Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 107

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******  холбогдох эрүүгийн 1821001030080 дугаартай хэргийг 2018 оны 04 сарын 09-ний өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 03 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн .........сумын 1 дүгээр баг “...........” гэх газарт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД: /

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “..........” гэх газарт өөрийн гэртээ 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө иргэн *******  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ....Би 2017 оны 12 дугаар сарын 30-ны 00 цагийн орчимд караокегоос гарч Баатарцогтын гэр рүү явсан юм. Тухайн үед бид  нар бүгдээрээ нэлээн согтсон байсан. Нэг мэдэхэд миний араас пийшин халаад байхаар нь би сууж байсан сандлаасаа боссон. Тэгэхдээ би санаандгүй халуун цай асгачих шиг болсон. Тэр үед Б намайг “ Чи халуун цайгаар хүүхэд түлэх гэлээ” гээд миний нүүр рүү маань алгадах шиг болсон. Тэр үед би Б руу яаж байгаа юм? гээд дайрсан чинь түүний эхнэр Балжмаа нь миний урдуур орж ирээд нөхрөө өмөөрч миний үснээс зулгаасан. Би бас зөрүүлж үснээс нь зулгаагаад тавихгүй байсан юм. Тэр үед Баатарцогт миний нүд рүү дахин нэг удаа цохиж намайг тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2017  оны 12 сарын 30-ны орой найзуудын хамтаар караокед шинэ жилээ тэмдэглээд 2 шил архи уусан. Тэгээд караоке хаах үед тэнд байсан найзууд хамт манай гэр рүү явсан. Тэгээд би гэртээ очоод цай чанаад аягалж байх үед А согтуу агсан тавиад уур амьсгал эвдээд байсан. Тухайн үед А нь шавар пийшингийн хана налаад сууж байснаа гэнэт “яа нуруу түллээ шүү дээ” гээд хашгирч халуун цайтай аягыг гараараа цохиж асгасан. Тэр үед манай нөхөр Баатарцогт А хандаж чи халуун цайгаар хүүхэд түлэх шахлаа, зүгээр ууж чадахгүй бол манай гэрээс яв гэж хөөсөн. Тэр үед А танайхаас зайлна гэж хэлээд ширээн дээр байсан идэх юмнуудыг цохиж газар ойчуулсан. Тэгэхэд манай нөхөр уурлаж А- г алгадсан. Тэгээд би нөхрөө болиулах гэж түлхсэн чинь А миний хойноос үснээс зулгаагаад тавихгүй болохоор нь би зөрүүлээд зулгаасан. Тэр үед манай нөхөр А толгой руу алгадаж миний үснээс тавиулсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 21/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 129 тоот дүгнэлтэд: " 1. ******* биед баруун зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 32/

-Шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

     Шүүгдэгч  ******* нь 2017 оны 12 сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Дорнод аймгийн .............5 дугаар багийн нутаг дэвсгэр “............” гэх газарт өөрийн гэртээ хохирогч ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар хохирогчийг зодож, баруун зүүн нүдний зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би А-г чи яаж байгаа юм? халуун цайгаар хүүхэд түллээ гээд нүүр рүү нь алгадсан. ... мөн А манай эхнэрийн үснээс нь зулгаагаад тавихгүй байсан. Тэгэхээр нь би А нүүр рүү нь дахин алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44/, түүнийг давхар нотолсон хохирогч *******, гэрч ******* нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 129 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

     Хохирогч ******* биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч ******* хохирогчийн нүүр рүү гараараа цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.   

Иймд шүүгдэгч *******  холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.    

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.    

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс “Хьюндэй Портер” маркийн ...............улсын дугаартай машиныг битүүмжилсэн 2018 оны 3 сарын 30-ны өдрийн Прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******-г регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч ******* хөгдүүд овогт ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгчийн эзэмшлээс “Хьюндэй Портер” маркийн ........ДОР улсын дугаартай машиныг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******-н  /ЖВ........../ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгосугай

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР