| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0040/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2018-03-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 55
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгч Т.Бийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн
Шинжээч эмч С.Эрдэнэцэцэг
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Розагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн 1730002000015 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй /рд:ЖЮ77111733 / Хавхчин овгийн Т.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Т.Б нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Субару Порестор” маркийн 74-15 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээгээр тогтоосон актыг зөрчсөний улмаас хохирогч М.Баттулгын амь насыг хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. 2017 оны 12-р сарын 09-ний орой 22 цагт тамхигүй болчихоод тамхи авах гэж машинтайгаа дэлгүүр явсан. Тэр өдөр гадаа
үзэгдэх орчин муу, цас ороод шуурч байсан. Гэрээсээ гараад баруун тийшээ явж байхад гэнэт баруун талаас нэг юм ирээд мөргөсөн. Машинаа эргүүлээд харахад би хүн мөргөчихсөн байсан. Тухайн үед айсандаа хэнд ч хэлэхгүй гэр рүүгээ яваад машинаа тавьчихаад буцаад нөгөө газраа ирэхэд тэр хүн босохгүй хэвтэж байсан. Буцаад гэртээ ирээд унтаж чадахгүй машиндаа байж байгаад шөнийн 02 цагийн үед орж унтсан. 12-р сарын 10-ны өдөр тэр хүн нас барсныг сонсоод цагдаад хэлэх гэсэн боловч айгаад хэлж чадаагүй гэв.
- Хохирогч Х.Н мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ: “...Би М.Баттулгын эхнэр нь байгаа юм. Бид 2 хамт амьдраад 17 жил болж байгаа, тийм болохоор би хохирогчоор оролцож байна. Баттулга бид хоёр 2000 онд гэр бүл болоод 2-18 насны 5 хүүхэдтэй амьдарч байна. Манай хүү 14 настай Төртогтох нь Өвөрмонголын Шилийн голд морь унадаг ба уг хүүхдийн хамт би явдаг юм. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү Төртогтохыг дагуулаад урагшаа яваад 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр буцаад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гэртээ ирээд нөхөр М.Баттулгыг гудманд зам дээр нас барсан гэдгийг сонссон. Надад талийгаачийн ар гэрээс өгсөн мэдээлэл нь машин зам дээр гудманд нас барсан, машинд дайруулсан байж болзошгүй гэж хэлсэн. Талийгаачийн хувьд архи уухгүй бол бүр уудаггүй, нэг уухаараа 7 хоногоор үргэлжлүүлээд уучихдаг юм. Манай хүүхдийн ярьж байгаагаар миний явсан өдөр 2017 оны 12 дугаар сарын 06-ны орой гэртээ ирэхдээ согтуу ирээд унтсан. Маргааш нь дахин гарч яваад архи уусан гэж байсан. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 08-ны өглөө гарч яваад ирээгүй, 10-ны өглөө гудманд нас барсан байдалтай олдсон гэж байсан. Миний хувьд гомдолтой байна. Манай нөхөр тогтсон ажил байхгүй, мөн мал хөрөнгө байхгүй айлын хашаанд 5-н ханатай гэрээ бариад амьдардаг. Би нөхрөө машинд мөргүүлсэн гэж бодож байна. Манай нөхөр архи уудаг ч гэсэн агсам согтуу тавиад байдаггүй юм. Нөхөр М.Баттулга нас барсан хэрэгт тухайн үед зам тээврийн осол гаргасан жолооч Т.Б нь хохирлын мөнгө 8.803.579 төгрөгийг өгсөн. Хохирлоо барагдуулж авсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-50-р хуудас/
- Гэрч Т.Амгалантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багт хашаа байшинд амьдардаг юм. 2017 оны 12 дугаар сарын 09-ний орой би юмаа угаагаад цагийг нь санахгүй байна, орой болсон байхад манай нөхөр өөрийнхөө 74-15 СҮА улсын дугаартай “Субару порестор” маркийн цагаан өнгийн машинтайгаа тамхи авах гээд явсан. Тэгээд унтаад өглөө босоход манай нөхөр хажууд унтаж байсан. Тамхинд яваад хэдэн цагт ирсэн талаар нь мэдэхгүй байна. Манай нөхөр 2017 оны 05 дугаар сард Хилийн цэргийн 0146 дугаар ангид жолооч хийж байгаад тэтгэвэрт гарсан юм. Ер нь бол гэрээс гараад байдаггүй юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр сумын төвийн “Баялаг дэлгүүр”-т 30 000 гаруй төгрөгийн өртэй байсан тэрийгээ өгөх гээд явахад манай нөхөр хамт яваад 2 ширхэг цагаан цавуу, нэг тамхи, нэг бээлий авсан. Би цавуугаар яах гэж байгаа юм бэ гэхэд гутлаа наана гэж байсан, тэр орой манай нөхөр архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/,
-Гэрч Т.Мөнхнайрамдалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 74-15 СҮА улсын дугаартай машин нь миний нэр дээр байгаа юм. Уг машиныг өөрийн төрсөн ах Батгэрэлд 2016 оны 01 дүгээр сард 2 тугалтай үнээгээр зарсан юм. Би застав дээр байдаг болохоор машины хэрэг гарахгүй гээд зарсан. Уг машины бичиг баримтыг шилжүүлэх гэсэн боловч амжихгүй байсаар байгаад өдийг хүрсэн байсан. Тэгэхээр уг машин нь миний эзэмшлийнх биш, манай ах Батгэрэл нь уг машиныг бүрэн хариуцна. Манай ах Батгэрэл нь Хилийн 0146 дугаар ангид жолоочоор ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сард тэтгэвэртээ гарсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60-р хуудас/
- Гэрч С.Энх-Амарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач М.Баттулга нь манайхаар орж гараад явдаг нэг сумынх гэдгээр нь танина. Садан төрлийн холбоо байхгүй. Би өдөр сарыг нь мэдэхгүй байна. Сонинбаяр ахын үхрийг манай нөхөр хийж өгөөд, би гэрт нь Төгсөө гэх хүний эхнэртэй гэдэс арилгаж байхдаа хог гаргаж хаях гээд гарахад амбаарт Баттулга, манай нөхөр Батбаяр, Сонинбаяр ах нар махаа эвдэж байсан. Тэгээд байж байхад Баттулгын дүү Найрамдал нь ах Баттулга болон манай нөхрийг аваад явсан. Тэгээд манай нөхөр үдийн хойно гэртээ ирэхдээ архи уусан байсан. Хаана хэнтэй архи уусныг мэдэхгүй байна. Тэр өдөр л талийгаач Баттулгыг хамгийн сүүлийн удаа харсан. Маргааш нь манай нөхрийг Доржпаламын Шаглаа адуу ажиллуулахаар аваад явсан. Тэгээд үдийн өмнө ирсэн. Ирэхдээ архи уусан байдалтай ирсэн. Тэгээд би үдийн өмнө гадуур гараад үдийн хойно орж ирэхэд манай нөхөр гэртээ байж байгаад намайг орж ирэнгүүт гарч яваад нэлээн орой архи уусан байдалтай орж ирээд миний хөлд унтаад өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 09-ний орой 17 цаг өнгөрч байхад манай нөхөр намайг Баттулга руу залгаадах дүү нь махаа эвдүүлнэ гэхээр нь 89810003 дугаарын утас руу нь 89611684 дугаарын утсаар дохисон чинь буцаагаад миний утас руу залгаад манай нөхөр Баттулгатай яриад байсан. Тэгээд Баттулга Сонинбаяр ахынд байгаа гэж байна. Дүүгийнхээ гэрээр очоогүй гэж байна гэсэн. Тэгэхээр нь Сонинбаяр ах руу залгаад танайд Баттулга байгаа юм уу? гэхэд байгаа гэж байсан. Тэгтэл Баттулгын дүү Найрамдал гэх залуу эхнэрийн хамт ирээд манай нөхрийг авч яваад 21 цагийн үед ирсэн юм. Манай нөхөр орж ирээд цаад Баттулга чинь дүүгээ тамласаар байгаад нэг шил архи Сонинбаяр ахынд авчируулсан байна гэж байсан”гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/
- Гэрч Б.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач М. Баттулга нь манай нөхрийн ах нь юм. 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр орой 17 цаг 17 минутад Сонинбаяр ах талийгаачийн 89810003 дугаарын утаснаас залгаад 0,5 граммын Ерөөл архи 1-ийг аваад ир, ирэхээр чинь таксины чинь мөнгөтэй өгье гэхээр нь би такси аваад Сонинбаяр ахын гэрийн гадаа очоод сигналдахад талийгаач гарч ирээд 10.000 төгрөг өгөөд архиа аваад буцаад орсон. Жолоочийг нь сайн анзаараагүй. Намайг архи өгөхөөр явахад манай нөхөр хамт очсон, архи уусан үгүйг нь анзаараагүй, надтай эргэж яриагүй гэх” /хх-ийн 64-65-р хуудас/ гэх мэдүүлэг
- Гэрч Г.Сонинбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн үдийн хойно 15 цагийн орчимд М.Баттулга нь архи уучихсан ирсэн. Миний харснаар айхтар согтоогүй болов уу, халамцуу байна гэж харсан. Тэгсэн надад хэлэхдээ ахаа би танайд жаахан унтчих уу, дүү нь уучихсан байна гэхээр нь тэгээ гэж хэлээд унтуулсан. Тэгээд орой 20 цагийн үед босоод ирэхээр нь ахад нь нэг юм байна татах уу гэхэд тэгье гэхээр нь талийгаачийн дүүгийн эхнэрийг утсаар дуудаад ирэхээр нь архины мөнгө болон таксины мөнгө 2.000 төгрөг өгч явуулаад 0,5 гр-ийн Ерөөл архи авч ирүүлээд өгөхөд дээрээс нь 2 татахаар нь одоо болно, харанхуй байна, чи хөлдөж үхнэ, боль гэхэд тэгье, тэгье гэж хэлээд гарсан. Гарахдаа өглөө ирж адууг чинь янзалж өгнөө гэж хэлээд гараад явсан. Манай гэрт өөр хүн байгаагүй, бид хоёр хоёулахнаа байсан. Өөр хүн байгаагүй. Баттулга унтаад боссон болохоор гайгүй гараад явсан. Орой 20 цаг 10 хэдэн минутын орчимд гарсан байх. Манай гэр сумын зүүн хойд дор байдаг отрядын гэр хороололд байдаг. Талийгаачийн гэр нь манайхаас дээшээ буюу баруун тийшээ нэлээн зайтай байдаг. Талийгаачийг хаана нас барсныг би мэдэхгүй. Манайхаас гарч явахдаа архи дарстай гараагүй. Тэр талаар би мэдэхгүй. Хар өнгийн куртиктэй, ноосон ногоон өнгийн цамцтай, нохой үстэй гуталтай, хар өнгийн өмдтэй, толгой нүцгэн явж байсан, гарахдаа куртикнийхээ юүдэн малгайг углаад гарсан. Ил харагдах ямар нэгэн шарх сорви байгаагүй. Би задалж өгсөн архинаас дээрээс нь 2 татуулаад өөрөө гэртээ архиа авч үлдээд унтахаасаа өмнө би өөрөө уугаад унтсан. Манайхаас ямар нэгэн архитай гараагүй гэх мэдүүлэг ”/хх-ийн 70-72, 73-74-р хуудас/
Шүүх эмнэлгийн албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтээр: 1. М.Баттулгын цогцост гавлын зүүн чамархайн гурвалжилсан цөмөрсөн хугарал, үүнээс зүүн ухархай руу, нугасны дээд ирмэг рүү үргэлжилсэн салсан хугарал, их тархины зүүн чамархайн эдийн гүн дэх тархи няцралын голомт, зүүн чамархайн хатуу хальсан дахь цус хуралт, зүүн чамархай гавлын булчинд, духны хуйхан доорх болон гавлын булчин дахь цус хуралт,духны дунд хэсэгт язарсан шарх, зулгаралт, зүүн шанаа, эрүүний зүүн доод буланд зулгарсан шарх, баруун хөлийн шилбэний ар хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдсон ба эдгээр нь хатуу мохоо зүйлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. 2. Дээрхи гэмтлүүд нь амьд үед нь үүсгэгджээ. 3.Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. 5.Талийгаач нь гавлын зүүн чамархайн гурвалжилсан цөмөрсөн хугарал, үүнээс зүүн ухархай руу, нугасны дээд ирмэг рүү үргэлжилсэн салсан хугарал, их тархины зүүн чамархайн эдийн гүн дэх тархи няцралын голомт, зүүн чамархайн хатуу хальсан дахь цус хуралт, зүүн чамархайн гавлын булчинд, духны хуйхан доорх болон гавлын булчин дахь цус хуралт гэмтлийн улмаас нас баржээ гэсэн дүгнэлт /хх-ийн 143-144-р хуудас/,
- Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээр: 1. 74-15 СҮА улсын дугаартай цагаан өнгийн “Субару Порестор” маркийн автомашиныг жолоодон явсан Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна. 2.Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл,осолтой байдал бий болохгүйгээр зорчино” Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх бичиг баримтыг биедээ авч явна” , Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 б-д “Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж,түргэн тусламж дуудах,хэрэв бололцоогүй бол уг хүний ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 в-д заасан “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3.Талийгаач М.Баттулга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. 4. 3 дахь асуултаар хариулагдсан болно. 5. Замын нөхцөл байдал осол болоход нөлөөгүй байна. 6. 1.2 дахь асуултаар хариулагдсан болно. 7. Дүгнэлт гаргах явцад өөр зүйл илрээгүй болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 140-р хуудас/
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-26-р хуудас/
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-03-26-р хуудас/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-37/
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5-р багийн Засаг даргын 2017.12.15-ны өдрийн 5/96 тоот тодорхойлолт /хх-ийн 184-р хуудас/
- Т.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 163-р хуудас /зэрэг болно.
Шүүгдэгч Т.Б нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт 2017 оны 12 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд “Субару Порестор” маркийн 74-15 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч М.Баттулгын амь насыг хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Бийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Х.Н, гэрч Т.Амгалантуяа, Т.Мөнхнайрамдал, С.Энх-Амар, Б.Галбадрах, Г.Сонинбаяр нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 03 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг нотлогдож тогтоогдсон тул Т.Бийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдад тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар өмгөөлөгч Ж.Цээсүрэн “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргүүд хөнгөн гэмт хэрэг юм. Иймээс улсын яллагчийн зүгээс санал болгосон 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү “ гэх саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.
Учир нь шүүгдэгч Т.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдолгүй гэсэн хэдий ч Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэргийг санаатай үйлдсэн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх заалт хамаарахгүй” гэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Бийн эрүүл мэндийн байдлыг харгалзан шүүхээс түүний биеэчлэн эдлэх хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоон, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Х.Нт оршуулгын зардалд 8 803 579 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн 116688 дугаартай Т.Бийн В, С, D, E ангиллын жолооны үнэмлэх 1 ширхэг, 927521 дугаартай Т.Бийн А ангилалын жолооны үнэмлэх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлж, хэргийн газар үзлэг хийсэн тухай бичлэгтэй 2 ширхэг цагаан өнгийн DVD-г хэрэгт хавсарган үлдээж, талийгаач М.Баттулгын нокиа маркийн гар утас 1, өмсөж явсан хар өнгийн куртик-1, Ногоон өнгийн цамц-1, хар өнгийн майк-1, шар өнгийн фудволк-1, хар өнгийн өмд-1, хар хөх өнгийн дотуур өмд-1, хар өнгийн турсик-1, цайвар шаргал өнгийн оймс-1 хос, бор өнгийн гутал-1 хос, тээврийн хэрэгслийн үзлэгийн үеэр хураагдсан толь-1, толины суурь хэсэг-1, хэргийн газрын үзлэгээр хураагдсан тээврийн хэрэгслийн хар өнгийн толины суурины хагархай хэсэг-3, 0,75 граммын ерөөл архины шил 1 ширхэгийг устгахаар тогтоов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хавхчин овогт Т.Бийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, авто тээврийн гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван / жилээр хасаж, 1 /нэг/ жилийн хорих ялаар, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногт тооцон нэмж нэгтгэн Т.Бийн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Бд оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 03-р сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн 116688 дугаартай Т.Бийн В, С, D, E ангиллын жолооны үнэмлэх 1 ширхэг, 927521 дугаартай Т.Бийн А ангилалын жолооны үнэмлэх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлж, хэргийн газар үзлэг хийсэн тухай бичлэгтэй 2 ширхэг цагаан өнгийн DVD-г хэрэгт хавсарган үлдээж, талийгаач М.Баттулгын нокиа маркийн гар утас 1, өмсөж явсан хар өнгийн куртик-1, ногоон өнгийн цамц-1, хар өнгийн майк-1, шар өнгийн фудволк-1, хар өнгийн өмд-1, хар хөх өнгийн дотуур өмд-1, хар өнгийн турсик-1, цайвар шаргал өнгийн оймс-1 хос, бор өнгийн гутал-1 хос, тээврийн хэрэгслийн үзлэгийн үеэр хураагдсан толь-1, толины суурь хэсэг-1, хэргийн газрын үзлэгээр хураагдсан тээврийн хэрэгслийн хар өнгийн толины суурины хагархай хэсэг-3, 0,75 граммын ерөөл архины шил 1 ширхэгийг тус тус устгасугай.
7. Шүүгдэгч Т.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Х.Нт оршуулгын зардалд 8.803.579 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА