.А- би гэмтэн болж яллагдаж одоо хохирч байна.

6.3. Харин ч “Думан” баар буюу үйлчилгээний төвийн захирал А.А-ийг гэрчээр асуун мэдүүлэг авч хэргийг будилуулсан. Тэр этгээд нь “Тэд хоорондоо зодолдож байсан” гэж гэрчилж харилцан зодоон болгож хэргийг буруу шийдвэрлэхэд нөлөөлсөн, камерын бичлэгүүдийг гүйцэт гаргаж өгөөгүй, болсон байдлыг нуун дарагдуулсан байгааг шат шатны шүүхэд өмнө нь олон удаа хэлэхэд, хүсэлт гаргахад ач холбогдол өгөөгүй тул энэ удаа анхаарч хэргийг мөрдөн байцаалтад прокурорт буцааж өгнө үү гэж энэхүү гомдлыг гаргаж байна.

6.4. Цагдаагийн ажилтан гэрч Д.Гагарины мэдүүлэг хэрэг дотор байгаа. Тэр  ‘‘....”Думан” үйлчилгээний төв нь хаалгаа дотроос нь түгжиж аваад удаан хугацаанд онгойлгохгүй болохоор нь хагарсан цонхоор дотор ороход тэр хэсэгт А.А- Б.Г- хоёр байсан. Б.Г-ын нүүр ам цус болж хувцас нь урагдсан байсан” гэдэг. Одоо үүнийг баталж Төлеген нь ".... цонх хагалж орж ирлээ гэж уурлаад А.А- захирал Б.Г-ыг зодоход ам хамар хацраас нь цус гарч, хувцас нь урагдсан, би тэднийг салгасан. Тэд хоорондоо ойлголцоно гэж хэлэхэд нь тэднийг үлдээгээд би цааш явсан ба тэр үед цонхоор цагдаа орж тэдэнтэй уулзсан” гэж одоо хүртэл хэлээд байдаг.

6.5. Сүүлчийн шүүх хурал дээр шүүгч Ө.Бахытбек нь шүүгдэгч Б.Г-аас “Та цонх хагалж ороход нүүр хэсгээ цонхны шилэнд зүссэн юм биш үү?” гэж асуухад цонх хагалснаа Б.Г- нь хүлээн зөвшөөрч бас нүүрээ шилэнд зүсээгүй” гэж байсан нь “Думан” үйлчилгээний төвд зохицуулалт хийхээр цагдаа нар ирэхэд Б.Г- нь Думан хаалгаа онгойлгохгүй болохоор нь урьд хэсэг дэх цонхыг хагалж орсон нь нотлогдож байгаа юм.

6.6. “Думан” баар буюу үйлчилгээний төв нь хаах цаг нь болж үйлчлүүлэгчдийг дотроос нь гаргаж хаалгаа дотроос нь түгжиж авсан юм. Б.Г- нь баарны дотор байхдаа хэрэлдэж, нэгнийх нь хурууг гэмтээж цус гаргасан байсан 2 эмэгтэйгээс зугтаж нэг тээврийн хэрэгсэл дотор суучихсан байхад, тэр хоёр эмэгтэй ч цагдаа дуудаж, мөн тэр машины жолоочид цагдаа дуудсан байгаа энэ эмэгтэйг буулга” гэж шаардсанаар Б.Г- нь машинаас буудаг. Тэр үед Б.Г-ын нүүр ам нь цэвэр цус гараагүй, хувцас нь бүрэн бүтэн байсан бөгөөд энэ тухай олон хүмүүс ялангуяа О, Ю гэдэг 2 эмэгтэй гэрчлээд, тэд цагдаад очсон байхад мэдүүлэг аваагүй зэрэг нь хэрэг бодит байдлаар шалгагдаагүйг нотолж байна. Тодруулбал, гэмт хэргийг хэн үйлдсэн нь мөн хэрэг тал бүрээс нь шалгагдаж тогтоогдоогүй. А.А- нь Б.Г-ыг зодсон талаар гүйцэт тодорхой шалгагдаагүй.

6.7. Анхан шатны шүүх нь захирамж гаргаж /шүүгч Талгат/ хэргийг нөхөн шалгуулахаар прокурорт буцаахад дээрх байдал шалгагдаагүй нь шүүхийн захирамжаар буцаасан даалгавар нөхөн хийлгүүлэх ажиллагаанууд хийгдээгүй, дутуу хийгдсэнийг нотолж байна.

6.8. Видео камерт бичигдсэн бичлэгт Б.Г- нь ирээд А- намайг цохиж унагааж дээр минь сууж зодох үед хүмүүс салгадаг. Ердөө 5-7,8 секундийн хугацаа байна. Энэ хугацаанд Б.Г-ын биед тэгтлээ гэмтэл учрахгүй, хувцас нь урагдахгүй бөгөөд би ямар ч эсэргүүцэл үзүүлж чадаагүй байсан юм.

6.9. Б.Г- нь цагдаад очсоны дараа ч “Би А.А-ийн эхнэр” гэж орилж байсан. Ганц бие амьдардаг тэд гэрлэхээр тохирсон байж болно. Г- нь дэргэд дагаж явсан Ай-ийг А.А-тэй хардаж анхнаасаа түүнтэй хэрүүл маргаан үүсгэж, түүний үснээс зулгааж газраар чирч явсан байгаа нь хардалт байсан гэж би бодож байна.

6.10. Энэ хэргийг хянасан давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 36 тоот магадлалдаа “Намайг бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсэн" мэтээр 7.3-д бичжээ. Би мөнгө өгч кассчны өмнө тооцоо хийж зүгээр зогсож байхдаа хэн нэгнийг ялангуяа Б.Г-ыг санаатайгаар өдөөн хатгаагүй. Тийм байхад намайг буруутган бичсэн байсан. Мөн 7.4 дэх хэсэгт “... Б.Г- тооцоо хийж байхад А- гаднаас орж ирсэн. Энэ үед дахин маргалдаж бие биеэ барьж авч барьцалдаж газар унасан, бие биеэ зодсон гэх мэтээр зориуд А- намайг буруутгаж худал, хуурмагаар гүтгэж бичсэн бөгөөд үүнийг нь дээд шатны шүүх уншаад хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцаах шүүгч Д.Көбешийн саналыг дэмжсэн байх юм. Тэгэхлээр шүүгч Д.Көбеш нь бас энэ эмэгтэйн /Б.Г-ын талд/ ажилласан нь шууд нотлогдож байна.

6.11. Иймд дээрх гэрчүүдийг асуух, гэмт хэргийг хэн хийсэн /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д заасан/ гэдгийг тогтоолгохоор энэ 2213003490039 тоот хэргийг прокурорт буцааж өгнө үү.

6.12. Давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбешээр хянуулахаас татгалзаж байгаа тул өөр шүүгч томилж өгнө үү? Дээрх 30 тоот магадлалд бичигдсэн байдал татгалзах шалтгаан болно.

 

7. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

7.1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

7.2. Тухайн нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” тухайн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон.

7.3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

8. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.А-ы гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул дараах үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.

 

            9. Шүүгдэгч Б.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Думан” үйлчилгээний төвд хохирогч Ж.А-тай маргалдах явцдаа түүнийг зодож,  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн:  

  • Мөрдөгчөөс “Думан” үйлчилгээний төвд суурилуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичлэгийг хуулбарлаж авсан тэмдэглэл, СД бичлэг /хэргийн 1 дүгээр хавтас, 27-32, 161 дэх тал/,
  • шинжээч Х.Ерболын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 918 дугаар “Ж.А-ы биед тархины доргилт, хамрын мурийлт, зүүн нүдний алимны битүү гэмтэл, баруун нүдний хаван хавдар, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн чихэнд шарх, баруун зүүн шуу, зүүн шилбэнд тус тус цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо; Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр, үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна; Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдА-д нөлөөлөхгүй; Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 08-09 дэх тал/,
  • зөрчлийн хэрэг бүртгэлтийн үед холбогдогч Б.Г-, Ж.А- нарын согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 22, 23 дахь тал/,
  • хохирогч Ж.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн найз болох Ай-, Ам-,  П- нарын хамт орой 22 цагийн үед “Думан” бааранд очиж жаахан суусан бөгөөд энэ үеэр Б.Г- гэх хүн надтай хамт явж байсан найз болох Ай-тэй хэрүүл маргаан үүсгэсэн талаар надад хэлэхэд нь би Б.Г-т очиж “хоёулаа уулзъя” гэж хэлэхэд Б.Г- нь шууд миний үснээс зулгаасан бөгөөд энэ үед хэдэн хүмүүс ирээд бид нарыг салгасан. Түүний дараа бид нар хэсэг сууж байгаад баарнаас гарах гээд текний хажууд очоод тооцоо хийж байгаад эргэж харах үед Б.Г- над руу ирээд шууд намайг цохиж, миний үснээс зулгааж бид хоёр газарт унасан ба энэ үед Б.Г- миний дээр гарч миний үснээс зулгааж байсан. Би Б.Г-аас салж чадахгүй нэлээн их ноцолдсон бөгөөд тухайн үед хүмүүс Б.Г-ыг салгаж авсан. ...Г-аас өөр хэн нэгэн намайг зодоогүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 45-46, 48 дахь тал/,
  • гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Бааран дотор Г-, А- нар хоорондоо хэрэлдээд байсан ба би тухайн үед тэр хоёрыг салгаж байсан юм. Харин баарны текний хажууд А- нь Г-тай хэрэлдэж, энэ үеэр А-, Г- нар нэг нэгнийхээ үснээс барилцсан байдалтай байж байсан бөгөөд энэ үеэр би дотор байсан хүмүүстэй цуг салгаж авсан. Г-, А- нар нэг нэгнийгээ цохисон асуудлыг хараагүй, үснээс нь зулгааж зууралдсан асуудлыг нь харсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,  
  • гэрч М.Ай-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Бид нар “Думан” баар  дотор бүжгийн талбайд бүжиглэж байх үеэр Г- гэх хүн бид нартай мөрлөж, мөргөх зэргээр өдөж байсан. Энэ үеэр би найз нартаа “одоо гарцгаая” гэж хэлээд гарах гэтэл 3 найз гарахгүй байсан. Тэгээд би текин дээр очиж тал тооцоогоо хийчхээд гадаа гараад буцаж эргэж ороод А- дээр очиж “одоо гарцгаая” гэж хэлэхэд А- нь “за тэгье” гэж хэлээд бид хоёр текин дээр очиж үлдсэн тооцоогоо хийхээр зогсож байх үеэр гэнэт хажуугаас Г- орж ирээд А-ыг цохиж, тэр хоёр газарт унасан бөгөөд энэ үеэр хэдэн хүмүүс ирээд Г-, А- нарыг салгаж авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны  70-71 дэх тал/,  
  • гэрч С.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Г- гадна хаалганаас орж ирэнгүүтээ А-ы толгой хэсэг рүү хүчтэй цохиж Г-, А- нар газарт давхарлаж унасан бөгөөд энэ үед бөөн бужигнаан болоод хажууд байсан хүмүүс Г-, А- нарыг салгаад авсан юм....Г- нь А-ы дээрээс дараад газарт унасан байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны  72 дахь тал/,
  • гэрч А.Ам-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Думан баарнаас гарах гээд бид нар тооцоо хийхээр текний хажууд зогсож байх үеэр гадна хаалганаас Г- гэх хүн орж ирмэгцээ текний хажууд зогсож байсан А-ы нүүр лүү гараараа цохиж А-, Г- нар газарт унасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 77 дахь тал/,   
  • гэрч Х.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Орой баар хаах үеэр бид нар баарнаас гарах үед олон хүмүүс байсан ба таньдаг найз нөхөд таараад ярилцаад зогсож байх үеэр цагдаа нар ирж Г- болон А- нарыг машиндаа суулгаад аваад явсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 80 дахь тал/ зэргээр хөтөлбөргүй тогтоогджээ. 

 

10. Шүүгдэгч Б.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд давж  заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

 

11. Шүүгдэгч Ж.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Думан” үйлчилгээний төвд хохирогч Б.Г-тай маргалдах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн:   

  • Мөрдөгчөөс “Думан” үйлчилгээний төвд суурилуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичлэгийг хуулбарлаж авсан тэмдэглэл, СД бичлэг /1 дүгээр хавтасны 27-32, 161 дэх тал/,
  • Шинжээч Х.Ерболын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 917 дугаар “Б.Г-ын биед баруун хацраас эрүү хүртэл шалбарсан шарх, цээж, зүүн бугалга, баруун алга, баруун зүүн гуянд тус тус цус хуралт, баруун чихний урд, баруун хуруунуудад зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо; Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн 2-3, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна; Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдА-д нөлөөлөхгүй; Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 15-16 дахь тал/,
  • зөрчлийн хэрэг бүртгэлтийн үед холбогдогч Б.Г-, Ж.А- нарын согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 22, 23 дахь тал/,
  • Шинжээч Х.Ерболын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...иргэн Б.Г-ын биед баруун хацраас эрүү хүртэл шалбарсан шархтай гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин цээж, зүүн бугалга, баруун алга, баруун зүүн гуянд тус тус цус хуралт, баруун чихний урд, баруун хуруунуудад зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 114 дэх тал/
  • гэрч Ш.Нурболатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Тухайн үед А- гэх иргэн надад хэлэхдээ Думан баар дотор иргэн Г-тай хэрэлдэж маргалдсан, түүний дараа Г- намайг цохиж унагаасан гэх зүйл хэлсэн. Г- А- намайг зодсон. Миний нүүр хэсгийг гараараа маажиж гэмтээсэн гэдэг зүйл хэлж байсан. ...Г-ын нүүрний шанаа хэсэг нь урт шалбарсан байдалтай, өмсөж явсан хувцас нь урагдсан байдалтай байсан юм...” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтасны 29 дэх тал/,
  • гэрч Л.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Ямар ч байсан Г-, А- нар хоорондоо зууралдаж, үсдэлцэж авахад хүмүүс салгаж авсан... Тухайн үед манай бааран дотор А-, Г- нараас өөр хоорондоо зодолдсон ямар нэгэн асуудал болоогүй... Намайг байх үеэр А-, Г- нар хоорондоо хэрэлдсэн, зодолдсон асуудал болоогүй...” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтасны 34-35 дахь тал/,  
  • гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Бааран дотор Г-, А- нар хоорондоо хэрэлдээд бие бие рүүгээ гүйгээд байсан. Би тухайн үед тэр хоёрыг салгаж байсан. Харин баарны текний хажууд А- нь Г-тай хэрэлдэж, энэ үеэр А-, Г- нар нэг нэгнийхээ үснээс барилцсан байдалтай байж байсан бөгөөд энэ үеэр би дотор байсан хүмүүстэй цуг салгаж авсан. ...Тухайн үед би баарнаас хүмүүсийг бүгдийг нь гаргаад хаалгыг дотор талаас нь цоожилсон байх үед арын хаалгаар Г- орж ирсэн байсан. Түүнээс биш тэр хаалганы шилийг Г- хагалсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 63-64, 2 дугаар хавтасны 38 дахь тал/,   
  • гэрч С.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн үед Г-, А- нар бие бие рүүгээ дайрах үед А- тэд нарыг болиулах гээд салгаж байхыг нь харсан. Г- А- нар хоорондоо хэрэлдэж зодолдсон асуудал болоогүй. Г- хэлэхдээ “А- намайг бас зодсон, би ч гэсэн гомдолтой байна, миний нүүрийг та өөрөө хараач” гэж хэлж байсан. Энэ үед миний анзаарч харснаар Г-ын шанаа хэсэг нь шалбарсан шархтай байсан. Миний анзаарснаар А-, Г- нар хоорондоо зодолдсон ямар нэгэн зүйл анзаарагдаагүй...” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтасны 25 дахь тал/,  
  • гэрч Д.Гагарины мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн үед би хагарсан хаалгаар Думан баар луу орох үед дотор талд иргэн Г-, А- нар ярилцаад зогсож байсан. ...Г- нь нэлээн согтуу байсан  ба А- гэх эмэгтэй өөрөө намайг бас зодсон, миний нүүрийг маажсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтасны 21 дэх тал/,
  • гэрч Х.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Баар хааж, хүмүүс гарч байх үеэр миний анзаарч харснаар Г-ын нүүрний баруун шанааны доод хэсэгт зүсэгдэж, зурагдаж цус гарсан шарх байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 80 дахь тал/,
  • шинжээч Х.Ерболын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Иргэн Г-ын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь хурц иртэй зүйлээр 2-3, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтасны 114 дэх тал/,  
  • гэрч М.Ай-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд би текин дээр очиж тал тооцоогоо хийчхээд гадаа гараад буцаж эргэж ороод А- дээр очиж “одоо гарцгаая” гэж хэлэхэд А- нь “за тэгье” гэж хэлээд бид хоёр текин дээр очиж үлдсэн тооцоогоо хийхээр зогсож байх үеэр гэнэт хажуугаас Г- орж ирээд А-ыг цохиж, тэр хоёр газарт унасан бөгөөд энэ үеэр хэдэн хүмүүс ирээд Г-, А- нарыг салгаж авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 70-71 дэх тал/,  
  • гэрч С.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Г- А-гийн дээрээс дараад газарт унасан ба бөөн бужигнаан болоод хажууд байсан хүмүүс Г-, А- нарыг салгаад авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 72 дахь тал/,
  • шүүгдэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт “А- баарны тек /касс/-ны дэргэд зогсож байх үед нь би А-гийн үснээс нь хоёр гараараа зуурч хоёулаа  хамт газарт унасан... А- миний доор дээшээ хараад унасан ба би А-ы дээр хөлөөрөө тулсан байдалтай дарж байх үед тэрээр доороос хөлөөрөө миний гуя, өвдөг хэсэгт өшиглөж, гараараа миний нүүрний шанаа хэсэг болон хүзүү хэсэгт маажсан,  хүмүүс биднийг салгаж авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 97, 2 дугаар хавтасны 162 дахь тал/ зэргээр хангалттай тогтоогджээ.

 

            12. Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Ж.А-, Б.Г- нарын дээрх харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргээр зүйлчилсэн нь гэмт хэргийг энэ хуулиар тодорхойлох хууль ёсны зарчимд нийцсэн бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон тул Ж.А-, Б.Г- нарыг тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гэм буруугийн зарчмыг бүрэн хангасан байна.

 

            13. Шүүгдэгч Ж.А-, Б.Г- нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн зүйлд зааснаар шүүгдэгч Ж.А-, Б.Г- нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

14. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

15. Шүүгдэгч Ж.А- нь “... гэрчүүдийг асуух, гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг тогтоолгохоор хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасан байх ба түүний “А- нь Г-ыг зодсон талаар гүйцэд тодорхой шалгагдаагүй” гэх гомдол шинжээчийн дүгнэлт, гэрч Л.Е-, А.А-, С.Ариунболд, Д.Гагарин нарын мэдүүлгээр үгүйсгэгдэнэ, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал хангалттай тогтоогдсон тул “Төлеген гэгчээс гэрчийн мэдүүлэг аваагүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/31 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.А-ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК