| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2017/0439/З |
| Дугаар | 221/МА2017/0786 |
| Огноо | 2017-11-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2017/0786
М.Ү.И.С, У.П.К-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхандаргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч М.Ү.и.с-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгч У.П.К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, О.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Р, Ч.Г, О.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0665 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, М.Ү.И.С, У.П.К-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0665 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Ү.И.С, У.П.К-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/88, мөн сайдын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхэд М.Ү.И.С, У.П.К-ийн удирдах зөвлөлийн дарга Л.М нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах, эрх олгох тухай А/88 тоот тушаал, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах, эрх олгох тухай А/128 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Харин хариуцагчийн зүгээс энэхүү шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд сайдын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг тайлбарлан шүүхэд хүргүүлж ажилласан.
Харин анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж 128/ШЗ2017/0665 дугаартай шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль тогтоомжийг буруу тайлбарласан, хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн, хэт нэг талыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1 дүгээр хэсэгт: Байгаль орчин аялал жуулчлалын сайд сонсох ажиллагаа явуулаагүй. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгчид хүргүүлсэн мэдэгдлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, тус захиргаа нь захиргааны акт гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтан биш гэж үзсэн байна. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д ...Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно... гэж заасан бөгөөд сонсох ажиллагааг захиргааны акт гаргасан байгууллага, албан тушаалтан заавал өөрөө биечлэн явуулах талаар зохицуулаагүй харин эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж заасныг шүүх илтэд буруугаар тайлбарласан байна.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудалд багтдаг төрийн байгууллага бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 10-т заасны дагуу даргыг нь сайд шууд томилдог. Хамгаалалтын захиргаа нь сайд болон яамны бодлого, шийдвэрийг биелүүлэх, мөрдүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг нэгж юм. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д ...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах ..., гэж заасныг болон дээрх 27 дугаар зүйлд заасны дагуу яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б М.Ү.И.С, У.П.К-ийн удирдлагуудад удаа дараа амаар болон утсаар газрыг хэсэгчлэн цуцлах болсныг мэдэгдэж байсан, мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 217 тоот мэдэгдэл, 04 дүгээр сарын 19-ний өдөр 246 тоот мэдэгдэл, 05 дугаар сарын 15-ны өдөр 338 тоот мэдэгдэл, 05 дугаар сарын 29-ний өдөр 401 тоот мэдэгдэл зэргийг хүргүүлж ажилласан нь нотлох баримтаар тогтоогдож байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д сонсох ажиллагааг сонсгол зохион байгуулах, саналыг бичгээр авах биечлэн уулзах, утсаар санал авах, цахим хэлбэрээр санал авах, төлөөлөгчөөр дамжуулан санал авах, бусад хэлбэрээр санал авах зэргээр явуулна гэж заажээ.
Харин хариуцагчийн зүгээс бичгээр, утсаар, төлөөлөгч явуулж санал авах ажиллагааг хийсэн бөгөөд нэхэмжлэгч талаас албан ёсны санал тайлбарыг санаатайгаар гаргаж өгөөгүй бөгөөд зарим үед хамгаалалтын захиргааны ажилтныг очиход ажлын байран дээрээ байдаггүй тухай Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтан Н.Э-ийн тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байсан ч шүүх хуулийн энэхүү заалтуудыг буруу хэрэглэж, нотлох баримтыг дутуу үнэлсэн.
Мөн сонсох ажиллагааг заавал явуулах шаардлагагүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д ... нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр... бол сонсох ажиллагааг хийхгүй байж болно гэж заасныг шүүх ойлгохгүй байгаа нь хэт нэг талыг баримталж маргааныг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Учир нь нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн 2017 оны төсөв батлах тухай 6/11 тоот тогтоолоор 2.9 тэрбум төгрөгөөр Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд буюу Зайсангийн амны 3 га газарт хотын иргэдийг ая тухтай, аюулгүй амарч зугаалах, гадаад, дотоодын жуулчдын аюулгүй зорчих, амрах нөхцөлийг бүрдүүлсэн 264 автомашин, дугуйн 60 зогсоолын талбай, иж бүрэн гэрэлтүүлэг, ус зайлуулах шугам, 2.05 км авто замыг шинэчлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн ба Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б 2017 оны 05 дугаар дугаар сарын 10-ны өдрийн Асуудал шийдвэрлүүлэх тухай 01/1739 тот албан бичгийг тус тус яаманд ирүүлж Зайсангийн амны газрын асуудлыг шийдвэрлэж уг ажлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэж өгөхийг хүссэн.
Тус яам Нийслэлийн Засаг даргын дээрх хүсэлт болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор дээрх ажлыг Засгийн газарт өргөн мэдүүлсэн.
Засгийн газар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж 20 дугаар тэмдэглэл гаргасан бөгөөд уг тэмдэглэлд Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт иргэд болон, дотоод, гадаадын жуулчдын амрах нөхцөл боломжийг бүрдүүлсэн нийтийн бие засах газар, авто болон дугуйн зогсоолын цогцолбор барих болон онцгой шаардлага гарвал түргэн тусалж, цагдаа зэрэг шуурхай албаны үйлчилгээг саадгүй хүргэх авто замын дэд бүтцийг барих газрын асуудлыг шийдвэрлэж, цогцолбор болон замын ажлыг Үндэсний их баяр наадмаас өмнө шийдэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Аймгийн Засаг дарга тус тус даалгаж шийдсэн.
Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах, эрх олгох тухай А/88 тоот тушаал, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах, эрх олгох тухай А/128 тоот тушаал тус тус гарч Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх авч үйл ажиллагаа явуулж байгаа боловч ашиглалтын газраа зориулалтын бусаар ашиглаж хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөнМ.Ү.И.С-ийн ашиглалтын 10 га газар, У.П.К-ийн ашиглалтын 12.7 га газраас 3 га газрыг цуцлан чөлөөлж, нийслэлийн иргэдэд зориулсан бүтээн байгуулалт хийх газрын асуудлыг шийдвэрлэсэн.
Харин анхан шатны шүүх болон нэхэмжлэгч нарын сонсох ажиллагааг хийгээгүй гэж тайлбарлах нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр үйлдэл болж байна.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дугаар хэсэгт: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах, эрх олгох тухай А/88 тоот тушаал, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах, эрх олгох тухай А/128 тоот тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримталсан нь хуульд нийцээгүй байна гэж хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Сайдын А/128 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ныөдрийн хуралдааны тэмдэглэл, Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн саналыг тус тус үндэслэсэн.
Сайдын А/88 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны Хөтөлбөр батлах тухай 324 дүгээр тогтоол, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн саналыг тус тус үндэслэсэн.
Харин шүүх зөвхөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 27 дугаар зүйлийн 1-д ...тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах... гэж, 36 дугаар зүйлийн 36.1-д ...төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана... гэж заасныг Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д ...Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно... гэж заасанд дүгнэлт хийн х уульд нийцээгүй гэж үзжээ. Энэхүү үндэслэл нь хуулийг илтэд буруу хэрэглэн тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т ...Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана... гэж заасан нь сайд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, Улсын Их Хурал, Засгийн газар, тэдгээрээс гаргасан бусад шийдвэрт нийцүүлж тушаал гаргах бүрэн эрхтэйг харуулж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмгөөлөгч мөн... гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт ... төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно... гэж тус тус заасан нь төр үндэсний эрх ашиг, ард түмний нийтлэг ашиг сонирхол, байгаль орчны нөхцөл байдал зэргийг харгалзан шаардлага гарвал тухайн газрыг өмчилж, эзэмшиж, ашиглаж буй этгээдээс хураан авах, эргүүлэн авах бүрэн эрхтэйг харуулж байна. Тусгай хамгаалалттай газар нутаг нь төрийн өмч мөн юм.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 27 дугаар зүйлийн 1-д ...тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ... гэж заасныг үндэслэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль болон Засгийн газрын 2015 оны Аялал жуулчлалын хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай 324 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар тэмдэглэл, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Нийслэлийн 2017 оны төсөв батлах тухай 6/11 тоот тогтоол зэрэг төрийн бодлогыг хэрэгжүүлсэн юм.
Анхан шатны шүүх өмчлөгч, ашиглагч нарын эрх ашгийн харилцаа, ойлголтод үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь нэхэмжлэгч нарын талыг хэт баримталсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт зөвхөн газрыг ашиглаж болохоор заасан.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн улмаар төрийн буюу өмчлөгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа бөгөөд энэ талаар шүүх дүгнэлт өгөхгүй байгаа нь хууль тогтоомжийг илтэд зөрчиж байна. Мөн шүүх газар ашиглах эрхийг цуцлахдаа Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримтлаагүй гэжээ.
Харин маргаан бүхий газрын цуцалсан нөхцөл байдал нь энэхүү 39 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал огт биш бөгөөд Монгол Улсын Үндсэн Хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан нөхцөл байдал үүссэн.
Өөрөөр хэлбэл Богд уул руу иргэд гардаг цорын ганц гарц буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд томоохон авто зогсоол, тусгай албаны машин саадгүй зорчих гарц, гэрэлтүүлэг болон бусад хүний хэрэгцээг хангасан орчныг бүрдүүлэх нийгмийн болон байгаль орчны тулгамдсан асуудал байнга гарсаар ирсэн бөгөөд үүнийг Засгийн газар, Нийслэлийн удирдлага шийдвэрлэхээр болсон. Энэ тухай анхан шатны шүүхэд үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтыг хүргүүлсэн ч шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ажлын хэсэг байгуулах тухай А/121 тоот тушаал гаргаж, Нийслэлийн хотын холбогдох агентлагуудын төлөөллийг оролцуулан уг маргаан бүхий газарт албан шалгалт хийсэн.
Тухайлбал: Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 108/37 тоот дүгнэлт, Нийслэлийн цагдаагийн газрын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 14в/878 тоот шалгалтын танилцуулга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03/1635 тоот албан бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Шийдвэр гаргуулах тухай 02-03/1520 тоот албан бичгүүдээс үзэхэд М.Ү.И.С, У.П.К-ийн уг газарт хууль тогтоомжийг байнга зөрчиж, сургуулийн нэрээр халхавчлан бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон.
Гэтэл анхан шатны шүүх эдгээр дүгнэлтүүдийг үгүйсгэн сайдын А/88 тушаал гарсны дараа хийгдсэн, А/128 тушаалын хувьд нэхэмжлэгч нарт хамааралгүй гэжээ.
Төрийн байгууллагуудын гаргасан эдгээр дүгнэлт нь сайдын тушаал шийдвэрт тохируулж гаргасан дүгнэлт биш бөгөөд маргаан бүхий газарт болон "Э" ХХК, түүний охин компани, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглаж ирсэн байдал, холбогдох хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж ажиллаж байгаад үнэлэлт, дүгнэлт өгч, хариуцсан чиглэлээрээ дүгнэлт гаргасан. Үүнийг шүүх дутуу үнэлж төрийн хяналт шалгалтыг үнэгүйдүүлсэн.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгч нараас өгсөн тайлбар, шаардлагаас үзэхэд "Э" ХХК, М.Ү.И.С, У.П.К нар нь нэг эзэнтэй /Л.Мөнхбат/ гэдэг нь нотлогдож байхад шүүх нотлох баримтыг үнэлэлгүй "Э" ХХК, түүний сургуулиудыг бие даасан тусдаа байгууллагууд мэтээр тайлбарласан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хууль хэрэглэх, нотлох зарчмуудын зөрчиж байна.
Мөн шүүх хариуцагч маргаан бүхий захиргааны акт гаргахдаа нэхэмжлэгч нарын ашиглаж буй газрын орц, гарцыг хаасан гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэхээр байна. Хавтаст хэрэгт тухайн газарт орц, гарц гаргах, авто зогсоол барих талаар хариуцагчаас гаргаж өгсөн тайлбар, холбогдох материалууд хавтаст хэрэгт авагдсан бөгөөд үүнийг шүүх огт үнэлэхгүй байгаа нь төрийн өмчийг үнэгүйдүүлэх, өмчлөгчийн Үндсэн хуулиар олгосон эрх, ашиг сонирхлыг хөндөж байна.
Иймд Нийслэл дэх захиргааны х эргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ныөдрийн 128/ШЗ2017/0665 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэхүүрэгтэй, 106 дугаар зүйлийн 106.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасантай нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.
Нэхэмжлэгч нараас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/88 дугаар, мөн сайдын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаалуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Ү.И.С-д15.5 га газрыг эко сургуулийн зориулалтаар, мөн сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар нэхэмжлэгч М.Ү.И.С, У.П.К-д нэмж 10 га газрыг, нэхэмжлэгч Универсал политехникийн коллежид 12.7 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар тус тус 5 жилийн хугацаатайгаар Богдхан уулын дархан цаазат газарт олгосон байна.
Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Ү.И.С-с 4719.4 м.кв газрыг, нэхэмжлэгч У.П.К-с 6567.5 м.кв газрыг тус тус хэсэгчлэн цуцалсан байх бөгөөдмөн сайдын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаалаар У.П.К-д олгосон 12.7 га газраас 4155 м.кв газрыг, М.Ү.И.С-д олгосон 15.5 га газраас 8522 м.кв газрыг, мөн нэмж олгосон 10 га газраас 6716 га газрыг тус тус цуцлаж, 1.9 га газрыг нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчаас дээрх тушаалууд гаргах болсон үндэслэлээ Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвүүдийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ гэсэн зорилтын хүрээнд Улаанбаатар хотын иргэдийн ая тухтай амрах нөхцлийг хангах автомашин, дугуйн зогсоол, нийтийн бие засах газар, хог хаягдлын нэгдсэн цэг, үйлчилгээний төв, бүхий цогцолбор барих болон цагдаа, онцгой байдал, түргэн тусламж зэрэг шуурхай албаны автомашин саадгүй нэвтрэх авто замын дэд бүтцийг барьж байгуулахад зориулан хийгдэж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч эдгээр хийгдэх бүтээн байгуулалтын ажилд шаардагдах газар нь хаана байрлаж байгаа, нэхэмжлэгч нарын газрын аль хэсэгт давхцаж байгаа эсэх талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нарын хэсэгчлэн цуцалсан газрын кадастрын зураг, солбицолыг тэмдэгжүүлж, цуцлагдсан газрын давхцлыг тодорхойлсон талаарх баримт хэрэгт байхгүй, хэсэгчлэн цуцалсан газрын аль хэсэгт 264 машины авто зогсоол болон бусад бүтээн байгуулалтыг барихаар төлөвлөгдсөн эсэх нь тодорхойгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...1.1 га газраа солиод өөр газарт авто зогсоолоо барьсан, гэхдээ цуцалсан газарт бариагүй, авто зогсоол баригдсан газар нь нэхэмжлэгчийн цуцалсан газарт биш гэх тайлбар, нэхэмжлэгчУ.П.К-н төлөөлөгчийн ...газар эзэмших эрхийг цуцлахдаа байршлыг тодорхой зааж өгөөгүй..., манай газар орсон эсэх нь тодорхой биш гэсэн тайлбаруудаас үзэхэд маргаж буй тушаалуудаар нэхэмжлэгч нарын ашиглаж байсан газрын аль хэсэгт 264 машины авто зогсоол, аль хэсэгт бусад цогцолбор байгууламж баригдах болон баригдсан нь тодорхойгүй, энэ талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байхад маргаан бүхий тушаалууд нь нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийг зөрчсөн эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт цуцлагдсан газрын 1.1 га газарт авто зогсоол цогцолбор барьсан гэж тайлбарлаж байхад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 401 дүгээр албан бичигт Зайсангийн аман дахь нэхэмжлэгч нарын ашиглалтын талбайгаас 1.9 га газрыг авто зогсоолын цогцолбор байгуулах зориулалтаар ашиглахаар цуцалсан гэх нэг байгууллагын зөрүүтэй тайлбарыг тодруулах шаардлагатай байна.
Хэрэгт авагдсан шүүхийн үзлэгийн тэмдэглэлд маргаан бүхий газрын эргэлтийн цэг тодорхойгүй гэж тэмдэглэсэн атлаа энэ талаар тодруулж, шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн шинжээч томилж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаалын хувьд нэхэмжлэгч нарт хамааралгүй гэж дүгнэсэн атлаа уг тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан зарим баримтууд /1-р хавтаст хэрэг 108-138, 2-р хавтаст хэрэг 231-234/ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Иймд, давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн665 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ