Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 212/МА2021/00051  

 

Ш.Б-ы хүсэлттэй иргэний хэргийн тухай                                                                                                                               

 

                Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2021/00274 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Булган сумын 4 дүгээр багт оршин суух, Саяван арван овогт Шархүүгийн Б-ы хүсэлттэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны  6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд 1981 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 1993 оныг хүртэл хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

 

Хүсэлтэд: “Ш.Б миний бие 1965 онд Баян-Өлгий аймгийн Булган суманд төрж өссөн. 1981 оны 06 дугаар сард Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөөд аав ээжийн гар дээр тус сумын Хөх толгой бригадад Салтанат нэгдэлд илгээлтийн эзнээр томилогдож, мал маллаж эхэлсэн. 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдөр цэргийн албанд татагдаж 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаат цэргийн алба хаасан. 1987 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1993 оныг дуустал хоньчноор ажиллаж байсан. 1988 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Б.Оюунчимэгтэй гэр бүл болсон бөгөөд Б.Оюунчимэг нь 1981-1993 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгон өндөр насны тэтгэвэрт гарсан болно. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч миний анх ажилд орсон тушаал гарсан тушаал мөн цэргээс халагдаж ирээд хоньчноор ажилд орсон тушаал, гарсан тушаал бүгд архиваас олдохгүй Булган сумын архив шатсаны улмаас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна. Иймд Ш.Б намайг Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдлийн Хөх толгой бригадад хоньчин малчнаар 1981 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 1993 оныг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2021/00274 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, зааснаар Саяван арван овогт Шархүүгийн Б нь Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэжээ.  

 

Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.10-ны өдрийн 130/ШШ2021/00274 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Баян-Өлгий аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР маягтын он сар өдрүүд зөрүүтэй байгаа юм. 1984 оны 06 сарын 26-ны өдөр цэрэгт татагдаж 1987 оны 06 сарын 09-ны өдөр халагдсан болох нь 557724 дугаар цэргийн батлахаар тогтоогдож байгаа гэтэл тухайн ХААТР маягтад цэрэгт явсан он сар нь зөрүүтэй байгааг хөтөлбөргүй үнэн нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Миний бие 1981 -1993 оныг хүртэл малчнаар ажиллаж байсныг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.1.1-д даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, шимтгэл төлсөн лавлагаа (хөдөлмөрийн дэвтэр байхгүй, эсхүл бичилт нь шаардлага хангахгүй тохиолдолд архивын лавлагаа, шүүхийн шийдвэр)-г үндэслэн малчнаар ажилласан хугацааг тодорхойлохоор заасан бөгөөд мөн журамд зааснаар гэрчийн мэдүүлэг, багийн даргын тодорхойлолтыг үндэслэн анхан шатны шүүхээс тогтоогоогүй 1981 оны 06 сарын 20-ны өдрөөс 1984 оны 06 сарын 20-ны хүртэл, 1992 оны 01 сарын 01-ны өдрөөс 1993 оныг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх Ш.Б-ы хүсэлттэй, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэгт авагдсан баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Хүсэлт гаргагч Ш.Б-ы нь 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оныг хүртэл Баян-Өлгий аймгийн Булган сумын “Салтанат” нэгдэлд хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

 

1. Шүүх  Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/48 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Ш.Б-ы Иргэний хаягийн хуудас №7 анкетад ... 10. Хаана ямар ажилтай: Хэнтий аймгийн ТМС-ийн сурагч ...1982 оны 01 сарын 30-н гэж бичигдсэнээс үзэхэд хүсэлт гаргагч Ш.Б нь Баян-Өлгий аймгийн Булган сумын Салтанат нэгдэлд 1981 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн хоньчин, малчнаар ажиллаж байсан байна гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаас үзвэл, нотлох баримт нь бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагыг хангасан байна. Энэ баримтыг харьцуулан дүгнэх өөр баримтат мэдээлэл хэрэгт авагдаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй учир шүүх санаачилгаараа хүсэлт гаргагчийн цэргийн албанд татагдахаас өмнө өөрөө болон эцэг эх нь ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан эсэхийг тодруулах үүнээс /цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет зэрэг/ нотлох баримтуудыг цуглуулж, хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэх  боломжтой байжээ.

Түүнчлэн хавтаст хэргийн 41-42 дугаар хуудаст Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн лавлагаанд Баян-Өлгий аймгийн Булган сумын “Салтанат” нэгдэлд 1992-1993 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй боловч шүүхийн санаачилгаар тус нэгдэл хэзээ татан буугдсан талаар Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авч харьцуулан судалж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

2. Шүүх хүсэлт гаргагчаас ирүүлсэн хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолтуудыг /гэрч Х.Сантайн мэдүүлэг/ 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ш.Бы ажиллаж байсан байдлыг тогтоохдоо нотлох баримтаар үнэлсэн атлаа 1981-1988, 1991-1993 он хүртэл ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бусад нотлох баримтуудтай харьцуулж хэрхэн үнэлсэн талаарх үндэслэлээ шүүхийн шийдвэрийн үндэслэлд бичээгүй, дүгнээгүй нь мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй байна.

 

 Иргэн Ж.Түвшээ нь хүсэлт гаргагчийг 1981 оноос 1993 оныг дуустал Баян-Өлгий аймгийн Булган сумын “Салтанат” нэгдэлд ажиллаж байсан гэж тодорхойлолт бичсэнийг Ш.Баас гаргаж өгсөн бөгөөд иргэдийн гаргаж өгсөн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэлд хамаарахгүй тул Ж.Түвшээгээс шүүх гэрчийн мэдүүлэг авах замаар нотлох баримтыг бүрдүүлэх байжээ.

 

Мөн анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийн үлдсэн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнэлт өгөөгүй, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэрлээгүй   орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчмын агуулгыг зөв хэрэгжүүлээгүй, хуульд заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх бүрдүүлэх, хэрэгт цугларсан, цуглуулсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэх журмыг тус тус зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, хүсэлт гаргагчийн  давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2021/00274 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хүсэлт гаргагч Ш.Б-д буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                       

Д.КӨБЕШ