Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
Хэргийн индекс | 130/2021/0059/И |
Дугаар | 212/МА2021/00029 |
Огноо | 2021-05-25 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 212/МА2021/00029
Х.М-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2021/00234 дүгээр шийдвэртэй, Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Молхы овогт Хизатын М-ы нэхэмжлэлтэй, аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, “Монгол Шуудан” ХК-ийн Баян-Өлгий аймгийн шуудангийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Х.М, түүний өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Шуудангийн үйлчилгээний газрын дарга Ш.Айзаря нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Шуудан” ХК-ийн Баян-Өлгий аймгийн шуудангийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/15 тоот тушаалыг хүчингүй болгох тухай.
Нэхэмжлэлд: “Х.М миний бие 2010 оноос хойш “Монгол Шуудан” хувьцаат компанийн Баян-Өлгий аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд хариуцсан ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгэж ажиллаж ирсэн.Гэтэл тус газрын дарга Ш.Айзаря нь бүртгэл хяналтын pоst net программд илгээмж мэдээллийг хугацаанд оруулаагүй гэх шалтгаанаар надад 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/15 тоот тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Миний бие дээрх системд илгээмж мэдээллийг цаг тухайд нь үнэн зөв оруулж байсан ба тийм зөрчил гаргаагүй бөгөөд ажил ологчийн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2.1,7.2.2, 7.2.13, 8.2-д заасан заалтуудыг зөрчөөгүй болно. Хэрэв ажил олгогч буюу хариуцагч Ш.Айзаря намайг зөрчил гаргасан гэж үзвэл тухайн зөрчлийг шалгаж баталгаажуулах, надад танилцуулсан байх ёстой. Гэхдээ надад гаргасан гэх зөрчлийг баримтжуулж танилцуулсан, үүгээр хөдөлмөрийн гэрээнд заасан ямар ноцтой зөрчил гаргасан талаар танилцуулж мэдэгдээгүй шууд тушаал гаргаж сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Иймд “Монгол шуудан” хувьцаат компанийн Баян-Өлгий аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/15 тоот тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: “Ажил олгогч би 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Технологийн үйл ажиллагааг шалгах ажлын комисс байгуулах А/10 тоот тушаал гарган, уг комисс үйлчилгээний ажилтнуудын технологийн үйл ажиллагааг шалгаж дүгнэлтээ 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гарсан. Уг дүгнэлтэд шуудангийн технологийг ноцтой зөрчсөн хоёр төрлийн зөрчил илэрсэн.Үүнд:
1. Харилцагч байгууллагуудаас ирж байгаа зээл албан бичгийг зохих журмын дагуу хүлээж авч хяналтын систем буюу postnet программд бүртгэгдээгүй.
2. Хүлээн авсан шууданг технологийн дагуу хүлээлцдэггүй.
Нэгдүгээр зөрчлийн талаар дэлгэрэнгүй дурдвал. Х.М нь 11 дүгээр сард зээлээр хүлээн авсан шуудангаас 52 ширхэг зээл албан бичгийг зохих журмын дагуу программд бүртгэж албан зээл үүсгээгүй байна. Өөрөөр хэлбэл 52 ширхэг зээлээр авсан албан бичгийн мөнгийг сарын сүүлээр нэхэмжлээд төлүүлж авах боломж үүсгээгүй байгууллагыг хохироож байна.Энэ бүртгээгүй 52 ширхэг бичиг захидлын хугацааг нь үзвэл 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4 бичиг, 11 дүгээр сарын 19-ний өдрийн 48 бичиг байна. 2020 оны 11 дүгээр сарын 17,19-ний өдөр Pоst net программ ажиллаж байсан.
Хоёрдугаар зөрчлийн талаар дурдвал: Хүлээн авсан шуудангаа ялагч, хүргэгчид өгөхдөө гарын үсэг зуруулдаггүй гарын үсгийн тайлал бичдэггүй байна. Хэн авсан нь мэдэгдэхгүй байгаа эдгээр шуудангууд шуудан саатах, алдах үрэгдэх ноцтой муу үр дагавартай. Миний бие 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажилчидтай хийсэн хурлаар технологийн үйл ажиллагааг шалгах ажлын комиссын дарга ня-бо Т.Нурлан шалгалтын талаар танилцуулсан. Үйлчилгээний ажилтан Х.М-д зөрчлийн талаар танилцуулсан. Энэ бүгд хурлын протокол дээр байгаа. Иймд үйлчилгээний ажилтнуудаас Хөдөлмөрийн хууль, “Монгол Шуудан” ХК-ний Хөдөлмөрийн дотоод журам, бусад дүрэм, журмын дагуу мөн Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын холбогдох заалтуудын дагуу сахилгын шийтгэлийг тус тус авсан. Х.М-д урьд нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан. Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20% бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан болно” гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2021/00234 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.М-ы “Монгол Шуудан” ХК-ийн Баян-Өлгий аймгийн шуудангийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт “...хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж заасан. Хуулийн уг заалтаас үзвэл ажилтан албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан ажилтанд сахилгын шийтгэлийг ногдуулахаар байна. Маргаан бүхий тушаалаар ажилтанд сануулах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 11.3, 13.1.7 /в/, Хөдөлмөрийн гэрээний 7.2.1, 7.2.2, 7.2.13, 8.2 заалтуудыг баримталсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох ёстой билээ. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ нотлох Хөдөлмөрийн дотоод журмаа гаргаж өгч чадаагүй байна. Хавтаст хэрэгт цугларсан зохигчдын хооронд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 8 дахь хэсэгт талуудын аль нэг нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний улмаас нөгөө талд учирсан хохирлыг нөхөн төлөхөөр зохицуулсан байна. Хариуцагчаас нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ нотлохын тулд “Шуудан үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан Х.М-ы зээл албан бичгийг РОSТ.NЕТ программд бүртгээгүйн улмаас байгууллагад учирсан хохирол” гэх хүснэгтийг гаргаж өгсөн ба үүнээс үзвэл нэхэмжлэгч хариуцагчид 111,100 төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй байна. Гэтэл шуудан хүргэгчийн дэвтрийн хуулбар, бичиг захидал, 241-243 дугаартай боодол дотуур дагавар, гэрч Х.Паризагийн мэдүүлэг болон шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгчээс хариуцагч талд 111,100 төгрөгийн хохирол учруулсан тухай үйл баримт тогтоогдоогүй.Түүнчлэн, хавтаст хэрэгт ямар нэгэн эд хөрөнгийн хариуцлагын гэрээ авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Х.М--ы сахилгын зөрчил гаргасан болох нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ажилтан Х.Мы ажил олгогч “Монгол шуудан” ХК-ийн Баян-Өлгий аймгийн шуудангийн үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай гомдлыг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ажилтны гомдлыг хангаж шийдвэрлэв.
1. “Монгол Шуудан” ХК-ийн Баян-Өлгий аймгийн шуудангийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/15 дугаар тушаалаар ажилтан Х.М-ыг (1) бүртгэл хяналтын системд /postnet программ/ илгээмжийн мэдээллийг хугацаанд нь оруулаагүй, алдаатай бүртгэсэн, (2) шуудангийн илгээмжийг технологийн дагуу хүлээлцээгүй гэсэн хоёр төрлийн зөрчил үйлдсэн гэж дүгнэн, түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалтаар ажилтны үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Ажил олгогч дээрх шийдвэртээ талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 7.2.1, 7.2.2, 7.2.13, 8.2 дахь заалтуудыг удирдлага болгосон бөгөөд үүнээс гэрээний 7.2.2, 7.2.13 дахь заалт ажилтны үйлдсэн гэх хөдөлмөрийн сахилгын зөрчилтэй хамааралгүй байна. Харин ажилтны гаргасан гэх дээрх хоёр төрлийн зөрчлүүдэд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай харилцааг талуудын хооронд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 7.2.1, мөн өдөр ажил олгогчоос баталж, ажилтны зөвшөөрсөн Ажлын байрны тодорхойлолтын 3.1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад тодорхой зохицуулсан байна.
Ажил олгогчоос ажилтныг “Монгол шуудан” ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.3, 13.1.7 /в/ заалтыг тус тус зөрчсөн гэж сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэртээ үндэслэл болгосон боловч хариуцагчийн гаргаж өгсөн Хөдөлмөрийн дотоод журам гэх баримт бичиг нь тус компаниас Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлд зааснаар албан ёсоор батлагдан, мөрдөгдөж байгаа, тус Шуудангийн үйлчилгээний газарт дагаж мөрдөх Хөдөлмөрийн дотоод журам мөн эсэх нь эргэлзээтэй, ажил олгогчоос ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан баталж, баталгаажуулсан тамга, тэмдэггүй хэвлэмэл баримт учир шүүхээс үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үндэслэлгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Түүнчлэн уг баримт бичгийн 11.3 дахь заалт нь ажилтны гаргасан гэх зөрчлийн агуулгад нийцэхгүй, хамааралгүй тул уг баримтыг үндэслэн ажилтны гаргасан гэх зөрчил холбогдолд дүгнэлт хийх үндэслэлгүй гэж дүгнэв.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг зөрчсөн ажилтанд хуульд заасан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаар хуульчилсан. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ /7.2.1/ болон ажилтны ажлын байрны тодорхойлолтод /3.1 дэх хэсгийн 1.5/ “... шуудангаар илгээхээр хүлээн авсан бүх гарах илгээмжид өдрийн тэмдгийг тод гаргацтай дарж, нэр төрөл зүйлээр нь ялган, IPS, Postnet сүлжээнд бүртгэн дотуур дагаварт он, сар, өдөр, цагийг бичиж, гарын үсэг зурж, тус тусын зориулалтын богцонд савлан битүүмжилж, шошго зүүх ба шууданг хүргэх хуваарьт ажилтанд тоо ёсоор хүлээлгэн өгөх ба гадуур дагаварт гарын үсэг зуруулж, нэг хувийг нь авч үлдэнэ.” гэж Шуудангийн үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтны ажлын байрны гол үйл ажиллагаануудын нэгийг тодорхойлжээ.
Ажил олгогчоос байгуулсан Шуудангийн технологийн үйл ажиллагааг шалгах комиссын 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дүгнэлтэд ажилтан Х.М нь 2020 оны 11 дүгээр сарын 17, 19-ний өдрүүдэд 52 ширхэг бичиг захидлыг postnet программд бүртгээгүй, ингэснээр байгууллагад 111.110 төгрөгийн хохирол учруулсан, хүлээж авсан шууданг ялгагч, хүргэгчид зохих технологийн дагуу хүлээлцдэггүй гэсэн 2 төрлийн зөрчлийг тогтоосон талаар тэмдэглэсэн байна.
3. Хөдөлмөрийн гэрээний 7.2.1 дэх заалт, Ажлын байрны тодорхойлолтын 3.1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар “шууданг хүргэх хуваарьт ажилтанд тоо ёсоор хүлээлгэн өгөх” нь ажилтан Х.М-ы үндсэн ажлын хуваарьт багтсан, гол үйл ажиллагаа мөн бөгөөд Шуудангийн технологийн үйл ажиллагааг шалгах ажлын комиссын дүгнэлт болон Шуудан хүргэгчийн дэвтрүүдээс үзэхэд, шууданг хүлээж авсан шуудангийн үйлчилгээний ажилтан тухайн шууданг хүргэгч, ялгагчид хүлээлгэн өгсөн цаг, хугацааг тэмдэглээгүй, хүлээн авсан хүргэгч, ялгагчид гарын үсэг зуруулдаггүй, түүнчлэн хүргэгч, ялгагчид нь тухайн шууданг хүлээж авахдаа Шуудан хүргэгчийн дэвтрийн зохих хэсэгт нь тэмдэглэгээ үйлдэж, гарын үсгээ зурдаггүй нь тогтоогдож байгаа боловч үүнд дан ганц ажилтан Х.М-ыг буруутгах, гагцхүү түүний буруугаас уг бүртгэл хөтлөгдөөгүй гэж үзэх, дүгнэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.
Харилцагчаас хүлээж авсан шууданг хүргэгч болон ялгагчид хүлээлгэж өгөх буюу хүлээлцэх ажиллагаа нь нэг талаас тухайн шууданг харилцагчаас хүлээж авсан шуудангийн үйлчилгээний ажилтан, нөгөө талаас тус шууданг хүргэх, ялгах чиг үүрэгтэй хүргэгч, ялгагч нарын хоёр талын оролцоотой ажиллагаа болох нь зохигчийн тайлбар болон бүртгэлийн дэвтрээр тогтоогдож байна. Үүнд ажил олгогчоос “Шуудан хүргэгчийн дэвтэрт хүргэгч, ялгагчийн гарын үсгийг зурдаггүй, тайлал бичдэггүй” гэх зөрчлийг тогтоож, тухайн зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчил үйлдэгдэхэд чухал ач холбогдолтой бусад ажилтнуудын оролцоо бүхий нөхцөл байдлыг нарийвчлан тогтоохгүйгээр зөвхөн шуудангийн үйлчилгээний ажилтан Х.М-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь учир дутагдалтай болжээ. Тодруулбал, шууданг хүлээлцэхэд гарсан дээрх хөдөлмөрийн сахилгын зөрчил нь дан ганц ажилтан Х.Мы үйл ажиллагаанаас шалтгаалсан, эсхүл гагцхүү түүний үйлдэл, эс үйлдэхүйгээс Хөдөлмөрийн гэрээний болон Ажлын байрны тодорхойлолтын дээрх заалт зөрчигдсөн гэж үзсэн ажил олгогчийн шийдвэр хангалттай үндэслэлгүй болжээ.
Ажил олгогчоос хөдөлмөрийн сахилгын дээрх зөрчлийг шалгаж, тогтоохдоо зөрчилд ач холбогдол бүхий бусад ажилтнуудын оролцоо, тэдгээрийн чиг үүргээр нь тодорхойлогдох нөхцөл байдлуудыг бүрэн тодруулаагүй атлаа ажилтан Х.М-д уг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
4. Ажилтан Х.М нь харилцагчаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээж авсан 4 ширхэг, 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээж авсан 48 ширхэг, нийт 52 ширхэг захидал бичгийг postnet программд бүртгээгүй, энэ нь Хөдөлмөрийн гэрээний 7.2.1, Ажлын байрны тодорхойлолтын 3.1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг зөрчсөн хөдөлмөрийн сахилгын зөрчил мөн болохыг ажил олгогч зохих журмаар комисс байгуулан шалгаж, бүрэн тогтоосон байна. Харин ажилтны гаргасан уг зөрчилд ажил олгогч нэг сарын хугацаагаар ажилтны үндсэн цалинг 20 хувиар буруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалд нь тохироогүй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан ажилтанд ногдуулах сахилгын шийтгэлийн төрлүүдийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаарддаггүй боловч хуульд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл нь ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй, гэм буруу, зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, үр дагаварт /байгууллагад бодитой хохирол, хор уршиг учирсан байдал, зөрчлийг залруулах боломжтой эсэх/ нь тохирсон буюу шударга ёсны зарчимд нийцсэн байх шаардлагатай.
Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, тухайлбал (1) ажилтан Х.М нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр аймаг, сум хооронд илгээх 4, Улаанбаатар хот руу илгээх 14, нийт 18 ширхэг шуудан илгээмжийг хүлээж авсан, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр аймаг сум хооронд илгээх 65, Улаанбаатар хот руу илгээх 13, нийт 78 ширхэг захидал бичиг хүлээж авснаас үзвэл коронавируст халдварын цар тахлын улмаас хөл хорио тогтоосонтой /илэрхий үйл баримт/ холбогдуулан шуудангийн үйлчилгээний ачаалал эрс нэмэгдсэн нь байгууллагын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлд тусгагдсан ажилтны тайлбараар,
(2) 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээж авсан 18 илгээмжийн 14-ийг postnet программд бүртгэсэн, үлдсэн 4 ширхэг нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээж авсан 78 илгээмжийн 13-ийг нь тухайн өдөрт нь postnet программд бүртгэсэн, 1 ширхэг илгээмжийг огт бүртгээгүй, 17 ширхэг илгээмжийг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, 47 ширхэг илгээмжийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус тус бүртгэж оруулсан нь шүүхийн үзлэгээр тус тус тогтоогдсон,
(3) postnet программд бүртгэгдээгүй илгээмжүүдээс болж байгууллагад 111.110 төгрөгийн хохирол учрах эрсдэл байсан боловч /авлага үүсгэх программ учир/ бүртгэгдээгүй шууданг нөхөж бүртгэсэн учраас ажил олгогчид ямар нэгэн хохирол учраагүй нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон,
(4) ажлын байрны тодорхойлолтын 3.1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад шуудангийн үйлчилгээний ажилтан харилцагчаас хүлээж авсан захидал бичгийг postnet программд тухайн өдөрт нь бүртгэх талаар тодорхой тусгаагүй боловч ажлын болон программын ачааллын улмаас тухайн өдөрт нь цахим сүлжээнд бүртгэгдээгүй захидал бичгийг дараагийн ажлын өдрүүдэд багтааж бүртгэх үүрэг даалгаврыг ажил олгогчоос ажилтанд өгч, ажлын байрны гол үйл ажиллагаа гүйцэтгэх боломжийг дахин олгоогүй, харин ажилтан нь ажлын байрны тодорхойлолтод заасан уг ажил үүргийг огт хийгээгүй буюу хийхийг эсэргүүцсэн нөхцөл байдал тогтоогдоогүй,
(5) шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон байгууллагын хурлын тэмдэглэлд тусгагдсан ажилтны тайлбараас үзвэл ажилтан нь тухайн өдрийн ажлын ачаалал болон postnet программын ажиллагаанаас шалтгаалан ажилтан 2020 оны 11 дүгээр сарын 17, 19-ний өдрүүдэд зөвхөн Улаанбаатар хотод хүргэх илгээмжүүдийг цахим программд бүрэн бүртгэсэн,
(6) “урьд нь сум хоорондын илгээмжүүдийг дараа нөхөж оруулдаг байсан, нягтлан бодогч өдөр өдөрт нь оруул гэж шаардлага тавьсны дараа өдөрт нь оруулдаг болсон” гэх гэрч Х.Паризагийн мэдүүлэг зэрэг нөхцөл байдлуудыг үндэслээд, ажилтан Х.М-д түүний үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан ажил олгогчийн шийдвэр нь түүний ажлын ачаалалтай үед шууд бус санаагаар зөрчил үйлдсэн нөхцөл байдал, шуудан захидлыг цахим бүртгэлд бүртгээгүй зөрчлийн шинж чанар, Улаанбаатар хотод илгээх шууданг бүртгэж, сум хооронд илгээх шууданг бүртгээгүй зөрчлийн хэр хэмжээ, уг зөрчлийг дараа нь залруулах боломжтой бөгөөд залруулсан байгаа нөхцөл байдал, ажил олгогчоос ажилтанд уг зөрчлөө арилгуулах боломж, хугацаа, үүрэг даалгавар өгөөгүй байдал, уг зөрчлийн улмаас байгууллагад хохирол төлбөр учраагүй буюу зөрчлийн үр дагавар зэргийг харгалзаж үзээд, ажилтны гаргасан уг зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийн 131.1.2 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулахдаа хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэн ажил олгогчийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2021/00234 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Х.М-ы хариуцагч “Монгол шуудан” ХК-ийн Баян-Өлгий аймгийн шуудангийн үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан гомдлыг хангаж, тус шуудангийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч Х.М-ы гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Монгол шуудан” ХК-ийн Баян-Өлгий аймгийн шуудангийн үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
аж
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧИД Н.МӨНХЖАРГАЛ
С.ӨМИРБЕК