Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 408

 

О.Энхмандах, Б.Ядмаа нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Оюунтунгалаг,

ялтан О.Энхмандах /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг,

ялтан Б.Ядмаа /цахимаар/, түүний өмгөөлөгч А.Ганбат,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолыг эс зөршөөрч ялтан Б.Ядмаагийн өмгөөлөгч А.Ганбат, ялтан О.Энхмандахын өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Энхмандах, Б.Ядмаа нарт холбогдох 201525040375 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Их-Ончууд овгийн Очирсүрэнгийн Энхмандах, 1997 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУИС-ийн бизнесийн сургуульд суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 102 дугаар байрны 29 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УК97121811/,

 

2. Олхонууд овгийн Батцэнгэлийн Ядмаа, 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ИЗИС-ийн хуулийн сургуульд суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт /Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 3 дугаар байрны 7 тоотод оршин суух хаягтай/ Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхон АОС 22а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УИ97101038/,

 

1. Ялтан О.Энхмандах нь Б.Ядмаатай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 1-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Сансарын тунелын арктай хэсэгт байрлах “Камел” баарны хамгаалагчийн “Насанд хүрээгүй хүүхдүүдийг бааранд хүлээж авч үйлчлэхгүй тул яв” гэсэн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн, газ цацах үед нь аркаар явж байсан иргэн Б.Буянхүүгийн амьсгал боогдож ухаан алдаж, хана мөргөж унаснаас түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан, мөн гэмт үйлдлийг таслан зогсоох гэсэн баарны хамгаалагч Б.Нас-Очир, Т.Очирбат нар руу хутга гарган айлган сүрдүүлсэн зэргээр газ, хутгыг зэвсэг, зэвсгийн чанартай хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан, догшин авирлан танхайрсан,

2. Ялтан Б.Ядмаа нь О.Энхмандахтай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 1-нд шилжих шөнө шөнийн 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Сансарын тунелын арктай хэсэгт байрлах “Камел” баарны хамгаалагч Б.Ганбаяр, Г.Гансэлэм, Д.Энхбаяр нарыг эсэргүүцэж танхайрах явцдаа хийн бууг зэвсгийн чанартай ашиглан буудаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Энхмандах, Б.Ядмаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Их-Ончууд овогт Очирсүрэнгийн Энхмандах, Олхонууд овогт Батцэнгэлийн Ядмаа нарыг бүлэглэж, догшин авирлаж, танхайрах үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж, зэвсэг хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Энхмандах, Б.Ядмаа нарыг тус тус 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Энхмандах, Б.Ядмаа нарт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хасч шүүгдэгч нарын эдлэх ялыг тус тус 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Энхмандах, Б.Ядмаа нарт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Энхмандах, Б.Ядмаа нарын цагдан хоригдсон 7 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн МР-656К, са1.4,5тт, 1065614951 дугаартай хийн буу 1 ширхэг, хийн баллон бүхий 1 ширхэг, хар өнгийн эвхдэг хутга 1 ширхэг, хар өнгийн гаазан баллон таггүй 1 ширхэг хийн бууны 1 ширхэг үрлэн сум зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Шүүгдэгч О.Энхмандах, Б.Ядмаа нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Ядмаагийн өмгөөлөгч А.Ганбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ядмааг бусадтай бүлэглэн хийн буу ашиглан танхайрч бусдад гэмтэл учруулан танхайрсан гэж үзэж Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчилж, ял шийтэл оногдуулсан нь онолын хувьд буруу гэж үзэж байна. Б.Ядмаа нь хэдийгээр хийн буу гаргаж ирсэн гэх боловч уг бууг гаргасан шалтгаан нь "Хамгаалагч нарт баригдсан, зодуулсан найз
нараа суллуулах, айлгах” зорилготой байсан. Тэгээд ч Б.Ядмаагийн буудсан үйлдлээс болж хэнд ямар хохирол учирсан эсэх нь тодорхойгүй. Хохирогч Б.Буянхүүд шүүх эмнэлгээр тогтоогдсон хөнгөн зэргийн гэмтэл гарсан боловч энэ нь
О.Энхмандахын газ хэргэлсэнээс учирсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой тогтоогдсон. Г.Гансэлэм, Т.Очирбат, Д.Энхбаяр нарыг хохирогч гэдэг боловч Б.Ядмаагийн буудсан гэх үйдэлээс болж чухам яаж хохироод байгаа нь ойлгомжгүй байдаг. Үүнээс үзэхэд "Гэмт хэрэгт хамтран оролцогчид тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах шудрага зарчим алдагджээ” гэж үзэхээс өөр аргагүй байна. Улсын Дээд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь зүйл хэсгээр зүйлчлэхдээ чухам юуг анхаарах талаар 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн № 03 тогтоолын 4-т заахдаа "Танхайрах явцдаа хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулах, түүнчлэн танхайн үйлдэлдээ хүч оруулах, айлган сүрдүүлэхэд чиглэсэн шууд санаагаа өөрийн хүсэл зоригоос үл хамааран туйлд нь хүргэж чадаагүй бол тухайн этгээдэд гэмт хэрэг үйлдэхээр завдсанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан байна. Уг зүйл хэсгийг Улсын Дээд шүүхээс тайлбарлахдаа: "Харин тодорхой сэдэлттэй, тухайлбал хувийн тааламжгүй харьцаа, эр эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдан зодолдож хохирол учруулсан, олон нийтийг илтэд хүндэтгээгүй буюу нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөгүй бол хүний амь бие, эрх эрх чөлөө, эрүүл мэнд, нэр төp, алдар хүндийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан. Гэтэл Б.Ядмаагийн хувьд хийн буу гаргасан үйлдэл нь зөвхөн хамгаалагч нарт баригдсан, зодуулж цус нөжтэйгээ холилдсон найзуудыгаа суллах зорилготой насанд хүрээгүй хүүхдийн гэнэн цагаан үйлдэл юм. Хохирогч гэгдээд байгаа хамгаалагч нар эрх хэмжээгээ хэтрүүлэн найз нөхдийг нь зодсон тэрхүү үйлдэл нь дээрхи тайлбарт заасан "хохирогчийн зүй бус ажиллагаа" гэдэг нь тодорхой байна. Уг хэргийг үйлдэгдсэн шалтгаан танхайн үйлдлийг үйлдэл тус бүрээр нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байгаа эсэх талаар онолын хувьд дүгнэлт гаргаагүй хохирогчдыг бөөндөх байдлаар яллаж хандсан нь туйлын харамсалтай байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээр дурьдагдсан зүйлүүдийг тал бүрээс нь нарийвчлан шалгаж, засах зорилгоор мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

 

Ялтан О.Энхмандахын өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Б.Ядмаа, О.Энхмандах нар нь бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, танхайрах үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж зэвсэг хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэсэнд гомдолтой байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй гэж заасан байхад зөвхөн яллах талаас нь шалгаж хэргийн материал бүрдүүлсэн. Уг гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хангалтгүй хийгдсэн. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 22 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гарах болсон түүнийг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг илрүүлэх үүрэгтэй байхад гэмт хэрэг юунаас болж гарсан хувийн сэдэлт байгаа эсэхийг тогтоогоогүй хэмээн үзэж гомдолтой байна. Уг хэрэг гарах үед О.Энхмандах, Б.Ядмаа, Хасар, Цэрэнбат гэх 4 хүүхэд хамтдаа бааранд ирсэн гэдгийг мэдүүлсэн. Түүнчлэн О.Энхмандах нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ч "Намайг бусдынхаа араас гарах гээд явж байхад хамгаалагч нар “яасан пээдгэр пацаан бэ чи” гээд толгой руу цохиод зодоод байсан. Би биеэ хамгаалах найз нараа зугтаалгаж аврах зорилгоор газ цацсан. Түрүүлж халдлагад өртсөн хүн нь би шүү дээ. Намайг гаргахгүй зодоод байсан болохоор Б.Ядмаа намайг өмөөрч тэднийг болиулах гэж газын буугаар газар руу нэг удаа буудаж. Тэд Б.Ядмаа руу дайрах үед нь би Б.Ядмаа бусад найз нараа өмөөрч араас нь хөөгөөд байхаар нь гааз цацаад зугтсан" гэж мэдүүлдэг. Тухайн үед хамт явсан гэрч болох Хасар нь "Тухайн үед Энхмандах хамгаалагч хоёр маргалдаж байсан. Энэ үед ээж утсаар яриад их дуу чимээтэй байсан тул хол очиж яриад ирэхэд зугтаж байсан" гэж мэдүүлэг өгдөг. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр О.Энхмандахын биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байдаг бөгөөд энэ гэмтлийг хэзээ хэн учруулсан эсэхийг тогтоогоогүй. Баарны бүх хамгаалагч нарыг гэрч, хохирогчоор улмаар сэжигтэн, яллагдагчаар байцаалт авсан байдаг. Гэхдээ сэжигтэн, яллагдагч нар өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй өөрөөр хэлбэл О.Энхмандахыг зодсон ч гэсэн зодоогүй гэж худал мэдүүлэг өгөх эрхтэй. Нас биенд хүрсэн эдгээр хүмүүс хэрэгт холбогдохгүйн тулд зодоогүй, цохиогүй гэж л мэдүүлэг өгөх нь ойлгомжтой. Энэ гэмтлийг хэн хэзээ хаана учруулсан болохыг тогтоогоогүй, мөн цаг нь алга болсон байдаг. Дээрхи бүх үйл явдлыг Цэрэнбат гэж тухайн үед хамт явж байсан, болсон үйл явдлыг нүдээр харсан гэрчийг ямар учир шалтгааны улмаас огт асууж мэдүүлэг аваагүйг ойлгохгүй байна. О.Энхмандахыг ямар учир шалтгааны үүднээс хамгаалагч нар зодсон эсэхийг хэргийн байдлыг үнэн зөвөөр гэрчлэх Цэрэнбатыг заавал асууж мэдүүлэг авсны дараа энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Цэрэнбатад хууль сануулан мэдүүлэг авсны дараа энэ хэрэг үнэхээр танхайн гэмт хэрэг үү эсвэл хувийн сэдэлт байна уу гэдэг нь тогтоогдох учиртай. Үүнээс улбаалаад хэргийн зүйлчлэл ч өөрчлөгдөх бүрэн боломжтой юм. Мөн барны хамгаалагч нарын мэдүүлгүүд ч гэсэн хоорондоо зөрүүтэй, зөрүү нь арилаагүй, тухайлбал О.Энхмандахын халаасанд байсан хутганы талаар олон янзаар зөрүүтэй мэдүүлсэн байдаг. Иймд дээрхи эргэлзээтэй байдлуудыг шүүхийн шатанд нөхөн хийх боломжгүй байх тул нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэв.

 

Ялтан О.Энхмандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хамгаалагч нар зүй ёсны шаардлага тавиагүй. Харин ч биднийг хэл амаар доромжилж, зодсон. Эхлээд намайг зодсон тул би өөрийгөө хамгаалах зорилгоор газ хэрэглэсэн. Мөн намайг дараад зодож байхыг далимдуулаад нэг хамгаалагч нь миний зүүн гарт байсан цагийг авсан байсан. Энэ талаар мөрдөн байцаагчид удаа дараа хэлж байсан боловч олж чадаагүй. Цэрэнбатаас гэрчийн мэдүүлэг авах хэрэгтэй...” гэв.

 

Ялтан Б.Ядмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тухайн үед найзуудтайгаа сургуулиа төгссөн гээд бүжиглэх гэж бааранд очсон. Гэтэл хамгаалагч нар биднийг хэл амаар доромжилж, зодсон. Би зугтаж байгаад эргээд харахад О.Энхмандахыг унагаачихсан олуулаа зодож байхаар нь би найзыгаа аврах гээд хийн буугаар буудсан. Тухайн үед хамгаалагч нар биднийг зодоогүй бол энэ хэрэг гарахгүй байсан...” гэв.

 

Прокурор Э.Оюунтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэдээ: “...Б.Ядмаа, О.Энхмандах нар тухайн үед согтуу байсан болох нь Хасар, Б.Ядмаа, О.Энхмандах нарын мэдүүлгээр тогтоогдсон. Бааранд орох гэсэн боловч хамгаалагч нар насанд хүрээгүй тул оруулахгүй гэх шаардлага тавьсан. Гэтэл О.Энхмандах газ цацсан. Хамгаалагч нар О.Энхмандахын араас хөөж гүйхэд О.Энхмандах газаа цацсан хэвээрээ зугтсан. Хамгаалагч нар О.Энхмандахыг барьж аваад газыг нь тавиулах гэтэл хутга гаргаж ирсэн. Хамгаалагч нар “О.Энхмандахын хутгыг цохиж тавиулсан” гэж мэдүүлдэг. Б.Ядмаа нар нь зугтаж байхдаа хийн буугаар буудаж танхайрсан. Хавтаст хэрэгт Б.Ядмаа, О.Энхмандах нарын үйлдсэн хэрэг нь хангалттай нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Цэрэнбат нь хэрэг гарснаас хойш 2 жилийн хугацаатай Орос улс руу сургуульд явсан гэдгийг ар гэр нь хэлдэг. Цэрэнбатаас гэрчийн мэдүүлэг авсан ч зүйлчлэл өөрчлөгдөхгүй. Хэргийн талаар  хохирогч, гэрч нар болон Б.Ядмаа, О.Энхмандах нар хангалттай мэдүүлдэг. Тухайн үед ялтан нарыг мөнгөгүй болохоор оруулаагүй гэдгийг Б.Ядмаа, О.Энхмандах нар л хэлдэг. Хохирогч болон гэрч нар “насанд хүрээгүй тул оруулахгүй гэх шаардлага тавьсан” гэж мэдүүлдэг. Б.Ядмаа, О.Энхмандах нар нь хийн буу болон газыг биеэ хамгаалах зорилгоор хэрэглэсэн гэж хэлдэг. Гэтэл харанхуй шөнө хийн бууны дууг гаргаснаар ойролцоо байсан хүмүүс айж автомашины араар орж нуугдсан зэрэг байдлаас үзэхэд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдож байна. Өмгөөлөгч нар О.Энхмандах, Б.Ядмаа нарын үйлдлээс болж хохирол үүсээгүй. Б.Буянхүүгийн биед газ цацсанаас болж гэмтэл учраагүй гэж яриад байдаг. О.Энхмандахын газ цацсан үйлдэл нь хохирогч Буянхүүгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсантай шууд шалтгаант холбоотой. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт “Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой хэд хэдэн сэжигтэн, яллагдагч,  шүүгдэгчийг нэг өмгөөлөгч өмгөөлж  болохгүй”, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт “..хэргийнхээ талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн аль нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч заавал өмгөөлөгч оролцуулна” гэж заажээ.

Гэтэл шүүгдэгч О.Энхмандах мөрдөн байцаалтын шатанд “..манай найз Б.Ядмаа баарны гадна хийн буугаараа буудах үед хамгаалагч нар “Ямар буу вэ хаана байна” гэж хэлээд бид нарыг нэгжихээр нь би айгаад халаасанд байсан гаазаа цацчихсан юм”, “…Бид нарыг бааранд орох гэж бужигнаж байхад баарна хамгаалагч нар “Та нар гаазтай байна” гэж хэлэхээр нь би зугтаах гэж оролдоход баарны хамгаалагч бололтой залуу араас намайг бариад авахаар нь би гаазаа сандарсандаа цацсан…”, “...Б.Ядмаа хөөгдөж гараад уур нь хүрсэн бололтой буу гаргаж ирээд газарт чиглүүлж буудаж байх шиг харагдсан, ...буугаа хамгаалж авч үлдэхийн тулд гааз цацаад зугтсан” гэж,

шүүгдэгч Б.Ядмаа мөрдөн байцаалтын шатанд “...манай найзуудын нэг нь баригдсан байсан. Би хэнийг нь хараагүй. Би эргэж хараад буугаа гаргаж ирээд манай найзыг явуул гэж хэлээд буугаа гаргаж ирээд зугтаасан”, “…Би баарнаас гарч ирээд халаасандаа байгаа бууг нь сумтай эсэхийг мэдээгүй, буугаа гаргаж ирэхэд хамгаалагч хүмүүс “Та нар гаазтай байна, гаргаад ир” гээд бидний зүг ирэхэд би Хасартай хамт зугтсан…”, “...Би тэр бууг ажиллаж байсныг мэдээгүй, сумгүй буу байсан. Хэн нэгэн рүү чиглүүлж буудаагүй. Би сандраад О.Энхмандахыг баригдсан болохоор нь салгах гэж дээшээ буудсан. Сум байна гэж бодоогүй. ...О.Энхмандахыг баарны хамгаалагч нар барьж аваад салахгүй болохоор нь би сандраад О.Энхмандахыг салгах гэж буудсан”, “…Би баарнаас гарч ирээд халаасанд байсан буугаараа санаандгүй нэг удаа газарт буудсан” гэж хэрэг гарсан байдлын талаар анхнаасаа өөр хоорондоо зөрүүтэй, хэн нь эхэлж хийн буугаар буудсан, гааз цацсан, хэн нь хэнтэй маргалдсан зэрэг асуудлаар өөр өөр байр суурьнаас мэдүүлэг өгч байжээ.

Энэ байдлыг нь харгалзан мөрдөн байцаалтын шатанд тэднийг өөр өөр өмгөөлөгчөөр өмгөөлүүлэн хуульд заасан шаардлагыг биелүүлж байсан байна. Гэтэл хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дараа яллагдагч нарыг дахин байцааж мэдүүлэг авахдаа өмгөөлөгч Х.Даваасүрэнг байлцуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн алдаа болж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.3-т “яллагдагчийг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй бол тогтоолыг заавал хүчингүй болгоно” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бий болжээ.

Мөн О.Энхмандах, Б.Ядмаа нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлуулж, яллагдагч нарын үйлдэлд бүрэн дүгнэлт хийлгэхээр хэргийг урьд нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан захирамжийн заалтуудыг бүрэн биелүүлээгүй байхад хэргийг дахин хүлээн авч эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж давж заалдах шатны шүүх үзэв. Үүнд:

Хэргийг урьд нэмэлт мөрдөн байцаалтад буцаахад “О.Энхмандах, Б.Ядмаа нар нь уг зэвсгийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эсэхийг тогтоож, яллагдагчаар татах болон прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ энэ талаар дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл хэн хэний эсрэг хутга гаргасан болон хэнээс уг хутгыг хурааж авсан талаар тогтоосны дараа шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр хэлэлцүүлэх” нь зүйтэй гэж дүгнэн зааж байсан байна.

Гэтэл яллагдагч нарын хэн эхэлж хэрүүл маргаан үүсгэсэн, хэн нь хууль ёсны шаардлага тавьсныг эсэргүүцсэн, гааз, хийн гар буу, хутга зэргийг хэдийд нь хэрхэн яаж хэрэглэж өөрсдийн танхайрсан үйлдэлдээ хүч оруулсан зэрэг асуудлыг нэг мөр тогтоож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад/” гэж заасныг нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтаар нэг мөр шалгаж тогтоогоогүй, анхан шатны шүүх дээрх байдалд ямар нэгэн хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтын шатанд харилцан эсрэг сонирхолтой этгээдүүдийг өөр өөр өмгөөлөгчийг оролцуулан эрхийг нь хангах замаар дээр дурьдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад Улсын Их хурлаас Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн баталж, анхан шатны шүүхийн харъяалан шийдвэрлэх хэрэг маргаан өөрчлөгдсөнтэй холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар хэрэг гарсан газрыг харьяалах Баянзүрх дүүргийн шүүхээр дамжуулан тус дүүргийн Прокурорын газарт хэргийг буцаах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Энхмандах, Б.Ядмаа нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол О.Энхмандах, Б.Ядмаа нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                             Ц.ОЧ