2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/04682

 

 

2025 06 02 192/ШШ2025/04682

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас халсан тушаал хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Хариуцагчийн өмгөөлөгч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *** нь ***-д холбогдуулан ажлаас халсан тушаал хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие ***нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний едер ***-д Ерөнхий инженер албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэл авч байгаагүй болно. Нэг. Ажлаас үндэслэлгүй халагдсан талаар ***-ийн Гүйцэтгэх захирлын *** тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. ***-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 03 сарын 12-ны өдрийн *** тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэх хэсэгт "Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт,  ***-ийн хөдөлмөрийн дотоод журмын 3.4.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн тушаах нь" гэжээ. Тус тушаалын тушаах хэсэгт ***д Ерөнхий инженер албан тушаалтай *** нь "Ноолуурын үйлдвэрийн дотор цахилгаан угсралт, өөрчлөлт болон шинэчлэлт" төсөл дээр зарлагдсан нээлттэй тендерт оролцох компаниас, гэрээний нийт дүнгийн 15 хувийн авлига нэхсэн, мөн компанийн нэр хүндийг унагасан, компанийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн тул *** үүрэгт ажлаас нь халсугай" гэжээ. Миний бие эрхэлсэн ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж, сахилгын зөрчил хүлээж байгаагүй, мөн нөгөө талаар Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй болно. Тушаал өөрөө эрх зүйн акт болохын хувьд тушаалын үндэслэх болон тушаах хэсэг нь хоорондоо нийцсэн байвал зохистой. Тушаал нь эрх зүйн хэлбэрийн болон хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна.*** нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байхгүй тул Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд гомдлоо 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргаж, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж, тэмдэглэл нь 2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр гарсан болно. Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаан Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5 дахь хэсэгт зааснаар талууд эвлэрэхгүй тул Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хорооны хуралдаан дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны **сарын **-ны өдрийн **/**тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 29,940,429 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхээр гомдлын шаардлагаа тодорхойлж байна гэжээ.

Хариуцагч ***-аас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ***, ***-ийн Гүйцэтгэх захирал иргэн ***аргасан гомдлын хариу болгон дараах мэдэгдлийг хүргүүлж байна. Манай компани хөрөнгө оруулалтын хүрээнд ноолуурын үйлдвэрийн дотор цахилгааны угсралт, өөрчлөлт болон шинэчлэлт төсөл дээр нээлттэй тендер зарласан бөгөөд тухайн үед компанийн ерөнхий инженерээр ажиллаж байсан ***нь "*** үнийн дүнгийн 15 хувийн ашиг шаардаж, хариуд нь тендерт оролцогч компанид ялалт авахад нөлөөлнө, бүх зүйлийг зохицуулж чадна гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн тухайн компанид ***яамтай хамааралтай гэх мэтээр ойлгуулсан. ***нь *** компанийн Гүйцэтгэх захирал болох *** харьцахдаа надаа хэд ирэх билээ" нөгөө менежерт бас", "манай дээр бол юм юм зохицуулж болно" гэж цахим хэрэгслээр захиа бичих байдлаар харилцаж байсан байна. Дээрх үйл баримт авагдсан тул *** нь Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байна гэж үзэн Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан бөгөөд тус газрын мөрдөгч ***хэргийг нь шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай саналыг прокурорт гаргасны дагуу Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор *** нь гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэн хэрэг бүртгэлтийн ***дугаартай хэрэг нээн шалгалт ажиллагааг явуулж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 67.1.3 дахь заалт "хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 38.6-д заасан ажиллагааг явуулах", 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт "Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ" гэж заасныг үндэслэн шүүгчээс захирамж гарган нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байгаа, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ***угаартай хэргээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан, хуулбар үнэн тэмдэг даруулж иргэний хэрэгт хавсаргаж өгнө үү. Хэрэв дээрх нотлох баримтуудыг өгөх боломжгүй гэсэн тохиолдолд ****дугаартай хэрэгт ***г холбогдуулан шалгаж байгаа эсэх лавлагаа тодорхойлолтыг гаргуулан авч иргэний хэрэгт хавсаргаж өгнө үү. ***г ажлаас халсан гол үндэслэл нь бусдаас авлига авахаар шаардсан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан бөгөөд *** нь бусдаас авлига авахаар шаардсан үйлдэл нь гэмт хэргийн шинтэй байсан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд ***нь бусдаас авлига авахаар шаардсан үйл баримтыг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсний дараа Иргэний хэргийг шийдвэрлэх боломжтой байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно" гэж шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг зааж өгсөн бөгөөд ямар ч тохиолдолд эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэргийг шийдвэрлэж болохгүй гэж хууль тоогчоос хатуу хориглосон заалт оруулж өгсөн байна. Дээрх Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэгтэй холбоотой нотлох баримтуудыг гаргуулан иргэний хэрэгт хавсаргасны дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэх үндэслэлээр шүүгчийн захирамж гарган иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт "Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно", 2 дахь хэсэгт Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ" гэж заасан бөгөөд нэг үйл баримтын талаар шүүхээс нэг шийдвэр гаргах үүднээс дээрх зохицуулалтыг хийсэн байх тул Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч талаас ***-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн **/**дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ***оны **дүгээр сарын **-ний өдрийн хуралдааны тэмдэглэл зэрэг баримтыг гарган өгөв.

Хариуцагч талаас итгэмжлэл, ***ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хариу тайлбар зэрэг баримтыг гарган өгөв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***-д холбогдуулан хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 21/***тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 29,940,429 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***-тай 2024 оны 10 сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг байгуулж, гарын үсэг зурсан байх ба гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад ерөнхий инженерийн албан тушаалд сарын 3,000 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн үндсэн цалинг авахаар харилцан тохиролцсон (хэргийн 4-7 дэхь тал). Зохигчийн хооронд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 4.1.9, 49.1-т заасан хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх ба талууд гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдал дээр маргаагүй.

4. Хариуцагч ***-ийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 21/2025 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, ***-ийн хөдөлмөрийн дотоод журмын 3.4.4 дэх хэсгийг тус тус үндэслэн "Ноолуурын үйлдвэрийн дотор цахилгаан угсралт, өөрчлөлт болон шинэчлэлт" төсөл дээр зарлагдсан нээлттэй тендерт оролцох компаниас, гэрээний нийт дүнгийн 15 хувийн авлига нэхсэн, мөн компанийн нэр хүндийг унагасан, компанийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ерөнхий инженер***г ажлаас нь халж шийдвэрлэсэн байна (хэргийн 3 дахь тал).

5. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар гаргасан ажилтны гомдлыг хянан шийдвэрлэдэг.

6. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан.

7. Хариуцагч нь 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 21/2025 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг гаргах болсон шалтгаанаа нэхэмжлэгч ***-ийн гүйцэтгэх захирал *** тендерийн үнийн дүнгийн 15 хувийн ашгийг авахаар авлига нэхсэн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, уг зөрчлийг гаргавал хөдөлмөрийн дотоод журамд зааснаар шууд ажлаас халах үндэслэл болно хэмээн тайлбарлаж байна.

8. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг тогтоох ёстой ба хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэхээр заасан. Хуулийн дагуу ажилтан зөрчил гаргаж, түүндээ буруутай байж, үүнийхээ төлөө шийтгэл хүлээдэг үндсэн зарчимтай.

9. Гэвч хариуцагч талаас ***-аас нэхэмжлэгч нь тендерийн үнийн дүнгийн 15 хувийн ашгийг шаардсан үйлдэл гаргасан, уг үйлдэл нь ёс зүйн ноцтой зөрчилд хамаарахыг тогтоосон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байна. Тодруулбал, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалд дурдсан Хөдөлмөрийн дотоод журам, ***ийн гүйцэтгэх захирал *** тайлбар, нэхэмжлэгчийн харилцсан зурвас гэх мэт холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч өөрийн татгалзлаа нотлох үүрэгтэй. Уг үүргээ хариуцагч биелүүлээгүй.

10. Хариуцагчийн дурдаж буй **й тайлбар, нэхэмжлэгчийн түүнтэй харилцсан зурвас гэх мэт баримтууд нь шүүх хуралдаан дээр шинээр илрээгүй, анхнаасаа хариуцагчийн гаргасан тушаалын үндэслэл болж, зохигчийн маргаантай асуудалд хамаарах баримтууд байх тул хэргийн аль нэг тал хүсэлт гаргаагүй байхад шүүх санаачилгаараа нотлох баримтыг бүрдүүлэхгүй.

11. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор зохицуулсан. Хариуцагч ***дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалд хөдөлмөрийн гэрээг үндэслэл болгоогүй тул тушаал хуульд нийцээгүй.

12. Эцэст нь хариуцагч авлига нэхсэн, авсан асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх боловч хөдөлмөрийн ноцтой зөрчлийг тогтоох ажиллагаа тушаал гарахаас өмнө хийгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, хожим гаргасан нотлох баримтыг буцаан хэрэглэх боломжгүй. Хариуцагч нэхэмжлэгчийн авлига авахаар шаардсан үйлдэлд Авлигатай тэмцэх газарт гомдол гарган, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэх үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцсон ба нэхэмжлэгч гомдол гаргасныг үгүйсгээгүй. Шүүх ажлаас халах тушаалын үндэслэлийг тухайн цаг хугацаанд нь хянадаг, Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан нь хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэхэд саад болохгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал үүсээгүйг дурдаж байна.

13. Иймд ***дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй тул тушаалыг хүчингүй болгон нэхэмжлэгч ***г ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож шүүхээс шийдвэрлэлээ.

14. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор зохицуулсан. Нэхэмлэгчийн сарын үндсэн цалин 3,000 ам.доллартай тэнцэх Монгол төгрөг байх ба нэхэмжлэгч нийт 29,940,429 төгрөгийг шаардаж, хариуцагч тооцоолол дээр маргаагүй байх тул ажилгүй байсан хугацааны олговорт 29,940,429 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

15. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж заасан байх ба хариуцагчийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн *** дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал үндэслэлгүй тул нэхэмжлэгч ***н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтыг тус тус заасныг баримтлан хариуцагч ****-ийн **оны **сарын *-ны өдрийн */*тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ***г урьд эрхэлж байсан ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 29,940,429 төгрөгийг хариуцагч ***аас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагч ***д даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ***-аас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ