Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/423

 

 

 

 

 

 

  2024             4            10                                       2024/ДШМ/423

 

 

                    С.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сүрмандах,

хохирогч А.О-ын өмгөөлөгч М.Ч,

цагаатгагдсан этгээд С.Э, түүний өмгөөлөгч Б.Б,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/58 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Сүрмандахын бичсэн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 09 дүгээр эсэргүүцэл, хохирогч А.О-ын өмгөөлөгч М.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлоор С.Э-д холбогдох 2110002501418 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С.Э нь “Л” ХХК, иргэн Т.Б нар 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 14.000 тонн арматур төмрөөр ..... дүүргийн .... дүгээр хороо, ..... хорооллоос 3.000 мкв талбай авах үндсэн нөхцөлтэй бараа бүтээгдэхүүн арилжаалах гэрээний дагуу арматур төмөр нийлүүлээгүй атлаа тухайн орон сууцнаас худалдан борлуулах эрхтэй гэж бодит байдлыг нуух замаар А.О-ыг төөрөгдөлд оруулан тухайн орон сууцнаас 53.73 м.кв талбайтай орон сууцыг худалдана гэж түүний ......... загварын тээврийн хэрэгслийг ..... дүүргийн ..... дугаар хороо, ........ хорооллын гаднаас авч яван 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэн авч А.О-од 59.745.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Э-ыг цагаатгаж, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хохирогч А.О-ын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Б.С бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/58 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичсэн. …” гэв.

Хохирогч А.О-ын өмгөөлөгч М.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦ/58 дугаар цагаатгах тогтоолыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...50.000.000 төгрөгийг би хувьдаа хэрэглээгүй. ..... ХХК-аас зуурмаг шахагчийг сарын 33.000.000 төгрөгөөр түрээслэж байсан. Уг түрээсийн өр 50.000.000 төгрөг юм. Үүнтэй холбогдуулан А.О 2019 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст надад холбогдуулан гомдол гаргасан байсан. Энэ үед би А.О-ын талын хүргэн нь байсан учраас тухайн мөнгийг “би төлж барагдуулна” гэж хэлж байсан бөгөөд тухайн үед цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгч байсан бөгөөд тухайн хэрэг 2019 онд буцаагдсан. Энэ асуудлын дараа А.О надад “би байр авах гэж байгаа юм, чи надад нэг юм гаргаад өгчих” гэхэд нь би “надад үнэхээр мөнгө байхгүй, байр авах гэж байгаа  бол манай компани дээр захиалгын гэрээ ирсэн байгаа. Чи сонирхож байгаа бол би хувьцаа эзэмшигчтэй танилцуулаад өгье” гэж хэлсэн. Тухайн үед А.О “тэгвэл би энэ машиныг өгье, чи намайг компанийнхаа хүмүүстэй танилцуулаад гэрээ байгуулаад өгчих” гэж хэлсэн. Үүний дагуу гэрээг нь байгуулж өгсөн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд С.Э-ын өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...компани А.О-той гэрээ байгуулсан. Хэрэв А.О нь тухайн компанитай гэрээ байгуулаагүй байсан бол өнөөдөр С.Э энэ хэрэгт гэм буруутай эсэх асуудал яригдахгүй байсан. Хохирлын нийт тооцоо буюу 59.745.300 төгрөгийг компанийн зүгээс хохирогчид төлсөн байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Прокуророос С.Э-ыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч А.О-ын тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч түүнд 59.745.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтад эргэлзээтэй болон зөрүүтэй байдал үүсгээгүй, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Анхан шатны шүүх, С.Э-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг онцлогтой.

Анхан шатны шүүх, цагаатгагдсан этгээд С.Э-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй гэж үзсэн бөгөөд хохирогч А.О-ын “...Би С.Э-тай 2015 оноос хойш хамтран барилгын материалын бизнес хийдэг байсан. С.Э нь 2015 онд миний ...... компани дээр барилгын зуурмаг шахагч машины түрээсийн гэрээ хийгээд надаас 13.000 доллар авсан. Тэгээд түрээслүүлэгч компанидаа 33.000.000 төгрөгийн өр үлдээгээд мөнгөө өгөхгүй алга болсон. Улмаар тус компани нь манай компанийг шүүхэд өгсөн. Шүүх манай компанийг 73.000.000 төгрөг төлөхөөр шийдвэрлээд би тэр мөнгийг тухайн барилгын зуурмаг шахагч машин түрээслүүлсэн компанид төлж барагдуулсан. Иймээс Э нь 73.000.000 төгрөгийн өртэй. ...Би бас Э-аас 23.000.000 төгрөгийн зуурмаг авч барилга барьсан. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Э нь надад өгөх ёстой 50.000.000 төгрөгтөө ..... дүүргийн .... дүгээр хороо, ..... хотхоны .... давхрын 53.73 метр квадрат байрыг 123.579.000 төгрөгөөр тооцож худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Зөрүү 70.000. 000 төгрөгт манай таньдаг эгчийн нэр дээр байдаг ...... улсын дугаартай ....... загварын тээврийн хэрэгслийн нэрийг нь шилжүүлж өгөхөөр болсон. ...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/1 гэсэн дугаартай ........хотхоны .... давхрын 53.73 метр квадрат байрыг 123.579.000 төгрөгөөр тооцож худалдах, худалдан авах, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд Худалдагч талаас ....... ХХК-г төлөөлж хувьцаа эзэмшигч Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн С.Э, худалдан авагч талаас би гарын үсэг зурсан. ... улсын дугаартай .......маркийн тээврийн хэрэгслийг 70.000.000 төгрөгөөр тооцож байрны зөрүү мөнгөнд өгсөн. Би С.Э-ын өмнөөс шүүхэд өгсөн 73.000.000 төгрөг байснаас 23.000.000 төгрөгт бетон зуурмаг авсан тул 50.000.000 төгрөгийг авна. Нийт 112.000.000 төгрөгийн авлагатай. ...Э бид хоёрт тээврийн хэрэгслээс гадна 50.000.000 төгрөгийн өр авлагын асуудал байсан. Э надад уг мөнгийг огт өгөөгүй. Сүүлд надаас ..... загварын тээврийн хэрэгслийг 67.000.000 төгрөгт бодож авсан. Өмнө нь өгсөн мэдүүлгүүд дээр 20.000.000 төгрөг төлөгдсөн. Энэ нь урьд үүссэн байсан 50.000.000 төгрөгөөс хасагдаж байгаа. Миний залилуулсан гэх тээврийн хэрэгслийн 67.000.000 төгрөгөөс нөхөн төлөлт хийгдээгүй. ...Миний мөнгө ч байхгүй, тээврийн хэрэгсэл ч байхгүй, анх оруулж өгнө гэсэн орон сууц ч байхгүй. ...” /1хх 47-49, 2хх 42-43/, гэрч П.П-ийн “...А.О утасдаад тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлчих л гэсэн. Би нэг залуутай уулзаад нэрээ шилжүүлж өгсөн. ...” /1хх 55-56/, гэрч Б.Б-ийн “... улсын дугаартай ....... загварын тээврийн хэрэгслийг С.Э, Х.Х нар авч ирсэн. Тэгээд би авсан. Би анхнаасаа Х.Х-аас авлагатай. ...” /1хх 60-61/, гэрч Х.Х-ын “...Манай компани нь С.Э-ын компанид хаягдал төмөр өгөөд оронд нь арматур төмөр авдаг байсан. Сүүлдээ манай хаягдал төмөрт дүйцэхүйц арматур төмөр өгч чадахаа байгаад үйлдвэр нь зогсоод 200.000.000 гаруй төгрөгийн авлагатай болсон. Тухайн үед С.Э нь надад 45.000.000 төгрөгт бодож ….. загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгсөн. Би уг тээврийн хэрэгслийг Б-т өгөх ёстой байсан болохоор шууд нэр дээр нь шилжүүлэн өгсөн. ...” /1хх 90/, гэрч Г.О-ын “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б гэх хүнтэй “Бараа бүтээгдэхүүн арилжаалах тухай” гэрээ албан ёсоор хийгдсэн. 2020 оны хавар орон сууц авахаар болоод төлбөр тооцоотой хүмүүсийн өр төлбөрийг барагдуулахаар удирдлагын түвшинд яригдаж байсан. Гэвч орон сууц өгөх ёстой хүмүүс нь олдохгүй болоод цаашид уг орон сууцыг барих боломжгүй гэх мэт яриад энэ гэрээний дагуу ажил үйлчилгээ хийгдээгүй. Манай байгууллагаас ч арматур төмрийг хүлээлгэн өгөөгүй. Уг тээврийн хэрэгслийг С.Э нь байгууллагад авч ирсэн. Компанийн удирдлагууд түүнийг хүлээж аваад Х.Х-аас хаягдал төмөр авчихсан байсан өрөнд Х.Х-т тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн. Энэ тухай манай санхүү дээр баримт байхгүй, компанийн удирдлагууд мэдэж байсан. ...” /2хх 45-46/, гэрч Н.Н-ийн “...Манай ....ХХК нь .... хорооллын борлуулалт хариуцсан иргэн Т.Б-тай 2019 оны 11 дугаар сарын 06-ны өдөр ..... ХХК талаас 14.000 тонн арматур төмөр нийлүүлээд, .... хорооллоос 3000 м.кв байр нэг м.вк-ыг 2.300.000 төгрөгөөр тооцож 2019 онд байраа авах, .... хотхоноос 9.000 м.кв ашигтай талбай бүхий 1 блок барилгыг нэг м.кв-ыг 1.600.000 төгрөгөөр тооцож “Бараа бүтээгдэхүүн арилжаалах” тухай гэрээ байгуулсан. 2019 оны сүүлээр манай .....ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж хуралд С.Э “хуучин захирал байхад компанид зарцуулсан өглөгтэй хүн байгаа, ....хорооллоос гэрээгээр авсан байрнаас өгөх хэрэгтэй байна” гэсэн. Хурлын дараа хэд хоногийн дараа хуулийн зөвлөх гэрээ бэлдсэн гээд нэг гэрээ надаар батлуулсан. Би тэр үед хурлын шийдвэр гарсан болохоор гарын үсэг зурсан байсан. .... хорооллын борлуулалт хариуцсан хүн иргэн Т.Б-тай 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хийсэн “Бараа бүтээгдэхүүн арилжаалах” тухай гэрээн дээр .......... хорооллын борлуулалтын алба хавсралт 1-т дурдсан байрыг 2019 ондоо шилжүүлнэ гэж заасан байсан. ... ХХК-тай гэрээ байгуулаагүй. ... хорооллын борлуулалт хариуцсан иргэн Т.Б-тай 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ хийсэн. .... хорооллын борлуулалт хариуцсан иргэн Т.Б-тай 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Бараа бүтээгдэхүүн арилжаалах” тухай гэрээнд тус ...... хорооллын байрны 6 давхрын 53.73 м.кв байрыг хавсралтаар баталж 2019 онд манайд хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан байсан. Тэгээд ковид гараад ..... ашиглалтад ороогүй болоод манайд хүлээлгэж өгөөгүй байсан. Одоо ч хүлээлгэн өгөөгүй. Тэр байрны үнэ болох 123.579.000 төгрөгийг үнийн дүн гэж тооцоод хоорондоо тооцоо хийсэн байх гэж бодож байна. Юу гэж ярьсныг нь мэдэхгүй. Манай хамаатны залуу А.О арматур гарахаар чинь төмөр авъя, энэ машиныг хэрэглээд зарцуулах зүйл байвал зарцуул гээд өгсөн гэж Э хэлсэн. Ажил эхлээд төмөр гарахаар үнийн дүнгээ тооцоод төмөр авна гэсэн гэж хэлж байсан. ...Яг тухайн үед үйлдвэр ажиллаад өөр газарт үүссэн өр төлбөрийг барагдуулж байсан боловч хүн хүчний нөөцөөс хамаараад ажиллаж чадахгүй болоод санхүүгийн хямралд буцаад орсон. Хамгийн анх Э надад уг тээврийн хэрэгслийг захиран зарцуулах шийдвэрийг хувьцаа эзэмшигч нар буюу Э, Л, Р нар хариуцан шийдвэр гаргадаг. ...” /2хх 48-49/ гэсэн мэдүүлгүүд,

“...улсын дугаартай .... загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 12 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 59.745.300 төгрөгөөр үнэлэв. ...” гэсэн “Дамно” ХХК-ийн ХУ1-22-520 дугаар дүгнэлт /1хх 93-95/,

.... ХХК, гүйцэтгэх захирал Н.Н, иргэн Т.Б нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Бараа бүтээгдэхүүн арилжаалах тухай гэрээ /1хх 28-33/,

.... ХХК-ийн захирал Н.Н-ийн баталсан, тус компанийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С.Э, А.О нарын байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /1хх 24-26/,

..... улсын дугаартай ….. загварын тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 128/,

............... ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2хх 5/, улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 182-183/, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хурлын тэмдэглэл /1хх 184- 187, 216-217/, дүрэм /1хх 198-203, 218-217, 2хх 6-11/, 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 229 дугаартай төмөрлөг боловсруулах үйлдвэрлэл эрхлэх “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийн хуулбар /1хх 214-215/, ............ ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 201/23 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол /2хх 12/, ........... ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/13 дугаартай Манай компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч С.Э-ын нэрээр хийгдсэн хэлцлийн дагуу компанид ирсэн ...... улсын дугаартай ….. маркийн автомашиныг Х.Х-аас компанийн эргэлтийн хөрөнгөд зээлээр авсан ...... улсын дугаартай Тоёота ланд крузер авто машины өрөнд өгсөн. ...” гэсэн тодорхойлолт /2хх 17/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Мөн С.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд эзэмшигчийг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангаагүй ба С.Э, А.О нар нь харилцан тохиролцож автомашиныг шилжүүлсэн асуудлаас үүссэн маргаан байна. Өөрөөр хэлбэл хохирогч А.О-ын шилжүүлсэн автомашиныг ..... ХХК хүлээн авч, компанийн өр төлбөрт бусдад шилжүүлсэн үйлдлийг залилах гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Учир нь:

...... ХХК болон иргэн Т.Б нарын хооронд .... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа   ...... хорооллоос 2019 онд   1 блок барилгыг  ..... ХХК-д өгөхөөр тохиролцож 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Бараа бүтээгдэхүүн арилжаалах” тухай гэрээ /1хх 28-33/ байгуулагдсан байх бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/23 дугаар ....... ХХК-ийн хувьцаа эзэмшигчдын хурлын тогтоол /2хх 12/-ын дагуу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ....... ХХК-ийг төлөөлж С.Э, худалдан авагч А.О нар талуудын эрх тэгш эрх, чөлөөт байдлын үндсэн дээр ...... хорооллоос 53.73 м2 орон сууцыг 123.579.000 төгрөгт тооцож А.О-д өгөхөөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ /1хх 24-25/-г байгуулжээ.

Улмаар А.О нь дээрх орон сууцны төлбөрт  ...... улсын дугаартай ..... загварын тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн бөгөөд ...... ХХК 2020 онд автомашины төлбөрт буцаан 14.800.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 10.000.000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 19.945.300 төгрөг, нийт 59.745.300 төгрөгийг А.О-д шилжүүлсэн талаарх баримт /2хх 61-62/ авагдсан байх тул тухайн автомашины төлбөрийн асуудлаар С.Э-ыг залилж хохирол учруулсан гэж үзэх боломжгүй юм.

Прокуророос С.Э-ыг “Бараа бүтээгдэхүүн арилжаалах” гэрээний дагуу арматур төмөр нийлүүлээгүй атлаа тухайн орон сууцнаас худалдан борлуулах эрхтэй гэж бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдүүлэн залилсан гэх байдал нь хэрэгт цугларсан баримттай тохироогүй, тодруулбал Бараа бүтээгдэхүүн арилжаалах тухай гэрээнд С.Э нь гэрээний тал биш байх бөгөөд гэрээнээс үзэхэд талууд нь иргэн Т.Б, .... ХХК байх тул шүүгдэгчийг арматур төмөр нийлүүлээгүй атлаа орон сууц худалдана гэж залилсан гэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд иргэн Т.Б гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор .... ХХК-ийн байгуулсан гэрээ биелэгдээгүй, үүнтэй холбоотойгоор А.О-той ..... ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С.Э-ын компанийг төлөөлж байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ биелэгдэх боломжгүй болсон нөхцөл байдалтай үүссэн маргаан бүрийг гэмт хэрэг гэж үзэхгүй.

Хохирогч А.О болон С.Э нарын хамтран ажиллаж байсан үйл ажиллагааны улмаас үүссэн өр төлбөр, түүнээс улбаатай иргэний хууль тогтоомжийн дагуу үүссэн харилцаа, маргааныг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй ба гэрээний харилцаа нь Иргэний эрх зүйн хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар эрсдэлд орсон нь залилах гэмт хэрэг гэж үзэхээргүй байх ба залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авч, уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгаатай. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа биелэгдэх боломжгүй байсан, мэдсээр байж хохирогчийг төөрөгдөлд оруулсан, бодит байдлыг буруугаар ойлгуулсан гэх нөхцөл байдал С.Э-ын үйлдэлд хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Прокуророос тухайн орон сууц баригдаагүй байсан, биелэгдэх боломжгүй гэрээ байсан гэх боловч ..... ХХК-аас иргэн Т.Б-д арматур нийлүүлээгүй байсан гэх нөхцөл байдлаар шүүгдэгч С.Э-ыг буруутгах, .... ХХК, иргэн Т.Б нарын хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Бараа бүтээгдэхүүн арилжаалах тухай гэрээний нөхцөлөөр, уг гэрээ хэрэгжсэн, эсхүл хэрэгжээгүйтэй холбоотойгоор хохирогчийг С.Э залилсан гэж үзэх боломжгүй юм.

Хохирогч А.О-той байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр ...... ХХК үүрэг хүлээсэн гэж үзэх ч үндэслэл байна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ. гэж заасан. Тиймээс ..... ХХК-ийн бусдаас шилжүүлэн авсан хөрөнгө, гэрээний талаарх асуудлаар шүүгдэгч С.Э-д хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болно. Прокуророос хохирогчийн автомашиныг шилжүүлэн авч 50.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч хөрөнгийн үнэлгээний байгууллага автомашины үнэлгээг 59.745.300 төгрөгөөр тогтоосон, харин хохирогчийн мэдүүлгээр С.Э-ыг түрээсийн төлбөрт 50.000.000 төгрөг төлөөгүй байсан талаар мэдүүлэх ба, мөн орон сууцны үнийн зөрүү 70.000.000 төгрөгт машиныг шилжүүлсэн гэх мэдүүлэг ч авагдсан бөгөөд эдгээрээс үзвэл мөрдөгч, прокурор хохирогчийг ямар нөхцөл байдлаар хохирсон гэж буй бодит байдлыг нотлон тогтоож чадаагүй бөгөөд яллах дүгнэлтэд дурдсан хохирол төлбөрийг компани төлж барагдуулсан байна. Өөрөөр хэлбэл, хохирогч А.О нь С.Э-тай өмнө үүссэн өр төлбөрийн асуудлын улмаас мөнгөөр, эсхүл орон сууцаар хохирсон эсэх, эсхүл автомашинаар хохирсон эсэх зэрэг нь ойлгомжгүй, түүнд бодит байдалд ямар эд хөрөнгийн хохирол учирсан талаарх нөхцөл байдалд дүгнэлт өгч, нотлон тогтоох ажиллагаа явуулаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдал болон тухайн хэрэгт холбогдсон хүний гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдоогүй, түүнчлэн шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн хэрэгт холбогдсон хүнийг цагаатгах зарчмыг баримтлан гаргасан шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд, Б.С-ын бичсэн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 09 дүгээр эсэргүүцэл болон хохирогч А.О-ын өмгөөлөгч М.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/58 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.С-ын бичсэн эсэргүүцэл болон хохирогч А.О-ын өмгөөлөгч М.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                        С.БОЛОРТУЯА

 

            ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ