Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2016/01372

 

С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 183/ШШ2016/00193 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 1637 дугаар магадлалтай,

С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нарын нэхэмжлэлтэй

Х.Ганхөлөгт холбогдох,

Бараа худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 233.149.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагч Х.Ганхөлөг түүний өмгөөлөгч Д.Галсанпунцаг, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нар 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Х.Ганхөлөгтэй бараа худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр АНУ-ын “Калифорни ийрт минерал” ХХК-ийн бүтээгдэхүүн болох Террамин нэрийн хүний бие организмд шаардлагатай эрдэс бодис агуулсан, гэдэс цэвэрлэх, дархлаа сайжруулах үйлчилгээ бүхий Террамин повдер, Террамин трасилк маскийг худалдсан. Террамин повдер бүтээгдэхүүнээс 1lb хэмжээтэйг 12 хайрцаг буюу хайрцагандаа 225 ширхэгтэй, нийт 2700 ширхэг, нэг бүрийн үнэ 42.000 төгрөгөөр, 2lb хэмжээтэйг 12 хайрцаг буюу хайрцагандаа 45 ширхэгтэй, нийт 540 ширхэг, нэг бүрийн үнэ 84.000 төгрөгөөр, 4lb хэмжээтэйг нь 6 хайрцаг буюу хайрцагандаа 25 ширхэгтэй, нийт 150 ширхэг, нэг бүрийн үнэ 168.000 төгрөгөөр, Террамин трасилк маск бүтээгдэхүүнийг 12 хайрцаг буюу хайрцагандаа 20 ширхэгтэй, нийт 240 ширхгийг нэг бүрийн үнэ 42.000 төгрөгөөр тус тус тооцон нийтдээ 194.040.000 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн. Дээрх барааг нийтэд нь 170.000.000 төгрөгөөр тооцон үлдсэн хэсгийг урамшуулалд нь өгөхөөр тохиролцож Х.Ганхөлөгт хүлээлгэн өгсөн.

Гэрээний дагуу төлбөрийг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохирсон. Х.Ганхөлөг нийтдээ 14.567.000 төгрөгийг бэлнээр болон бараагаар төлбөрт тооцон шилжүүлсэн байна. Худалдагч талаас удаа дараа үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардсан боловч төлөөгүй. Иймд Х.Ганхөлөгөөс үлдэгдэл 155.433.000 төгрөгийг, алданги 77.716.500 төгрөгийн хамт нийт 233.149.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Ганхөлөг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие гоо сайхны салон ажиллуулдаг байсан. Манай холын хамаатны залуу анх над дээр ирээд танайх салоноороо дамжуулаад зараад өгөөч гэсэн. Тэгээд барааг зарахаар реклам сурталчилгааг явуулж, эхний үед бараа зарагдаж байсан. Анх н.Батбаяр гэгч хүнтэй тохиролцоог хийдэг байсан. Бүтээгдэхүүн дуусаад хэлтэл бараа гааль дээр ирсэн, ирээд ав гэсэн. Л.Мөнхтулгыг бол танихгүй, надтай гэрээ л хийсэн. Барааг хүлээн авсан нь үнэн. Төлбөрөөс нийт 14.567.000 төгрөгийг төлсөн. Мөн барааг зарах явцад худалдан авсан зарим иргэдээс хааяа гэдэс гүйлгэлээ гэх мэтээр гомдол ирж байсан. Үлдэгдэл бараа зарагдаагүй байгаа тул буцаан өгөх хүсэлтэй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд барааны тоо хэмжээ, ширхэг нь тусгагдаагүй гэрээний хавсралт нь шаардлага хангахгүй байх тул уг гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Мөн алданги өндөр байх тул алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 183/ШШ2016/00193 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Х.Ганхөлөгөөс 233.149.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Цэндсүрэн, Х.Мөнхтулга нарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.323.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.323.697 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 1637 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2016/00193 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.323.700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1637 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгчид нь талуудын хооронд байгуулагдсан Бараа худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг шаардсаныг хариуцагч “гэрээний төлбөрийн үлдэгдэл 155.433.000 төгрөгийн барааг буцаан өгөх хүсэлтэй байна” гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд буцаан өгөх тухайгаа “бараа зарагдахгүй байна” гэх үндэслэлийг хийдэг. Давж заалдах шатны шүүхийн магадлалд талуудын маргаж байгаа үндэслэлийг тодорхойлсон хэрнээ уг дүгнэлтдээ хамааралгүй зүйлтэй холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь өөрөө илт үндэслэлгүй болсон.

Тодруулбал, хариуцагчийн өмгөөлөгчөөс 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтэд худалдан авсан барааны зүйл нь “хэдэн хайрцаг болох, хайрцаг дотроо хэдэн ширхэгээр байдаг" зэрэг нь тодорхойгүй байна гээд 1-10 хүртэл дугаарласан зүйлсийг тодруулах шаардлагатай гэсэн бөгөөд үүний 7-д Монгол улсын Засгийн газрын холбогдох агентлагийн хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрийн зөвшөөрөлтэй эсэх; 8-д Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхтэй холбогдох заавар, дагалдах баримтуудыг жагсаалтаар авах; хэмээн тус тус бичсэнийг үндэслэн давж заалдах шатны шүүх "... хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний улмаас маргаанд хамааралтай үйл баримт бүрэн тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй." гэсэн дүгнэлтийг хийсэн. ИХШХШТХ-ийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар давж заалдах шатны шүүх бүрэн эрхтэй боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буй үндэслэл болох уг нотлох баримт нь хэргийн үйл баримттай хэрхэн холбогдох, ямар үйл баримтыг тодруулах, хэргийг шийдвэрлэхэд яагаад ач холбогдолтой эсэх талаар үндэслэлээ заах ёстойгоос байтал “марааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй" гэх ерөнхий томьёоллоор хэргийг буцаасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Мөн үүнээс гадна хариуцагчийн өмгөөлөгчийн гаргуулахыг хүсэж буй нотлох баримт нь гаргуулах боломжтой буюу тийм нотлох баримт байдаг эсэхийг тодруулах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, гэрээний зүйл болох хүнсний бүтээгдэхүүнийг импортлох, худалдан борлуулахад ямар нэгэн төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл шаардагдаггүй учраас хариуцагчийн өмгөөлөгч болон давж заалдах шатны шүүхийн шаардаж нотлох баримт нь хууль зүйн хувьд гарах боломжгүй болно. Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт тухайлбал, бараа бүтээгдэхүүний танилцуулга, хэрэглэх заавар нь аль хэдийн хэрэгт авагдсан баримт юм.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн 183/ШШ2016/00193 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1637 дугаар магадлал нь хууль зүйн үндэслэлгүй тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч С.Цэндсүрэн, Л.Мөнхтулга нарын “...худалдсан барааны үнэ 155.433.000 төгрөг, алданги 77.716.500 төгрөг нийт 233.149.500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Х.Ганхөлөг эс зөвшөөрөхдөө барааны тоо, ширхэг нэг бүрийн үнийг гэрээнд тусгаагүй, хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Бараа худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нар нь эмчилгээ, гоо сайхан ... брендийн бүтээгдэхүүн худалдах, хариуцагч нь бүтээгдэхүүний үнэ 170.000.000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр тохирчээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т зааснаар худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй бөгөөд гэрээнд энэ талаар тодорхой заагаагүй байна.

Харин нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчид АНУ-ын “Калифорни ийрт минерал” ХХК-ийн бүтээгдэхүүн болох Террамин повдер, Террамин трасилк маск худалдсан талаар дурдаад эдгээр нь хүний бие организмд нэн шаардлагатай эрдэс бодисуудыг бүрэн агуулсан, гэдэс дотор цэвэрлэх, хорт нэгдлүүдийг өөртөө шингээн гадагшлуулах, улмаар дархлаа сайжруулах үйлчилгээ бүхий хүнсний бүтээгдэхүүн болох нь Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон гэжээ.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 218 дугаар албан бичиг, Улсын мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09/126/315 дугаар дүгнэлтээр “...танилцуулж буй “Тэррамин” нэрийн бүтээгдэхүүн нь хүний бие организмд нэн шаардлагатай эрдэс бодисуудыг бүрэн агуулсан, гэдэс дотор цэвэрлэх, хорт нэгдлүүдийг өөртөө шингээн гадагшлуулах, улмаар дархлаа сайжруулах үйлчилгээ бүхий хүнсний ангилалд хамаарах бүтээгдэхүүн болохыг тодорхойлж, шинжлэгдсэн үзүүлэлтээр эрүүл ахуйн аюулгүйн шаардлагыг хангаж байна гэжээ /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25-т “биологийн идэвхт бүтээгдэхүүн” гэж хүний бие махбодийн үйл ажиллагааг дэмжих, зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор нөхөх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ бүхий бүтээгдэхүүнийг, Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хүнс” гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны усыг, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “хүнсний бүтээгдэхүүн” гэж Хүнсний тухай хуулийн 3.1.1-д зааснаас гадна савласан ус, бүх төрлийн ундаа, бохь, хүнсний нэмэлтийг хэлнэ гэж тус тус заасан бөгөөд  нэхэмжлэгчийн худалдсан зүйл нь биологийн идэвхт бүтээгдэхүүн, хүнс, эсхүл хүнсний бүтээгдэхүүний аль нь болох нь тодорхой бус, энэ талаарх  баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгчийн тодорхойлсноор Террамин нэрийн бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж үзвэл Эм, эмийн хэрэгслийн тухай хуулийн 6, 7 дугаар зүйлд зааснаар энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт, худалдаа, түгээлт, хяналттай холбоотой үйл ажиллагааг төрийн зүгээс нэгдсэн зохицуулалтаар хангах бөгөөд импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгохоор зохицуулжээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан “Террамин”-ийг хэрэглэхтэй холбогдсон заавар, дагалдах баримтуудыг жагсаалтаар авах, Засгийн газрын холбогдох агентлагийн зөвшөөрлийг гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь буруу гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Хэргийн 99 дүгээр талд авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт Уянга нь биеийн арьс арчилж, хамгаалах бэлдмэлийг 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Калифорни ийрт минерал” ХХК-д илгээсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь эдгээр барааг хариуцагчид худалдсан гэжээ. Үүнээс үзвэл, гэрээнд заасан бүтээгдэхүүнийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 218 дугаар албан бичиг, Улсын мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09/126/315 дугаар дүгнэлтэд дурдагдаж шинжлэгдсэн бүтээгдэхүүн мөн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Түүнчлэн хэргийн 67-68, 77-81 дүгээр талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан шаардлагыг хангаагүй  байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 1637 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 1.323.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ