Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 124/ШШ2025/0040

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г С” ТББ , ..................................... багт байрших,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан

“Увс аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/148 дүгээр захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн өдрийн А/149 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Г С” ТББ-аас Увс аймгийн Засаг даргад холбогдуулан  Увс аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/148, А/149 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Увс аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/148, А/149 дүгээр захирамжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилж, мөн дахин  “Увс аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/148 дүгээр захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, А/149 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

2. Нэхэмжлэгч “Г С” ТББ-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:” “Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.Татгалзлын үр дагаврыг бүхэлд нь ойлгож байгаа болно” гэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан хүсэлтийг дэмжиж байна. Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

4.Нэхэмжлэгч Д.Х шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Д овогтой Х миний бие 10 дугаар сарын 15-ыг дуустал ан агнуурын үйл ажиллагаа зохион байгуулах ажилтай бөгөөд шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул өмгөөлөгч С.А-ийг оролцуулан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-аас “ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзалтай танилцсан. Нэгэнт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан тул хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “Г С” ТББ нь шүүхэд “Увс аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/148 дүгээр захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, А/149 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

2. Увс аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/148 дугаар захирамжаар аймгийн Засаг дарга болон “Г С” ТББ-ын хоорондын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хамтран ажиллах гэрээг илт хууль бусад тооцож, мөн өдрийн А/149 дугаар захирамжаар аймгийн Засаг дарга, “Г С” ТББ-ын хоорондын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн гэрээг сунгах шаардлагагүй гэж дүгнэж дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

Аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А/186 дугаартай захирамжаар Увс аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/148 дугаартай захирамжийг хүчингүй болгосон.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч “Г С” ТББ нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлэн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар тайлбар ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 109 дүгээр зйлийн 109.1, 111.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г С” ТББ-ын Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/148 дүгээр захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, А/149 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, Увс аймгийн Засаг даргад холбогдох 124/2025/0018/з индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.АЛТАНЦЭЦЭГ