Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/404

 

 

 

 

 

 

   2024            4              2                                         2023/ДШМ/404           

 

 

Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор М.Анхцэцэг,

           хохирогч Х.М,

           нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

           Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.М-ын гаргасан давж заалдах гомдлоор Б.М-д холбогдох эрүүгийн ....................... дугаар хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Б.М нь тоног төхөөрөмж буцалтгүй зээлийн гэрээ байгуулаагүй байхдаа хохирогч Х.М-д тоног төхөөрөмж буцалтгүй зээлийн гэрээ байгуулсан гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 01 дүгээр сарын 15-ны өдөр 5.700.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.      

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.М-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын эдлэх 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид сануулж, оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас 6.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.М-д даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч Х.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж Г.Б-ий гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдлийг хамтад нь шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Прокурор М.А тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заажээ.

Хохирогч Х.М “...Б.М-д холбогдох хэрэгт түүний нөхөр Г.Б-ий үйлдэл оролцоо байгаа тул хамтруулан шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хохирогч Х.М-ын “...Б.М би Налайх дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний даргын туслахыг таньдаг, тийм болохоор тоног төхөөрөмжийн буцалтгүй зээлийн гэрээ байгуулчихсан гээд миний фейсбүүк хаягаар Б.М болон түүний нөхөр Г.Б нарын гарын үсэг болон тамга тэмдэгтэй цаас явуулсан байсан.  ...би 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Г.Б-ий эзэмшлийн данс руу 300.000 төгрөгийг гэрээсээ өөрийн интернэт банкаар шилжүүлсэн. ...” /хх 20-21/,

шүүгдэгч Б.М-ын яллагдагчаар өгсөн: “...Х.М-ос нөхөр Г.Б-ий Хаан банкны дансанд 300.000 төгрөг, өөрийн Хаан банкны дансанд 5.700.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг авч өөрийн дансанд байршуулсан. 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр “1” гэсэн утгаар 500.000 төгрөг, “orlogo” гэх утгаар 1.000.000 төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлсэн нь миний нөхөр Г.Б тухайн үед мөнгө хэрэгтэй байна гэж аваад буцааж өгсөн бөгөөд хувийн хэрэгцээндээ зарцуулсан. ...” /хх 98, 121/ гэсэн мэдүүлгүүд,

Х.М-ын Хаан банкны ..... дугаарын “...Г.Б-ний ..... дугаарын данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. ...” /хх 24/, Г.Б-ий Хаан банкны .....  дугаарын  “...Х.С-ын  ...... данснаас 300.000 төгрөгийн “О” гэх утгаар орлого орсон. ...” /хх 48/, Б.М-ын Хаан банкны  .....дугаарын “Г.Б-ий ........ дугаарын данс руу “1” гэх утгаар 500.000 төгрөг, “Orlogo” гэх утгаар 1.000.000 төгрөг шилжүүлсэн. ...” /хх 114/ дансны хуулгууд болон Санхүүгийн дэмжлэгийн хөрөнгөөр авах тоног төхөөрөмж, түүний эд материалын жагсаалт гэх гэрээг “А талыг төлөөлж Т.Э, Б талыг төлөөлж Б.М, Г.Б” нар байгуулсан /хх 28/ тухай баримтууд авагджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.М хэрэгт Б.М-ын нөхөр Г.Б хамтран оролцсон талаар мэдүүлснээс гадна мөнгө шилжүүлсэн, гэрээ байгуулсан зэрэг баримтууд цугларсан байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг биелүүлээгүй зөрчил тогтоогдож байгаагаас гадна анхан шатны шүүх шүүхийн шийдвэр гарахад нөлөөлж болохуйц нөхцөл байдал байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.М-ын хохирогч Х.М-ыг залилсан гэх үйлдэлд түүний нөхөр Г.Б-ий үйлдэл оролцоо байгаа эсэхийг шалгаж тодруулах, өөрөөр хэлбэл Б.М-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн Гуравдугаар бүлэгт заасан хамтран оролцогч байгаа эсэхийг анхаарч, зохих ажиллагаа хийх нь зүйтэй.

Иймд хохирогч Х.М-ын гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ