| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 310/2025/00188/и |
| Дугаар | 314/ШШ2025/00445 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 314/ШШ2025/00445
2025 07 07 314/ШШ2025/00445
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: *******баатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар баг, Сүхбаатарын талбай-02, Сентрал тауэр, 8 давхарт байрлах, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* ******* гэх газар оршин суух, Тар овгийн *******гийн *******т холбогдох
“Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,331,457 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн менежер Б.Дашгарав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч О.******* нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* ХХК-тай гар утас төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж Самсунг А54 маркийн гар утас авч нийт 1,598,000 төгрөгөөр худалдан авсан. Төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 66,584 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гар утасны лизингийн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй байх тул үндсэн төлбөр 1,464,848 төгрөг, ярианы төлбөр 134,185 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног 732,424 төгрөг, нийт 2,331,457 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие О.******* ******* ХХК-иас А54 Самсунг маркийн гар утас зээлээр авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,331,457 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сар бүр 582,864.25 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч О.*******т холбогдуулан “зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,331,457 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-05 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сар бүр 582,864.25 төгрөгөөр тус тус төлөхөөр илэрхийлсэн. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарлахад зөвшөөрч, гарын үсгээ зурсан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй О.*******т холбогдох “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,331,457 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,253 төгрөгийн тавин хувь болох 26,126.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 26,126.5 төгрөг, хариуцагч О.*******ээс 26,126.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА