Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2021/00053  

 

Х.Ж-ы нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2021/00455 дугаар шийдвэртэй, Х.Ж-ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/05 дугаартай Б.Жангүл, Х.Ж нарт сануулах сахилгын арга хэмжээ авах тухай тушаалын Х.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Х.Ж би 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тус сургуульд нярвын бүр орон тооны ажилд томилогдсон. 2017 онд ажил олгогч намайг нярвын үүрэгт ажлаас хууль бусаар халсан боловч гурван шатны шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдсон. Гэвч тус сургуулийн захирал Х.Хайрат нь намайг шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилогдсон явдалд байнга өш хонзон санаж, 2018 оноос хойш одоо хүртэл ажлын байранд элдэв дарамт шахалт үзүүлж ирлээ. Би тус сургуульд ажиллаж байгаа хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гарган арга хэмжээ авахуулж байгаагүй. Гэтэл Баян-Өлгий аймгийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаартай албан шаардлагыг үндэслэн надад сануулах арга хэмжээ авсан явдалд гомдолтой байна. Ажил олгогч нь намайг буруутгаж байгаа гэх зүйл нь 2019-2020 онд эд хөрөнгийн тооллого хийгээгүй гэж байгаа. Тухайн үед тус сургуулийн захирал эд хогшлыг тоолох ажлын хэсэг гаргаагүй учраас би өөрөө эд хөрөнгийн тооллого хийх ямар ч бололцоогүй. Сангийн яамнаас баталсан журам ёсоор сургуулийн эд хогшлыг тоолох ажлыг байгууллагын нябогын чиг үүрэгт хамаарч байна. Гэлээ гэхдээ би өөрөө жил бүр сургуулийн эд хогшлыг санхүүгийн тайлан бүрэн тэнцэлд тусгаж байсан, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Иймд ажил олгогч надад сануулах арга хэмжээ авах ёсгүй гэж үзэж байна. Ажил олгогч энэ удаад сануулах арга хэмжээ авч байгаагийн цаад далд зорилго нь цаашид Х.Ж намайг нярвын ажлаас халах бэлтгэл ажил гэж үзэж байна. Иймээс би өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б\05 дугаартай тушаалын Х.Ж надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ

 

Хариуцагч байгууллагын тайлбарт: “Өлгий сумын 13 дугаар багт оршин суудаг иргэн Х.Ж-ы нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: 1.Нярав ажилтай Х.Ж нь нэхэмжлэлдээ 2017 онд ажил олгогч намайг нярвын үүрэгт ажлаас хууль бус халсан боловч гурван шатны шүүхийн шийдвэрээр эргүүлэн томилогдсон учраас өш хонзон санаж ажлын байранд элдэв дарамт шахалт үзүүлж ирлээ хэмээн бичиж тус сургуулийн захирал ажилтай Х.Хайрат намайг үндэслэлгүйгээр гүтгэсэн байна. Х.Ж нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн тогтоогдсоноор түүнийг хэвийн ажиллуулж байгаа ба ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байгаагүй. Хэрэв намайг ажлын байрны дарамт үзүүлсэн гээвэл Хүний эрхийн үндэсний комисст харьяаллын дагуу гомдлоо гаргаж шалгуулах эрх нь нээлттэй байгаа гэдгийг дурдаж байна. 2.Нярвын ажлын байрны тодорхойлолтыг үндсэн зорилтын 1-д нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 8.1.4 дэх заалтууд Сангийн сайдын 2000 оны 69 дүгээр тушаалаар батлагдсан эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм, 2012 оны 276 дугаар тушаалаар батлагдсан Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмуудыг хэрэгжүүлэх, мөрдөж ажиллах, 2-т Батлагдсан маягт зааврын дагуу анхан шатны маягтыг хөтөлж, мөнгөн хөрөнгө бараа материалын тайланг гаргах 3-т Байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах үүрэг хүлээдэг юм. Үүнийг нярвын ажлын байрны тодорхойлолтод зааж өгч, тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хийж гүйцэтгүүлнэ хэмээн хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж 2 тал гарын үсэг зурж байсан. Мөн холбогдох хуулийн дагуу эрх бүхий этгээдээс баталж Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмуудыг хэрэгжүүлэх, мөрдөж ажиллах үүрэгтэй юм. Нярав Х.Ж нь дээрх хүлээсэн үүргээ зөрчсөн болохыг эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон. 3.Нярав Х.Ж нь ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын 2.4-д өөрийн хариуцаж байгаа мөнгөн хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгө, эд зүйлсийн орлого, зарлагын мэдээ тайланг тухай бүр зохих маягтаар гарган орлого зарлагын холбогдох анхан шатны болон зарцуулалтын баримтуудыг хавсарган нягтлан бодогчид өгч байх гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй. 4.Ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын 3.2-т заасан байгууллагын ажиллагсдын эзэмшиж байгаа эд хөрөнгийг хүн нэг бүрийн нэр дээр карт хөтлөн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах гэсэн заалтыг Нярав Х.Ж нь хэрэгжүүлж ажиллаагүй. 5.Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг-ийн эд хариуцагчийн эрх гэсэн заалтын 4-т заасан өөрийн хариуцаж байгаа эд хөрөнгөнд тооллого хийх, тооцоог бодуулах ажлыг тогтоосон хугацаанд хийх гэсэн заалтыг нярав зөрчсөн, 6.Сургуулийн захирлын 2020 оны 12-р сарын 07-ний өдрийн А/17 тоот тушаалаар өмч хамгаалах байнгын зөвлөлийг байгуулж, 2020 оны Эд хариуцагчийн үлдэгдлийн бүртгэлд үндэслэн хяналтын тооллого хийх эрх үүрэг өгсөн юм. Нярав Х.Ж нь өмч хамгаалах байнгын зөвлөлтэй байгааг мэдсээр байж 2020 оны жилийн эцсийн тооллогыг зөрүүд хийгээгүй. Сургуулийн захирлын зүгээс 2020 оны 12-р сард хэд хэдэн удаа тооллого хийхийг анхааруулсан боловч үл тоомсорлосон. Өмч хамгааллын байнгын зөвлөлийн гишүүд болох К.Иват, Т.Рахат нар тооллого хийх талаар нярав, нягтлан нарт анхааруулж хэлэхэд элдэв шалтаг зааж хийгээгүй. Нэхэмжлэгч Х.Ж нь 2019 онд эд хөрөнгийн тооллого хийж байгаагүй талаар дурдсан байна. Сургуулийн захирлын хувьд 2019 онд мөн өмч хамгаалах зөвлөл байгуулан, эд хөрөнгийн тооллого хийхийг үүрэг болгосон. 2019 онд манай байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Зангар нь санхүүгийн баримтуудыг үрэгдүүлж, алга болгосон тул аудитын газраас шалгалт хийгдээгүй байсан. Тухайн жилд эд хөрөнгийн тооллогоо хийгээгүй байсныг миний бие мэдээгүй. Харин 2020 онд энэхүү зөрчлийг Аудитын газраас илрүүлж, албан шаардлага хүргүүлсэн үед олж мэдсэн. Зөрчил илэрсний дараа ня-бо Б.Жангүл, нярав Х.Ж нараас аудитын газрын албан шаардлагыг танилцуулан холбогдох зөрчлийг арилгуулах талаар хэлэлцсэн. Тэр үед Х.Ж нь захирал намайг үл хүндэтгэж, эрх бүхий байгууллагын албан шаардлагыг зөвшөөрөхгүй гэж яваад өгсөн. Харин Б.Жангүл нь тухайн зөрчил гарах болсон шалтгааны талаар илтгэх хуудас бичиж өгч байсан. Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 50 тоот албан шаардлагын 2-т нярвын бараа материалын тайланг батлагдсан маягтаар сар бүр гаргуулж тооцоо хийгээгүй, орлого, зарлагын дүн зөрүүтэй, зарцуулсан материалыг шаардах хуудсаар олгодоггүй бараа материалын үлдэгдлийг баталгаажуулах боломжгүй гэж дурдаад зөрчлүүдийг арилгаж хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг даалгасан. Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны дүрэм Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаар тушаалын 8.2-т шалгалтаар зөрчил дутагдал илэрвэл мөнгөн кассын нярав болон холбогдох албан тушаалтанд хуульд заасны дагуу хариуцлага тооцож зөрчлийг барагдуулна гэж заасан байдаг. Иймд Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын албан шаардлагад заасан зөрчлүүдийг давтан гаргахгүй байх үүднээс ня-бо Б.Жангүл, нярав Х.Ж нарт зохих хуулийн дагуу сануулах арга хэмжээг авсан тул Ители күйик овогт Ховдашханы Жы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2021/00455 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн      тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-г баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/05 дугаартай “Ня-бо Б.Жангүл, нярав Х.Ж нарт сануулах арга хэмжээ авах тухай” тушаалын Х.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Хайратын өмгөөлөгч С.Нургайып миний бие Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 00455 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр нэг талын ашиг сонирхлын үүднээс үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Ажилтны гаргасан сахилгын шийтгэл нь нотлогдон тогтоогдсон байхад шүүхээс нэг талыг баримтлан сахилгын сануулах шийтгэл хүлээлгэсэн тушаалыг хүчингүй болгож байгаад гомдолтой байна.

Нярав нь ажлын байрны тодорхойлолтын 1-д "нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 8.1.4 дэх заалтууд Сангийн сайдын 2000 оны 69 дүгээр тушаалаар батлагдсан эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм, 2012 оны 276 дугаар тушаалаар батлагдсан Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмуудыг хэрэгжүүлэх, мөрдөж ажиллах, 2-т Батлагдсан маягт зааврын дагуу анхан шатны маягтыг хөтөлж, мөнгөн хөрөнгө бараа материалын тайланг гаргах 3-т Байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах үүрэг хүлээдэг байна. Тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хийж гүйцэтгүүлнэ хэмээн хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж 2 тал гарын үсэг зурж байна. Мөн холбогдох хуулийн дагуу эрх бүхий этгээдээс баталж Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмуудыг хэрэгжүүлэх, мөрдөж ажиллах үүрэгтэй хэмээн хөдөлмөрийн гэрээндээ тусгажээ. Нярав Х.Ж нь дээрх хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс "хариуцагч нь Х.Ж-ы сахилгын зөрчил гаргасан эсэхийг нотолж чадаагүй байна" гэж буруу дүгнэлт хийж байгаа нь хуульд нийцээгүй Ингэж дүгнэхдээ "Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дээрх албан шаардлага нь Өлгий сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 2020 оны санхүүгийн тайланд аудит хийсэн санхүүгийн баримтад нягтлан бодох бүртгэлийн зөрчил илэрсэн зөрчлүүдийг гаргасан цаг хугацааны хувьд тодорхой тусгаагүй, нярав Х.Ж нь ажил үүргээ зохих журмын дагуу хийгээгүйн улмаас тухайн зөрчил гарсан болохыг шууд тусгаж өгөөгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т "Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна" гэж заасан байх тул тухайн албан шаардлагаар нярав Х.Ж-ы сахилгын зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шалгалтаар бүрэн нотлогдсон гэж үзэх боломжгүй байна" гэжээ. Тухайн албан шаардлагын няравт холбогдох хэсэгт хариуцлага тооцсон болохоос тухайн албан шаардлага бүхэлдээ няравт хамааралтай гэж үзээгүй. Нягтлан болон нярав хоёр нь үүргээ зөрчсөн болох нь тогтоогдсон байдалд нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Нярвын ажлын байрны тодорхойлолтын 1-д "нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 8.1.4 дэх заалтууд, Сангийн сайдын 2000 оны 69 дүгээр тушаалаар батлагдсан эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм, 2012 оны 276 дугаар тушаалаар батлагдсан Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмуудыг хэрэгжүүлэх, мөрдөж ажиллах", 2-т 'Батлагдсан маягт зааврын дагуу анхан шатны маягтыг хөтөлж, мөнгөн хөрөнгө бараа материалыг тайланг гаргах", 3-т "Байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах" үүргийг хүлээдэг. Жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын тайланг Х.Ж нь гаргах үүргийг зөрчсөн гэдгээ өөрийнхөө тайлбараар ч гэсэн хүлээн зөвшөөрдөг ба чухам цар тахлын улмаас энэхүү үүргээ зөрчсөн талаар хэлсэн байна. Харин Санхүүгийн тайланг ня-бо гаргах ёстой бөгөөд санхүүгийн тайлан гаргаагүй гэж түүнээс арга хэмжээ аваагүй байхад анхан шатны шүүх нөхцөл байдлыг буруу ойлгон үндэслэлгүй шийдвэрлэсэн. Илэрсэн зөрчлүүдийг гаргасан цаг хугацааны хувьд тодорхой тусгаагүй гэж буруутгаж байгаа нь ч үндэслэлгүй, учир нь тухайн зөрчил хэзээ хэрхэн үйлдэгдсэн болох нь тодорхой баримтуудаар тогтоогдож байна. Нярав Х.Ж нь ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын 2.4-д өөрийн хариуцаж байгаа мөнгөн хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгө, эд зүйлсийн орлого, зарлагын мэдээ тайланг тухай бүр зохих маягтаар гарган орлого зарлагын холбогдох анхан шатны болон зарцуулалтын баримтуудыг хавсарган нягтлан бодогчид өгч байх, ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар үндсэн зорилтын 3.2-т заасан байгууллагын ажиллагсдын эзэмшиж байгаа эд хөрөнгийг хүн нэг бүрийн нэр дээр карт хөтлөн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах, "Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг-ийн эд хариуцагчийн эрх гэсэн заалтын 4-т заасан "өөрийн хариуцаж байгаа эд хөрөнгөнд тооллого хийх, тооцоог бодуулах ажлыг тогтоосон хугацаанд хийх" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэдэг нь тогтоогдсон юм.

Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131,1-д заасан сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах тухай журам зөрчигдсөн гэж буруу дүгнэсэн байна. Х.Ж нь жилийн эцсийн тооллого хийгдээгүй болох нь эрх бүхий байгууллагын хяналтаар тогтоогдсоны дараа буюу илэрснээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авсан байна. Иймд Баян-Өлгий аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ж нь Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/05 дугаартай Б.Жангүл, Х.Ж нарт сануулах сахилгын шийтгэл оногдуулсан тушаалын Х.Жд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ.

            Ажил олгогчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын25-ны өдрийн 50 тоот албан шаардлагыг үндэслэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэл ногдуулсан байна. 

            Ажилтан Х.Ж нь дээрх тушаалыг эс зөвшөөрч 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт нийцсэн ба шаардлагын үндэслэлээ “Ажил олгогч энэ удаад сануулах арга хэмжээ авч байгаагийн цаад далд зорилго нь цаашид Х.Ж намайг нярвын ажлаас халах бэлтгэл ажил гэж үзэж байна” гэж тайлбарлаж, хариуцагч гомдлыг эс зөвшөөрөн, талууд мэтгэлцжээ.

            Ажил олгогчийн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл болох Төрийн аудитын газрын албан шаардлагад дурдсан зөрчлүүд хэзээ гарсан, энэ нь байгууллагын нярвын ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбоотой зөрчил эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн, хууль ёсны болжээ.

            Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 12.2.1 дэх заалтаар хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг жилийн санхүүгийн тайлан гаргахын өмнө заавал хийхээр, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна гэж тодорхой хуульчилсан ба Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирал Х.Хайрат болон тус сургуулийн нягтлан бодогч Б.Жангүл нарт даалгасан тус аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 50/АО470231 дугаар зөрчил арилгах тухай албан шаардлагыг үндэслэн тус байгууллагын нярав Х.Ж-д сануулах сахилгын шийтгэл оногдуулсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

            Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 50/АО470231 дугаар зөрчил арилгах тухай албан шаардлагаар 7 төрлийн ажил, анхааруулгыг сургуулийн захирал болон ерөнхий нягтлан бодогчид хийж, гүйцэтгэхийг даалгасан бөгөөд уг албан шаардлагаар тус сургуулийн нярав ажилтай Х.Ж нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг хэрхэн зөрчсөн, түүний үр дагаврын талаар тогтоогоогүй болно.

            Иймд давж заалдах гомдолд зааснаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй тул дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Хуульд зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2021/00455 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх заалтаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.КӨБЕШ

 

   ШҮҮГЧИД                                                                Н.ТУЯА

 

                                                                                                С.ӨМИРБЕК