| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2018/0070/э |
| Дугаар | 74 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 74
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,
Шүүгдэгч: Д.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогтой Д-ийн П-д холбогдох эрүүгийн 1835000440047 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багт оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОЮ85012810, Б ургийн овогтой Д-ийн П.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.П нь 2017 оны 11 дүгээр сарын 15-аас 18-ны өдрийн хооронд Увс аймгийн Сагил сумын 3-р багийн нутаг дэвсгэрээс хохирогч Н.Н-ын 1 тооны тэмээ хулгайлж 820.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.П-ийг бусдын мал хулгайлах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.П нь 2017 оны 11 дүгээр сарын 15-аас 18-ны өдрийн хооронд Увс аймгийн Сагил сумын 3-р багийн нутаг дэвсгэрээс хохирогч Н.Н-ын 1 тооны тэмээ хулгайлж 820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт /тэмээний арьс / хураан авсан тэмдэглэл, тэмээний арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл,
хохирогч Н.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “ 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна, миний 7 настай шар зүстэй тэмээ гэнэт алга болчихсон юм. Тэгээд хэсэг хугацаанд хайсан боловч олдоогүй юм. Миний алга болсон тэмээ нь манай ахын болон ойр хавийн айлуудын тэмээнүүдтэй хамт бэлчээрт байсан. Гэтэл хэд хоногийн дараа “Хоёр дардаа” дундуур морьтой хүн тэмээ тууж явсан мөр гарсан байна гэж сураг сонсоод ах Д-ын хамт уг газар очиж мөр үзэхэд “Хоёр дардаа” дундуур нэг морьтой хүн нэг тэмээ туугаад Сагилын гүүрний хойд талаар зам хөндлөн гараад Сагил сумын төвийн баруун талаар дээшээ явсан мөр гарсан байсан юм. Тухайн үед цас орчихсон мөр тодорхой гарсан байсан. Ах бид 2 “ энэ тэмээг дээшээ авч явдаг ямар хүн байдаг билээ, арай Д.П миний тэмээг хулгайлж авмааргүй юм. Гэхдээ маргааш очиж уулзая” гэж ярилцаад буцсан. Маргааш нь ах Д-ын хамт П-ийнд очиход эхнэртэйгээ 2-лаа гэртээ байсан. Би П-ийг дагуулж гараад “Найз нь нэг тэмээ хулгайд алдчихлаа. Мөр нь хойшоо гарсан байна” гэж хэлэхэд П “Чиний алдсан тэмээ ямар зүстэй тэмээ юм” гэж надаас асуусан. Би “Миний алдсан тэмээ шар зүстэй тэмээ” гэж хэлэхэд П “Би “Шивэр”-ээс нэг шар зүстэй эр тэмээ хулгайлж ирсэн. Чиний тэмээ гэдгийг би мэдсэнгүй” гэж хэлсэн. Би П-оос “Тэр тэмээ одоо хаана байна” гэж асуухад “Гэрийн гадаа авч ирээд нядлаад хүнсэнд хэрэглэчихсэн, найз нь чамд төлж өгье ” гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа би П уруу утсаар ярьж, “надад мөнгө хэрэгтэй боллоо” гэхэд эхнэрийн дансны дугаар авсан ба удалгүй 1.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Миний хулгайд алдсан тэмээ 7 настай, шар зүстэй, буруу гуяндаа аагт олом тамгатай, эр тэмээ байсан. Д.П миний хохирлыг барагдуулж өгсөн, одоо надад нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэлт байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120-р тал /,
гэрч Н.Д-ын хэрэг бүртгэлтэд өгсөн : “2017 оны 11 дүгээр сарын сүүлчээр миний төрсөн дүү Н-ын нэг тэмээ алга болсон тул эргэн тойрондоо эрж хайсан боловч сураг гараагүй, тэмээ олдоогүй юм. Тэмээгээ хайж хүмүүстэй уулзаж асууж сураглаж явтал манай багийн зарим нэг хүмүүс “Тэмээ туусан морьтой хүн хойшоо гарсан мөр байна” гэж хэлэхээр нь би дүүдээ энэ талаар хэлээд хамт очиж мөр үзэхэд нэг морьтой хүн нэг тэмээ туугаад Сагилын голын гүүрний араар засмал зам хөндлөн гараад Сагил сумын төвийн баруун талаар хойшоо модоо дагаад явчихсан мөр байсан. Тухайн үед цас орчихсон мөр тодорхой харагдаж байсан юм. Тэгээд орой болчихсон тул бид хоёр буцаад гэртээ ирсэн юм. Дүү Н бид хоёр тухайн үед “Энэ мөр яагаад хойшоо явдаг билээ. Энэ тэмээг хэн хулгайлж авсан байх уу. Арай Д-ийн П авсан юм биш байгаа” гэж ярилцсан. Тэгээд маргааш нь Н бид хоёр П-ийн гэрт очиж уулзаад тэмээгээ асуухад П “Чи ямар зүстэй тэмээ алдсан юм” гэж асуухаар нь “Шар зүстэй тэмээгээ хулгайд алдчихлаа” гэж хэлэхэд П дүү Н-ыг “Машинаас буугаад ир” гэсэн. Тэгээд тэр хоёр машинаас буугаад хэсэг уулзаж байгаад буцаж машинд орж ирж суусан. Тэгээд П “Уучлаарай Д ах. Би Н-ын тэмээ байсныг үнэндээ мэдсэнгүй. Би шар зүсний тэмээг “Шивэр”-ээс хулгайлж авч ирээд гэрийн гадаа нядлаад хүнсэндээ хэрэглэчихсэн юм. Одоо төлж өгнө” гэж хэлсэн.. Тэгэхээр нь би “Залуу хүмүүс юм байна, хоорондоо учраа олцгоо” гэж хэлсэн. Намайг тэмээ хайж явах үед П “Шивэр”-д байх хадам аав Б-ийн гэрт ирээд хоноод явсан гэж сонссон, тэмээ туусан мөр хойшоо гарсан байсан тул П-ийг тэмээ хулгайлж авсан байх гэж бодсон. Миний дүү Н-ын тэмээ, манай тэмээ болон ойр хавийн айлуудын тэмээнүүд хоорондоо нийлчихсэн гэрийн ойролцоо бэлчээрт байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
гэрч Б.О-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн : “2017 оны 11 дүгээр сарын сүүлээр байх, өдрийг нь сайн санахгүй байна миний нөхөр Д.П “Аавын адуунаас хээр морио барьж авч ирнэ” гээд мотоциклоо унаад эмээл, хазаараа аваад явсан юм. Тэгээд “Шивэр” ороод 1 хоноод маргааш шөнө нь гэртээ ирсэн юм. Маргааш нь би гол руу ороод ус авч явахад модон дотор нэг тэмээ дуугарахаар нь гэрт ирээд нөхрөөсөө “Модон дотор тэмээ байх шиг байна. Ямар тэмээ байдаг билээ” гэж асуухад П “Би “Шивэр”-ээс нэг тэмээ хүнсэндээ хэрэглэх гэж авч ирсэн” гэж хэлсэн юм. Тэгээд нөгөө тэмээг гэрийн гадна хэд хоног байлгаж байгаад гэрийн гадна нядалж хүнсэндээ хэрэглэсэн юм. Хэд хоногийн дараа манай гэрт манай сумын 3 дугаар багийн харъяат Н, төрсөн ах Д-ын хамт ирээд П-ийг дагуулаад гарсан. Гадаа хэсэг байж байгаад П болон Н, Д нар орж ирэхээр нь би тэр хоёр хүнд хоол, цай хийж өгсөн. Тэд хоол, цай идэж уугаад явах болоход нөхөр П тэр хоёр хүнтэй хамт яваад маргааш орой нь гэртээ ирсэн юм. Би П гэртээ ирэхээр нь “Энэ хоёр хүн ямар ажлаар манай гэрт ирсэн бэ” гэж асуухад “Миний авч ирсэн тэмээ Н-ын тэмээ байсан байна. Би тэдний тэмээ гэж мэдэлгүй аваад ирсэн байна. Н намайг тэмээ төлж өг гэж хэллээ. Тэмээг нь төлж өгөхөөс” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би нөхрөө загнаж “Чи ямар учиртай тэмээ авч ирсэн юм бэ” гэж хэлэхэд тухайн үед авч ирсэн тэмээг хулгайлж авч ирсэн талаар надад хэлсэн. Урьд нь би тэр тэмээг хүнээс авсан юм байх гэж бодоод ямар нэгэн зүйл асуугаагүй юм. Тэгээд хэд хоногийн дараа Н утсаар яриад “Нөгөө тэмээний мөнгө хурдан явуулчих, мөнгөний хэрэг гараад байна” гэхээр нь Н-ын эхнэрийн данс руу 1 сая төгрөг шилжүүлсэн юм. П-ийн авч ирж хүнсэндээ хэрэглэсэн тэмээ шар зүстэй, эр тэмээ байсан. Тухайн үед им, тамгыг нь анзаарч хараагүй. Тэмээг нөхөр П болон Ч нар гэрийн гадна нядалж, би гэдэс дотрыг нь цэвэрлэсэн, өөр хүн байгаагүй юм. Тэмээний махыг манайх өөрсдөө хүнсэндээ идээд бараг дууссан. Ширийг нь Улаангомд хадам аавын амбаарт хүргэсэн байх. Толгой, тавх хоёрыг нь манай нохой идчихсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
гэрч З.Б-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн : “2017 оны 11 дүгээр сарын 20-оос хойш байх, өдрийг нь сайн санахгүй байна П өөрийнхөө дугаараас над руу залгаж “ манайд ирээд нэг тэмээ нядлалцаад өгөөч” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “Хонь хариулдаг хүн байхгүй, завгүй” гэж хэлээд очоогүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
гэрч Д.Г-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн : “Би энэ жил өөрийн малаа Д гэх айлын малд тавьж өвөлжүүлж байгаа юм. 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр байх өдрийг нь сайн санахгүй байна, би П-ийн гэрт хувцсаа солихоор очсон юм. Тэр үед П ах надад “Манайх хүнсээ гаргах гэсэн юм. Ашгүй чи хүрээд ирлээ. Маргааш хоёулаа манай хүнс гаргана” гэж хэлсэн юм. Тэгээд маргааш нь П ах бид хоёр нэг тэмээ гаргаж, эгч О гэдэс дотрыг нь цэвэрлэсэн. Би П ахад тэмээг нь гаргалцаж өгчихөөд мал руугаа явчихсан юм. Уг тэмээг П ахын гэрийн гадна П ах бид хоёр гаргасан бөгөөд өөр хүн байгаагүй. Би хулгайн тэмээ гэж мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
шүүгдэгч Д.П-ийн хэрэг бүртгэлэтэд өгсөн : “...2017 оны 11 сарын 15-ны өдөр гэрээсээ эмээл, хазаараа аваад мотоциклтойгоо “Шивэр” ороод багийн төвийн байран дээр ирээд Б-ийн машинд мотоциклоо ачиж гэр лүү явуулчхаад эмээл, хазаараа аваад хадам ах Ц-ын гэрт очиж хоносон юм. Маргааш өглөө нь би хээр морио унаад 10 цагт тэднийхээс гэрлүүгээ явсан юм. Гэрлүү явах замд “Шивэр”-ийн захад буюу “Дардаа” гэх газар 3 тэмээ таарахаар нь буруу гуяндаа аагтай олом тамгатай, шар зүсний, эр атан тэмээг нөгөө хоёр тэмээнээс нь салгаад дээшээ хөөгөөд усны эрэг лүү шахаж байгаад барьж аваад хөтлөөд сумын төв тал руу явсан юм. Тухайн үед харанхуй, будантай байсан юм. Тэгээд тэмээгээ хөтөлж яваад Сагил сумын баруун талын модон дотор тэмээгээ уяад морио хэсэг амрааж байгаад шөнө болохоор нь тэмээгээ хөтлөөд гэртээ харьсан юм. Тэгээд 4 хоногийн дараа би найз Б-тай утсаар яриад “манайд ирээд хүнсний нэг мал гаргалцаад өгөөч” гэж хэлэхэд Б “Малд явах хүн байхгүй, би ганцаараа байна” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь манай мал хариулдаг миний төрсөн эгчийн хүү Ч-ийн хамт нөгөө тэмээг гэрийнхээ гадна нядалж, эхнэр О гэдэс, дотрыг нь цэвэрлэж, уг тэмээг би хүнсэндээ хэрэглэсэн юм. Тэгтэл хэд хоногийн дараа манай сумын 3-р багийн харъяат Н, төрсөн ах Д-гийн хамт манай гэрт ирээд намайг “Гадаа гарч уулзъя” гэхээр нь гадаа гараад машинд суугаад гэрээс холхон яваад зогсоод уулзсан юм. Н надад “Найз нь нэг тэмээ хулгайд алдлаа. Мөрийг нь мөшгөөд явсан чинь танайх руу мөр нь ороод ирлээ. Чи хулгайлж авсан юм биш үү” гэхэд нь би “Чиний тэмээ ямар зүсний тэмээ байсан юм бэ” гэхэд “Шар зүстэй, буруу гуяндаа аагтай олом тамгатай атан тэмээ байсан” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь “Би “Шивэр”-ээс нэг шар атан тэмээ авч ирж хүнсэндээ идсэн юм. Тэр чиний тэмээ байсан байна. Чиний тэмээ гэдгийг найз нь мэдсэнгүй уучлаарай” гэж хэлэхэд Н “Нэгэнт ийм зүйл болсон юм чинь чи миний хохирлыг барагдуулж өг” гэж хэлэхэд нь би “Тэгнэ, би чамайг ямар ч хохиролгүй болгож өгнө” гэж хэлсэн юм. Тэгээд Н “Гэрт очиж эхнэрээс уучлалт гуй” гэж хэлэхээр нь би тэр хоёртой хамт “Шивэр” орж эхнэр Б-ээс нь “Танай тэмээ байсныг мэдсэнгүй, найзыгаа уучлаарай” гэж хэлэхэд Б намайг “ Чи найз нөхөд гээд орж гараад явдаг байж, яагаад манай малыг хулгайлж авдаг юм ” гэж хэлээд загнасан юм. Хэд хоногийн дараа Н надтай утсаар яриад “Ахын хүүхдийн бие нь муудлаа. Мөнгө хэрэгтэй боллоо. Нөгөө мөнгөө хурдан өгмөөр байна” гэхээр нь би аавын хамаатан Дуламжав гэх хүнээс 1 сая төгрөг зээлээр авч Н-ын эхнэр Б-ийн данс руу шилжүүлсэн юм. Би Ч-т тэмээ хулгайлж авч ирсэн талаар хэлээгүй бөгөөд “Хүнсэндээ нэг тэмээ авч ирсэн юм. Тэмээ алалцаад өгөөч” гэж л хэлсэн юм. Уг тэмээний махыг нь манайх хүнсэндээ хэрэглээд дууссан. Харин тавхайг нь манай нохой идчихсэн юм. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Найз Н-ын тэмээг хулгайлсандаа санаа зовж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.П нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд хохирогч Н.Н-ын өмчлөлийн 1 тооны тэмээ хулгайлсан нь нотлогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.П-ийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.П-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н-д 820.000 төгрөгийн хохирол учирсан нь хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд авагдсан “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн тэмээний зах зээлийн үнэлгээ тогтоосон дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Д.П нь хохирогч Н.Н-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон 1.000.000 төгрөг өгсөн, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтад мэдүүлж, тодорхойлолт /нотариатчаар гэрчлүүлсэн/ гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Д.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.П нь бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.П Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар үхэр нэгийг хурааж, 4 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн, мөн Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 хоног хорих ялаар шийтгүүлснийг Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 43 дугаар магадлалаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсаныг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар буюу хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь тус тус хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбарууд, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байгааг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Д.П нь бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.П-ийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хээр зүсмийн 5 настай, 600.000 төгрөгийн үнэ бүхий морь 1 ширхэг, 40.000 төгрөгийн үнэ бүхий эмээл 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэ бүхий хазаар 1 ширхэг, 10.000 төгрөгийн үнэ бүхий ногт 1 ширхэг, 6.000 төгрөгийн үнэ бүхий тохом 1 ширхэгийг тус тус хурааж улсын төсөвд оруулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.П-ийн хулгайлсан тэмээний арьс /шир/-ийг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан болох нь хэрэгт авагдсан эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хураан авсан тэмдэглэлээр нотлогдож байх бөгөөд тухайн арьс /шир/ нь өмхийрч муудсан /зарж борлуулах болон ашиглах боломжгүй/ нь шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримт шинжлэн судлах явцад тогтоогдсон /улсын яллагч арьсыг устгах санал гаргасан/ тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б ургийн овогтой Д-ийн П-ийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.П-д дөрвөн зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.П нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.П-ийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хээр зүсмийн 5 настай, 600.000 төгрөгийн үнэ бүхий морь 1, 40.000 төгрөгийн үнэ бүхий эмээл 1 ширхэг, 20.000 төгрөгийг үнэ бүхий хазаар 1 ширхэг, 10.000 төгрөгийн үнэ бүхий ногт 1 ширхэг, 6.000 төгрөгийн үнэ бүхий эсгий тохом 1 ширхэгийг тус тус хурааж улсын төсөвд шилжүүлж, тэмээний арьс /шир/ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.П-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН