Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 53

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                        

Улсы яллагч Ц.Роза 

Шүүгдэгч Б.Мөнхтулгын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Розагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 1830000000038 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,   мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 12-05 тоотод оршин суух,  Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 138 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан , /РД:ЛЙ77020476/ Буурал овогт Б.М.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 12-05 тоотод гэртээ эхнэр Мөнхтунгалагтай маргалдсаны улмаас аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  - Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Готов гэдэг найзтайгаа нэг шил архи уучихаад манай найз явсан. Маргааш өглөө нь толгой өвдөөд эхнэрээсээ эм байна уу гэхэд нэг ширхэг эмний мөнгө олж ирэхгүй байж гэж уурласан. Тэгээд хүүр минь ажилдаа яв гэж хэлсэн. Би хүүр гэдэг үгэнд нь эмзэглээд хажуудаа байсан шилэн аягыг авч шидэхэд эхнэрийн толгойг оноод цус гарсан. Би сандраад цусыг нь цаасаар дараад эмнэлэг явъя гэхэд чи ажилдаа яв би эмнэлэг явлаа гэж хэлээд явсан. Дараа нь эхнэр гэртээ утсаа бариад сууж байхаар нь би фэйсбүүк оръё утсаа өгчих гэхэд өгөхгүй байхаар нь  би уурлаад  зам ангид ажиллаж байхдаа чамд энэ утсыг авч өгсөн биз дээ гичий минь гэж хэлэхэд эхнэр  хүүхдээ дагуулаад гарч явсан. Дараа нь цагдаа нар ирээд намайг авч явсан гэв.   

-Хохирогч Н.М  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирэхэд манай хүү   байсан. Тэгтэл  нөхөр Мөнхтулга гаднаас 2  хүнтэй орж ирээд 1 шил архи уучихаад нөгөө 2 хүн яваад Мөнхтулга гэртээ үлдсэн. Тэгээд чи миний хүчинд ажилд орсон, миний хүчинд өдий зэрэгтэй яваа, гацаа Нэргүйгийн янхан гэх  мэтээр доромжлоод байсан. Ажил хийх үнэхээр дургүй, архи уугаад ажлаасаа халагдчихдаг, архи уухаараа элдвээр харааж, уурладаг. Тэгээд би цагдаа дуудчихаад гараад ажилдаа явсан. Урьд нь  2017 оны 11 дүгээр сард архи уучихаад маргааш өглөө нь ажилдаа явахгүй толгойны эм нэхсэн. Тэгэхээр нь би ширхэг эмний мөнгө олохгүй байж юу гэж эм нэхээд байгаа юм, босоод ажилдаа яв гэж хэлсэн чинь над руу шаазан стакан аваад шидээд миний толгойг хагалж, эмнэлэгт ирж 3 оёдол тавиулж байсан. Одоо шарх нь сайн эдгээгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/

-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 109 дүгээр дүгнэлтийн  “1. Н.Мийн биед духны зүүн хэсгийн язарсан шарх  бүхий гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт  тогтмол нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт /хх-ийн 08-р хуудас/

-Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 29-32-р хуудас/

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1/187 дугаар тодорхойлолт /хх-ийн 23-р хуудас/

-Б.Мөнхтулгын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 12-05 тоотод гэртээ эхнэр Мөнхтунгалагтай маргалдсаны улмаас аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Мөнхтулгын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Н.Мийн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 109 дугаартай дүгнэлт, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,  хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг  нотлогдож тогтоогдсон тул Б.Мөнхтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Мөнхтулгын  үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 төгрөгөөр торгох  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч Б.Мд  ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл  байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Б.М нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хохирогч Н.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч Буурал овогт Бадарчийн Мөнхтулгыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхтулгыг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  500.000 /таван зуун  мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мд оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Мд мэдэгдсүгэй. 

5. Ялтан  Б.М нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй,  хохирогч Н.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА