| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2021/0297/И |
| Дугаар | 212/МА2021/00055 |
| Огноо | 2021-06-25 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 212/МА2021/00055
С.Г-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 130/ШШ2021/00497 дугаар шийдвэртэй, С.Г-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Даулетжан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Малик, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч байгууллаГ-ын өмгөөлөгч С.Алтай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай С.Г-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 01, 02 дугаар саруудын цалин болох 1084748 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлд: “Миний бие С.Г шүүхэд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль /захирал Т.Муратбек/-д холбогдуулан Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн С.Г-ыг ажлаас чөлөөлөх тухай А/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 01, 02 дугаар саруудын цалин болох 1084748 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна. Миний нөхөр болох Н.С нь тус сургуулийн галчийн ажилд 2015 онд ажилд орсон ба 2019 оны 9 дүгээр сараас эхэлж эмчилгээ хийлгэх болж тодорхой бус хугацаагаар чөлөө авсан бөгөөд оронд нь би томилогдон ажиллахаар болсон нөхөр Н.С нь Улаанбаатар хотод очиж биеэ үзүүлэхэд нурууны ясны сүрьеэ гэсэн онош гарч хагалгаанд орж дэглэм сахиж байгаа. Өөрөөр хэлбэл нөхөр Сын эмчилгээ дуусаагүй байгаа болно. Энэ хугацаанд ажил олгогчоос нөхөр Н.С-ыг ажлаас гаргаж оронд нь өөр хүн авна гэж хэлдэг байсан болохыг ажлын хамт олноос түүнчлэн хүмүүсээс олж сонсож байсан. Би тэр цуурхалд ач холбогдол өгөлгүй эмэгтэй хүн байсан ч гэсэн ажлаа гололгүй чинь санаагаар үнэнчээр хийдэг байсан. 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр цалин буугаагүй. Цалин яагаад буухгүй шалтгааныг ажлын хамт олноос асуухад төсөвт жил дөнгөж эхэлж байгаа төрийн сан нээгээгүй учраас цалин буухгүй байгаа юм шиг байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь миний бие хүлээцтэй хандаж 2021 оны 02 дугаар сарын сүүл хүртэл хүлээсэн. Гэвч 1 ба 2 дугаар цалин буугаагүй байсан. Тэгэхээр нь миний бие бусад ажилчдаас цалин хөлсөө авсан эсэхийг асуухад 2 сарын цалин аль дээр буучихсан тухай хэлж байсан. Тэгээд би цалин гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Гэтэл хариуцагч бодит байдлыг илт гуйвуулж шүүхэд хариуцагчаар дуудагдсаны дараа зарим нотлох баримтуудыг нөхөж бүрдүүлж дээрх байдлаар Н.С ажилдаа орох хүсэлт гаргасан мэтээр нөгөө талаас би гэдэг хүн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан мэтээр худал тушаал гаргаж шүүхийг төөрөгдүүлэхийг завдсан байна. Нөхөр Н.С-ын эмчилгээ дуусаагүй тул энэ ажлыг үргэлжлүүлэн хийх бололцоогүй байгаа. Иймд хариуцагчийн нууцаар гаргасан бидэнд мэдэгдэж харуулж байгаагүй 2021 оны А/01 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй тул хүчингүй болгуулах хүсэлттэй байна. Иймд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн С.Г-ыг ажлаас чөлөөлөх тухай А/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 1 дүгээр сар, 2 дугаар саруудын цалин болох 1084748 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна” гэжээ.
Хариуцагч байгууллаГ-ын тайлбарт: “С.Г-ын нэхэмжлэлтэй танилцаад тайлбарыг гаргаж байна. Манай сургууль нь 5 дугаар ангийн боловсрол олгодог, 24 тооны багш ажилчидтай нийт 7-8 өрөө бүхий сургалтын байртай цомхон бага сургууль юм. Сургууль маань Сагсай сумын Даян гэх газарт байршилтай бөгөөд тэндхийн оршин суугч иргэд болон хилийн албаны ажилтнуудын хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгодог. Манай сургуульд зуухыг ээлжлээд галлаж ажилладаг ба 3 галч ажилладаг. Түүний нэг нь Н.С юм. Манай сургуулийн нэг галч Н.С нь галчаар ажиллаж байх үеэс бие нь өвчтэй байсан бөгөөд ихэнхдээ хүүхдүүд, эхнэрээ дагуулж ирж нийлж гал түлдэг, нүүрс буулгадаг, нүүрс буталж мод бэлтгэн гал түлж харагддаг бөгөөд би сургуулийн уурын зуухны галлахад ямар нэгэн зөрчил гардаггүй болохоор мэдээгүй царайлж хэл ам, асуудал үүсгэдэггүй байсан. Харин энэ байдлаа өөрөө илчилж Н.С нь миний өрөөнд 2019 оны 09 дугаар сарын 01-ний өдөр хичээл эхлэхэд ирээд өөрийнхөө өвчтэй байдлаа хэлж Улаанбаатар хот явж өвчний шинжилгээ хийлгэх, оношилгоогоо гаргуулах шаардлагатай байгаагаа ярьж ажлаас хэдэн сарын хугацаагаар цалингүй чөлөө өгөхийг хүссэн юм. Мөн ар гэрийн гачигдалтай байдлаа танилцуулж намайг иртэл түр хугацаагаар галчаар эхнэр болох С.Г-ыг ажиллуулж байхыг гуйсан. Би галч Н.Сын биеийн байдал, ар гэрийн гачигдалтай амьдрал, аргагүй байдлаар гуйсан гуйлтыг нь үндэслэн өрөвдөж хугацааг нь тодорхой дурдалгүй 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр А/11 дугаартай тушаалаар галч ажилтай Н.С-ад эмчилгээний чөлөө олгож түүний оронд С.Г-ыг 2019 оны 09 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн сургуулийн галчаар түр хугацаагаар ажиллуулсан юм. Мөн түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ хийсэн юм. Улаанбаатар хотод явж оношилгоо, шинжилгээ хийлгэж байхдаа Н.С нь надтай хэд хэдэн удаа гар утсаараа залгаж ярилцаад биеийн байдлаа хэлж оношилгоо гаргуулж бас эмчлүүлж байгаагаа ярьж эхнэрийг минь түр ч гэсэн галчаар авч ажиллуулж амьдралд минь тусалж байсанд талархаж байна гэж хэлж байсан ба намайг очтол С.Г-ыг галчаар түр ажиллуулж байхыг хүссэнээр би мөн өвчтэй байдал гэр бүлийн амьдралыг нь бодож, хүнлэг талаас нь хандаж түүний гуйлтыг хүлээн авч С.Г-ыг сургуулийн галчаар түр ажиллуулж байсан. С.Г-ыг хүнд хүчир ажил хийж чаддаггүйг нь өөрт нь хэд хэдэн удаа хэлж болих эсэхийг лавлахад хүүхдүүдээ авч ирж туслуулж байсан тул би дуугүй өнгөрсөн. Уул нь Монгол улсын Эрүүл мэнд, Нийгмийн Хамгааллын Сайдын 1999 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/209 дугаартай тушаалаар Эмэгтэй хүн ажиллахыг хориглосон ажлын байрны 12 жагсаалт-ын 12 дугаарт ... бүх төрлийн уурын зууханд галчаар ажиллахыг хориглосон бөгөөд би энэ заалтыг би зөрчиж байж сургуулийнхаа өвчтэй, ар гэрийн гачигдалтай ажилтан Н.С-ын ахуй амьдралыг бодож эхнэр С.Г-ыг галчаар ажиллуулж байсан юм. Н.С нь өрийн биеэр ирж ажилдаа орсноор би 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр А/01 дугаартай тушаалаар Н.С-ын оронд түр хугацаагаар галчаар ажиллаж байсан түүний эхнэр С.Г-ыг галчийн ажлаас чөлөөлж гарт нь захирлын өрөөнд байхдаа С.Г-д энэ А/01 тоот тушаалын хуулбарыг өгч явуулсан. Тушаал авч байхдаа С.Г нь Н.С-ын эрүүл мэндийн байдал сайжрахгүй байгаа тул эхнэр хүүхдүүд нь бид түүнд тусалж сургуулийн уурын зууханд галаа түлж байхыг зөвшөөрнө үү гэж хүссэн. Би түүнд: Өнөөдрөөс эхлээд Н.С сургуулийн уурын зууханд гал түлэх ёстой. Та нар яаж туслах нь надад хамаагүй боловч өвчний байдлаас болж тусалж байхыг зөвшөөрье Гал алдахгүй, зөрчил дутагдалгүй ажиллаарай гэж анхааруулан хэлсэн С.Г нь баярлаж явсан ба тэд Н.Сад тусалж гал түлж байсныг би үгүйсгэж чадахгүй. Н.С нь чөлөө авсан хугацаандаа ямар оношоор өвдсөн тухайгаа, хэвтэн эмчлүүлсэн байдлуудыг тайлагнаж баримтжуулж өгөх байтал өгөөгүй. Түүнээс гадна Н.С нь өвчний группт гарч өвчний учир тэтгэмж авч байгаагаа ч сургуулийн захирал, удирдлага, багш нараас нууж байсан. байна. Сургуулийн санхүү нь Н.С-ын хүссэнээр түүний цалинг дансанд нь шилжүүлж байсан юм. Тэрээр тайлбартаа Миний ажилдаа орсон үеэс эхлэн цалинг минь миний дансанд хийж байсан байна. Би мэдсэн юм. гэж бичсэн байна. Н.С гэгч галч нь өвчний шинжилгээ хийлгүүлэхээр ажилласан түр чөлөө; авсан ба оронд нь ажилласан түүний эхнэр С.Г нь түр ажиллаж байгаа; тухайгаа өөрөө гараараа бичээд хөдөлмөрийн гэрээнд гарын үсгээ зурсан , нөхөр нь ажилдаа эргэн ороход ажлаас чөлөөлөгдсөн зэрэг бүх юм хууль журмаар болсон байхад яагаад ингэж нэхэмжлэл гаргаж байгаад нь гайхаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 130/ШШ2021/00497 дугаар шийдвэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.Г-ын Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2021 оны 01 сарын 04-ний өдрийн А/01 дугаартай С.Г-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн 2021 оны 01,02 дугаар саруудын цалин 1084748 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлаГ-ыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Т.Муратбекийн өмгөөлөгч С.Алтай би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19 ний өдрийн 130/ШШ2021/00497 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрөн дараах үндэслэлтэй гомдлыг гаргаж байна.
1.Сагсай сумын Даян гэх аймгаас 200 гаруй км алслагдсан хилийн хязгаарт 5 дугаар ангийн боловсрол олгодог Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, үйл ажиллагаа явуулдаг. Тэнд сургалт явуулах болон дотуур байранд улирлын чанартай 3 галч ээлжээр өдөрт 3 удаа гал түлж ажиллаж байгаа юм. Захирал Т.Муратбек нь 2015 оны 02 дугаар сарын 02 ны өдөр нэхэмжлэгч С.Г-ын нөхөр нь болох Нурпейсийн С-ыг өөрийнхөө 01 дүгээр тушаалаар тус сургуульд галч, гэрээт ажилтнаар түр томилон авч ажиллуулж байгаа . Гэрээт галч нар нь 10 дугаар сарын 02 ний өдрөөс 05 дугаар сарын 01 ний хүртэл сургууль болон дотуур байрны нам даралтын уурын зууханд гал түлэх улирлын чанартай түр үүрэг гүйцэтгэгч ажилтнууд билээ. Гэхдээ зундаа галч нар нь Даянгийн ойгоос өвөл түлнэ гэж захиргаанаас зөвшөөрөл гоо жинг нь авч ууланд гарч хуурай мод түүх, огтлох, уулнаас сургуульд зөөх, ирсэн түлш нүүрсийг буулгах, үнс хогийг цэвэрлэх зэрэг хүнд хүчир ажлыг хийдэг байсан тул тэдэнд илүү 2 сарын хөдөлмөрийн хөлсийг гаргаж өгдөг байна.
2.Нэгэнт 2015 оноос хойш галаа түлж хэлсэн ярьсныг биелүүлээд элдэв зан авир гаргалгүй ажиллаж байгаа Н.С нь 2019 оны 09 дүгээр сарын 01 ний өдөр хичээлийн жил эхэлж багш сурагчид цугларахад тус сургуулийн захирлын өрөөнд ирээд:“*-Миний бие өвддөг болсон. Би Улаанбаатар хотод очиж өвчний шинжилгээ, оношилгоог хийлгүүлж, болж өгвөл 10-15 хоног эмчлүүлэн сувилуулж ирмээр байна. Та надад тодорхойгүй хугацаагаар ажлаас минь цалингүй түр чөлөө өгнө үү? Мөн амьдрал ахуйд болон эмчилгээ шинжилгээ хийлгэхэд мөнгө, төгрөгийн хэрэгцээ их шаардах болно. Миний оронд эхнэр С.Г-ыг түр тушаалаар намайг иртэл ажиллуулж өгнө үү? Манай хүүхдүүд С.Г-д тусалж байх болно. Ажлын талаар ямар нэгэн хэл ам гаргахгүй болно! ” гэж гуйсан болохоор захирал нь ажилтныхаа эрүүл мэнд, ахуй амьдралд туслах үүрэгтэй гэж бодож Н.С-ын санал хүсэлтийг зөвшөөрсөн байна.
3.Ингээд захирал Т.Муратбек 2019 оны 09 дүгээр сарын 02 ны өдөр А/11 тушаалаараа “С.Г-ыг ажилд түр авах” тухай тушаал гаргасан байна. Уг тушаалд “ Галч ажилтай Н.С эмчилгээний чөлөө авсан тул оронд нь С.Г-ыг 2019 оны 09 дүгээр сарын 02 ны өдрөөс эхлэн сургуулийн галчаар түр хугацаагаар ажиллуулсугай” гэж бичсэн байсан.
4. С.Г-тай 2019 оны 09 дүгээр сарын 09 ний өдөр галчаар ажиллуулах түр гэрээ хийсэн байна. Энэ гэрээний 1 дүгээр нүүрний 1.5, 1.6 дахь хэсэгт С.Г өөрөө гараараа “Хүний оронд түр хугацаагаар ” гэж бичсэн юм. Энэ нь нөхрийнхөө оронд иртэл нь түр хугацаагаар ажиллах болсныг мэдсэн хэрэг. Уг гэрээний 4.2.2 дахь хэсэгт заасан “...Хүндэтгэн үзэх шалтгаантай хүний оронд ажилласан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно” гэдэг заалтыг гэрээ хийгчид захирал нь уншиж өгч “-Нөхөр чинь шинжилгээ хийлгүүлж, эмчлүүлж иртэл та түүний оронд түр ажиллаж байгаа шүү? ” гэдгийг сануулсан байна.
5. Сургууль болон дотуур байранд гал түлэгдэж дулаан нь хэмжээндээ байсан ба галлагааны талаар ямар нэгэн хэл ам гараагүй болохоор мөн энэ хугацаанд Н.С нь гайгүй шинжилгээ оношилгоог болон бага сага эмчилгээгээ хийлгээд эдгэчхээсэй гэж захирал Т.Муратбек нь эерэгээр бодож түүнийг гэрт хайж, үгүйлээгүй байна.
6. Н.С нь 2021 оны 01 дүгээр сарын 04 ний өдөр тус сургуулийг захирлын өрөөнд очиж өөрийгөө эмчилгээ, сувилгаа хийлгэж, өвчнийхөө оношилгоог тогтоолгож ирснээ хэлж энэ хугацаанд оронд нь эхнэр С.Г-ыг нь ажиллуулж тусалж байснаар нь талархаад ажилдаа эргэж орохоо мэдэгдсэн байна. Н.С нь ...”би захиралд очоогүй!” гэж худал хэлсэн байна. Учир нь захиралд болон албан газарт ажилтан нь очиж учраа хэлэх үүрэгтэй болохоос захирал буюу албан газрын удирдлага нь эрж хайж, үнэрлэн мэдэж олж байдлыг зохицуулж байх үүрэг хүлээдэггүй. Тэгээд ч сургууль Н.С нарын гэр хооронд 200-300 метр ойрхон зайтай бөгөөд тус орчимд буюу багт цөөн тооны иргэд амьдардаг болохоор бүх хөдөлгөөн, мэдээлэл нь цаг ямагт тодорхой байдаг.
7.Н.С нь 2015 оноос сургуульд гал түлж байсан үндсэн орон тооны ажилтай бөгөөд түүнийг ямар нэгэн эрхийн акт, тушаал гаргаж ажлаас нь чөлөөлөөгүй байна. С.Г-ыг түр томилсон А/11 дугаартай тушаалд “Галч ажилтай Н.С эмчилгээний чөлөө авсан тул оронд нь С.Г-ыг түр хугацаагаар ажиллуулсугай! ” гэсэн тушаалаар ч С нь түр хугацаагаар л яваад ирсэн байдаг. Энэ тушаалын утГ-ыг болон, Н.С-ыг ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нотлох баримт байхгүй байхад анхан шатны Шүүх нь хуулийг ноцтой зөрчиж, мөн буруугаар тайлбарлаж шийдвэр хангасан нь тодорхой байна.
8.Нэгэнт Н.С нь ажлаас бүр мөсөн гараагүй, ажлаас чөлөөлөгдөнө гэж өргөдөл хүсэлт гаргаагүй хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаагүй болохоор эргэн ирж ажилдаа орно гэж хэлэх эрхтэй бөгөөд энэ байдал нь тодорхой байхад сургуулийн захирал Т.Муратбек нь С.Г-ыг түр хийж байсан галчийн ажлаас чөлөөлөх нь зүйн хэрэг бөгөөд захирал нь 2021 оны 01 дүгээр сарын 04 ний өдөр А/01 дугаартай тушаалаар Н.С-ад урьд авч байсан цалинг нь өгөх үүрэгтэй юм.
9. Н.С нь 2021 оны 01 дугаар сарын 01 нээс эхлэн бодогдож гарсан цалингаа өөрийн ХААН банк дахь харилцах дансаараа сар болгон, өнөөдрийг хүртэл авч байгаа бөгөөд энэ тухай хэрэгт авагдсан сургуулийн багш ажилчдын цалин авах хүснэгтийн 13д Н.С гэж бичигдсэн баримт нотолж байна.
10.Нэхэмжлэгч нь сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 04 ний өдрийн А/01 дугаартай “С.Г-ыг ажлаас чөлөөлөх тухай ” тушаалыг аваагүй гэж худал хэлжээ.
11. И.Анхан шатны Шүүх нь хэрэгт авагдсан хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлээгүй, тайлбар болон нотлох баримтад харьцуулан бодит үнэн байдалд нийцэж байгаа эсэхэд нь дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тухайн Шүүгчийн шаардсан шаардлаГ-ын хэмжээнд хүрэхгүй гэж байгаа ч гэсэн нотлох баримтаар үнэлэх бүрэн боломжтой нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тодруулбал :
1.С.Г нь захирлаас А/01 дугаартай тушаалыг 04 ний өдөр авсны дараа 2021 оны 01 дүгээр сарын 17 ны өдөр захирлын өрөөнд ирж: Аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ажилгүй байгаа нь үнэн гэсэн бичиг өгнө үү? ”Би ажлаас гэнэт халагдсанаар тэтгэмж авах гэхэд захирлаас албан бичиг , мөн ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаалыг аваад ир! гэж байна . Таны бичгийг тушаалд хавсарган тэр байцаагчид өгнө!” гэхээр нь захирал нь бичиг өгсөн. /хх-19 талд/ Гэтэл С.Г нь А/01 тушаал болон захирлын 2021 оны 01 дүгээр сарын 17 ний өдрийн А/06 дугаартай албан бичгийг хавсаргаж Аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газарт өгч халамжийн 50.000 төгрөг авсан тухай баримт хэрэгт байгаа.
2.Ковид 19 цар тахалтай холбоотой гарсан дэглэмийн үед Сагсай сумын засаг дарга зэрэг удирдлага нь холбогдох албадын бүрэлдэхүүнээр 2021 оны 01 дүгээр сарын 5,6 ний үед байх тус Даян багийн айл өрхөд очиж иргэдтэй, уулзан санал, хүсэлт, гомдол өргөдлийг нь авч амьдралтай нь танилцахад С.Г нь уг ирсэн удирдлагад : “Намайг галчийн ажлаас чөлөөлчихлөө. Ажилд минь эргүүлэн томилуулж өгнө үү? гэж гомдол гаргаж захирлын А/01 тоот тушаалыг үзүүлсэн байна” Энэ гомдлын мөрөөр тэр даруй сумын засаг дарга нар захирлын өрөөнд ирж энэ гомдлын тухай лавлаад учрыг ойлгоод явсан байдаг. Энэ тухай хавтаст хэрэгт Засаг дарГ-ын өгсөн тамга дарагдсан тодорхойлолт авагдсан байгаа. Түүнд : “2021 оны 01 дүгээр сарын эхэнд С.Г нь галчийн ажлаас чөлөөлсөн” гэдэг утгатай бичигдсэн байдаг. С.Г нь 2021 оны 01 дүгээр сарын эхэнд “Ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдээгүй, тушаал аваагүй гэж мэлэлзэж байгаа ч тэр үед мэдэж засаг даргад ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа үзүүлж гомдол гаргаж байсан нь нотлогдож байгаа юм.
3. Болхи ч гэсэн сургуулийн захирлын дэргэдэх хурал тэмдэглэж байсан хурлын материал хэрэг дотор байгаа. Тэр хурлын тэмдэглэлд С.Г-ыг ажлаас чөлөөлөх асуудал яригдсан байдаг. Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны Шүүх нотлох баримтаар үнэлээгүй тушаал өгсөн нь нотлогдохгүй байна гэж хуулийг хэт буруугаар тайлбарласан байна гэж үзэж байна. ”
12.Түүнээс гадна Н.С болон түүний эхнэр С.Г нар сургуулийн захирлаас нууж, түүнийг залилан хууран мэхэлж итгэлийг нь эвдэж байжээ. Тодруулбал : Н.С нь бүр 2019 оны 04 дүгээр сарын 24 ний өдөр өвчний учир гэж тэтгэвэр тэтгэмж тогтоолгоод авчихсан байсан байна. Энэхүү НДХэлтсээс олгосон 0301888 дугаартай тэтгэврийн дэвтрийн хуулбар хэрэг дотор байнгаа бөгөөд энэ тухай мэдээллийг хариуцагч захирал нь хэрэг дотроос олж мэдсэн байна.
13.Тус 2 дугаар сургуулийн захирал Т.Муратбек нь ажилтан нь болох Н.С-ыг өвчтэй ч гэсэн мөн түр чөлөө авах гэхэд нь өгч оношилгоо, шинжилгээг нь гаргуулах, эмчлүүлэхэд нь боломж олгож түүнээс гадна эхнэр нь С.Г-ыг нөхөр нь Н.Сын оронд түр ч гэсэн цалин өгч /420.000x12=5.600.000 / ажиллуулж амьдрал ахуйд нь тусалж, хүнлэг чанар гаргаж удирдлаГ-ынхаа үүргийг биелүүлж тусалж байсан нь хэрэгт авагдсан байдлаар тодорхой нотлогдон харагдаж байгаа бөгөөд анхан шатны Шүүх нь энэ байдлыг анхаарч үзээгүй байна.
14. Гол нөхцөл үндэслэл бол: Анхан шатын Шүүх нь Н.С-ын эрх зөрчигдөөгүй хөдөлмөрийн хуулийн 37,38,40 дугаар зүйлүүдийн заалтыг баримталж түүнийг ажлаас чөлөөлөөгүй байхад, галчийн орон тоонд үндсэн ажилтан нь болох Н.С нь хэвээр ажиллах эрх нь нээлттэй байхад, Н.С нь ажилдаа эргэн орж цалингаа авч байгаа нөхцөлд түр ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээ болох бусад хуулийн дагуу заасан заалтын дагуу ажлаас чөлөөлөгдсөн С.Г-ыг сургуулийн галчаар эгүүлэн томилж, А/01 дугаартай тушаалыг хүчингүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж, бас ноцтой зөрчсөн байна - гэж үзэхээс өөр аргагүй байна. өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлөгдөөгүй хүний орон тоонд давхардуулан хүн томилуулахыг даалгасан.
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19 ний өдрийн 130/ШШ2021/00497 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлаГ-ыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч С.Г нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 1, 2 дугаар сарын цалин 1084748 төгрөг гаргуулах тухай гомдол гаргаж, үндэслэлээ “Миний нөхөр болох Н.С нь тус сургуулийн галчийн ажилд 2015 онд орсон ба 2019 оны 9 дүгээр сараас эхэлж эмчилгээ хийлгэх болж тодорхой бус хугацаагаар чөлөө авсан бөгөөд оронд нь би томилогдон ажиллаж байсан. Нөхөр Н.С Улаанбаатар хотод очиж бие үзүүлэхэд нурууны ясны сүрьеэ гэсэн онош гарч хагалгаанд орж дэглэм сахиж байгаа. Н.Сын эмчилгээ дуусаагүй байгаа болно. 2021 оны 1, 2 дугаар сарын цалин буугаагүй байсан тэгээд ажилчдаас асуухад цалин аль дээр буучихсан тухай хэлсэн тэгээд би шүүхэд хандсаны дараа зарим нотлох баримтуудыг нөхөж бүрдүүлж Н.С ажилд орох хүсэлт гаргасан мэтээр худал тушаал гаргасан байна. Уг тушаалыг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.
Хариуцагч уг гомдлыг эс зөвшөөрч “Н.С нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өөрийнхөө өвчтэй байдлаа хэлж шинжилгээ хийлгэх, онош тодруулах шаардлагатай байгаагаа хэдэн сарын цалингүй чөлөө өгөхийг хүссэн. Мөн ар гэрийн гачигдалтай байдлаа хэлж оронд нь эхнэр С.Г-ыг ажиллуулж байхыг хүссэн. Н.С-ын ар гэрийн байдлыг харгалзан 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр А/11 дугаартай тушаалаар Н.Сад чөлөө олгож түүний оронд С.Г-ыг гэрээт галчаар түр хугацаагаар ажиллуулж хөдөлмөрийн гэрээ хийсэн. Н.С нь ажилдаа орсноор 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаар тушаалын хуулбарыг өгч явуулсан. 2021 оны 01 дүгээр сараас эхлэн цалинг нөхөр нь болох Н.С-ын дансанд шилжүүлж байсан” гэж шүүхэд маргасан байна.
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдсон байна.
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/11 дугаар тушаалаар С.Г-ыг нөхөр болох Н.С-ын оронд тус сургуулийн гэрээт галчаар түр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан ба сургуулийн гэрээт галч Н.С-ын “эмчилгээний чөлөө дуусаж ажилдаа орсонтой холбогдуулан” гэх үндэслэлээр 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай тушаалаар Н.С-ыг галчийн ажилд эгүүлэн томилж, оронд нь түр хугацаагаар ажиллаж байсан түүний эхнэр С.Г-ыг гэрээт галчийн ажлаас чөлөөлж, 2021 оны 01 дүгээр сараас эхлэн цалинг Н.С-ын дансанд шилжүүлсэн байна.
Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай тушаалаар Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.3, 35 дугаар зүйлийн 35.1.7, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн гэрээт галч Н.С нь эмчилгээ хийлгэж ажилдаа орсонтой холбогдуулан гэх үндэслэлээр С.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.
Анхан шатны шүүх ажил олгогчоос С.Г-ыг ажлаас чөлөөлсөн тушаалаа гардуулж өгсөн нь хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн тогтоол, тушаал, захирамжийн бүртгэл гэх дэвтрийн хуулбараар тогтоогдоогүй, Н.С нь ажилдаа буцаан ороогүй байхад тушаал гаргаж С.Г-ыг галчийн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэж дүгнэж, галчийн ажилд эгүүлэн томилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Нэхэмжлэгч С.Г нь түүнийг ажлаас чөлөөлсөн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ажил олгогчийн шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн үед хүлээн авсан буюу мэдсэн, мэдэх боломжтой байсан нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг дарГ-ын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 01/169 дүгээр албан бичгээр; түүнчлэн тэрээр 2021 оны 1 дүгээр сараас эхлэн цалин хөлс авч байгаагүй, харин сургуулийн галчийн цалин хөлсийг түүний нөхөр Н.С авч байсан зэрэг хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэж, С.Г нь ажлаас буруу халсан тухай гомдлыг шүүхэд мэдүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан нэг сарын хугацааг өнгөрөөсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч С.Г нь түүнийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрийг сумын Засаг даргад гомдол гаргах зэргээр 2021 оны 01 дүгээр сарын 06-ны үед хүлээж авсан буюу мэдсэн атлаа шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасан учраас шүүх дээрх дүгнэлтэд хүрсэн болно.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч хуульд заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон байхад тушаалыг гардуулж, гарын үсэг зуруулсан нь нотлогдоогүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, С.Г-ын нөхөр Н.С нь ажилдаа эргэж ороогүй нь түүний гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь заалтыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Г нь 2021 оны 1, 2 дугаар сарын цалин болох 1084748 төгрөгийг нэхэмжилснийг 1, 2, 3 дугаар цалин түүний нөхөр Н.С-ын дансанд орсон нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2021 оны 1, 2, 3 дугаар саруудын цалин олгох хүснэгтээр нотлогдож байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт нийцжээ.
Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр С.Г-ын “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай түүнийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2021/00497 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн:
1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалт, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.Г-ын Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд холбогдуулан гаргасан тус сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай “С.Г-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, түүнийг тус сургуулийн галчийн ажилд эгүүлэн тогтоох, 2021 оны 01, 02 дугаар сарын цалин хөлс 1084748 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30584 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Н.ТУЯА
Д.КӨБЕШ