Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 212/МА2021/00039

 

С.С-ы хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

                Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2021/00357 дугаар шийдвэртэй, Ногооннуур сумын 6 дугаар багт оршин суух  Шеруши сүйиндик овогт Салимханы С-ы хүсэлттэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны  5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, нэхэмжлэгч С.С нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сум дундын эмнэлэгт 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нярваар, Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгт 1989 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал нярваар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай. 

Нэхэмжлэлд: “Миний бие 1977 онд Ногооннуур сумын бүрэн дунд сургуулийн 8 дугаар анги төгссөн. Сургууль төгссөний дараа 1987 онд Цэргийн албанд татагдаж, 1981 онд цэргийн албанаас халагдаж ирсний дараа 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Ногооннуур сумын сум дундын эмнэлэгт нярваар 1989 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажилласан. 1989 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгт нярваар томилогдож өдий хүртэл ажиллаж байгаа. Би 60 нас гарсан ба нийгмийн даатгалын байгууллагад очиж тэтгэвэрт гарахыг зөвлөсөн боловч таны материал дутуу байгаа та улсад ажилласан жилийг шүүхээр тогтоолгоно уу гэж зөвлөсөн. Иймд Ногооннуур сумын сум дундын эмнэлэгт 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нярваар, Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгт 1989 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал нярваар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2021/00357 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шеруши сүйиндик овогт Салимханы С нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгт 1989 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал нярваар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Миний бие Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сум дундын эмнэлэгт 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нярваар, Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгт 1989 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нярваар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхийн миний Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгт 1989 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нярваар ажиллаж байсан байдлыг тогтоож, бусад жилүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сум дундын эмнэлэгт 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нярваар ажилласан байдлыг нотлох баримтаа гаргаж өгсөн байхад шүүгч уг нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэрэгсэхгүй болгож байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Тухайлбал миний хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэхдээ эзэмшигчийн гарын үсэггүй, он сар өдөргүй, зураггүй гэх зүйлүүдийг шалтаг болгож нотлох баримтаар үнэлээгүй, мөн Монголын үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэхийг гишүүнд элссэн он засвартай, хар өнгийн үзгээр бичигдсэн байхад хар өнгийн балаар бичсэн гэх зэргээр миний гаргаж өгсөн баримтуудыг зөвхөн няцааж, үгүйсгэж үнэлж байгааг ойлгохгүй байна. Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхийн зүгээс авсан ХААТР маягтад миний ажилд орсон он, ажилладаг байгууллага, эрхэлдэг ажил тодорхой тусгагдсан байхад хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдоогүй гэж Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сум дундын эмнэлэгт 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нярваар ажилласныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, миний Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сум дундын эмнэлэгт 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нярваар, Ногооннуур сумын Хүүхдийн цэцэрлэгт 1989 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нярваар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх С.С-ы хүсэлттэй, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэгт авагдсан баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүй учир шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Хүсэлт гаргагч С.С нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сум дундын эмнэлэгт 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нярваар,  Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгт 1989 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

 

            Хүсэлт гаргагч анхан шатны шүүхэд Б.Оралбай, Х.Айгерим, С.Рысхан нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн боловч шүүх эдгээр иргэдээс гэрчийн мэдүүлэг аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт нийцээгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн “425221 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 612752 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх, 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар, 1989 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаартай тушаалууд”-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бусад нотлох баримтуудтай харьцуулж хэрхэн үнэлсэн талаарх үндэслэлээ шүүхийн шийдвэрийн үндэслэлд дүгнээгүй нь мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцсэн гэж үзэхгүй.

 

            Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ногооннуур сумын Сум дундын эмнэлгийн 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар, 1989 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаартай тушаалуудад Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сум дундын больниц гэсэн тамга дарагдсан байхад түүний үнэн зөв эсэхийг магадлахгүйгээр /гэрч асуух боломжтой эсэх/ тухайн баримтуудыг хэрэгт хамааралгүй гэж бусад баримтуудтай харьцуулахгүйгээр үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүй гэж үзнэ.

 

            Иймд, дээр дурдсан үндэслэлээр, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчмын агуулгыг зөв хэрэгжүүлээгүй, хуульд заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх бүрдүүлэх, хэрэгт цугларсан, цуглуулсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэх журмыг тус тус зөрчсөн байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаав.

 

Хэргийн үйл баримттай холбоотой гаргасан нэхэмжлэгчийн гомдолд урьдчилан дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар зохих данснаас буцаан олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2021/00357 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хүсэлт гаргагч С.С-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

                                       ШҮҮГЧИД                                                  Н.ТУЯА

 

                                                                                                          Д.КӨБЕШ