2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 192/шш2025/04005

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/04005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ********* дүүрэг, ********** дугаар хороо, *************дугаар байр, ********* тоотод байрлах ************ ХХК /РД:**********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***********дүүрэг, ********** дугаар хороо, * дугаар гудамж, ****** тоотод оршин суух ******* овогт ***************** /РД:**********/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

хариуцагч ************,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч ******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баяраагийн ********** нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр *********** ХХК-тай 3Г2017/61 дугаартай зээлийн гэрээг байгуулж 100,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3,5%- ийн хүүтэй зээлж авсан.

Зээлийн барьцаанд *************** хаягт байрлах 48м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ************* тоот хаягт байрлах 44м.кв талбайтай 2 өрөө орон сууц, **************** тоот хаягт байрлах 56м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан.

Зээлдэгч********** нь зээлийн төлбөрийг буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй тул барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдийн хаягаар очиход манайх орон сууцаа барьцаад тавиагүй, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувиараа байгаа" гэх тайлбарыг орон сууцны оршин суугчид хэлсэн тул барьцааны зүйл хуурамч байгаа эсэхийг, ***********нь хуурамч баримт бичгээр зээл авсан байж болзошгүй гэж үзэж 2021 оны 03 дугаар сард Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж, зээлийн барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон, эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жил өнгөрсөн тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2514 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн, учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн.

Иймд хариуцагч **********ас зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч ******** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн *************аас барьцаалан зээлдэж авсан хэмээн 100,000,000 төгрөгийн ******** миний бие аваагүй учир төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Уг 100,000,000 төгрөгийг миний нэр дээр зээл үүсгэн, мөн миний дансыг ашиглан *********** нь бэлнээр гаргуулж авсан болно. ******** нь миний хамт ажилдаг байсан хүний танил бөгөөд надаа эгч нь өөрөө зээлтэй болохоор болохгүй байна, би өөрийн байраа барьцаалах учир ямар ч асуудал үүсгэхгүй найдвартай хэмээн өдөр, шөнөгүй гуйж гэр орноор ирж гүйж байсан. Би тухайн ******** гэдэг хүн өөрийн байраа барьцаалж байгаа учраас найдвартай байх гэж бодоод зээлийн гэрээнд гарын үсэг зурж, 100,000,000 төгрөгийг өөрийн дансаар авч, түүнд өгсөн. Дараа нь харин барьцааны үл хөдлөхийн гэрчилгээ нь хуурамч байсан. ***** нь энэ мэтчилэн маш олон хүнийг хохироосон тул ял аваад явсан. Би **********д залилуулсан учир энэ хүний авсан мөнгийг төлж чадахгүй тул үнэн зөвөө олохыг хүсэж тайлбар гаргаж байна гэв.

 

4. Нэхэмжлэгч талаас дараах улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар батлуулсан хуулбар /хх-3 тал/, итгэмжлэл /хх-4 тал, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №З***** дугаартай зээлийн гэрээ /хх-4-7 тал/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-8 тал/, 2023 оны Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Прокурорын тогтоол /хх-9-12 тал/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокущорын газрын Хариу мэдэгдэх хуудас /хх-13 тал/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ДШСЩМ/445 дугаартай Магадлал /хх-92-130 тал/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ***** дугаартай шийтгэх тогтоол /хх-131-196 тал/ зэрэг нотлох баримтыг шүүхэд өгсөн байна.

5. Хариуцагч нь шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн байна. Монголын Нотариатчидын танхим бүртгэлийн дэвтэр гэрээ №5, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр /хх-49-51 тал/,2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №ЗГ2017/**дугаартай зээлийн гэрээ /хх-52-57 тал/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-58 тал/, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар батлуулсан хуулбар /хх-59 тал/, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №БГ2017/*** дугаартай барьцааны гэрээ /хх-60-72 тал/ зэрэг нотлох баримтыг шүүхэд өгсөн байна.

6. Хариуцагч талын хүсэлтээр шүүх Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №Ц-1/2919 дугаартай албан бичгээр ирүүлсэн нотлох баримт /хх-81-91 тал/ зэрэг шүүхийн журмаар хэрэгт цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч -************ай 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 3Г2017/61 дугаартай зээлийн гэрээг байгуулж 100,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3,5%-ийн хүүтэй зээлүүлсэн бөгөөд хариуцагч нь тус зээлийн гэрээний барьцаанд ************** тоот хаягт байрлах 48м.кв талбайтай 2 өрөө орон сууц, **************** тоот хаягт байрлах 44м.кв талбайтай 2 өрөө орон сууц, **************** тоот хаягт байрлах 56м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан.

1.2 Гэтэл хариуцагч **************ын барьцаалан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хуурамч байсан тул Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж, зээлийн барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2514 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

1.3 Иймд нэхэмжлэгчийн зүгээс зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгүүд байхгүй, хуурамч бичиг баримт барьцаалж, зээл авсан байх тул хариуцагчаас барьцааны гэрээний үүрэг шаардахгүй, зөвхөн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг шаардаж байна гэх агуулгаар тайлбарласан.

 

2.Хариуцагч *************** нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1 Нэхэмжлэгчтэй 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 3Г2017/61 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг зээлийг өөрийн дансаар шилжүүлэн авч, *********д өгсөн.

2.2 Надад нэхэмжлэгчээс 100,000,000 төгрөг авах хэрэгцээ, шаардлага байгаагүй. Харин миний хамт ажилладаг байсан хүнээр дамжуулж танилцсан *************** нь надад хандан би зээлтэй учраас надад зээл гарахгүй байна. Чи өөрийнхөө нэр дээр зээл аваад өгөөч, би өөрийнхөө байрыг барьцаалах учир, асуудалгүй гэж гуйгаад байсан тул би бодохдоо өөрийнхөө байрыг барьцаалах юм чинь найдвартай байх гэж бодоод өөрийн нэрээр зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийн зээлийг авч өгсөн.

2.3 Ингээд ************ нь зээлийн гэрээтэй холбоотой бүхий л баримтуудыг бүрдүүлж өгснөөр тус зээлийг авсан.

2.4 Тухайн үед гэрээ байгуулахад барьцааны хөрөнгийн гэрчилгээ хуурамч гэж би ерөөсөө мэдээгүй. ********* нь одоо ял эдэлж байгаа гэх тайлбарыг гаргасан байна.

 

3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1 Талууд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 3Г2017/61 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 100,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3,5%- ийн хүүтэйгээр зээлүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ************* тоот хаягт байрлах 48м.кв талбайтай 2 өрөө орон сууц, *************** тоот хаягт байрлах 44м.кв талбайтай 2 өрөө орон сууц, *****************тоот хаягт байрлах 56м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ.

3.2 Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, хариуцагч **********д 100,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн байна.

3.3 Нэхэмжлэгч тал нь Цагдаагийн байгууллагад ...хуурамч бичиг баримт ашиглан, зээл авч залилсан гэж гомдол гаргасан байх бөгөөд цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж, ******* нь ***********аар дамжуулан 3 орон сууцыг барьцаалж ************-тай зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийн зээл авхуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 2514 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ.

3.4 Нэхэмжлэгч *************ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй хуулийн этгээд байна.

 

4. Дээрх үйл баримтаас дүгнэвэл:

4.1 Нэхэмжлэгч *********** ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд байх бөгөөд хариуцагч **************тай 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ЗГ2017/61 дугаартай зээлийн гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зүгээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгчид нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

4.2 Хариуцагч *********** нь зээлийн гэрээний дагуу авсан мөнгийг ************д шилжүүлэн өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

4.3 Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүд болох Х************** тоот хаягт байрлах 48м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ****************оот хаягт байрлах 44м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ********************тоот хаягт байрлах 56м.кв талбайтай 2 өрөө орон сууцны бичиг баримтыг ************* нь хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон боловч энэ нь хариуцагчийг талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзлээ.

 

Учир нь Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, уг гэрээнд гарын үсэг зурсан болон гэрээний дагуу өөрийн дансаар 100,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болохоо хариуцагч тал хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

4.4 Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч *********ыг нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу авсан мөнгийг **********д өгсөн нь түүнийг зээлийн гэрээний дагуу авсан мөнгөө буцаан төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

5.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч **************аас зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ***************д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ************аас 100,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **************** ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******************аас улсын тэмдэгтийн хураамжид 657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА