| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2017/0133/э |
| Дугаар | 86 |
| Огноо | 2018-03-26 |
| Зүйл хэсэг | 094.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 86
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,
Улсын яллагч Б.Догмиддорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд,
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Донгоод овогт Д.Э холбогдох эрүүгийн 201711000180 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1966 оны 10 сарын 05-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Гурванзагал сумын ..............гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Донгоод овогт Д.Э /РД: ЖД ........../
Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 05 сарын 01-ний өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Гурванзагал сумын 3-р багийн төвд орших ...........оршин суух иргэн С.Г гэрт иргэн Я.Л....... зүй бус үйлдлийн улмаас түүнтэй маргаж, улмаар Я.Л......... нь Д.Э газарт унаган хоолойг нь боож, түүнийг ална гэж хайч барин дайрах явцад Я.Л-г болгоомжгүйгээр түлхэж унагаасны улмаас иргэн Я.Л нь өөрийн барьж байсан хайчинд хатгагдаж амь насаа алдсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Э. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 сарын 01-ний өдөр малаа хөнгөлөхөд туслах хүн олох ажлаар сумын төв ирсэн. Ингээд сумын төв дээр ирээд хоёр өдөр архи уусан. 2017 оны 05 сарын 01-ний өдөр 11-12 цагийн орчимд хүргэн Галбадрахын гэрт хоол унд идэхээр ганцаараа эрүүл очсон. Намайг очиход Галбадрах, Өнөржаргал хоёр хоёулаа гэртээ байсан. Тэр хоёр наагуур чинь идэх юм байвал өөрөө идээрэй бид хоёр гарлаа гэж хэлээд гэрээс гараад явсан. Тэгээд би идэх юм идчихээд арынх нь өрөөнд ороод зурагт үзэж байгаад нэг мэдэхэд унтсан байсан. Тэгээд унтаж байтал багцаагаар 17 цагийн орчимд гэнэт хүн хашгираад татаж чангаахаар нь сэрэхэд манай сумын Хамба гэж дууддаг залуу /бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ байсан. Тэгснээ Хамба нь Чи муу энд унтаж байгаа юм уу?, чамайг том ах гэж хүмүүс тэгдэг юм, чиний том ах гэж юу байдаг юм пиздаа минь, архи байна уу” гэж хэлэхээр нь би “байхгүй ээ, өнөөдөр архи зардаггүй өдөр шүү дээ” гэж хэлэхэд “ чиний дүү нар чинь дэлгүүртээ биздээ, тэндээсээ аваад өг” гэхээр нь би “өнөөдөр зардаггүй өдрөө” гээд бид хоёр маргалдаад босч ирээд гал тогооны өрөө рүү орсон. Тэгтэл гал тогооны өрөөний гол үүдний орчимд талийгаач Хамба миний цамцны захаар боож багалзуурдаад авсан, би зууралдаж байхад намайг газарт унагаагаад миний дээр мордоод суусан, миний дээр гарчихсан боогоод байхаар нь би боолгохгүй гээд ноцолдож байсан, тухайн үед надад боолт ороод ухаан орж гараад байсан, тэгээд нэг хартал Хамба чамайг пиздаг алнаа гээд үзүүртэй хайч шиг зүйл гартаа барьчихсан байхаар нь би хайч барьсан гарнаас нь бариад зууралдсан, аль гартаа хайч барьсныг нь санахгүй байна.Тэгээд зууралдаж байгаад хайчтай гарнаас нь өөр рүүгээ татахад миний дээрээс унасан. Тэгэхээр нь доороос нь мултарч гараад шууд гэрээс нь гарч зугтаад Галбадрахын гэрийн үүдэнд түлхүүр зоолттой улаан өнгийн мотоцикл байхаар нь унаад хөдөө гэр рүүгээ явчихсан. Гэрт очиход манай эхнэр Будсүрэн ганцаараа байсан. Тэгээд гэртээ очоод эхнэртээ “ Хамба агсан тавиад, багалзуур шахаад айхтар агсан хүн байна” гэх зэрэг зүйл хэлсэн. Тэгээд эхнэр хоол унд хийх гээд бэлдэж байтал нохой хуцаад гараад харахад хэсгийн төлөөлөгч ирдээд намайг аваад явсан. Төлөөлөгч надад “нөгөө хүн чинь эмнэлэгт байгаа” гэж хэлээд аваад явсан. Сумын төв орж байхад төлөөлөгч надад “Э.........-т ахаа та тайван байгаарай нөгөө хүн чинь нас барсан шүү” гэж хэлэхээр нь би тэр талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 139/
Хохирогчийн төлөөлөгч С.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би нөхөр Я.Л- нырн хамт Гурванзагал сумын 2-р багийн нутаг “.............” гэх газарт Сүхээгийн Бат-Очир гэж хүний малыг малладаг юм. Манай гэр сумын төвөөс баруун тийш 50 км зайтай байдаг юм. 2017 оны 05 сарын 01-ний өдөр 11 цаг 35 минутад манай нөхөр Я.Л нь өөрийн эзэмшлийн улаан өнгийн Хятад улсын дугааргүй шинэ мотоциклтойгоо сумын төв рүү хурдан морины унаач хүүхдээ хүргэхээр явсан. Тэгээд би нөхөртэйгээ түүнээс хойш уулзаж утсаар ярилгүй байсаар 20 цаг өнгөрч байхад манай эзэн Бат-Очирын эхнэр Хоролсүрэн над руу утсаар залгаад “Л” тухай сонин юм дуулдаад байна, тодорхой сайн мэдэхгүй байна, одоо аймгаас гарлаа очиж байгаад болъё” гэж хэлсэн. Тэгээд намайг хөдөө гэртээ байж байхад 22 цаг өнгөрч байхад ирээд намайг аваад сумын төв рүү явсан. Ингээд сумын төв дээр ирээд нөхрөө нас барсан талаар мэдсэн. Болсон хэргийн талаар байгаагүй учир мэдэх зүйл байхгүй. Талийгаачид айхтар архаг хууч өвчин байхгүй. ... Манай нөхөр өмнө нь Э маргаж муудсан, өр авлагын янз бүрийн асуудал байхгүй, манай нөхөр ер нь хүнтэй маргаж муудалцаад байдаггүй...” гэжээ. /хх-ийн 47-48/
Хохирогчийн төлөөлөгч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Я.Л нь миний төрсөн ах бөгөөд бид эцэг ондоо, эх нэгтэй хүмүүс юм. Би ахыг нас барсан талаар 2017 оны 5 сарын 01-ний орой 21 цагийн орчимд аавын төрсөн дүү болох Отгонбатаас утсаар сонссон. Би тухайн үед оюутан байсан бөгөөд Улаанбаатар хотоос ирж ажил явдалд нь оролцоод буцаж хот руу явсан. Я.Л нь дээд талаасаа хоёр дахь ах маань бөгөөд Гурванзагал суманд хэдэн мал маллаж амьдардаг байсан. Би ах дүү нартайгаа ярилцаж энэ хэрэгт мөн хохирогчоор оролцох хүсэлт гаргасан. Эхлээд оролцохоор байсан боловч хичээл сургуулийн шалгалтын үе таарсан учир оролцож чадаагүй, харин одоо амарсан байгаа учир оролцох хүсэлтэй байгаа юм. Би төрсөн ахыгаа бусдад алуулсан асуудалд маш их гомдолтой байна. Би Э манай ахыг санаатай алсан гэж үзэж байна. Тиймээс түүнд маш их гомдолтой байна. Д.Э нь тухайн үед анхны тусламж үзүүлэхгүй зугтаад яваад өгсөн, тухайн үед тусламж үзүүлсэн бол яах ч байсан юм билээ, эмнэлэг их ойр байдаг юм. ... Нэхэмжлэх зүйлээ өмгөөлөгчтэйгээ ярьж байгаад эргэж хэлнэ. Оршуулгын зардлыг бол С.А эгчид төлсөн байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44/
Гэрч Г.Будсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр 18 цаг өнгөрөөгөөд гэртээ мотоциклтой ирсэн. Тэгээд би юу болсон бэ гэхэд нөхөр маань “хүнтэй муудсан юмаа гэхээр нь би гайгүй юу гэхэд тэрээр “гайгүй ээ” гэж надад хэлсэн. Ингээд гэртээ байж байхад хэсгийн төлөөлөгч Бямбадорж 9 цаг өнгөрч байхад манай гэрт ирсэн. Хэсгийн төлөөлөгч манай гэрт орч ирээд Э авч явна гэхээр нь би “юу болсон юм бэ” гэхэд ямар ч байсан аваад явнаа гэж хэлсэн. Тэгээд манай нөхрийг Галбадрахын машинд суулгаад сумын төв рүү явахаар нь би араас нь машинтайгаа сумын төв орсон. Ингээд сумын төвд очиход хэсгийн төлөөлөгч нөхрийг минь өрөөндөө аваад орсон байсан. Тэгээд би нөхөртэйгээ уулзаж чадаагүй. Аймгаас цагдаагийн хүмүүс ирээд намайг гэрчээр байцаасан. Намайг байцаалт өгч байхад хэсгийн төлөөлөгч Бямбадорж нь коридорт гаргаж ирээд / мөрдөн байцаагчийн хажууд биш/ танай нөхөр чинь хайч шаасан гээд байна, та энэ талаар нь эргэж орж хэлэх хэрэгтэй гэхээр нь би буцаж ороод байцаалтаа өгөхдөө “ манай нөхөр надад талийгаачийн хайчийг булааж аваад цээж рүү нь зоочихсон” гэж байцаалт өгсөн юм. Манай нөхөр надад хохирогчийг хайчаар хатгасан талаар огт хэлээгүй, хэсгийн төлөөлөгч тэгж хэл гэхэд нь л мөрдөн байцаагчид мэдүүлэг өгөхдөө тэгж хэлсэн. Би тухайн үед цагдаад байцаалт өгөхдөө сандарсан байсан, юу болсон талаар нь мэдэхгүй байсан учир тэгсэн юм болов уу гэж бодоод хэсгийн төлөөлөгч Бямбадоржийг тэгсэн гээд байхаар нь энэ талаар тэгж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 53/
Гэрч С.Галбадрах мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Д.Э нь миний эхнэр Өнөржаргалын төрсөн ах буюу миний хадам ах байгаа юм. Харин талийгаач Л нь манай ах Бат-Очир болон манай хэдэн адууг малладаг малчин байгаа юм. 2017 оны 05 сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд би Батноровын хамт гэртээ байж байтал удалгүй гаднаас эхнэр орж ирсэн. Түүний араас мөн удалгүй Л хөдөөнөөс орж ирсэн. Морь унуулж байсан хүүхдээ 13 цаг 30 минутанд хичээлд нь хүргэж өглөө гэсээр ирсэн. Тэгээд манайд байж байгаад удаагүй Батноров, талийгаач хоёр манай гэрээс гарсан. Яг хаашаа ямар зорилгоор явсан талаар мэдээгүй талийгаачийн мотоциклтой сундалдаад явцгаасан. Тэр хоёр гарсаны дараа удаагүй багцаагаар 13 цагийн орчимд манай хадам ах Э нь гаднаас Ариунболдын хамт орж ирсэн. Ариунболд нь мотоциклоор хүргэж өгч байна гээд ахыг гэрт оруулж өгчихөөд гараад явсан. Э ах гаднаас орж ирэхдээ согтуу байсан бөгөөд ах нь унтлаа шүү гээд зочны өрөөний буйдан дээр хэвтээд өгсөн. Тэгээд би амбаартаа үрсэлгээгээ янзлаад байж байтал 16-17 цагийн орчимд талийгаач согтуу, ганцаараа мотоциклтойгоо ирсэн, ирэхэд нь манай эхнэр бид хоёр гэртээ байсан бөгөөд Э ах арын өрөөнд унтаж л байсан.Тэгээд манайд ирээд талийгаач 30 минут болоод буцаад мотоциклтойгоо хөдөө гэр рүүгээ явлаа гээд ганцаараа гарч явсан. Би түүнийг хөдөлгөж өгчихөөд удаагүй араас нь эхнэрийн хамт банк явах ажлаар гарахад Хас ван дэлгүүрийн баруун урд талд нь талийгаач мотоциклтойгоо ойччихсон байсан. Тэгэхээр нь би очиж аваад өөрийнхөө машинд суулгаад эхнэрээрээ машинаа бариулаад өөрөө мотоциклийг нь аваад гэр рүүгээ хүргэж өгсөн. Талийгаач манай гэрийн гадаа ирчихээд хөдөө явна гээд согтуурхаад байхаар нь би эхнэрийгээ банк руу явуулчихаад гарын үсэг зурах болохоор нь хэлээрэй гээд талийгаачийг хараад үүдэндээ байж байтал эхнэр эргэж ирээд намайг авсан. Тэгээд бид хоёр банк руу гарын үсэг зурах ажилтай гээд явахад /зээл хааж байсан / талийгаач манай гэрийн гадаа үлдсэн. Тухайн үед банк хаах дөхсөн байсан бөгөөд намайг банкин дээр очоод лавлагаа авах гэхэд хаахад 10 минут дутуу байна гэж байсан. Манай сумын банк 18 цагаас хаадаг юм. Тэгээд банкин дээр барагцаагаар 20 минут орчим болоод гэр рүүгээ эхнэрийн хамт очиход манай байшин руу орох хаалганы үүдэнд талийгаач дээшээ харсан, цээж хэсэг нь цустай, амнаас нь хөөс гарчихсан байхаар нь би сандраад эхнэрийгээ эмч рүү залгуулахад утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би шууд хөдлөөд Нямдорж эмчийн гадаа очиход хэсгийн төлөөлөгч явж байхаар нь би түүнд хандаж чи манайх руу очоорой хүн хутгалуулсан юм шиг байна гэж хэлээд өөрөө машинтайгаа эмнэлэг рүү явсан. Тэгэхэд эмнэлгээс эмч нар хөдлөх гэж байсан бөгөөд буцаад эмч нарын хамт гэртээ очиход эмч үзчихээд нас барсан байна гэж хэлсэн. .... Орой манай гэрт ирэхдээ талийгаач нэлээн согтуу байсан. Талийгаач архи уухаараа нилээн агсан зантай хүн, нэг их уугаад байдаггүй, гэхдээ хааяа уухаараа нилээн агсан зантай хүн байгаа юм. Харин хадам ах бол нилээн архи уудаг, гэхдээ агсан согтуу тавьж байсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/
Гэрч Д.Өнөржаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Тухайн үед манай ах гэрт унтаж л байсан. Тэгээд бид хоёр талийгаачийг гэрийн үүдэнд үлдээгээд явах гэтэл явуулахгүй байхаар нь манай нөхөр үлдээд би банк руу яваад гарын үсэг зурчихаад буцаж ирээд нөхрийгөө гарын үсэг зуруулахаар банк руу явуулаад би өөрөө гэрийнхээ гадаа үлдсэн. Тэгээд байж байтал Оюунбаатар гэж хүн гурил авахаар ирэхэд тэр хүнтэй талийгаач муудаад байхаар нь би Оюунбаатарыг явуулчихаад талийгаачийг мотоцикл дээр нь үлдээхэд мотоциклоо асаачихаад хаазлаад үлдсэн. Тэгээд би банк руу ажилтай яваад өгсөн талийгаачийг тэндээ унтчих байх гэж бодсон. Ингээд банкин дээр очоод 10 гаруй минут болоод буцаад гэртээ нөхрийн хамт ирсэн.....Тухайн үед манай гэрийн гадаа талийгаачийн мотоцикл байхгүй байсан. Ингээд нөхөр гэр рүү орчихоод эргэж гарч ирээд түргэн дууд гэхээр нь би гэр рүүгээ ч оролгүй түргэн дуудсан. Тэгээд манай нөхөр эмчийг авчрах гээд машинтайгаа явсан хойгуур хэсгийн төлөөлөгч ирээд удалгүй эмч ч ирсэн. Ингээд тэд нар гэрт орж үзээд талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн. Тухайн үед манай ах хаана байсныг мэдээгүй, би гэр рүүгээ ороогүй учир мэдээгүй, сандраад л үлдсэн. Хэсгийн төлөөлөгч манай гэрийг цоожлоод хамгаалалтанд аваад үлдсэн. Манай гэрт хөх өнгийн бариултай хайч байдаг. Тэр хайч гал тогооны өрөөний хойд хананд байдаг ягаан өнгийн шүүгээний хоёр шургуулганы буруун талынх нь шургуулганд байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/
Гэрч Б.Бямбадорж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Дуудлага өгчихөөд би Галбадрахаас гэрт нь хэн байсан талаар асуухад тэрээр “талийгаач Л гэрт ганцаараа байсан” гэхээр нь би түүнийг сэжиглээд өрөөндөө аваачиж уулзахад “өдөр манай гэрт Э ах ирээд цаад өрөөнд унтсан, дараа нь Хамба буюу Л гудамжнаас мотоциклтойгоо унасан байхаар нь авчирч гэрт оруулсан, тэгэхэд Э ах байсан эсэхийг мэдэхгүй” гэж хэлсэн. Ингээд дарга нарт танилцуулж Э гэр болох сумын төвөөс баруун тийш 30 орчим км зайд очиж түүнийг сумын төвд авчирсан. Э гэрээс нь аваад гэрийнх нь гадаа тусдаа уулзаад би түүнд хандаж “Л”эмнэлэгт байна юу болсон юм бэ” гэхэд тэрээр Хамба хайч бариад над руу дайраад байхаар нь би хайчийг нь булааж аваад цээж рүү нь зоогоод цааш түлхсэн” гэж гэрийнхээ гадаа байхад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 58/
Гэрч О.Оюунбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би Галбадрахын гэрээс гурил авахаар 17 цагийн орчимд очиход гэрийнхээ гадаа Галбадрах хүүхдээ тэвэрчихсэн, хажууд нь Хамба /бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ цугтаа зогсож байсан. Хамба тухайн үед нилээн согтуу байсан гэхдээ намайг Цэхээнээ ахаа гээд дуудаад байсан. Намайг манай сумынхан Цэхээнээ гэж дууддаг юм. Тэгээд Галбадрах надад гурилын мухлагын түлхүүр байхгүй байна, эхнэрийг ирэхээр авчих гэхээр нь би за за гээд хөдлөхөд Хамба ирээд мотоциклоос зуураад “намайг хааш нь ч хамаагүй аваад яв” гээд бахираад байсан. ...Намайг Галбадрахын гаднаас хөдлөхөд Хамба мотоциклоо асаагаад үлдсэн, би шууд гэр рүүгээ явсан. Миний ард мотоциклоо хаазлаад л асаагаад үлдсэн. Би өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 сарын 18-ны өдрийн 32 тоот дүгнэлтэд: “ 1. Талийгаач Я.Л цогцост зүрхний болон үнхэлцгийн хөндий нэвтэрсэн цээжний зүүн урд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно. 3. Зүрхний болон үнхэлцэгийн хөндий нэвтэрсэн цээжний зүүн урд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүрхний үнхэлцгийн хөндийн цус хуралдалт нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Дээрхи гэмтэл нь нэг цаг хугацаанд буюу тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Я.Л цогцост биеэ хамгаалж тэмцэлдсэн гэх ул мөр байгаа эсэхийг тогтоох боломжгүй. 6. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний явцад үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7.Талийгаач нь үнхэлцэгийн хөндийд цус хуралдаж зүрх чихэлдсний улмаас нас барсан болно. 8 Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. 9 Талийгаач нь АВО системээр О (I) бүлгийн цустай байна гэжээ. /хх-ийн 74/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 сарын 08-ны өдрийн 245 тоот дүгнэлтэд: 1. Д.Э биед хамрын нурууны цус хуралт, хүзүүний цус хуралт, зулгаралт, баруун эгэмний дээрхи, баруун мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3 Дээрхи гэмтэл нь нэг хугацаанд буюу тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой болно. 4. Дээрхи гэмтлүүдийн хүзүүний цус хуралт, зулгаралт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба хамрын хурууны цус хуралт, баруун эгэмний дээрхи, баруун мөрний зулгаралт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Д.Э биеэ хамгаалж тэмцэлдсэн гэх ул мөр байгаа эсэхийг тогтоох боломжгүй. 6. Д.Э авсан цусанд 1.4 промилли спиртийн алкоголь илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна. 7. Д.Э нь AB (IV) бүлгийн харъяаллын цустай байна.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 4828 тоот дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн Хөх өнгийн бариултай хайчан дээр цус илэрсэн. 2 Хөх өнгийн бариултай хайчин дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо Я.Л гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэжээ. /хх-ийн 104/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 17 тоот дүгнэлтэд: Комиссын гишүүд дараах дүгнэлтийг санал нэгтэй гаргав. 1. Д.Э нь сэтгэц эрүүл, 2. Д.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо өөрийн үйлдэл, эс үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байна. 3. Д.Э нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-ийн 113/
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-10/ -Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/
-Хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-26/
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-29/ -Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-33/ -Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-40/
-Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-40/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 156/
-Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 157/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Д.Э нь Я.Л-г болгоомжгүйгээр алсан буюу 2017 оны 05 сарын 01-ний өдөр 17 цагийн орчимд Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар багийн төв….............тоотод оршин суух иргэн ...............гэрт Я.Л нь Д.Э-г унтаж байхад нь сэрээж, “архи авч өг” гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар Д.Э газарт унаган хоолойг нь боож, түүнийг ална гэж хайч барин дайрах явцад Д.Э нь амь хохирогчийг түлхэж унагаасны улмаас амь хохирогч нь өөрийн барьж байсан хайчинд хатгагдаж, зүрхний болон үнхэлцэгийн хөндий нэвтэрсэн хүнд гэмтэл авч нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нь шүүгдэгч Д.Э өгсөн: “...Намайг унтаж байтал багцаагаар 17 цагийн орчимд гэнэт хүн хашгираад татаж чангаагаад сэрээхэд манай сумын Хамба гэж дууддаг залуу /бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ байсан. Тэгсэнээ Хамба нь чи муу энд унтаж байгаа юм уу?, чамайг том ах гэж хүмүүс тэгдэг юм, чиний том ах гэж юу байдаг юм пиздаа минь, архи байна уу” гэж хэлэхээр нь би “байхгүй ээ, өнөөдөр архи зардаггүй өдөр шүү дээ” гэж хэлэхэд “чиний дүү нар чинь дэлгүүртэй биздээ, тэндээсээ аваад өг” гэхээр нь би “өнөөдөр зардаггүй өдрөө” гээд бид хоёр маргалдаад босч ирээд гал тогооны өрөө рүү орсон. Тэгтэл гал тогооны өрөөний гол үүдний орчимд талийгаач Хамба миний цамцны захаар боож багалзуурдаж аваад намайг газарт унагаагаад миний дээр мордоод суусан, миний дээр гарчихсан боогоод байхаар нь би боолгохгүй гээд ноцолдож байх явцад Хамба чамайг пиздаг алнаа гээд үзүүртэй хайч шиг зүйл гартаа барьчихсан байхаар нь би хайч барьсан гарнаас нь бариад зууралдаж байгаад хайчтай гарнаас нь өөр рүүгээ татахад миний дээрээс унасан. Тэгэхээр нь доороос мултарч гараад шууд гэрээс нь гарч зугтаад ... хөдөө гэр рүүгээ явчихсан...” гэж, /хх-ийн 139/, хохирогчийн төлөөлөгч С.А өгсөн: “...2017 оны 05 сарын 01-ний өдөр 11 цаг 35 минутад манай нөхөр Я.Л нь өөрийн эзэмшлийн улаан өнгийн Хятад улсын дугааргүй шинэ мотоциклтойгоо сумын төв рүү хурдан морины унаач хүүхдээ хүргэх ажлаар явсан. ...Тэгээд би нөхөртэйгээ түүнээс хойш уулзаж утсаар ярилгүй байсаар 20 цаг өнгөрч байхад манай эзэн Бат-Очирын эхнэр Хоролсүрэн над руу утсаар залгаад “Л”н тухай сонин юм дуулдаад байна тодорхой сайн мэдэхгүй байна, одоо аймгаас гарлаа очиж байгаад больё” гэж хэлсэн. Тэгээд намайг хөдөө гэртээ байж байхад 22 цаг өнгөрч байхад ирээд намайг аваад сумын төв рүү явсан. Ингээд сумын төв дээр ирээд нөхрөө нас барсан талаар мэдсэн. Болсон хэргийн талаар байгаагүй учир мэдэх зүйл байхгүй... гэж /хх-ийн 47-48/, хохирогчийн төлөөлөгч С.Д өгсөн: “... Би ахыг нас барсан талаар 2017 оны 5 сарын 01-ний өдөр орой 21 цагийн орчимд аавын төрсөн дүү болох Отгонбатаас утсаар сонссон. Ингээд Улаанбаатар хотоос ирж ажил явдалд нь оролцоод буцаж хот руу явсан. ...Би ах дүү нартайгаа ярилцаж энэ хэрэгт мөн хохирогчоор оролцох хүсэлт гаргасан. ...Би төрсөн ахыгаа бусдад алуулсан асуудалд маш их гомдолтой байна. ...Нэхэмжлэх зүйлээ өмгөөлөгчтэйгээ ярьж байгаад эргэж хэлнэ...” гэж /хх-ийн 44/, гэрч Б.Бямбадоржийн өгсөн: “... Э гэрээс нь аваад гэрийнх нь гадаа тусдаа уулзаад би түүнд хандаж “Л”-г эмнэлэгт байна юу болсон юм бэ” гэхэд тэрээр Хамба хайч бариад над руу дайраад байхаар нь би хайчийг нь булааж аваад цээж рүү нь зоогоод цааш түлхсэн” гэж гэрийнхээ гадаа байхад хэлсэн... “ гэж /хх-ийн 58/, гэрч С.Галбадрахын өгсөн: ... Би ...банкин дээр барагцаагаар 20 минут орчим болоод гэр рүүгээ эхнэрийн хамт очиход манай байшин руу орох хаалганы үүдэнд талийгаач дээшээ харсан, цээж хэсэг нь цустай, амнаас нь хөөс гарчихсан байхаар нь би сандраад эхнэрийгээ эмч рүү залгуулахад утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би шууд хөдлөөд Нямдорж эмчийн гадаа очиход хэсгийн төлөөлөгч явж байхаар нь би түүнд хандаж чи манайх руу очоорой хүн хутгалуулсан юм шиг байна гэж хэлээд өөрөө машинтайгаа эмнэлэг рүү явсан. Эмч нарын хамт гэртээ очоод эмч үзчихээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинээчийн 2017 оны 05 сарын 18-ны өдрийн 32, 2017 оны 05 сарын 08-ны өдрийн 245, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 сарын 02-ны өдрийн 4828 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Эн 2017 оны 5 сарын 01-ний өдөр үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь 2002 оны болон 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиудад заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон /94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэгт оногдуулах ялын дээд, доод хэмжээ адил буйн зэрэгцээ сонгон хэрэглэж болох зорчих эрхийг хязгаарлах ялыг шинэ эрүүгийн хуулиар нэмсэн боловч уг ялыг 2019 оны 1 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр 2017 оны 5 сарын 11-ний өдрийн хуулиар тогтоогдсон тул хуулийг буцаан хэрэглэхгүйгээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж /эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаа/ заасныг баримтлан шүүгдэгч Д.Э холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсгээр зүйлчлэн шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан гэж 2 ангилна. “Хайхрамжгүй хандах” нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдэхүйгээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, тухайлбал, шүүгдэгч Д.Э “...хохирогч над руу хайч бариад дайрахаар нь хайчтай нь ноцолдож байгаад бид хоёр газарт унахад нэг гараараа миний цамцаар намайг боож, нөгөө гартаа хайчаа барьсан чигээрээ дээрээс хатгах гээд байхаар нь ноцолдож байгаад би түүнийг хажуу тийш нь түлхээд шууд босч байшингаас гарч гүйсэн. Тухайн үед ийм зүйл болсон гэдгийг мэдээгүй учир өглөө ирж учраа олъя гэж бодоод л гэр рүүгээ явсан” гэх мэдүүлгээс өөрөөр энэ хэрэгт холбогдсон шүүгдэгч Д.Э хүний амь насыг хохироосон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцааг тогтоосон нотлох баримт хэрэгт цуглараагүй байхаас гадна амь хохирогч нь Д.Э хайчаар хатгах гээд байхаар нь өөрийгөө хамгаалах зорилгоор хайчтай гарыг нь бариад ноцолдож байхдаа түүнийг хажуу тийш нь түлхэсний үр дүнд амь хохирогч өөрийнхөө барьж байсан хайчиндаа хатгагдаж амь хохирсон байх бөгөөд шүүгдэгч ийнхүү түлхсэний улмаас амь хохирогч гэмтэж, үхэж болох хор уршиг учирч болохыг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч үүндээ хайрамжгүй хандсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг агуулсан байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Э- холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар
Шүүгдэгч Д.Э мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргийн үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгч
С.Ариунбаяр, С.Дэлгэрсайхан, гэрч Г.Будсүрэн, С.Галбадрах, Д.Өнөржаргал, Б.Бямбадорж нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн болон үйлдсэн хэргийнх нь шинж байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн уг оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогчийн төлөөлөгч нарт хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд нийт 22250000 төгрөгийг өгсөн байх бөгөөд хохирогчийн төлөөлөгч нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг энэ эрүүгийн хэрэгт хохирогчийн төлөөлөгч нарт төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй байна.
Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 5 сарын 2-ны өдрөөс 06 сарын 28-ны өдөр хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсон болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс 50 толгой төлөг буюу 2 настай хонийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Э регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн бариултай хайч 1 /нэг/ ширхэг, хохирогч Я.Л-н өмсөж явсан энгэр “Aundred Pеrcent” бичигтэй хар өнгийн имжээртэй, цагаан өнгийн майк 1 /нэг/ ширхэг, саарал өнгөтэй, энгэр хэсэгтээ “CUESS” гэсэн бичигтэй ноосон цамц 1 /нэг/ ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 /нэг/ ширхэг, шүүгдэгч Д.Э өмсөж явсан гэх хүрэн бор өнгөтэй, энгэр хэсэгтээ дөрвөлжин шоо хэлбэр бүхий дүрстэй ноосон цамц 1 /нэг/ ширхэг, хөх өнгийн ханцуйтай энгэр хэсэг нь цагаан өнгөтэй, хөндлөн судалтай даавуун цамц 1 /нэг/ ширхэг зэрэг эд зүйлсийг тус тус устгавал зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорнод аймгийн Прокурорын газраас ирүүлсэн шүүгдэгч Донгоод овогт Д.Э-н үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон зүйлчилсүгэй.
2.Шүүгдэгч Донгоод овогт Д.Э-г бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүй /хохирогчийн төлөөлөгч нарт гэм хорын хохиролд нийт 22250000 /хорин хоёр сая хоёр зуун тавин мянган төгрөг/ төлсөн, шүүгдэгч Д.Э нь 56 /тавин зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн бариултай хайч 1 /нэг/ ширхэг, хохирогч Я.Л өмсөж явсан энгэр “Aundred Pеrcent” бичигтэй хар өнгийн имжээртэй, цагаан өнгийн майк 1 /нэг/ ширхэг, саарал өнгөтэй, энгэр хэсэгтээ “CUESS” гэсэн бичигтэй ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 /нэг/ ширхэг, шүүгдэгч Д.Э өмсөж явсан гэх хүрэн бор өнгөтэй, энгэр хэсэгтээ дөрвөлжин шоо хэлбэр бүхий дүрстэй ноосон цамц 1 /нэг/ ширхэг, хөх өнгийн ханцуйтай энгэр хэсэг нь цагаан өнгөтэй, хөндлөн судалтай даавуун цамц 1 /нэг/ ширхэг зэргийг устгаж, шүүгдэгч Д.Э эзэмшлээс 50 толгой төлөг буюу 2 настай хонийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгчид буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР