Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 212/МА2021/00047

 

К.Н-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2021/00411 дүгээр шийдвэртэй, Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Ботахара харажан овогт Керейн Н-гийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Шилжүүлэх ажиллуулах тухай Б/11 дугаар тушаал, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/11 дугаар тушаал, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Ажилд томилох тухай Б17 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, тус төвийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлд: “К.Н миний бие Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 115 дугаар тушаалаар математикийн багшийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сараас эхэлж дотуур байрны багшаар ажиллаж байсан. Гэтэл ажил олгогч 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлэн ажиллуулах тухай Б/11 дугаар тушаал гэнэт танилцуулсан. Уг тушаалтай танилцаж үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Байгууллагын дотоод журмын 3.8 дахь хэсэг, 4.1 дэх хэсгүүдийг үндэслэн тус төвийн дотуур байрны багш Керей овогтой Нг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цахим сургалт агуулга,хөгжүүлэлт, сургалтын нөөц хариуцсан ажилтны ажлын байранд шилжүүлэн ажиллуулсугай... гэсэн агуулгатай байсан. Миний бие уг тушаалыг эс зөвшөөрч учир шалтгааныг нь ажил олгогчоос асуухад уг тушаалыг буцааж аваад 7 хоногийн дараа тус төвийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлж,хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/11 дугаар болон 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Ажилд томилох тухай Б/17 дугаар тушаалуудыг зэрэг гардуулсан.Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/11 дугаартай танилцаж үзэхэд ...дотуур байрны багшийн орон тоо цомхотгогдсон тул... гэжээ.Бодит байдал дээр миний ажиллаж байсан дотуур байрны багшийн орон тоог цомхотголд ороогүй,энэ тухай ажил олгогч надад урьдчилж мэдэгдээгүй.Иймд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 01- ний өдрийн Шилжүүлэх ажиллуулах тухай Б/11 дугаар, 2021 оны 02 дугаар сарын 01- ний өдрийн Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/11 дугаар болон 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Ажилд томилох тухай Б17 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ. 

 

Хариуцагчийн тайлбарт: “Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар сургуулийн бүтэц орон тоо батлагдсан. Уг хавсралтаар дотуур байрны багшийн орон тоо 2 болж цомхотгогдсон тул 2021 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр дотуур байрны гурван багш болох Д.Айгүл, Д.Ербол, К.Н нарыг дуудан, хурал хийж энэ талаар албан ёсоор мэдэгдэж,шинэ ажлын байр санал болгож, хоорондоо тохиролцохыг тайлбарласан боловч тэд хоорондоо тохиролцож чадаагүй.Иймд сургалтын албаны менежертэй ярилцаж цахим сургалтын агуулга, хөгжүүлэлт, сургалтын албаны менежертэй ярилцаж цахим сургалтын агуулга, хөгжүүлэлт,сургалтын нөөц хариуцсан ажилтны ажлын байранд хэн ажиллахыг хэлэлцэж, К.Н багшийн өмнө нь ерөнхий эрдмийн багшаар шилжмээр байна гэж удаа гаргаж байсан хүсэлт, жирэмсэн,бага насны хүүхэдтэй гэх шалтгаануудыг нь харгалзан үзэж түүнийг энэхүү албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэн энэ талаар К.Н багшид 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дээрх албан тушаалд шилжин ажиллах болсныг албан ёсоор мэдэгдсэн. Багш К.Нг ажлаас халаагүй, хөдөлмөрийн болон цалингийн нөхцөлийг нь дордуулаагүй.Мөн дотуур байрны багшаар томилогдож хөдөлмөрийн харилцаа үүссэн хугацааг харгалзан үзэж хамгийн сүүлд томилогдсон түүнийг шилжүүлэн ажиллуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2021/00411 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч К.Нгийн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 01- ний өдрийн Шилжүүлэх ажиллуулах тухай Б/11 дугаар тушаал, 2021 оны 02 дугаар сарын 01- ний өдрийн Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/11 дугаар тушаал, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Ажилд томилох тухай Б17 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, тус төвийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаар тушаалын хавсралтын 3 дугаарт Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн орон тооны дээд хязгаар 93 байхаар мөн тушаалын 3 дугаар хавсралтаар “захиргааны удирдлага болон бусад ажилчдын орон тооны жишиг бүтэц”-ийг баталсан ба 17 дугаарт дотуур байрны багш МСҮТөв 2 гэж баталсан байна.

2.Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/11 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Байгууллагын дотоод журмын 3.8 дэх хэсэг, 4.1 дэх хэсгүүдийг үндэслэж төвийн дотуур байрны багш К.Н-г 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цахим сургалт агуулга, хөгжүүлэлт, сургалтын нөөц хариуцсан ажилтны ажлын байранд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Гэтэл хариуцагч Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/11 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38,1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1,1 дэх заалт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаар тушаал, Хөдөлмөрийн дотоод журмын 3.8 дэх хэсэг 9.2.1, Сургуулийн захиргааны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн шийдвэрүүдийг тус тус үндэслэж төвийн дотуур байрны багшийн орон тоо цомтгогдсон тул К.Нг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн байдаг.

3.Хариуцагчийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...дотуур байрны багшийн орон тоо 2 хоёр болж цомхотгогдсон ...К.Н багшид 2021 оны 01 сарын 22-ны өдөр 2021 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн дээрх албан тушаалд шилжин ажиллах болсныг албан ёсоор мэдэгдсэн” гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, ...-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө ...мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ" гэж заасан байна. Улсын Дээд Шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 17-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан “сарын өмнө мэдэгдэх”, ...тухай заалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулна" гэж зохицуулсан байна. Энэ тохиолдолд ажил олгогчоос нэхэмжлэгч К.Нг дотуур байрны багшийн орон тооноос чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчсөн байсан.

4. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвийн захирал И.Ж нь шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбартаа: “...3 дотуур байрны багшийн орон нэгээр цөөрсөн. Миний бие уг орон тоонд эрэгтэй хүн авч ажиллуулах сонирхолтой байсан тул Д.Ерболыг авч үлдэж, нэхэмжлэгч К.Нг өөрийн үзэмжээр дотуур байрны багшийн орон тооноос чөлөөлсөн буюу өөр ажилд шилжүүлсэн” гэсэн агуулгатай тайлбар өгсөн байна. Үүнээс үзэхэд хариуцагч Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан хөдөлмөрийн харилцаанд эрэгтэй, эмэгтэйгээр нь буюу хүйсээр ялгаварлан гадуурхсан буюу бусдад давуу байдал тогтоосон гэж үзэж байна. Нөгөө талаас, нэхэмжлэгч К.Н нь 2014 оноос эхэлж хариуцагч байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ажилтны хувьд дотуур байрны багшаар ажиллаж буй Д.Ерболаас илүү шаардлага хангаж байсан юм. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал болсон гэж үзэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна. 

           

 Нэхэмжлэгч К. Н нь Баян-Өлгий аймаг дахь  Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/11 дугаар, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/11 дугаар, 2021 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн “Ажилд томилох тухай” Б/17 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар сургуулийн бүтэц, орон тоо батлагдсан. Уг хавсралтаар дотуур байрны багшийн орон тоо 2 болж цомхотгогдсон тул 2021 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр дотуур байрны гурван багш болох Д.Айгүл, Д.Ербол, К.Н нарыг дуудан, хурал хийж энэ талаар албан ёсоор мэдэгдэж, шинэ ажлын байр санал болгож, хоорондоо тохиролцохыг  тайлбарласан боловч тохиролцож чадаагүй. Иймд сургалтын албаны менежертэй ярилцаж цахим сургалтын агуулга, хөгжүүлэлт, сургалтын нөөц хариуцсан ажилтны ажлын байранд хэн ажиллахыг хэлэлцэж, К.Н багшийн өмнө нь ерөнхий эрдмийн багшаар шилжмээр байна гэж удаа дараа гаргаж байсан хүсэлт, жирэмсэн, бага насны хүүхэдтэй гэх шалтгаануудыг нь харгалзан үзэж түүнийг шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэн энэ талаар К.Н багшид 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн. Багш К.Нг ажлаас халаагүй, хөдөлмөрийн болон цалингийн нөхцөлийг нь дордуулаагүй. Дотуур байрны багшийн ажилд томилогдсон он, сар, өдрийн дарааллыг харгалзан үзсэн.  Нэгэнт тус төвийн дотуур байрны багшийн орон тоо 2 болж цөөрч хасагдсан тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж тайлбарлан шүүхэд мэтгэлцжээ.

               

Нэхэмжлэгч К.Н-г Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1,, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаар тушаал, Хөдөлмөрийн дотоод журмын 3.8, 9.2.1, Сургуулийн захиргааны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрүүдийг  тус тус үндэслэн тус төвийн дотуур байрны багшийн орон тоо цомтгогдсон тул 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж,  2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар К.Нг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цахим сургалт агуулга, хөгжүүлэлт, сургалтын нөөц хариуцсан ажилтнаар томилсон үйл баримт тогтоогджээ.

 

Ажил олгогч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь нэхэмжлэгч К.Н-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан орон тоо хасагдсан үндэслэлээр тус төвийн дотуур байрны багшийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, шинээр бий болсон цахим сургалт агуулга, хөгжүүлэлт, сургалтын нөөц хариуцсан ажилтнаар томилсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад нийцсэн байна.

           

            Хариуцагчийн татгалзлын үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаар тушаалын 3 дугаар хавсралт, зохигчийн тайлбар зэрэгт үндэслэгдсэн байх тул анхан шатны шүүхийн дээрх агуулга бүхий дүгнэлт үндэслэлтэй.            

           

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, ...-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө...мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан байхад хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай урьдчилж мэдэгдээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн, Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, ажилтны урьд ажиллаж байсан орон тоо хасагдсан таларх хийсэн дүгнэлт үндэслэлтэй, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүх Хөдөлмөрийн тухай тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

               

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2021/00411 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                       

                                                                                              Д.КӨБЕШ