Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 00100

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мт холбогдох эрүүгийн 1838001850115 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багт орших өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Н.Дтэй архи өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Н.Д-тэй архи өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Эхнэрээсээ архи байна уу гэхэд байхгүй гэсэн. Ингээд хүн ирэхэд архи байхгүй гэж эхнэртэйгээ маргалдсан. Тэгтэл эхнэр маань харина гээд хувцсаа өмсөөд явна гэхэд нь явуулахгүй гэж зууралдсан. Тэгээд хашгираад орилоод байхаар нь биеэ барьж чадалгүй нэг удаа нүүрэн тус газар нь алгадсан. Би эхнэртээ гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мыг хашингаа гаргаад тавьчих гэхэд хуц пиздаа минь гээд намайг элдэв үгээр дайрч доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би явлаа чамтай ингэж амьдарч чадахгүй гэхэд чи муу хаашаа явдаг юм гээд хоолой багалзуур боогоод толгой руу хэд хэдэн удаа цохисон. Энэ үед бэр эгч Батцэцэг орж ирсэн. Тэр үед М миний хамар луу цохисон үүнээс болж миний хамарнаас цус их гарсан...Одоо нөхөр бид хоёр эвлэрсэн надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар хуудас/,

Гэрч Э.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Мынд явж ороход Д гэрлүүгээ явах гээд хувцсаа өмссөн байдалтай М явуулахгүй гээд эхнэрийнхээ бүснээс татчихсан байдалтай байж байсан. Тэгээд би та хоёр юу болоод байгаа юм бэ гэхэд Д намайг хүргээд өг гээд уйлаад байсан. Тэгээд нойлын цаас аваад эргэх хооронд М Дг хацар, нүүр орчимд нь цохисон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Энэ хоёр гэр бүл болсноосоо хойш үе, үе хоорондоо муудалцаад Д гэртээ хүрээд ирдэг. Цагаан сарын битүүний өдөр Дг М хүргэж авчирч өгсөн. Тэгэхэд хоорондоо муудалцаж зодолдсон юм шиг байна лээ. Тэгээд манай охин ингэж зодуулаад цагдаад өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Мөнхлөө ах Давка эгч рүү Мөрөнгөөс архи авчрахгүй яасан юм бэ гэхэд Давка эгч өөрөө авчрахгүй юу гэсэн. Давка эгч намайг хувцсаа өмс хоёулаа гэрлүүгээ явъя гэсэн чинь Мөнхлөө ах үүдэн дээр зогсчихоод гаргахгүй байсан. Мөнхлөө ах Давка эгчийн дээлний энгэрийг урихаар нь би уйлсан чинь гаднаас Батцэцэг эгч орж ирсэн. Намайг гэрийн гадаа зогсож байхад гэр дотор Мөнхлөө ах, Давка эгч хоёр зодолдоод байсан. ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-22 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 129 тоот дүгнэлтэд:

  1. Н.Дгийн биед хамар ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
  3. Н.Дгийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 24 дүгээр хуудас/,

       Хохирогч Н.Д нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 39 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838001850115 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.М нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 37 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Н.Д нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838001850115 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1838001850115  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР