| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/05174/И |
| Дугаар | 192/шш2025/04478 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 192/шш2025/04478
| 2025 оны 05 сарын 26 өдөр | Дугаар 192/ШШ2025/04478 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, шүүгч Б.Азбаяр, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *********** дүүрэг, ******** дугаар хороо, *********** тоотод оршин суух, ***овогт ************* /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* дүүрэг, *** дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, “********” ХК /РД:*********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр болон учирсан хохиролд 41,804,824 төгрөг 32 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч***********,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************,
гэрч *************,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***************** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч********** нь хариуцагч "************” ХК-д анх 1998 онд борлуулагчийн албан тушаалд орж түүнээс хойш тасралтгүйгээр 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүртэл 23 жилийн хугацаанд борлуулалтын албаны ахлах борлуулагчаар тасралтгүй ажилласан байна.
2021 оны 05 дугаар сарын 31-ны өдөр нэхэмжлэгч **********р нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа буюу хариуцагч компанийн үйлдвэрийн хашаанд түлш авахаар дугаарлаж байхдаа хамт ажиллаж байсан ажилтан нь өөрийнх нь машины эд анги ажиллахгүй байгаа талаар *******т хэлсэн байх тул машиныг хамт шалгах явцдаа машины кабинд суусан бөгөөд кабинаас буухдаа унаж бэртэж, хамт ажиллаж байсан ажилтны хамтаар Гэмтэл, Согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна.
Тухайн үед яаралтай тусламжийн анхан шатны үзлэгээр баруун гуя, түнхний үеэр өвдөлттэй, эргүүлийн доогуур хугарсан гэсэн оноштойгоор 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хагалгаанд орсон.
Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 09 дүгээр сарын 29- ний өдрийн 0398768 дугаар шийдвэрээр 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан болохыг нь тогтоосон байна.
Улмаар тус комиссын 2022 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 0427139 дугаар шийдвэрээр 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хөдөлмөрийн чадвараа 50 хувиар, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0622675 дугаар шийдвэрээр 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хөдөлмөрийн чадвараа 60 хувиар, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0638401 дугаар шийдвэрээр 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан болохыг тус тус тогтоосон.
Хариуцагч "************” ХК нь үйлдвэрлэлийн осол болсон болохыг тогтоолговол компанийн нэр хүндэд асуудал үүснэ, тиймээс ажилтныг хохиролгүй болгоно гэж гүйцэтгэх захирал нь нэхэмжлэгчид ярьсан байдаг бөгөөд тухайн үед эмчилгээний зардал мөнгийг шилжүүлж байсан.
Нэхэмжлэгчийн хувьд тус байгууллагад олон жил ажилласан, ажил олгогчтой ойр дотно харилцаа холбоотой байдгийн хувьд хохирол төлбөрийг барагдуулах байх гэж итгэж байсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хохирол барагдуулахгүй байна.
Нэхэмжлэгч нь дээрх үйл явдлаас хойш 1 жил 6 сарын дараа "*************" ХК-ийн Ерөнхий инженер******* гэдэг хүнтэй холбогдон нөхцөл байдлын талаар хэлэхэд компанийн зүгээс 18 сартай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгоно гэдгээ утсаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл уг асуудлыг шийдэж өгөөгүй.
Мөн түүнээс хойш буюу 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ********ийн төрсөн охин болох *************** нь хариуцагч компанийн гүйцэтгэх захирал *******г, Санхүү хариуцсан захирал н****** нартай уулзсан бөгөөд уг уулзалтаар ****** нь үйлдвэрлэлийн ослыг бүртгүүлсэн байсан бол хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж; нийгмийн даатгалаас авч болох байсан тэтгэврийн дүн; одоо авч байгаа тэтгэмжийн зөрүү; Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх төлбөр; даатгалын компаниас авах нөхөн төлбөр; эмчилгээний зардал зэрэг 55,751,286 төгрөгийг тооцсон тооцооллыг танилцуулсан.
Улмаар талууд асуудлыг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дахин уулзаж, эцэслэн шийдвэрлэж дуусгахаар хоёр тал харилцан тохиролцсон боловч тус өдрөө гүйцэтгэх захирал болон санхүү хариуцсан захирал нь аль аль нь байгаагүй, утсаар залгасан боловч огт утсаа аваагүй бөгөөд өнөөдрийг хүртэл эргэж холбоо бариагүй байна.
Тиймээс нэхэмжлэгч *********** нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дээрх нөхцөл байдлыг талаар тодруулж, асуудлыг шийдвэрлэж өгөх талаар дахин хүсэлт гаргасан ба тус хүсэлтэд мөн огт хүртэл хариу өгөөгүй.
Хөдөлмөрийн аюулгүй, байдал эрүүл тухайн хуульд зааснаар үйлдвэрийн ослыг
судлан бүртгэж, холбогдох төрийн байгууллагад ослын талаар мэдээлэх үүрэг нь ажил олгогчийн үүрэг байдаг. Гэтэл ажил олгогч энэхүү үүргээ биелүүлэхгүй, нуун дарагдлуусны улмаас нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын сангаас авах боломжтой байсан тэтгэмжийг дутуу авч хохирч байна. Мөн ажил олгогчоос авах байсан тэтгэмжийг аваагүй.Иймд үйлдвэрийн ослын улмаас учирсан хохиролд 24,858,363 төгрөг 32 мөнгө, эмчилгээний зардал болох 3,000,000 төгрөг, ажил олгогчоос олгох ёстой байсан үйлдвэрлэлийн ослын нөхөн олговор 13,946,461 төгрөг, нийт 41,804,824 төгрөг 32 мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Тухайн осол гарах үед ажлын цаг дууссан буюу ажил олгогч болон, компанийн эрх бүхий албан тушаалтнууд ажлын байранд байгаагүй. Нэхэмжлэгч ************ нь тухайн үед осол болсон талаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 269 дүгээр тогтоолын 6.1 дүгээр зүйлд заасан "Үйлдвэрлэлийн осол, хурц кордлого гарсан талаар осолдогч өөрөө, эсхүл осол, хордлогыг анх харсан этгээд ажил элгогчид нэн даруй мэдээлнэ” гэж заасны дагуу ямар нэгэн мэдэгдлийг компанид мэдэгдээгүй байдаг.
Нэхэмжлэгч **************** нь ажилдаа ирэхгүй байсан тул ажил олгогчийн зүгээс тодруулан лавлахаар холбогдоход "Унаж хөлөө эвгүй болгосон, өмнө нь авч байсан гэмтэл маань сэдэрсэн тул эмчилгээ хийлгэж байгаа, санаа зовох хэрэггүй, удахгүй зүгээр болно” гэх тайлбарыг өгсөн.
Нэхэмжлэгч **************эй хариуцагч “*************” ХК нь анх 1998 онд хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажилд томилсон ба 23 жилийн хугацаанд тасралтгүй ажилласанд нь компанийн зүгээс түүнд үргэлж талархаж, нэхэмжлэгчтэй маш сайн харилцаатай явсан ба компанийн зүгээс нэхэмжлэгчид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, дэмжихийг илэрхийлж уулзаж байсан. Нэхэмжлэгч нь компанийн зүгээс нэр хүндийн асуудалд муугаар нөлөөлнө хэмээн компанийн ажилтнуудын эрх ашгийг огт хамгаалдаггүй мэтээр компанийн зүгээс огт хэлж байгаагүй зүйлсийг бичиж компанийн буруу мэтээр тайлбар гаргасанд гүнээ харамсаж байна.
Манай компани нь автомат, механик техник хэрэгслийг засаж, сайжруулах тусгайлсан инженер болон техникийн ажилтнуудтай, ажил үүргийнхээ хувьд техник хэрэгсэлтэй холбоотой эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд шууд хариуцан ажиллах чиг үүрэгтэй байдаг. Өөрт оногдоогүй ажил үүргийн хүрээнд машин, механизмыг засаж сайжруулахаар нэхэмжлэгч **************ийг дуудах шаардлага огт байгаагүй тул манай компанийн зүгээс үйлдвэрлэлийн осол гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.
Манай компанийн зүгээс *************т урьд өмнө нь эрхэлж ажиллаж байсан ажлын байрнаас нь хөнгөн, тохиромжтой, хялбар, богиносгосон цагтай, цалин хөлсний өөрчлөлтгүй ажлын байрны саналыг удаан хугацаанд тавьж байсан боловч харамсалтай нь *********ийн зүгээс ямар нэгэн хариу огт өгөлгүй явсаар, өнөөдрийг хүрсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс компанид ослын талаар ажил олгогчид мэдэгдээгүй байж компанийг хуульд заасан арга хэмжээг авахаас татгалзсан мэтээр нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн үед үйлдвэрлэлийн осол гараагүй болно. Харин нэхэмжлэгч нь манай компанид олон жил ажилласан байсан тул бид түүний эмчилгээнд зориулж, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 13,946,461 төгрөгийг эмчилгээний зардалд нь зориулж өгөхөд татгалзах зүйлгүй болно гэв.
3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6 тал/, итгэмжлэл /хх-7 тал/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хэвтэн эмчлүүлсэн үзлэгийн тэмдэглэл /хх-8-12 тал/, “*********” ХК-ийн ажиллагсадтай байгуулах хөдөлмөрийн гэрээ /хх-13-15 тал/, Ом тогтоолгосн байх үеийн группийн зөрүүний тооцоо /хх-16 тал/, *********** ажилтан нь 2021 оны 06 сард ОМ тогтоолгосон бол авч болох мөнгөн тэтгэмжийн тооцоолол /хх-17 тал/, Монгол шуудан ХК-ийн баримт /хх-18 тал/, “т**************” ХК-д 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хүсэлт /хх-19-20 тал/, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-21 тал/, гэрч оролцуулах хүсэлт /хх-86 тал/, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан хүсэлт /хх-126-127/, *************ийн дансны хуулга /хх-129-144 тал/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна
4. Хариуцагч нь итгэмжлэл /хх-29 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3 тал/, ************ын иргэний үнэмлэх хуулбар /хх-4 тал/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 192/ШЗ2025/15641 дугаартай захирамж /хх-5-6 тал/, 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн хариу тайлбар /хх-52 тал/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-76-77/, эмнэлгийн магадлагаа /хх-78 тал/, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн хариу тайлбар /хх-90-91 тал/, ***************йн 2019-2022 оны цалин хүснэгт /хх-92 тал/, *********** ХК-ийн ажилтны анкет /хх-93-95 тал/, “***********” ХК-ийн ажиллагсадтай байгуулах хөдөлмөрийн гэрээ /хх-96-98 тал/,“************” ХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /хх-99-123 тал/, Ом тогтоолгосн байх үеийн группийн зөрүүний тооцоо /хх-124-125 тал/, итгэмжлэл /хх-145 тал/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна
5. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2027 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтууд /хх-42-46 тал/, “*********** ХК-ийн ажиллагсадтай байгуулах хөдөлмөрийн гэрээ /хх-47-49 тал/, Улаанбаатар хотын “*********” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-50/, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 328 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтууд /хх-81-85 тал/, гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-88-89 тал/,
Шүүх хуралдаанаар: хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************ нь хариуцагч “************” ХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр болон учирсан хохиролд 41,804,824 төгрөг 32 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Тус хэрэгт сонгогдсон иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
2.1 Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*********” ХК-д 1998 оноос эхлэн борлуулалтын албанд борлуулагч жолоочоор ажиллаж байгаад 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа буюу хариуцагч компанийн үйлдвэрийн хашаанд түлш авахаар дугаарлаж байхдаа хамт ажиллаж байсан ажилтан нь өөрийнх нь машины эд анги ажиллахгүй байгаа талаар **********т хэлсний дагуу тус машиныг хамт шалгахаар машины кабинд суусан бөгөөд кабинаас буухдаа унаж бэртэж, баруун гуя, түнхний үеэр өвдөлттэй, эргүүлийн доогуур хугарсан гэсэн оноштойгоор 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хагалгаанд орж, хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан.
2.2 Тухайн осол болсныг ажил олгогч нь мэдсэн боловч компанийн нэр хүндээ бодон, үйлвэрлэлийн осол болсон талаар холбогдох байгууллагад битгий мэдэгдээч, эмчилгээний зардал болон холбогдох бүх хохирлыг барагдуулна гэсэн тул нэхэмжлэгч нь итгэж хүлээсэн боловч хохирол төлбөрийг барагдуулаагүй.
2.3 Хариуцагч байгууллага нь хуульд заасны дагуу үйлдвэрийн осол гарсан талаар холбогдох байгууллагад мэдэгдэж, үйлдвэрийн ослын акт тогтоолгох үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын сангаас авах боломжтой байсан тэтгэмжээс 21,858,363.32 төгрөгийг дутуу авсан. Мөн эмчилгээний зардалд 3,000,000 төгрөгийг зарцуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд зааснаар үйлдвэрийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан ажилтанд ажил олгогч нь 1 сарын дундаж, цалин хөлсийг 9 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр бодож 13,946,461 төгрөгийн нөхөн олговор өгөх ёстой байсан боловч өгөөгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.
3.Хариуцагч “************” ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
3.1 “А************” ХК-ийн борлуулагчаар ажиллаж байсан ******** нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр компанийн үйлдвэрийн хашаанд түлш авахаар дугаарлаж байхдаа хамт ажиллаж байсан машины эд ангийг шалгаад буух явцдаа кабинаас унаж, гэмтэл авсан. Тухайн үед ийм осол болсон талаар ажил олгогчид хэлээгүй бөгөөд бидний зүгээс нэхэмжлэгчийг ажилдаа ирэхгүй болохоор нь асуухад өмнө нь авч байсан гэмтэл маань сэдэрсэн тул эмчилгээ хийлгэж байгаа, санаа зовох хэрэггүй, удахгүй зүгээр болно” гэж хариулж байсан.
3.2 Манай компанийн дотоод журамд өвчтэй ажилтнууддаа эмчилгээний зардал өгөх, ажилтныг жилд 1 удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар заасан байдаг. Үүний дагуу бид нэхэмжлэгчид тухайн үед эмчилгээний зардалд 715,700 төгрөгийг шилжүүлж байсан.
3.3 Манай компани автомат, механик техник хэрэгслийг засаж, сайжруулах тусгайлсан инженер болон техникийн ажилтнуудтай бөгөөд тэд ажил үүргийнхээ хувьд техник хэрэгсэлтэй холбоотой эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд шууд хариуцан ажиллах чиг үүрэгтэй байдаг.
3.4 Нэхэмжлэгч ************* нь манай компанийн борлуулагч жолооч бөгөөд түүний ажил үүргийн хуваарьт бусдын машиныг засч янзлах үүрэг байхгүй тул түүнийг ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмтсэн гэж үзэхгүй байна.
3.5 Манай компанийн зүгээс нэхэмжлэгчид олон жил тогтвор сууршилтай ажилласан сайн харилцаатай байсныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээнд нь зориулж 13,946,461 төгрөгийн өгөхөд татгалзахгүй. Энэ нь үйлдвэрлэлийн осол гарсныг хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр биш юм гэх агуулгаар тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч ************ нь 1998 оноос эхлэн хариуцагч “****************” ХК-д борлуулагч жолоочоор ажиллаж байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
4.2 ********* нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “***************” ХК-ийн үйлдвэрийн хашаанд түлш авахаар машинтайгаа зогсож байхдаа хажууд байсан машины эд ангийг шалгаад буух явцдаа тус машины кабинаас унаж, гэмтэл авсны улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хүртэл хувиар алдсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн ажил олгогчдоо гаргаж байсан өргөдөл, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт зэргээр тогтоогдож байна.
4.3 Нэхэмжлэгч *************ийн ажил үүргийн хуваарьт бусдын машинд гарсан эвдрэл гэмтлийг олж тогтоох, түүнийг засварлах чиг үүрэг байхгүй болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч маргаагүйгээс гадна хариуцагч талаас 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид эмчилгээний зардалд 715,700 төгрөг өгсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй болно.
5.Талууд тухайн осол нь үйлдвэрийн осол мөн эсэх талаар маргаантай байх бөгөөд өөр, өөрийн үндэслэлээ заан мэтгэлцсэн.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тухайн осол нь үйлдвэрлэлийн хашаанд буюу ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд гарсан тул үйлдвэрлэлийн осол мөн бөгөөд хариуцагч тал үйлдвэрлийн осол гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч, эмчилгээний төлбөр 715,700 төгрөгийг шилжүүлж байсан гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч талаас нэхэмжлэгч нь ажил үүргийн хуваарьт заасан ажил үүргээ гүйцэтгэж байхад нь осол гараагүй тул үйлдвэрлэлийн осол биш, мөн нэхэмжлэгчид тухайн үед эмчилгээний зардал шилжүүлсэн нь үйлдвэрлэлийн осол гарсныг хүлээн зөвшөөрсөн үйлдэл биш гэх агуулгаар тайлбарлаж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д зааснаар "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч *********** нь өөрийн хөдөлмөрлөх үүрэгтэй хамааралгүйгээр бусдын автомашины эвдрэл гэмтлийг шалгах явцдаа унаж бэртсэн үйл баримт тогтоогдож байх тул түүнийг борлуулагч жолоочийн ажил үүргийн хуваарьт заасан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *************** нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний хариуцагч компанийн үйлдвэрийн хашаанд түлш авахаар дугаарлаж байхдаа хамт ажиллаж байсан ажилтаны машины эд ангийг шалгах явдцаа унаж гэмтэл авсныг үйлдвэрлэлийн осол гэж үзэх үндэслэлгүй байна.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого ...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэжээ.
Хэдийгээр хуульд ийнхүү заасан боловч энэхүү хуулийн дагуу хариуцлага хүлээх урьдчилсан нөхцөл нь гэм буруу, хохирол хоёр шалтгаант холбоотой байх явдал юм.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас тухайн хохирол учирсан байхыг шаарддаг.
Гэтэл нэхэмжлэгч ***********р нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хажууд байсан машины эвдрэл гэмтлийг шалгах явцдаа унаж, улмаар хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсанд хариуцагч “*************” ХК-ийг буруутай гэж үзэх үндэслэлгүй тогтоогдоогүй.
Иймд ажил олгогч болох “************” ХК-д Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасан нөхөн төлбөрийг төлөх, эмчилгээний зардал төлөх үүрэг үүсээгүй байхаас гадна нэхэмжлэгчийг нийгмийн даатгалын сангаас авсан тэтгэмжийг дутуу авсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирол болон нөхөн төлбөрийг шаардах эрхгүй гэж үзлээ.
7.Харин хариуцагч нь нэхэмжлэгчтэй олон жил хамтран ажиллаж, сайн харилцаатай байсан тул түүнд 13,946,461 төгрөгийг эмчилгээний зардалд нь зориулж өгөхөд татгалзахгүй гэх тайлбарыг гаргаж байх тул хариуцагч талаас 13,946,461 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч “*************** ХК-аас 13,946,461 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***********т олгож, үлдэх 27,858,363 төгрөг 32 мөнгөний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
9.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “*********” ХК-аас 13,946,461 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,858,363 төгрөг 32 мөнгөний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ***********ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,974 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “***********” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 277,682 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА
ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ