2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2025/02353

 

 

 

 

 

 

 

 

 

        2025             03             26                                              192/ШШ2025/02353

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******, ******* овогт ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамж, өөрийн байранд байрлах Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /*******/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч   нь хариуцагч Монголын үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “ би Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд 2012 оны 6 сард бартерын мэргэжилтэн, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Экспорт, импортын барааны магадлан шалгах газарт эксперт, ахлах эксперт. 2018 оноос Хэрэглэгч үйлчилгээний газарт ахлах ачаа шалгагч /эксперт/-аар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Би эрхэлсэн ажилдаа чин үнэнч, шударгаар хандан, тухайн байгууллагын цаашдын хөгжилд анхааран ажиллаж ирсэн. Гэтэл Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх захирлын 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5/151 дугаар тушаалаар намайг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас үндэслэлгүй халсан. Тодруулбал, тушаалын 1 дэх заалтад ... үйлдсэн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1274 тоот, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1943 тоот актууд нь Экспертизийн үйлчилгээ үзүүлэх журам, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн байх тул тэй байгуулсан ХГ-22-58 тоот Хөдөлмөрийн гэрээг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсугай" гэжээ. Дээрх тушаалд намайг ажил үүргийнхээ дагуу 1274 болон 1943 тоот актыг үйлдэхдээ Экспертизийн үйлчилгээ үзүүлэх журам, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэсэн байх хэдий ч ямар зүйл, заалтыг зөрчсөн болохыг заагаагүй, тэр нь тодорхой бус байна. Үүнээс гадна би эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаагаар 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс мөн оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлөгдсөн байх хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг гаргасан. Ажил олгогч нь ажилтан надтай байгуулсан хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалж, дуусгавар болгосон учраас би Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасан эрхийнхээ хүрээнд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад тус шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШЗ2024/19771 дугаартай захирамжаар урьдчилан шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад хандах шаардлагатай гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй учраас Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хандаж, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцээд талууд харилцан тохиролцоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Хэрэглэгч үйлчилгээний газрын ахлах ачаа шалгагч /эксперт/-ийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд овогтой Цэвээнсүрэн нь Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим (Цаашид "МҮХАҮТ" гэх) холбогдуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэг. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг цуцалсан тухайд: 1.1. 1274, 1943 тоот дүгнэлтийн тухайд МҮХАҮТ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2023 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн дугаар 04 тогтоол, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлын А/37 тоот тушаалын дагуу байгуулагдсан "Хөндлөнгийн шалгалтын (цаашид экспертиз гэнэ) үйлчилгээг сайжруулах, үр ашгийн нэмэгдүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх" ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсгийн үйл ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, зэргийг ноцтой зөрчиж, ажлын байрны тодорхойлолтод хамааралгүй чиг үүрэг хэрэгжүүлсэн нь тогтоогдсон. Тухайлбал Э.Цэвээсүрэн нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1274, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1943 тоот дүгнэлтүүд үйлдсэн. Эдгээр дүгнэлтийн агуулгыг нь харвал: 1274 дугаартай дүгнэлт нь: "Монгол үндэсний бүтээгдэхүүн" ХХК нь 2021 оны 4-р сарын 26-нд 2,600,000 төгрөгийн, мөн 2022 оны 01-р сарын 28-нд 8,700,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг өөрийн үйлдвэр дээр 14 хоногт үйлдвэрлэн нийлүүлэх гэрээг "АШУҮИС"-ийн Монгол Японы эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгч хийсэн байна. Бараа бүтээгдэхүүнийг гэрээний дагуу хийж гүйцэтгэн тус эмнэлэгт нийлүүлсэн ба тус эмнэлэг нь гэрээгээр тохиролцсоны дагуу санхүүгийн төлбөр тооцоог "Монголын Үндэсний Бүтээгдэхүүн" ХХК-ын дансанд 2022 оны 01 сарын 25-ны өдрийн байдлаар шилжүүлээгүй болно. 2020 онд "Ковид 19" дэлхий нийтэд тархсан цар тахлын гамшгийн үед "Монголын Үндэсний Бүтээгдэхүүн" ХХК нь нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн ба одоог хүртэл хугацаанд тус эмнэлгээс төлбөр тооцоо дуусгаагүй үнэн болохыг тодорхойлов" гэх агуулгатай; 1943 дугаартай дүгнэлт нь: "Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багын малчин " овогтой " // нь 2016 оны 07-р сарын 07-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 122-р дугаар тушаалыг үндэслэн, Сэлэнгэ үүлдрийн махны үхэр өсгөх чиглэлээр төслийн хүрээнд №2016/122/02 гэрээ хийн 5 жилийн хугацаатай 200,000,000 сая төгрөгийн зээл авсан байдаг. Төслийн хүрээнд зээлийн хэрэгжилтийг ханган үйл ажиллагааг явуулж байсан боловч тус сумын нутаг дэвсгэрт 2017 оны 11-р сард малын гоц халдварт шүлхий өвчин тархаж 2017 оны 11-р сарын 17-ны өдрөөс 2018 оны 01-р сарын 17-ны өдрийг хүртэл Мандал сумын хэмжээнд хорио цээр тогтоон нийт 1716 толгой малын устгал хийснээс иргэн Н.ын 17 толгой үхэр устгалд оруулсан болохыг тус сумын ЗДТГ-ын ХАА-н тасгийн мэргэжилтэн баталсан байна. Энэ халдварт өвчин ба мал устгал ариутгал хийгдсэнээс хойш мөн зээлийн хэрэгжилтийг ханган үйл ажиллагааг үргэлжлүүлэн зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлбөрийн хуваарийн дагуу сарын төлбөрийг цаг тухайн үед нь хийж байсан байна. Ингээд мөн 2020 оны 10-р сараас эхэлсэн "Ковид-19" дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын гамшгаас үүдэн 2020 оны 11-р сарын 17-оос 2021 оны 4-р сарын 1 хүртэл улсын хэмжээнд хөл хорио тогтоосон ба хүнд нөхцөл байдлын улмаас өвс тэжээлийн хомсдолд орж толгой мал цөөрөн үйл ажиллагааны тогтворгүй байдалд орсон нь зээлийн эргэн төлөлтөд нөлөөлсөн ба 2023 оныг хүртэл үйл ажиллагаа тогтворжоогүй алдагдалд орох шалтгаан үүссэн учраас зээл, зээлийн хүүг мах үржүүлгийн мал, хадлангийн иж бүрэн техник, тоног төхөөрөмжүүдийг борлуулан төлсөн байна." гэх агуулгатай байсан. Дээрх дүгнэлтүүд нь МҮХАҮТ-ын даргын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталсан А/80 дугаартай Экспертизийн үйлчилгээ үзүүлэх журмын 1.1 дэх хэсэгт "Энэхүү журмын зорилго нь хууль дээдлэх, ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдлыг хангах, мэргэшсэн тогтвортой байх, танхимын дүрэм, журмуудыг үйл ажиллагаандаа удирдлага болгон хэрэгжилтийг хангах, хяналт тавих, ёс зүйн хэм хэмжээг тогтоох, төрөл бүрийн барааны гэмтэл зөрчлийг хянан, хөндлөнгийн хяналт /цаашид экспертиз гэх/ хийхтэй холбоотой захиалагч, гүйцэтгэгч хоёрын харилцааг зохицуулахад оршино", 2.4 дэх хэсэгт "Захиалагч тухайн барааг хүлээн авахаас 2-оос доошгүй цагийн өмнө экспертизийн үйлчилгээ үзүүлж буй газарт мэдэгдэж эксперт томилуулна. Захиалагч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд эксперт тухайн хугацаагаар ажлыг хойшлуулж болно", 2.7 дах хэсэгт "Эксперт нь хяналт хийж эхлэхээс өмнө тухай шалгаж буй бараа, тоног төхөөрөмжтэй холбогдолтой стандартууд, бараа судлалын ном, гэрээний нөхцөл зэргийг судлах, буюу барааны загвар, тэдгээрийн тодорхойлолт, гадаадын нийлүүлэгчийн нэхэмжлэл, тээврийн бичиг, чанарын гэрчилгээ болон нотлох бусад бичиг баримтыг захиалагчаас авах, хэрэв эдгээр баримт бичиг экспертизийн сертификат бичихэд хангалтгүй бол шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхийг захиалагчаас шаардах эрхтэй", 3.7 дах хэсэгт "Эксперт шалгалтыг хийж дуусаад, холбогдох баримтуудыг үндэслэн барааны байгаа байдлыг тодорхойлж сертификат олгоно. Бараа тоо, чанар, биет байдлыг байгаа байдлаар нь шалган, баримт бичиг байхгүй тухай тодорхой дурдаж, сертификат олгоно" 3.14 дэх хэсэгт "Барааны тоо хэмжээг зөвхөн экспертийн биет оролцоотойгоор бух баглаа боодлоос гарган тоолох, хэмжих буюу жигнэх замаар шалгах ба барааны тоо хэмжээг баримжаалж гаргахыг хориглоно". 5.1.2 дах хэсэгт "Даатгалын экспертизийн уйлчилгээ. Төрөл бүрийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжүүд тээвэрлэлт, хадгалалтын явцад тоо хэмжээгээр дутах, эвдрэх даатгуулагчийн хүсэлтээр хөндлөнгийн экспертиз хийж нотолгоо /сертификат/ гаргаж өгдөг". 5.1.4 дэх хэсэгт "Банкны экспертизийн үйлчилгээ. Банкны ор барагдуулалт, лизинг болон зээлийн хэрэгжилтэнд хяналт тавих үүднээс аливаа нэг банкны хүсэлтээр ямар нэгэн бараа бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжийн тээвэрлэлт, хадгалалт болон боловсруулалтын үйл явцад банкнаас хяналт тавих шаардлагатай үед хөндлөнгийн экспертиз хийж тухайн барааны тоо, хэмжээ, чанарын талаар нотолгоо /сертификат/ гаргаж өгдөг" гэж тус тус заасныг зөрчсөн байна. Мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 сарын 04-ний өдрийн А/275 тоот тушаалаар баталсан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ын 5.30-т "Барааны тоо хэмжээ дутсан, жин багассан, хагарсан, гэмтсэн болох нь гаалийн шалгалтаар илэрсэн тохиолдолд МҮХАҮТ-аас экспорт, импортын барааны тоо, чанарын талаар магадалгаа гаргуулан авч, тодотгох тоо хэмжээг мэдүүлгийн F хүснэгтэд оруулна." гэж заасан ба ачаа шалгагч нарын үйл ажиллагаа зөвхөн дээрх зорилгоор гаалийн нутаг дэвсгэрт хэрэгждэг ажиллагаа болно. Өөрөөр хэлбэл нь Экспертизийн үйлчилгээ үзүүлэх журмаар зохицуулсан харилцаанд хамааралгүй асуудлаар хууль бус дүгнэлт гаргаж, хувийн болон бусдын ашиг сонирхлын үүднээс хууль бус сертификат олгосон байна. 1.2. Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийн тухайд нэхэмжлэгч нь дээрх актуудыг үйлдсэн болохоо 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ажлын хэсгийн хуралд, 2024 оны 07 дугаар сарын 01- ний өдөр бичгээр гаргасан тайлбараар хүлээн зөвшөөрсөн. гийн үйлдсэн 1274, 1943 тоот дүгнэлтүүд нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.1.1 дэх заалт "Ажлын байрны тодорхойлтод заасан болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шаардлагын хэмжээнд гүйцэтгэж, өөрийн мэдлэг чадвар, бололцоог дайчлан хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ өөриймсөг хандаж ажиллах", 3.1.4 дэх заалтад "Ажил олгогчийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдох дүрэм, заавруудтай сайтар танилцаж мэдсэн байх ба өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэхдээ баримтлан ажиллах" гэж тус тус заасны зөрчиж, гэрээний 4.2 дах хэсэг, 4.2.2. дах заалтад "Ажил олгогчийн Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажилтны ёс зүй, бусад дүрэм журам, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгааг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн нь тогтоогдсон" гэх ноцтой зөрчил үйлдсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэг, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэг 123 дугаар зүйлийн 123.2.5 дах хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 14.1, 14.1.2, 14.1.3 дах хэсгүүдэд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай сахилгын шийтгэл оногдуулсан болно. Хоёр: Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөтэй байх хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн тушаалыг цуцалсан эсэх тухайд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ би эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадалгаагаар 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс мөн 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлөгдсөн байх хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг гаргасан" гэж дурдсан байна. Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.1 дэх хэсэг 6.2.2 дах хэсэгт тус тус заасны дагуу ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн цалинтай болон цалингүй чөлөөг олгодог. Нэхэмжлэгч нь энэ хугацаанд нэг ч удаа чөлөө авах тухай хүсэлт гаргалгүйгээр ажлыг тасалсан, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр МҮХАҮТ-ын захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Долгормаа нэхэмжлэгчтэй утсаар холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Иймд нэхэмжлэгчийн и-мэйл хаяг руу и-мэйл явуулсан болно. Нэхэмжлэгч чөлөө олгох тухай хүсэлт болон эмчийн магадалгаагаа гаргаж өгөөгүй тул ажил тасалсан гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024.10.16-ны өдрийн 2385 дугаартай итгэмжлэл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлын 2024.08.12-ны өдрийн Б/151 дугаартай гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын хуулбар, Эмнэлгийн магадлагаа, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллийн тодорхойлолт, Очир релакс эмнэлгийн тодорхойлолт, түүний хавсралт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.09.16-ны өдрийн 19771 дугаартай захирамжийн хуулбар, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл зэрэг баримтыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчаас 2024.10.16-ны өдрийн 02/986 тоот албан бичгээр олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хөндлөнгийн шалгалтын /Экспертиз/ үйлчилгээг сайжруулах, үр ашгийг нь нэмэгдүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх ажлын хэсгийн дүгнэлтийн хуулбар,  Хөндлөнгийн шалгалтын /Экспертиз/ үйлчилгээг сайжруулах, үр ашгийг нь нэмэгдүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх ажлын хэсгийн хурлын 2024.05.20-ны өдрийн протоколын хуулбар, Ажлын хэсгийн хурлын 2024.07.05-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, имэйл явуулж байсан баримт, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын даргын 2022.11.14-ний өдрийн А/102 дугаартай тушаал болон түүний хавсралтуудын хуулбар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын даргын 20222018.05.04-ний өдрийн А/80 дугаартай Экспертизийн үйлчилгээ үзүүлэх журмыг шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралтуудын хуулбар, 2022.4.01-ний өдрийн ХГ-22-58 дугаартай хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтийн хуулбар, 2024.07.08-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай мэдэгдлийн хуулбар, 2024.08.12-ны өдрийн Б/151 дугаартай “гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалын хуулбар, 2022.01.03-ны өдрийн А/01 дугаар хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралтын хуулбар, имэйл хаягаар харилцан зурвас, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 2022.11.25-ны өдрийн тодорхойлолтын хуулбар, 2024.03.26-ны өдрийн тодорхойлолтын хуулбар, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас зэрэг баримт ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. нь урьд эрхэлж байсан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хэрэглэгч үйлчилгээний газрын ахлах ачаа шалгагч /эксперт/-ийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй гэж тайлбар гаргажээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга 2022 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр ХГ-22-58 тоот Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Хэрэглэгч үйлчилгээний газрын ахлах ачаа шалгагчийн ажлын байранд ажиллаж байсан байна. (хавтаст хэргийн 65 - 71 дэх тал) 

3.2. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх захирал нь 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг гаргасан байна. (хавтаст хэргийн 72 дахь тал)

 

3.3. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх захирлын 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5/151 дугаартай тушаалаар тэй байгуулсан ХГ-22-58 тоот Хөдөлмөрийн гэрээг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна. (хавтаст хэргийн 6 дахь тал)

 

3.4. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулах шаардлагатай үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШЗ2024/19771 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж гарсан байна. Энэ талаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 24/63 дугаартай тэмдэглэлд дурдагдсан байна. (хавтаст хэргийн 14 дэх тал)

 

3.5. Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж,  24/63 дугаартай тэмдэглэл үйлдсэн байна. (хавтаст хэргийн 13 - 15 дахь тал)

 

4. г 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Хэрэглэгч үйлчилгээний газрын ахлах ачаа шалгагчийн ажлын байранд ажиллаж байсан тухайд талууд маргаангүй. Харин г хууль бусаар ажлаас чөлөөлсөн эсэхэд зохигчид маргаантай.

 

5. г ажлаас чөлөөлсөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх захирлын 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5/151 дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, МҮХАҮТ-ын дүрмийн 10.6.3, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 14.1, 14.1.2, 14.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.1.1, 3.1.4, 4.2, 4.2.2, 4.2.26 дахь заалт,  Хөндлөнгийн шалгалтын /экспертизийн/ үйлчилгээг сайжруулах, үр ашгийг нь нэмэгдүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан.

 

"Ноцтой зөрчил" гэдэг нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байх ба ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байх ёстой.

 

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2-т Хөдөлмөрийн тухай уулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасан үндэслэлээр болон дараах зөрчлүүдийг “ноцтой зөрчил” гэж тооцож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно”, 4.2.2-т “Ажил олгогчийн “Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ”, “ажилтны ёсзүй, бусад дүрэм журам, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгааг 2 ба түүнээс дээш удаа дараа зөрчсөн нь тогтоогдсон”, 4.2.26-д “Ажилтан өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлсэн болон урвуулан ашигласан, түүний улмаас ажил олгогчийн үйл ажиллагаанд саад учруулсан, хохирол учруулсан” гэж тус тус  заасан байна.

 

г ажлаас чөлөөлсөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх захирлын 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5/151 дугаартай тушаалд “Хэрэглэгч, үйлчилгээний газрын ахлах Ачаа шалгагч овогтой үйлдсэн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1274 тоот, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1943 тоот актууд нь Экспертизийн үйлчилгээ үзүүлэх журам, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн” гэж дурдсан боловч Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.2, 4.2.26-д заасан зөрчлийг гаргасан, түүний улмаас ажил олгогчийн үйл ажиллагаанд саад учруулсан, хохирол учруулсан” болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан.

 

Хариуцагч нь ажлаас чөлөөлсөн тушаалдаа “гийн үйлдсэн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1274 тоот, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1943 тоот актууд нь Экспертизийн үйлчилгээ үзүүлэх журам, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн”, сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн байх боловч 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1274 тоот актыг үйлдсэнээс хойш 1 жил 9 сар өнгөрсөн, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1943 акт үйлдсэнийг сахилгын зөрчил гэж ажил олгогч үзэж, 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл”-г гаргаснаас хойш 1 сар 4 хоног өнгөрсны дараа 5/151 дугаартай тушаал гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иймд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх захирлын 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5/151 дугаартай тушаал нь үндэслэлгүй, сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч г Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хэрэглэгч үйлчилгээний газрын Ахлах ачаа шалгагчийн ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

 

6. 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5/151 дугаартай тушаалыг 2024 оны 8 дугаар сарын 23-нд нэхэмжлэгч гардаж авсан тухайд талууд маргаангүй бөгөөд ийнхүү гардаж авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШЗ2024/19771 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тул нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд хандсан байна.

 

Гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй.

 

7. Нэхэмжлэгчээс ирүүлсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.09.16-ны өдрийн 19771 дугаартай захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 11 - 12 дахь тал), хариуцагчаас ирүүлсэн Хөндлөнгийн шалгалтын /Экспертиз/ үйлчилгээг сайжруулах үр ашгийг нь нэмэгдүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх ажлын хэсгийн дүгнэлтийн хуулбар, Хөндлөнгийн шалгалтын /Экспертиз/ үйлчилгээг сайжруулах үр ашгийг нь нэмэгдүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх ажлын хэсгийн хурлын 2024.05.20-ны өдрийн протоколын хуулбар, Ажлын хэсгийн хурлын 2024.07.05-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, имэйл явуулж байсан баримт (хавтаст хэргийн 32 – 50 дахь тал), имэйл хаягаар харилцан зурвас (хавтаст хэргийн 85 - 86 дахь тал), хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас (хавтаст хэргийн 89 - 92 дахь тал) зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хууль нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан г Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хэрэглэгч үйлчилгээний газрын ахлах ачаа шалгагчийн ажлын байранд эгүүлэн тогтоосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР