Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 212/МА2021/00045

 

Х.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШШ2021/00390 дугаар шийдвэртэй, Цэнгэл сумын 8 дугаар багт оршин суух, Жантекей тайлах овогт Хуттыхожагийн Б-ын нэхэмжлэлтэй, Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад холбогдох иргэний хэргийг хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 4 дүгээр  сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жолооч бөгөөд иргэний танхимын ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие Х.Б 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхэлж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жолооч бөгөөд иргэний танхимын ажилтнаар ажиллаж байсан гэтэл намайг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр уг ажлаас ямар ч үндэслэлгүй чөлөөлсөн. Иймд миний хууль ёсны эрх ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа учир ажилд эгүүлэн томилж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Цэнгэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар баталсан Цэнгэл сумын 2021 оны төсөвт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нийт 30470000 төгрөг төсөвлөсөн. Энэ төсвийн зардлын нэр төрлийн 1-д Иргэний танхимд ажиллах Иргэний танхимын ажилтны цалин хөлс, Нийгмийн даатгалын шимтгэлийг олгохоор тусгасан. Энэ заалтыг тусгахдаа иргэний танхимын үйл ажиллагааг идэвхжүүлэх хууль журмын дагуу иргэдэд хууль сурталчлах, хэлэлцүүлэг зохион байгуулах ур чадвар бүхий дээд боловсролтой, Монгол хэлний боловсролтой, компьютерын хэрэглээний программыг эзэмшсэн ажилтан ажиллуулахаар хуралдааны тэмдэглэлд тусгасан. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор өмнө нь иргэний танхимын ажилтан бөгөөд жолоочоор ажиллаж байсан. Х.Б-ын баримт материалтай танилцах явцад дараах нөхцөл байдал тогтоогдсон. Х.Б-ыг ажилд томилох тухай Цэнгэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2020 оны Б/01 дугаар тушаалд иргэн Х.Б-ыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жолооч бөгөөд иргэний танхимын ажилтнаар томилсон байна. Энэ тушаалыг судлан үзэх явцад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд, шинээр бий болгосон жолооч бөгөөд иргэний танхим гэсэн орон тоонд зориулан гаргасан ажлын байрны тодорхойлолт байхгүй, мөн Х.Б-тай хийсэн хөдөлмөрийн гэрээ огт байхгүй байсан.2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаас баталсан төсөвт болон иргэний танхимд ажиллах ажилтны шалгуурт Х.Б тэнцээгүй тул Цэнгэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны Б/03 тушаалаар Х.Б-ыг ажлаас нь чөлөөлсөн. Энэ тушаалыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтыг үндэслэсэн бөгөөд 2021 оны иргэдийн төлөөлөгчдийн хуралд жолооч гэдэг орон тоо байхгүй болсон. Учир нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд бүртгэлтэй машин байхгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтын дагуу Х.Б-тай хийсэн хөдөлмөрийн гэрээ /хэрвээ байгаа бол/ дуусгавар болж цааш сунгагдахгүй болсон. Х.Б нь сумын иргэний танхимд ажиллах ажилтны болзол шаардлагыг хангах боломжгүй байсан тул энэ хүнийг ажиллуулах боломжгүй байсан. Иймд Х.Б-ын ажилд эгүүлэн томилж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн 130/ШШ2021/00390 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Б-ыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын иргэний танхимын ажилтан бөгөөд жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.    

 

Хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШШ2021/00390 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт Цэнгэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Х.Б-ыг тус газрын жолооч бөгөөд иргэний танхимын ажилтнаар авч ажиллуулахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт болон сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгосон байдаг.

2. Хариуцагч Цэнгэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүтцэд жолооч бөгөөд иргэний танхимын ажилтан гэсэн байнгын орон тоо байхгүй...” гэжээ.

3. Гэрч А.Жанбота мэдүүлэхдээ: “...Цэнгэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд жолооч бөгөөд иргэний танхимын ажилтан гэсэн байнгын орон тоо байхгүй, ...төсвөөс давсан хэсэг гарсан тохиолдолд иргэний танхимын ажилтан авч ажиллуулдаг, ...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг, ... Цэнгэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот тогтоолын хавсралтаар Цэнгэл сумын Иргэний танхимын ажилтны албан тушаалын тодорхойлолт баталсан ба уг тодорхойлолтод заасны дагуу дээд боловсролтой, монгол хэлний ярианы болон бичгийн ур чадвартай, компьютерын хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг хүнийг иргэний танхимын ажилтнаар авч ажиллуулахаар болсон, Х.Б-ын хувьд уг албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагуудыг хангахгүй байгаа нь тогтоогдсон, энэ тухай дүгнэлт гарсан, ...тус хуралд тээврийн хэрэгсэл байхгүй болно” гэжээ.

4.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт Баян-Өлгий аймгийн АТҮТ-ийн тодорхойлолтоор Цэнгэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр дээр ямар нэгэн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй болох нь тогтоогдсон байна.

5. Даатгуулагч Х.Б-ын 01291848 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн 2 дугаар талд 2020 онд төлсөн шимтгэл, сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого гэсний 1-12 дугаар мөрүүдэд тус тус 420,000 гэж бичигдсэн байна.

6. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 24, 472 дугаар тогтоолуудын хавсралтаас үзэхэд төрийн үйлчилгээний байгууллага болон Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн сүлжээнд 420,000 төгрөгийн цалин гэж байхгүй байна.

7. Цэнгэл сумын ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар хуралдааны тогтоолын 18 дугаар хавсралтын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гэсэн хүснэгтийн 1 дэх мөр Иргэний танхимын ажилтны цалин, НДШ 5,670.0 гэжээ.

8. Монгол Улсын Дээд Шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” гэсэн зөвлөмжийн Нэг дэх хэсгийн 1.3 дахь заалтын а/-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “байнгын ажлын байр”-д ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар “хугацаагүй" байна", мөн заалтын б/-д “ “байнгын ажлын байр" гэдэгт ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг ойлгоно” гэж тайлбарласан байна.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Х.Б-ын ажиллаж байсан Цэнгэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жолооч бөгөөд иргэний танхимын ажилтан гэсэн орон тоо байнгын ажлын байр биш бөгөөд ажил олгогчоос Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын дагуу төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлсэн гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.Б болон Цэнгэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга хооронд хөдөлмөрийн гэрээнээс үүдэлтэй эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд Х.Б нь гэрээт ажилтны чиг үүргийг л хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Гэтэл шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШШ2021/00390 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцэж байна.

 

Нэхэмжлэгч Х.Б нь Цэнгэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 дугаартай “Хуттыхожагийн Б-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жолооч бөгөөд иргэний тахимын ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргажээ.

 

Ажил олгогч Цэнгэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 дугаартай тушаалд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16.5.3 дахь заалт, мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Х.Б-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Ажилтан Х.Б нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцсэн ба нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа хөдөлмөрийн тухай хуулийн  холбогдох хэсгийг баримтлаагүй. Миний орон тоо хэвээр хадгалагдаж байхад  үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн” гэж, харин ажил олгогч Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаас баталсан төсөвт болон иргэний танхимд ажиллах ажилтны шалгуурт Х.Б нь тэнцээгүй тул ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж, шүүхэд нотлох баримт гарган мэтгэлцжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж заасан. Иймд ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд тэдний хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны зарчимд нийцэж байна.

 

Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, улмаар ажлаас өөрчлөх, чөлөөлөх  болсон үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай. Цэнгэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийг баримтлахгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хууль ёсны зарчимд нийцээгүй байна гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Мөн Х.Б нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жолооч бөгөөд иргэний тахимын ажилтнаар ажиллахдаа хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагчаар цуцлахаар алдаа дутагдал болон мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон талаар ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, бакалаврын боловсролгүй гэх шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй, энэ талаар хөндлөнгийн нотлох баримтгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэх ба хариуцагч нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэсэн, татгалзсан талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, нотлох үүргээ биелүүлээгүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй буюу хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудад тулгуурласан байх тул ажилтан Т.Б-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШШ2021/00390 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                       

С.ӨМИРБЕК