| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2025/0692/З |
| Дугаар | 128/ШШ2025/0672 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2025/0672
2025 10 02 128/ШШ2025/0672
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.Э******* /РД:*******/;
Хариуцагч: Цагдаагийн Ерөнхий газар;
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г*******, Г.М******* нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, Г.М******* шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг.Нэхэмжлэгч О.Э******* нэхэмжлэлийн шаардлагаа:
1.1.Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тушаалаар О.Э*******т 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох тухай тушаалд заагдсан тэтгэмжийн хэмжээг ахин нягталж, ажиллаж байх үеийн сүүлийн 5 жилийн цалингийн дунджийг мөнгөний ханшийн уналт, инфляцтай уялдуулан, одоогийн мөрдөн байцаагчийн ажлын цалингийн итгэлцүүрээр бодож тооцоолон, шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалт, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгээс 32.9 дэх хэсгийг тус тус баримтлан шүүхээс Нийгмийн даатгалын тухай хуулиар ойролцоо төрлийн төрийн албан хаагчийн 2003, 2013, 2023 онуудын итгэлцүүрийг холбогдох байгууллагаас гаргуулан бодож тооцуулах, Батлан хамгаалахын жанжин штабын нууцлал бүхий итгэлцүүрээр өнөөгийн /2024 оны 12 сар хүртэлх/ ханшаар тооцон уг олгосон тэтгэмжийг одоогийн ханшаар тооцож олгоно уу гэж тодорхойлсон.
1.2.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч О.Э*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “ажиллаж байх үеийн сүүлийн 5 жилийн цалингийн дунджийг мөнгөний ханшийн уналт, инфляцтай уялдуулах” гэснийг ямар итгэлцүүл, ямар инфляцтай уялдуулахаар шаардаж байгааг тодруулахад, нэхэмжлэгч нь “... яг мэдэхгүй байна, одоогийн мөрдөн байцаагчийн цалин хөлстэй адил хэмжээгээр тооцуулах хүсэлтэй” гэж тодруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг “О.Э*******ын цэргийн тэтгэвэр тогтоолгосон одоогийн цагдаагийн мөрдөн байцаагчийн цалингийн хэмжээгээр тооцуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлсэн.
1.3.Эндээс нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “О.Э*******т 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох тухай тушаалд заагдсан тэтгэмжийн хэмжээг хянаж, мөрдөн байцаагчийн цалин хөлсний өнөөгийн ханшаар тооцож олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгах” гэж тодорхойлсон гэж үзэж, энэхүү хүрээнд нэхэмжлэлийг нь хянан шийдвэрлэлээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Нэхэмжлэгч О.Э******* нь 2003 онд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст жижүүрийн мөрдөн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа Цагдаагийн ерөнхий газрын даргын 2003 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалаар 2003 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өвчний учир ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэг тогтоолгосон.
2.2.Нэхэмжлэгч нь Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгож, түүнд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар 18 (арван найм) сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж болох 11******* (нэг сая нэг зуун хорин мянга долоон зуун ерөн гурав) төгрөгийг олгожээ.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би 2023 онд өндөр насны тэтгэвэрт гарсан ба Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу миний гаргасан өргөдлийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тушаалаар надад 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас миний Хаан банкны дансанд 11******* /нэг сая нэг зуун хорин мянга долоон зуун ерөн гурав/ төгрөгийг шилжүүлж олгосон.
Иргэний хуулийн 510 дугаар зүйл, 498 дугаар зүйлийн 498.2, 498.5, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Цагдаагийн Ерөнхий газраас надад 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох үүрэгтэй боловч олгоогүй бөгөөд 21 жилийн дараа би өөрөө өргөдөл гарган материал бүрдүүлж өгсний дараа 1120973 төгрөгийг олгосон нь тухайн үед /жишээ нь: 2003 онд Улаанбаатар хотын төвд Баянгол дүүргийн Ханбүргэдэйн 15 дугаар байранд нэг өрөө байрыг сарын 40.000 төгрөгөөр түрээсэлж амьдардаг байсан ба энэ мөнгөөр 28 сарын түрээс буюу 2 жил 4 сарын түрээс байсан авч өнөөдөр уг байрыг сарын 800.000 төгрөгөөр түрээсэлж байна/ олгосон бол амьдралд нилээдгүй санхүүгийн дэмжлэг болохоор мөнгө боловч өнөөдрийн нийгэмд бодит байдал дээр нэг өрөө байрны 2 сарын түрээс хүрэхгүй мөнгө байгаа нь хэтэрхий өрөөсгөл бодит байдалд нийцэхгүй байх тул Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн гол зорилго болох амьдралын чанарт нөлөөлөхүйц тэтгэж дэмжих бодлого илтэд алдагдаж байгаа.
Би 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн байгууллагад хандан “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу надад олгосон тэтгэмжийг одоогийн бодит ханшаар тооцон олгоно уу” гэж өргөдөл гаргасан боловч надад ямар нэгэн хариу өгөөгүй 30 хоногийн хугацаа өнгөрсөн, миний өргөдлийн хугацааг сунгасан талаар надад ямар нэгэн хариу өгөөгүй учир Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд хандаж байгаа юм.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн биелэлтийг хангаж өгнө үү. …тэтгэмжийн хэмжээг ахин нягталж, ажиллаж байх үеийн сүүлийн 5 жилийн цалингийн дунджийг мөнгөний ханшийн уналт, инфляцтай уялдуулан, одоогийн мөрдөн байцаагчийн ажлын цалингийн итгэлцүүрээр бодож тооцоолон… уг олгосон тэтгэмжийг одоогийн ханшаар тооцож олгоно уу” гэжээ.
3.2.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлийн шаардлагын хувьд ямар итгэлцүүр хэрэглэхийг яг сайн хэлж мэдэхгүй байна, одоогийн мөрдөн байцаагчийн цалин хөлстэй адил хэмжээгээр тооцуулах хүсэлтэй, шүүх нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т Захиргааны хэм хэмжээний актыг шинэчлэн батлах, эсхүл өөрчлөлт оруулах тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний актын дагуу эрх, үүрэг үүссэн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шаардлагатай гэж үзвэл шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгаж болно гэж заасан. 47 дугаар зүйлийн 47.4-т Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйл (Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох)-ийн 2 дахь хэсэгт “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д, 5 хүртэл жил алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан сарын тоонд тус тус хувааж тодорхойлно”, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар чөлөөлөгдсөн бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй”, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, 19.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус хуульчилжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг олгоход энэхүү журмыг мөрдөнө”, 4 дэх хэсэгт “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмжийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэнд олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэж тус тус зохицуулсан.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.1 дэх хэсэгт “Төрийн тусгай албан хаагчид Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр, мөн хуулийн 19.1-19.3 дахь хэсэгт заасан нэг удаагийн тэтгэмж олгоход “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ыг баримтална” гэжээ.
Үүнээс үзэхэд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг олгоход Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ыг баримтлах бөгөөд сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор байна.
Иймд нэхэмжлэгчид одоогийн мөрдөгчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн дундаж хэмжээгээр бодож тэтгэмж олгох боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар О.Э*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“О.Э******* нь Хан-уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдсөн байдаг. 2023 онд цэргийн тэтгэвэр тогтоолгохоор хандахад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны ******* дугаар тушаалаар 18 сарын цалингийн хэмжээгээр 1 удаагийн тэтгэмж 1,120,723 төгрөгийг авсан байдаг. Учир нь нэхэмжлэгч маань Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т зааснаар цагдаагийн албанаас ахмад цолтойгоор чөлөөлөгдсөн. Ахмад цолны алба хаах насны дээд хязгаар нь 52 нас байдаг.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 тоот тогтоолоор баталсан Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам-ын 1-т Энэхүү журмын зорилго нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2, 3-т заасан тэтгэмжийг олгоход мөрдлөг болгоно гэж заасан. Мөн журмын 4-д Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмжийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэнд олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэж зохицуулсан. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т зааснаар цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндийн төв, түүнчлэн цэргийн албанаас гэдэг нь ажлаас чөлөөлөгдөөд 18 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаа тэтгэмжийн нэг удаа авна. Иймд 2003 оноос урагших 1998 оноос 2003 оны хоорондох ажилласан жилүүдийг авч байсан цалин хөлсний сүүлийн 5 жилийн дунджаар журамд зааснаар тэтгэмжийг нь олгож байгаа. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар хавсруулсан. Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4.1-д төрийн албан хаагч цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг удаагийн тэтгэмж олгоход цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмыг баримтална гэж тусгаарлаж зохицуулсан. Иймд цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгчид хууль, журамд заасны дагуу тэтгэмжийг олгосон. Одоогийн мөрдөгчийн албан тушаалын цалингаар бодож тэтгэмж олгох боломжгүй. Учир нь нэхэмжлэгчийн тайлбарлаж буй итгэлцүүр нь ямар ч хууль, дүрэм, журам байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан 1995 оноос өмнө гарсан цэргийн алба хаагчдад үйлчлэх журам байдаг хэдий ч нэхэмжлэгч нь 2003 онд биеийн эрүүл мэндийн шалтгаалны улмаас албанаас чөлөөлөгдсөн учир цагдаагийн байгууллагад хуульд заасан үндэслэл, журмын дагуу тэтгэмжийг нь олгосон. Иймд нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгчийн хувьд цагдаагийн байгууллагад эргээд ажиллах боломжтой байсан. Гадаадын иргэдийн харьяатад ажилласан байна шүү дээ. Ажил хөдөлмөр эрхэлж цалин, хөлс авна шүү дээ. Хөдөлмөрлөж байж тэтгэмжээ дүйцүүлж авах ёстой” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэрэгт төрийн албаны эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн “өндөр насны тэтгэвэр тогтоох үед олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж олгох хэмжээг тооцсон” хууль хэрэглээний маргаан хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Цагдаагийн ерөнхий газрын даргын 1996 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүгээр тушаалаар нэхэмжлэгч О.Э*******ыг цагдаагийн офицерын бүрэлдэхүүнд оруулж, цол олгон, Төв аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар томилсон байна. /ХХ-ийн 40-41 дэх тал/
2.2.Үүний дараа Цагдаагийн ерөнхий газрын даргын 2003 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тушаалаар О.Э*******ыг 2003 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгож мөрдөн байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, цагдаагийн офицерын бүрэлдэхүүнээс гаргаж шийдвэрлэжээ. /ХХ-ийн 45 дахь тал/
2.3.Ингэхдээ нэхэмжлэгч О.Э******* нь цагдаагийн албанаас өвчний учир чөлөөлөгдсөн болох нь Цагдаагийн ерөнхий газрын 2004 оны 10 дугаар сарын18-ны өдрийн 3а/1695 дугаар албан бичигт “... өвчний учир ажлаас чөлөөлөгдөж группт гаргасан” гэх лавлагаа, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн акт, Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай О.Э*******ын тухай лавлагаанд “... хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон актыг үндэслэн чөлөөлсөн” гэсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /ХХ-ийн 42, 89, 97 дахь талууд/
2.4.Нэхэмжлэгч нь цагдаагийн албанд ийнхүү 7 жил, 3 сар, 5 өдөр ажиллаж, цагдаагийн /цэргийн/ албаны эрх зүйн харилцаа нь дуусгавар болсон гэдэг нь дээрх тушаалуудаар тогтоогдлоо.
2.5.Үүний дараа Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цуцалсан тухай 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн актаар түүний хөдөлмөрийн чадвар алдалт сэргэсэн гэж дүгнээд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг дуусгаж, мөн өдрөөс сэргээсэн байна. /ХХ-ийн 95 дахь тал/
2.6.Нэхэмжлэгч О.Э******* Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар тушаалаар тус байгууллагад ахлах мэргэжилтнээр томилогдож, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дүгээр тушаалаар төрийн албанаас халж шийдвэрлэжээ. /ХХ-ийн 73, 123 дахь талууд/
2.7.Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Өндөр насны тэтгэврийг энгийнээр 1 сар, 0 өдөр, цэргийн албыг 17 жил, 10 сар, 2 өдөр болгож тооцуулан, цэргийн албаны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон болох нь Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсаар нотлогдож байна. /ХХ-ийн 155 дахь тал/
2.8.Ийнхүү О.Э*******ын цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгосныг нь үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар түүнд 18 /Арван найм/ сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэжээ. /ХХ-ийн 136 дахь тал/
2.9.Улмаар уг шийдвэрээ биелүүлж Л.Э******* 18 сарын сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохдоо О.Э*******ын 1998-2003 онд авч байсан мөрдөн байцаагчийн цалингийн дунджийг 1999 онд 565,247.00 төгрөг, 2000 онд 718,145.00 төгрөг, 2001 онд 946,327.00 төгрөг, 2002 онд 1,015,342.00 төгрөг, 2003 онд 490,914.00 төгрөгөөр тооцон уг дунджаас 18 сарыг тооцон гаргаж, нийт 1,120,793.00 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, түүнд уг мөнгийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хувийн дансанд нь шилжүүлсэн байна.
2.10.Нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад хандаж, “... уг тэтгэмжийг одоогийн мөрдөн байцаагчийн цалингийн дунджаар бодож олгохыг хүссэн” өргөдлөө гаргасан байна. /ХХ-ийн 4 дэх тал/
2.11.О.Э*******ын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргасан “өргөдлийн хариуг албан бичгээр өгөөгүй” гэдгээ Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар албан бичигт дурдаж, шүүхэд тайлбар ирүүлжээ. /ХХ-ийн 169 дэх тал/
2.12.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д "өргөдөл" гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг; Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно” гэж, мөн зүйлийн 4-т "гомдол" гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг” гэж тус тус заасан байна.
2.13.Нэхэмжлэгч О.Э*******ын Цагдаагийн ерөнхий газарт хандсан 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн бичиг нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 4-т заасны дагуу “гомдол” биш, харин “өргөдөл”-д хамаарч байна.
2.14.О.Э*******ын гаргасан өргөдлийг тус байгууллагаас хянаж, шийдвэрлэсэн хариуг өгөөгүй эс үйлдэхүй гаргасан нь түүнийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх үндэслэл болсон зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д ”Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно” гэж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч …, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч чөлөөлөгдсөн тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно” гэжээ.
3.2.Мөн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Цэргийн алба хаагч …, биеийн эрүүл мэндээр, … халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж заасан байсныг Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөн найруулж “Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” болгож, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөхөөр заажээ.
3.3.Хуулийн эдгээр заалтын дагуу 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө биеийн эрүүл мэндийн шалтгаанаар цагдаагийн албанаас халагдсан цэргийн албан хаагч ажилласан жилийг харгалзахгүй нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүсэх тул хуулийн энэ заалт нэхэмжлэгч О.Э*******т хамаарч байна.
Харин хуулийн өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 10-аас доошгүй жил ажилласан этгээд уг 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй байна.
3.4. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан “Цэргийн алба хаагч …, биеийн эрүүл мэндээр, … халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” зохицуулалтын агуулгаас үзвэл нэг удаа олгох тусламж, тэтгэмжийг зөвхөн “тэтгэвэрт гарах үед” олгохоор гипотези нөхцөлийг тогтоож өгсөн байна.
3.5.Иймд О.Э******* нь эрүүл мэндийн шалтгаанаар цагдаагийн албанаас халагдсан 2003 онд уг тэтгэмжийг авах эрх үүсээгүй бөгөөд хуулийн заалтыг ийнхүү ойлгож, хэрэглэх талаар хариуцагч маргаагүй.
3.5.Харин хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан биеийн эрүүл мэндээр цагдаагийн албанаас чөлөөлөгдвөл олгох 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг, тэтгэмж авах эрх үүсэх үед нь олгохдоо түүний халагдсан 2003 оны цалин хөлснөөс үү, эсхүл тэтгэвэр тогтоолгосон 2023 оны цалин хөлснөөс үү гэдэг аль хугацааны цалин хөлсөөс тооцох талаар хуульчлаагүй буюу зохицуулалтгүй орхисон байгаа ба хариуцагчаас хуульд “цалин хөлс” гэсэн тул О.Э*******ын авч байсан цалин хөлсөөс уг хэмжээг тооцох ёстой гэснийг шүүх өөрөөр тайлбарлаж хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
3.6.Тухайлбал, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “тухайн этгээдийн авч байсан цалин хөлсөөс” гэж заагаагүй байна. Иймд О.Э*******ын 2003 онд авч байсан цалин хөлсөөс олгох ёстой гэж хуулийг ойлгож хэрэглэх үндэслэлгүй гэж үзлээ.
3.7.Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 1 дүгээр тогтоолын 2-р хавсралтаар баталсан “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуульд заасан нэг удаагийн тэтгэмж олгох журам”-д Цэргийн …, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгохоор журамласан боловч уг журамд тэтгэмжийг хэзээ олгох талаар нарийвчлан зохицуулаагүй байна . Энэхүү журам нь О.Э*******ыг цагдаагийн албанаас чөлөөлөгдөх /халагдах/ үед хүчин төгөлдөр үйлчилж байсан журам байна.
3.8.Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 1-т “Энэхүү журмын зорилго нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2, 3-т заасан тэтгэмжийг олгоход мөрдлөг болгоно” гэж, 6-д “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "биеийн эрүүл мэндээр" гэдгийг эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэр гарсныг үндэслэн тогтооно” гэжээ.
3.8.Мөн журмын 9-д “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг авсан иргэн цэргийн тэтгэвэр тогтоолгосны дараа үлдэх хэсгийг авах эрхтэй болно. Ийнхүү олгосон тохиолдолд нийт тэтгэмжийн хэмжээ 36 сараас хэтрэхгүй байна” гэж нарийвчлан журамласан боловч биеийн эрүүл мэндийн шалтгаанаар олгох тэтгэмжийг тэтгэвэр тогтоолгохоос өмнө олгох зохицуулалтыг журамлаагүй байна.
3.9.Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4.1-д төрийн албан хаагч цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг удаагийн тэтгэмж олгоход цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмыг баримтална гэж заасан байна.
3.10.Мөн хуулийн зохицуулалт нь цагдаагийн алба хаагчийг “тэтгэвэрт гарах үед олгохоор хуульчилсан”, журмаар уг хугацааг тогтоогоогүй байгаа учраас О.Э*******ын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тэтгэвэр тогтоолгосон үед нь олгох нь хууль зүйн зөрчилгүй гэж үзлээ.
3.11.Цагдаагийн албаны тухай хуулийн 83 дугаар зүйлийн нэр нь “Алба хаагчийн баталгаа” гэсэн байгаа бөгөөд мөн зүйлийн 83.1-т “Цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдана” гэж, 83.2-т “Цагдаагийн алба хаагч нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авна” гэжээ.
3.12.Иймд цагдаагийн алба хаагчид тэтгэмж олгох нь түүний цагдаагийн алба хаасны баталгаа мөн байна.
3.13.Цагдаагийн алба хаасны баталгааг тухайн алба хаагчийг цагдаагийн албанаас чөлөөлөгдөхөд олгох хууль зүйн боломжгүй, зөвхөн тэтгэвэрт гарах үед нь олгож байгаа нь цагдаагийн алба хаасны баталгааны мөн чанар оршсон гэж үзэхээр байна.
3.14.Иймд О.Э*******ыг 2003 онд цагдаагийн албанаас чөлөөлөгдөх олгох боломжгүй байсан бөгөөд түүнийг 20 жилийн дараа буюу 2023 онд тэтгэвэрт гарахад нь 1999-2003 оны үеийн цалингаас тооцож тэтгэмж олгохоор шийдвэрлэж байгаа нь “цагдаагийн алба хаагчийн баталгаагаар хангах зорилгод нийцээгүй”, захиргааны акт хэлбэрийн төдий, зорилгодоо нийцээгүй гарсан гэж үзэв.
3.15.Өөрөөр хэлбэл, нэгэнт хуулиар “өвчний улмаас цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн этгээдэд, нэг удаагийн тэтгэмжийн аль хугацааны цалин хөлсөөс тооцож олгохыг нарийвчлан зохицуулаагүй, хуулиар тэтгэмжийг “тэтгэвэр тогтоолгох үед” олгохоор гипотези нөхцөл тогтоосон, ингэхдээ тэтгэвэр тогтоолгох үеийн цалин хөлсөөс тооцож олгохыг хуулиар хориглоогүй тохиолдолд ”хуулиар хориглоогүй бол иргэн, хуулийн этгээдэд зөвшөөрөх” эрх зүйн үндсэн зарчим, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5-д заасан иргэн “эд мөнгөний тусламж авах” үндсэн эрхийн зарчим зорилгод нийцээгүй байна.
3.16.Тодруулбал, төрийн албан хаагчид тэтгэвэрт гарсан үед олгох тусламж, тэтгэмж нь уг өндөр насны тэтгэвэрт тогтоолгосон, хойшид хөдөлмөр эрхлэх боломжгүй этгээдэд бодитой үр нөлөө үзүүлэх, дэм болохуйц хэмжээтэй байх ёстой.
3.17.Иймд хариуцагч Цагдаагийн ерөнхий газар нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “цалин хөлс” гэснийг явцуу утгаар хэрэглэж, нэхэмжлэгчийн 1999-2003 онд авч байсан “цалин хөлс”-ний хэмжээ гэж тайлбарлаж хэрэглэснийг зөвтгөх хууль зүйн зарчим, үндэслэл байхгүй гэж дүгнэв.
3.18.Энэхүү хууль зүйн үндэслэл, зарчмын дагуу хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт О.Э*******ын цэргийн тэтгэвэр тогтоолгосон 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаарх түүний ажиллаж байсан цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад цолтой алба хаагчийн, эсхүл түүнтэй адилтгах албан тушаал, цэргийн цолтны 18 сарын хөлсийн дундаж хэмжээгээр тооцож нэг удаагийн тэтгэмж олгохыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дэх хэсэг, заалтуудыг заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Э*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, О.Э*******т 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох тухай тушаалд заагдсан тэтгэмжийн хэмжээг хянаж, мөрдөн байцаагчийн цалин хөлсний өнөөгийн ханшаар тооцож олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн энэ шийдвэрийн 1 дэх хэсгийг биелүүлэхдээ Э*******ын цэргийн тэтгэвэр тогтоолгосон 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаарх түүний ажиллаж байсан цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад цолтой алба хаагчийн /ийм албан тушаал байгаа бол/, эсхүл түүнтэй адилтгах албан тушаал, цэргийн цолтны 18 сарын хөлсийн дундаж хэмжээгээр тооцож олгох шаардлагатай болохыг мэдэгдсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч О.Э*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжид дүйцэх 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ