2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/03137

 

 

 

 

 

2025 04 21 192/ШШ2025/03137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ***-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг хангуулж, 69,943,781.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ***нь ***т холбогдуулан гэрээний үүрэг хангуулж, 69,943,781.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг хангуулж, суралцсан хугацааны нийт зардал 20,687 (хорин мянга зургаан зуун наян долоо) ам.доллар буюу 69,943,781.35 (жаран есөн сая есөн зуун дөчин гурван мянга долоон зуун наян нэг зууны гучин тав) төгрөгийг ****т буцаан төлүүлэх. Монгол банкны 2024 оны 2 дугаар улирлын хаалтын ханш 3,381.05-aap хөрвүүлж тооцов. Нэхэмжлэлийн үндэслэл: Тус газар нь иргэн ***г Оросын Холбооны Улсын Москва хотын "МАДИ" авто замын улсын их сургуульд "Аэродромын зураг төслийн инженер" мэргэжлээр 2 жил суралцуулахаар сургалтын гэрээг 2010 оны 10 дугээр сарын 10-ны өдөр, мөн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулан тус тус байгуулсан. ****нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж холбогдох бүх зардлыг буюу гэрээний үүргийн хугацаанд нийт 20,687 (хорин мянга зургаан зуун наян долоо) ам.долларыг шилжүүлэн суралцуулсан байна. Гэвч *** нь өнөөдрийг хүртэл сургууль төгссөнийг нотлох баримтыг ирүүлээгүй байгаа тул сургалтын гэрээний 3.9 дэх "Сургууль төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллана. Энэ заалтыг биелүүлээгүй нехцелд суралцсан хугацааны нийт зардлыг ***-т буцаан төлж, байгууллагыг хохиролгүй болгоно" гэж заасны дагуу гэрээний үүргийг хангуулж, суралцсан хугацааны нийт зардлыг буцаан төлүүлж өгнө үү Мен Авлигатай тэмцэх газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/7902 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Зөвлөмж 4-т "Сургалтын гэрээний үүргийг хангаагүй, сургуулиа төгсөөгүй суралцагчдаар төлбөрийг эргэн төлүүлэх, сургалтын болон барьцаа гэрээний үүргийг хангуулах" гэж заасны дагуу ***т ****аас 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №2018/06 дугаар албан бичгээр гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, эсвэл суралцсан хугацааны нийт зардал 81,091 (наян нэгэн мянга ерэн нэг) ам долларыг буцаан төлж барагдуулан, байгууллагыг хохиролгүй болгох арга хэмжээ авах талаар 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 51, дугаартай мэдэгдэх хуудсаар өөрт нь мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй тул ийнхүү шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна.***нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, төсвийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 заалтыг үндэслэн Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *** нь Москва хотын авто замын дээд сургуульд магистрт суралцахаар 2011 онд анх явсан. 2013 онд төгсөх байсан боловч төрсөн ахын бие муу байсан учраас бүх хичээлээ үзэж дуусгаад диплом хамгаалалтын үеэр чөлөө авч нутаг буцсан. Мөн буцаж очиж суралцах гэсэн боловч магистрын хичээлийн программд нэмэлт 2 хичээл үзэж байж төгсөнө гэсэн учир 2 хичээлээ үзэж төгсөхөөр * өргөдөл бичсэн. 2015 онд ***аас зөвшөөрөгдсөн сургалтын нэмэлт гэрээ батлагдсан. Мөн 2015 онд шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдсан Япон улс руу суралцах нэрс миний нэр орсон байсан учраас 2016 оны 2 сард Япон улс руу 14 хоногийн сургалтад сууж ирсэн. Миний хувьп Москва хот руу явж суралцах байсан боловч шинэ нисэх буудлын төслийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн учраас тасралтгүй ажиллах мэргэжлийн хүн хэрэгтэй гэсэн шалтгааны улмаас намайг явуулаагүй. Ийм учраас диплом хамгаалж чадаагүй. Хэрвээ цаашид суралцах шаардлагатай гэвэл миний бие үргэлжлүүлэн суралцахад бэлэн байна. гэжээ.

Нэхэмжлэгч талаас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ***ын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2018/06 дугаар мэдэгдэх хуудсын хуулбар, 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ***ын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээний хуулбар, ***ын даргын байгууллагын зардлаар суралцуулах тухай тушаалын хуулбар, ***ын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/843 дугаар албан бичгийн хуулбар, ****ын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/98 дугаар сургалтын гэрээ сунгах тухай тушаалын хуулбар, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ***ын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулбар, 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02/04 дугаар ***ын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар, Өргөдөл гомдлын хяналтын картын хуулбар, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ***ийн өргөдлийн хуулбар, ***ын 20024 оы 03 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэх хуудасны хуулбар, ***ны 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн гадаад шилжүүлгийн даалгаврын хуулбар, ****ын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дансаархи өглөгийн ваучерын хуулбар,***ны гадаад гуйвуулгын даалгаврын хуулбар, Захиргаа, хүний нөөц, хэвлэл, мэдээллийн хэлтсийн менежерийн албан бичгийн хуулбар, 2023 оны Зам, тээврийн салбарын тэтгэлэгээр суралцагчтай байгуулах гэрээний хуулбар, ***ын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2018/06 дугаар мэдэгдэх хуудсын хуулбар, авлагын дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар, 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн өргөдөл гомдлын бүртгэлиййн картын хуулбар, 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ***ийн хүсэлтийн хуулбар, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн өргөдөл гомдлын хяналтын картын хуулбар, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ***ийн хүсэлтийн хуулбар, 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаар өргөдөл гомдлын бүртгэлийн картын хуулбар, 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ***ийн өргөдлийн хуулбар, ***ын өргөдөл гомдолд хариу өгөх хуудсын хуулбар, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ***ын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/447 дугаар тодорхойлолт хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар зэрэг баримтыг гаргаж өгөв.

Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хариу тайлбар, 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн магистрын хөтөлбөрийн хуулбар, магистрантын ажлын төлөвлөгөөний хуулбар, ***оны **дугаар сарын **ны өдрийн *** дугаар бакалаврын дипломын хуулбар, хавсралтын хуулбарын хамт, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ****хуулбар, ***ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтыг гаргаж өгөв.

Шүүх нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчийн ажил эрхлэлтийн талаарх тодорхойлолтыг гаргуулав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***т холбогдуулан сургалтын гэрээний төлбөрт 69,943,781.35 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдлоо:

3.1. Хариуцагч *** нь нэхэмжлэгч ***т 2007 онд жижүүрээр ажилд орон, 2011 оны 09 сарын 21-нд аэродромын мэргэжилтнээр ажиллаж байсан (хэргийн 100 дахь тал).

3.2. Нэхэмжлэгч **** болон хариуцагч **** нар нь **** "МАДИ" авто замын улсын их сургуульд "Аэродромын зураг төслийн инженер" мэргэжлээр 2 жил суралцуулахаар сургалтын гэрээг 2010 оны 10 дугээр сарын 10-ны өдөр байгуулсан байна. Тус гэрээнд 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулан, суралцах хугацааг 2015 оны 09 сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар сунгажээ (хэргийн 6-8, 13 дахь тал).

3.3. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн сургалтын зардалд 20,687 ам.долларыг төлсөн (зохигчдын тайлбар, 24-27 дахь тал).

3.4. Хариуцагч нь Оросын Холбооны Улсын Москва хотын "МАДИ" авто замын их сургуулийг төгсөж, магистрын гэрчилгээгээ авч чадаагүй. Харин сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлд хамрагдсан үнэлгээг авч байсан байна (53-54 дэхь тал, зохигчдын тайлбар). Уг үйл баримт дээр талууд маргаагүй.

3.5. Хариуцагч 2012 оны 12 сард төрсөн ахын эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн сургуулиас чөлөө авах хүсэлтээ өгсөн байх ба нэхэмжлэгч тус чөлөө олгох хүсэлтийг дэмжсэн (хэргийн 52 дахь тал).

3.6. Хариуцагч нь 2019 оны 11 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газраас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна (хэргийн 101 дэхь тал).

4. Нэхэмжлэгч нь Сургалтын гэрээний дагуу хариуцагч нь сургуулиа төгсөж чадаагүй, дипломоо аваагүй, 2019 оноос хойш суралцаад төгсөх боломжтой байсан учраас гэрээний дагуу төлсөн сургалтын зардлаа буцаан гаргуулна гэж тайлбарласан бол хариуцагч сургалтын программыг бүрэн дүүргэсэн, үргэлжлүүлэн суралцах байсан боловч нэхэмжлэгч байгууллагын томилолтоор Япон улсад ажиллах болсон гэж маргав.

5.Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 73 дугаар зүйлийн 73.4-т хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө гэж заажээ. 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д талууд гэрээнд энэ хуулийн 21.1-д заасан гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болно гэж заасан. Зохигчид нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаар холбогдсон этгээдүүд байх ба нэхэмжлэгч талаас хариуцагчийг өөрийн зардлаар суралцуулах, хариуцагч нэхэмжлэгч байгууллагад 5-аас доошгүй жил тогтвортой ажиллах үүрэг хүлээсэн байна. Талуудын хооронд байгуулагдсан Сургалтын гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасан бусад нөхцөлүүдэд хамаарах ба 1999 онд батлагдсан хууль хүчин төгөлдөр үйлчлэх үед хийгдсэн гэрээ ажээ.

6. Сургалтын гэрээний 3.6-д сургууль төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай 5-аас доошгүй жил ажиллана, мөн гэрээний 3.7-д суралцагч сургалтын программыг биелүүлж чадаагүй, ... өөрийн буруугаас цаашид суралцах эрхгүй болсон нөхцөлд суралцах хугацааны нийт зардлыг ... 6 сарын дотор өөрөө болон суралцагчийн ар гэр хариуцан ***-т төлнө гэж заажээ. Шүүх Сургалтын гэрээнд заасан сургалтын төлбөрийг буцаан гаргуулах нөхцөл үүсээгүй, нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэлээ. Учир нь:

6.1. Хариуцагч нэхэмжлэгчтэй тохиролцсоны дагуу 2015 оны 09 сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар сургалтын гэрээний хугацааг сунгаж, суралцахаар болсон. Гэвч тухайн жилд хариуцагч ***улс руу суралцах ажилтнуудын нэрсийн жагсаалтад багтаж, **** олон улсын нисэх буудалд ажилласан, тэнд 2016 оны 2 сард сургалтын хөтөлбөрт хамрагдсан байна. Ийнхүү Сургалтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу тохиролцсон хугацаанд хариуцагч нь Япон улсад ажиллаж, сургалтад хамрагдахдаа нэхэмжлэгчийн зөвшөөрлийг авч, түүний томилгоогоор явсан нь зохигчдын тайлбар, ***ын 2025 оны 03 сарын 24-ний өдрийн хариуцагчийн ажил эрхлэлтийн тодорхойлолт, 2016 оны 02 сарын 26-ны өдрийн ***олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ***олон улсын нисэх буудлын* корпораци дахь нисэх буудлын байгууламжийн хамтран бүтээх хөтөлбөрийг дүүргэсэн ***нотлогдож байна (хэргийн 89, 100-101 дахь тал). Ажил олгогчийн томилолт, заавраар өөр улсад ажил үүргээ гүйцэтгэсэн нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй.

6.2. Сургалтын гэрээний 1.2 болон 3.7-д заасан сургалтын зардлыг төлж, суралцуулах нь нэхэмжлэгч байгууллагад 5-аас доошгүй жил тогтвортой ажиллуулах зорилготой байна. Хариуцагч нь 2013-2019 он хүртэл тасралтгүй нэхэмжлэгч ***т ажилласан болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, зохигчдын тайлбараар нотлогдож байх тул хариуцагч ***гэрээнд заасан 5-аас доошгүй жил ажиллах үүргээ биелүүлсэн байна. Ийм нөхцөлд Сургалтын гэрээний зорилго биелэгдсэн, өөрөө хэлбэл нэхэмжлэгч байгууллага хариуцагчийн сургалтын зардлыг төлснийхөө хариуд үр шимийг нь хүртсэн гэж үзнэ.

6.3. Зохигч талууд Сургалтын гэрээний хугацааг 2015 оны 09 сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан. Уг хугацаа дуусгавар болсон, талууд дахин Сургалтын гэрээний хугацааг сунгаагүй, үргэлжлүүлээгүй. Хугацаа дууссанаар хариуцагчийн сургалтад хамрагдах үүрэг дуусгавар болсон тул хариуцагч ажлаас гарсан буюу 2019 оны 11 сарын 01 хүртэл Москва хотын "***" авто замын улсын их сургуульд суралцах боломжтой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

6.4. Эцэст нь Сургалтын гэрээ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаар холбогдсон этгээдүүдийн хооронд байгуулагдсан хоёр талт гэрээ байх ба нэхэмжлэгч сургуулиа төгсөх, сургалтандаа хамрагдах боломж нөхцөлийг хариуцагчид бүрдүүлж, энэ талаараа шаардлагаа тавих боломжтой байхад хариуцагчийг өөрийн байгууллагадаа аэродромын инженерээр ажиллуулсаар байжээ. Ажил олгогч хариуцагчийн ажлаа хийсэн үр дүнг хүлээн авч, хүлээн зөвшөөрч байсан атлаа суралцаж, дипломоо авах ёстой байсан гэж буруутгах нь зохисгүй.

6.5. Иймд Сургалтын гэрээний 3.6, 3.7-д заасан сургалтын төлбөрийг хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна.

7. Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийн хариуцагчаас 69,943,781.35 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д зааснаар нэхэмжлэгч ***ын хариуцагч ***с сургалтын гэрээний төлбөрт 69,943,781.35 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ