Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 90

 

 

А.Энхзаяагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч О.Зандраа, Д.Мөнхтуяа, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч А.Энхзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва нарыг оролцуулан, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 90 дүгээр магадлалтай, А.Энхзаяагийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.Энхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2003 онд Монгол Улсын их сургуулийн харьяа, Ховд аймаг дахь сургуулийг байгаль шинжлэлийн багш мэргэжлээр, 2010 онд газар зүй геологийн факультетыг цаг уурч мэргэжлээр төгссөн. 2003 оны 12 дугаар сараас эхлэн ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанд станцын техникчээр, улмаар сүлжээний техникчээр 2013 оны 8 сар хүртэл ажилласан.

Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны даргын 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар тус байгууллагад газрын доорх усны нөөц хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажилласан. Мөн 2014 оны 3 дугаар сард явагдсан төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Ховд аймгийн Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар дүгнэлт, Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны даргын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар намайг тус байгууллагын гадаргын усны нөөц, чанар хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон.

Гэтэл хариуцагч нь 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар намайг төрийн жинхэнэ албанд нэг жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсныг хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь дээрх тушаалд Төрийн албаны тухай хуульд огт байхгүй заалтуудыг баримталснаас гадна хуулийн хэрэглэвэл зохих заалтуудыг хэрэглээгүй, илэрхий хууль хэрэглээний алдаатай байна.

Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.1.9, 15 дугаар зүйлийн 15.1.2, 26 дугаар зүйлийн 26.1.3 гэсэн заалтууд байхаас бус 13 дугаар зүйлийн 1-ийн 3, 9, 15 дугаар зүйлийн 1-ийн 2, 26 дугаар зүйлийн 1-ийн 3 гэсэн заалтууд байхгүй юм. Түүнчлэн тушаалын удиртгал хэсэгт “Монгол улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тоот тогтоол” гэж заасан боловч уг Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн ямар зүйл заалтыг баримталж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй алдаатай захиргааны акт болжээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг зөвхөн сахилгын зөрчилд ногдуулдаг бөгөөд хариуцагч Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны дарга Р.Энхсүрэн нь намайг сахилгын зөрчил гаргасан гэдгийг шалган тогтоогоогүй, ёс зүйн хороогоор хэлэлцүүлээгүй атлаа сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны даргын 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг мөн хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч, Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны дарга Р.Энхсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Хар нуур-Ховд голын сав газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь А.Энхзаяа нь 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 5 хоногийн томилолтоор Ховд аймгийн Мөнххайрхан, Манхан, Зэрэг, Чандмань, Дөргөн, Мянгад, Буянт суманд ажиллах байсан боловч Мөнххайрхан суманд ажиллаад хүндэтгэн үзэх шалтгаангүй, чөлөө зөвшөөрөл авалгүй ажил таслан Ховд аймагт орж ирсэн бөгөөд үүнээс хойш ажилдаа ирэлгүй 7 хоног ажил тасалсан.

А.Энхзаяа 2015 оны 5 дугаар сарын 07-ны орой ажил тарсны дараа ширээ шүүгээгээ хоослоод ажилтай холбоотой бүх бичиг баримтаа аваад, компьютер дээрх ажлын бүх файлаа устгаад явчихсан байсан. 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 13-ны өдөр хүртэл ажилдаа ирүүлэх талаар өөрийнх нь ээж болон хадам аав нартай нь уулзаж, асуудлыг эерэгээр шийдвэрлэх гэж хичээсэн боловч үр дүнд хүрээгүй.

Иймээс Төрийн албаны тухай хуулиар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тус байгууллага нь 8 орон тоотой тул ёс зүйн хороо байгуулаагүй. А.Энхзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны даргын 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, А.Энхзаяаг урьд эрхэлж байсан Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны гадаргын усны нөөц, чанар хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан ажилгүй байсан хугацааны олговор 3884372 /гурван сая найман зуун наян дөрвөн мянга гурван зуун далан хоёр/ төгрөгийг Хар нуур-Ховд голын сав газрын захиргаанаас гаргуулж А.Энхзаяад олгуулахаар, түүний нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 90 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Энхзаяагийн “Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны даргын 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, өмгөөлөгч Ж.Энхжаргал нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Хариуцагч тушаалынхаа 1 дэх заалтад А.Энхзаяаг төрийн албаны ёс зүйг ноцтой зөрчиж, ёс зүйгүй зан авир гаргасан гэж дүгнээд удиртгал хэсэгтээ Засгийн газрын 2010 оны 288 тоот тогтоолыг баримталсан байдаг.

Хэдийгээр хариуцагч Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа нь 8 албан хаагчтай учраас ёс зүйн хороо байгуулагдаагүй хэдий ч энэ нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлаар дүгнэлт гаргуулахгүй байх үндэслэл огтхон ч биш юм. Учир нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.4-т “Тухайн төрийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчийн тоо 10 хүрэхгүй бол ёс зүйн хороо байгуулахгүй байж болно, энэ тохиолдолд төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөл бүхий төрийн байгууллагын ёс зүйн хороо шалган тогтоож, дүгнэлт гаргана” гэж заажээ.

Ийм байхад давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгт “Ёс зүйн хороо шалган тогтоогоогүй, зөрчил гаргасныг нотлох ажиллагааг хариуцагч хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй...” гэж хуулийг буруу хэрэглэжээ.

2. Хэрэв хариуцагчаас нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа тохиолдолд Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.1, 3.1-д заасны дагуу ёс зүйн хороонд хандаж, мэдээлэл гаргах учиртай.

Гэтэл хариуцагч Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа төрийн жинхэнэ албан хаагч А.Энхзаяа нь ёс зүйн зөрчил гаргасан эсэх, энэ нь ёс зүйн дүрмийн ямар заалтыг зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргуулахаар ёс зүйн хороонд хандаагүй байдаг.

3. Төрийн албаны тухай хуулийн 26 зүйлийн 26.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно” гэж зааснаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчид захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэр гаргах үйл ажиллагааны журмыг захиргааны байгууллага тогтоохоор байна.

Монгол Улсын Засгийн 1995 оны 6 сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг баталжээ. Уг журамд, төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоосон байх, энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулах, албан хаагч уг баримт бичигтэй танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй байх журмыг тусгажээ.

Хариуцагч Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны дарга нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тодорхойлсон нэг ч баримтыг нэхэмжлэгч А.Энхзаяад танилцуулаагүй, нэмэлт тайлбар гаргах, дахин шалгалт явуулахыг шаардах эрхээр нь хангаагүй байдаг.

Өөрөөр хэлбэл хариуцагч сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргачхаад дараа нь захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсэхээр нөхөн бүрдүүлсэн, хуульд нийцээгүй байдаг. Тухайлбал хариуцагч Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны бичиг хэргийн ажилтан, гэрч Г.Энхбаярын мэдүүлэгт “дарга нэг өдөр дуудаад Энхзаяагийн цагийн бүртгэлийг 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 13-ны өдрүүдэд та гэж бич” гэсэн гэжээ. Энэ мэдүүлгээр цагийн бүртгэлийг дараа нь нөхөж бүрдүүлсэн нь нотлогддог.

Ийм байхад давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаар нь үнэлэх хуулийн зохицуулалтыг зөрчин, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болоогүй баримтад тулгуурлаж, нэхэмжлэгчийг буруутгаж байгаад гомдолтой байна.

4. Хариуцагч Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны дарга Р.Энхсүрэн нь уг тушаалынхаа агуулгыг ажлаас чөлөөлөх тухай гэж тодорхойлсон атлаа тушаах нь хэсгийн 1 дэх заалтдаа “А.Энхзаяаг төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр халсугай” гэжээ.

Гэтэл Төрийн албаны тухай хуульд “13 дугаар зүйлийн 13.1.3, 13.1.9, 15 дугаар зүйлийн 15.1.2, 26 дугаар зүйлийн 26.1.3” гэсэн заалтууд л байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгт, “хариуцагч тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн заалтыг алдаатай бичсэн байгаа нь тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй...” гэж хэргийн байдалд нийцэхгүй, маргаан бүхий захиргааны актыг хууль бусаар зөвтгөсөн дүгнэлт хийж, хуулийг буруу хэрэглэжээ.

Учир нь хуулийг байгаа чигээр нь хэрэглэхээс бус заалтыг өөрчлөн зохиож хэрэглэхгүй. Хариуцагчийн дээрх тушаалд Төрийн албаны тухай хуульд огт байхгүй заалтуудыг баримталснаас гадна хуулийн хэрэглэвэл зохих заалтуудыг хэрэглээгүй алдаатай байна. Хариуцагч алдаагүй захиргааны акт гаргах үүрэгтэй болохоос шүүх уг алдааг зөвтгөгч биш.

5. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт А.Энхзаяаг төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн заалтыг зөрчсөн гэж буруутгасан атлаа дараагийн заалтдаа албан үүргээ хэрэгжүүлээгүй тул ёс зүйн хороогоор дүгнэлт гаргуулахгүй гэж харилцан эсрэг агуулгатай, бие биесээ үгүйсгэсэн дүгнэлт хийжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн ажил тасалсан гэх нэг л асуудалд холбогдуулан маргаан бүхий захиргааны актыг гаргаагүй. Үүн дээр ажлын файл устгасан гэх үйлдлийг ёс зүйгүй зан авир гаргасан гэж үзэн тушаал гаргах үндэслэл болгосон гэдгээ шүүхэд гаргасан хариу тайлбар, анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласаар байхад давж заалдах шатны шүүх зөвхөн ажил тасалсан гэх нэг л асуудалд дүгнэлт хийжээ.

Гэтэл хариуцагчийн тушаалд нэхэмжлэгчийг “ажил тасалсан, албан үүргээ биелүүлээгүй, ажил хаясан, ёс зүйгүй зан авир гаргасан, төрийн албаны ёс зүйг ноцтой зөрчсөн” зэргээр нийт 4 зөрчил гаргасан талаар дурдсан байдаг. Файл устгасныг ёс зүгүй зан авир гаргалаа гэж хариуцагч тайлбарладаг. Үүнээс дүгнэлт хийхэд давж заалдах шатны шүүх тушаалд заагдсан “албан үүргээ биелүүлээгүй” гэх нэг л зүйлд дүгнэлт хийгээд түүгээрээ хариуцагчийн тушаалыг зөвтгөөд байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 1.1, 4 зүйлийн 4.1-д заасныг зөрчсөн байна.

6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, маргаан бүхий захиргааны акт гарах болон үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч А.Энхзаяа төрийн жинхэнэ албан хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах”, 27.1.2-т “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах” баталгаагаар хангагдах эрхтэй. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.1-д “албан томилолтын зардал” нь төрийн албан хаагчид олгох нөхөх төлбөр байхаар, 29.3-т “Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам, түүний хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 218 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журамд албан томилолтын зардлыг урьдчилж олгохоор заажээ. Төрийн албан хаагч байр, уналга, хоолны зардлыг урьдчилан авч байж л албан томилолтоор ажиллах боломж нөхцөл нь бүрдэнэ. Албан томилолтын зардалгүйгээр төрийн албан хаагч хэрхэн өөр орон нутагт ажил албан тушаалаа гүйцэтгэж, хаана хоноглож, юугаар хооллож, юугаар зорчих юм. Ийм учраас томилолтын зардлыг урьдчилж олгодог.

Гэтэл бодит байдалд Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны дарга Р.Энхсүрэн нь төрийн жинхэнэ албан хаагч А.Энхзаяаг албан томилолтын мөнгөгүйгээр ажиллуулах тухай хууль бус шаардлагыг тавьсан болох нь хамт томилолтоор ажилласан гэрч Д.Игилик, С.Сүхзориг нарын мэдүүлгээр нотлогддог.

Нэхэмжлэгч А.Энхзаяагийн тухайд зөвхөн ажиллах нөхцөл баталгаагаа хангуулах, томилолтын зардлаа л авах шаардлагыг хариуцагч Р.Энхсүрэнд тавьснаар тэдний хооронд маргаан үүсч, улмаар хариуцагчаас “Д.Игилик та хоёрыг маргааш ажлаас хална, ажлаа хүлээлгэж өг” гэснээр А.Энхзаяа, Д.Игилик хоёр 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр шилжих шөнө Мөнххайрхан сумаас Ховд аймгийн төврүү явсан асуудал юм. Маргааш нь хариуцагчаас ажилтан Д.Игиликийг ажлаас чөлөөлөн тушаал гаргаж, ажлыг хүлээлцүүлсэн, харин нэхэмжлэгч А.Энхзаяагийн тушаалыг гаргалгүйгээр хүлээлт үүсгэсээр 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүрсэн байдаг.

Энэ хугацаанд нэхэмжлэгч А.Энхзаяа нь өөрийг нь ажлаас чөлөөлсөн тушаалаа авахаар байгууллагынхаа бичиг хэргийн ажилтан Г.Энхбаяр руу залгаж, лавлаж байсан. Энэ нь гэрч Г.Энхбаярын “...2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр А.Энхзаяа надруу утастаад эгчийнх нь тушаал гарсан уу, гарвал надад хэлээрэй гэсэн...” мэдүүлгээр нотлогдох юм.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 90 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны даргын 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/22 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.1.9, 15 дугаар зүйлийн 15.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолыг үндэслэн тус газрын гадаргын усны нөөц, чанар хариуцсан ахлах мэргэжилтэй А.Энхзаяаг “ажлын 7 хоног  албан үүргээ биелүүлээгүй, томилолтоор ажиллах эхний өдөр ажлаа хаясан, төрийн албаны ёс зүйг ноцтой зөрчиж, ёс зүйгүй авир гарган ажлын байрны зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч А.Энхзаяа нь “...тушаалд Төрийн албаны тухай хуульд огт байхгүй заалтуудыг баримталсан, хэрэглэвэл зохих заалтуудыг хэрэглээгүй нь илэрхий хууль хэрэглээний алдаатай, сахилгын зөрчил гаргасан гэдгийг шалгаж тогтоогоогүй, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн асуудлыг Ёс зүйн хороогоор шийдвэрлүүлээгүй” гэдэг үндэслэлээр уг тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны даргын баталсан “усны нөөц ашигласны төлбөрийн төвлөрүүлэлт, хуримтлал болон зарцуулалт, Усны тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ” хийх удирдамжийн дагуу А.Энхзаяа нь ажлын хэсгийг ахлан 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн 7 суманд 5 хоног томилолтоор ажиллах байсан боловч Мөнххайрхан суманд очсон 5 дугаар сарын 04-ний өдрөө ажиллаад мөн өдрөө буцаж ирсэн, ийнхүү томилолтоор ажиллаагүй атлаа 5 дугаар сарын 05-наас 08-ны болон 11, 12, 13-ны өдрүүдэд ажил тасалсан болох нь тогтоогдсон, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

А.Энхзаяа нь “томилолтын хоногийг тооцох” асуудлаас болж удирдлагатайгаа утсаар маргалдаж, улмаар томилолтын удирдамжид заасан ажлаа гүйцэтгээгүй, мөн 7 өдрийн ажил тасалж Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.2.1-д “Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах”, 5.4.4-т “захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх” гэснийг зөрчиж ёс зүйн зөрчил гаргажээ.

Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2.5.2-т “гомдол, мэдээлэлд холбогдох төрийн захиргааны албан хаагч болон түүний харьяалах төрийн байгууллагын  эрх бүхий албан тушаалтан, гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг шаардан авах” гэсэн нь Ёс зүйн хороо гомдол, мэдээлэл “үндэслэлтэй” эсэхийг тогтоох зорилгоор эдгээр ажиллагааг явуулахаар журамласан зохицуулалт тул А.Энхзаяа нь “томилолтын ажлаа орхиж явсан, 7 өдрийн ажил тасалсан” үйл баримт нь сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтанд илэрхий байсан, тэрээр  өөрөө энэ талаар маргаагүй тохиолдолд Ёс зүйн хороо шалган тогтоож, дүгнэлт гаргаагүй байхад “сахилгын шийтгэл” ногдуулсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан  хяналтын гомдлыг хүлээж авах боломжгүй.

Түүнчлэн уг журмын 2.4-т зааснаар тухайн Хар нуур-Ховд голын сав газрын захиргаанд Ёс зүйн хороог байгуулах нөхцөл бүрдээгүй учир байгуулагдаагүй байсан, энэ тохиолдолд Ховд аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дэргэдэх төрийн байгууллагын Ёс зүйн хороо төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тухай гомдол, мэдээллийг шалган тогтоож, дүгнэлт гаргах ёстой боловч А.Энхзаяаяг төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн нийлэг үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, түүнд сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг “үндэслэлтэй” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг зөрчөөгүй байна.

Хариуцагч нь дээрх тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг уг хуулийн бүтцийн дагуу бичээгүй, маргаантай харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг зөв баримтлаагүй нь буруу боловч энэ нь уг тушаалыг бүхэлд нь буруутгах үндэслэл биш тул давж заалдах шатны шүүх “уг алдааг хууль бусаар зөвтгөсөн” гэх хяналтын гомдол үндэслэлгүй юм.

Дээрх байдалд үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 90 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ