| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00161/И |
| Дугаар | 306/ШШ2025/00223 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 306/ШШ2025/00223
| 2025 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 306/ШШ2025/00223 | Говьсүмбэр аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ************* банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-ийн гаргасан нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Б
Хариуцагч: Ч.Б нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, бизнесийн зээлийн төлбөрт 88,021,960 төгрөг, нотариатын зардал 44,000 төгрөг, нийт 88,065,960 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагч Б.Б, хариуцагч Ч.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Б.Б, Ч.Б нар нь Говьсүмбэр салбараас 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр №3Г/202352787079 дугаартай зээлийн гэрээ, №БГҮ202352787079, №БГХ202352787079 Барьцааны гэрээ байгуулан 130,000,000 /нэг зуун гучин сая / төгрөгийн бизнесийн зээлийг, жилийн 18,6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан.
****************************************************************** талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан.
Зээлдэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр №3г/202352787079 тоот зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 46,085,412 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 26,492,796 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 66,985 төгрөг, нийт 72,645,192 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /99 хоног/ гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.
Иймд банк Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.7, 6.1.11, 6.4 дах хэсгийг үндэслэн дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна: Үүнд:
1.2025 оны 04 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах.
Үндсэн зээлийн үлдэгдэл 83,914,588 төгрөг
Зээлийн хүүгийн төлбөр 4,081,824 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25,548 төгрөг
2.Зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дараах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах. Үүнд:
Бараа материал / жагсаалтаар/,
Тоуоtо Estima AHR20 гэр бүлийн суудлын автомашин-1 ш,
Ирээдүйд орж ирэх бизнесийн орлого,
*********************************
******************* талбайтай эзэмших эрхтэй газар,
****************** өрөө хувийн сууц,
******************* талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө.
Зээлийн төлбөрт 88,021,960 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 44,000 төгрөг, нийт 88,065,960 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 130,000,000 төгрөгийн бизнесийн зээл авсан. Тухайн зээлээ бизнесийн орлогоос төлж байсан учир 2-3 хоног хэтрэх зүйл байсан. 2024 оны 11 дүгээр сараас орлого буурсан. Арай гэж сардаа багтааж төлдөг байсан. Жил болгоны 01 дүгээр сар орлогын хувьд үнэхээр муу байдаг. Тухайн 01 дүгээр сард төлж чадаагүй. Зээлийн ангилал буурч өөр ямар ч зээл авах боломжгүй болсон. ****** банканд хүү болон төлбөр нийт 72 000 000 төгрөг төлсөн байдаг. Тухайн 88 065 000 төгрөгийг төлж чадахгүй явж байна. Бизнес хийдэг хүний хувьд таатай зүйл биш. Маш их хичээсэн боловч амжаагүй. Гэрээний дагуу шийдвэрлүүлэх хүсэлттэй байна... Миний хувьд 130,000,000 төгрөгийн зээлийг авахад эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих зээл хамгийн боломжит зээл байсан. Хугацааны хувьд хамгийн урт хугацаатай байсан. Тухайн үед болохоор гэр бүлийн хүрээнд байсан бүх зээлүүдийг хаасан. Энэ Монгол банкны лавлагаагаар харагдаж байгаа. Анх судлахад хамтран зээлдэгчид хэдэн төгрөгийн зээл байгаад хэрхэн хаагдсан бэ гэдэг нь байгаа байх гэж бодож байна. Миний хувьд 75,000,000 төгрөгийн бусад банкны зээл төлсөн. ******** дээр хоёр бизнесийн зээл, *********** нэг бизнесийн зээл байсан. Ч.Б-ын хувьд тухайн үед ********** банканд бизнесийн зээл 17,000,000 төгрөгийн зээл хаасан. Байрны зээл 17,000,000 орчим төгрөгийн зээл хаасан. Тухайн үед гэр бүл дотор байсан бүх зээлүүдийг хаасан. Ч.Б-ын солонгосын виз нь гарчихсан байсан. Хоёулаа зээлээ хоёр талаас нь төлөөд явъя гэж хэлээд 09 дүгээр сарын 26-ны өдөр би итгэмжлэлээр гарын үсэг зураад зээл авсан. Солонгос явах тийзний мөнгө бүх юмыг нь тухайн зээлээс гарч явсан. Харин одоо зөвхөн энэ хүн авсан тэр нь нотлогдон гэж байна.Энэ зээлийн зарцуулалт Монгол банкны лавлагаагаар харагдаж байгаа гэж бодож байна. Эхлээд ямар байсан бэ гэдгийг зээл судлахаар гарч ирдэг шүү дээ. Тухайн зээлийн зориулалтыг буруу ашигласан гэв.
3.Хариуцагч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд шүүхэд хүсэлт гаргасан. Үндсэн зээлдэгч Б.Б 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс 2025 оны 06 дугаар сарын 23-ныг хүртэл ****** болон **********-ны дансны хуулгыг нь авсан. Орлогын дүнг нь харахад 150,000,000 орчим төгрөг төвлөрсөн байна. Тухайн үедээ энэ зээлийг сард 4,740,000 төгрөгөөр төлөөд явах боломжтой. *******ны нэхэмжлэх эрхийн дагуу барьцааны байр, орон сууц, болон эд материалыг хураахгүй энэ асуудал шийдэгдэх боломжтой гэж үзэж байна... Хариуцагч Б.Б төлөхийг зөвшөөрөх биш, *****-ны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. ******** бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдээ дэмжээд Европын сэргээн босголтын хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпорац гэдэг байгууллагуудаас хөрөнгө босгосон. Энэ хүрээнд иргэн Б.Б 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 130,000,000 төгрөгийн зээл авсан. Миний бие хамтран зээлдэгч. Энэ дээр ярихгүй бол болохгүй зүйл байна. Б.Б өөрөө хэлж байна. Анх 130,000,000 төгрөг аваад 2024 оны 11 дүгээр сар хүртэл төлбөрөө төлж байсан. Энэ хугацаанд юу болж байсан бэ гэхээр бид хоёрын хувьд одоогийн байдлаар гэр бүлийн баталгаагаа салаагүй. Эхнэр нөхөр хэвээрээ байгаа. Тухайн үед цуг амьдардаг байсан. Гэтэл Б нь С гэх залуутай асуудал үүсгэж, гэр бүлийн асуудал хоёр тийшээ болсон. Үүнээс болоод зээлээ төлөхгүй байгаа юм уу гэдэг асуудал байгаа. Тухайн хүнтэй асуудал үүсгэж бүр жирэмсэн болсон байсан. Үүнээс болоод би гомдсон, ямар ч хүн гомдох байх. Энэ асуудал нь өөрөө 10 жилийн өмнө давтагдаж байсан. Намайг явснаас хойш хэдэн сар зээлээ төлж байгаад төлөхөө больсон. ****** банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэж ярьж байна. Энэ хаан банкны зээлийн гэрээн дээр барьцаатай байгаа 3 байр, 3 газар, автомашинууд Б.Б-ийн нэр дээр байдаггүй. Гуравдагч этгээдээр ирсэн миний ээжийн байр, хашаа байгаа. ******* банканд хураагдахад Б.Б гэх хүнд огт нөлөөлөхгүй учраас хүлээн зөвшөөрч байна. 130 000 000 төгрөг зөвхөн Б.Б-ийн дансанд ороод зөвхөн Б.Б-ийн харилцагч байгууллагууд руу зарлага хийгдэж, ********** банк хяналт тавьж явсныг ******* банк мэдэж байгаа. Баримт нотолгоог нь аваад үзэхэд мэдэгдэж байгаа. Яагаад энэ хүн 130,000,000 төгрөгөө аваад төлж явж байснаа асуудал үүсээд хоёр тийшээ болохоор төлж чадахгүй орлого байхгүй гэж ярьж байгаа юм бэ, орлого байхгүй гэдгийг би үгүйсгэж байна. Яагаад вэ гэхээр миний бие хүсэлт гаргаад ************-аас сүүлийн 06 сарын хуулгыг авахад нийтдээ 150,000,000 орчим төгрөгийн орлого орсон байна шүү дээ. Энэ орлогоор сард 4,700,000 төгрөгийг төлөөд авах боломж байгаа шүү дээ. Энэ хүн болохоор төлөхгүй байгаа нь миний хувьд залилангийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байгааг үгүйсгэхгүй. Нэгэнт хийсэн гэрээ юм чинь төлөх нь тодорхой тул шүүх шийдэж өгнө үү гэсэн саналтай байна
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Т.Н гэдэг. Гуравдагч этгээдийг төлөөлж байгаа миний эгч Т.У гэж 70 гаран насны өндөр насны тэтгэвэрт байдаг. Ч.Б гэж хүний ээж, Б.Б гэх хүн манай бэр байгаа юм. Хүн үр хүүхдийнхээ төлөө сайн сайхан яваасай гээд сайхан сэтгэлээрээ байр, сууцаа барьцаанд тавиад мөнгө гаргаад өгчихсөн нь үнэн. Банкны төлбөр тооцоо хийгдээгүй энэ асуудлыг бол ярьж байна. Эгчийгээ төлөөлөөд ярихад залуу хүмүүс явах газар хол байна настай хүний байрыг банканд хураалгахгүйгээр төлбөр тооцоогоо хийж дуусгах байх гэж итгэж байна гэв.
5. Нэхэмжлэгч талаас: Нотлох баримтаар нэхэмжлэл, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №3Г/20235278*** дугаартай зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №БГҮ202352***** дугаартай барьцааны гэрээ, №БГХ202352787*** дугаартай барьцааны гэрээ, 42-22860 дугаартай барьцаалбар, 42-22859 дугаартай барьцаалбар, 42-22858 дугаартай барьцаалбар, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Т.У, Б.Б нарын итгэмжлэл, Ч.Б-ын өмчлөлийн ********************************* тоот хаягийн гэрчилгээний хуулбар, Т.У-ийн Г-19020007** бүртгэлийн дугаартай, 00061*** дугаартай гэрчилгээний хуулбар, Ч.Б-ын өмчлөлийн ******* улсын дугаартай, Toyota Estima-AHR20 маркийн загварын автомашины гэрчилгээний хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 04201-2023/001** дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, Ч.Б болон Б.Б нарийн иргэний үнэмлэхний хуулбар, У-ийн ******** банк ХХК-д 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан хүсэлт, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэлийн хуулбар, зээлийн бүртгэлийн карт, Б.Б, Ч.Б нарын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгууд, ******* банк ХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 40 дугаартай зээл төлөх мэдэгдэл-ийн хуулбар, ******** банк ХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 44 дугаартай зээл төлөх мэдэгдэл-ийн хуулбар, ****** банк ХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 5995/25/63 дугаартай зээл төлөх мэдэгдэл-ийн хуулбар, ******* банк ХК-ийн зээлдэгчтэй холбоо барьсан болон уулзалт хийсэн тэмдэглэлүүд, ****** банк ХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн бараа материалын үлдэгдлийн жагсаалтууд, ******* банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ***** банк ХК-иас олгосон итгэмжлэлүүд зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
6.Хариуцагч Б.Б-ээс шүүхэд ирүүлсэн тайлбар болон нотлох баримт гаргаагүй болно.
7.Хариуцагч Ч.Б-ын хүсэлтийн дагуу ***** ХК болон **** банк ХК-иас нэхэмжлэгч Б.Б-ийн дансны хуулгыг шүүхээс бүрдүүлсэн байна.
8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.У шүүхэд тайлбар болон нотлох баримт гаргаагүй болно.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
-Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж,
-Бизнесийн зээлийн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 88,021,960 төгрөг, нотариатын зардал 44,000 төгрөг, нийт 88,065,960 төгрөгийг гаргуулах,
-Ч.Б, Т.У нарын өмчлөлийн барьцаа хөрөнгө, ирээдүйд орох бизнесийн орлого, жагсаалтад дурдсан бараа материалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тодорхойлж нэхэмжилжээ.
Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин Б.Б нь ...энэ зээл нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор Б.Б-д олгосон, би хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон, Б.Б нь надтай амьдарч байхдаа хэвийн төлж байснаа, тодорхой асуудлаас болж тусдаа амьдрах болсноосоо хойш төлөлт хийгээгүй, өөрийн хөрөнгөө барьцаалаагүй, алдах зүйлгүй учраас зориуд төлөхгүй байна... гэх агуулгатай үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргажээ.
Энэ тохиолдолд хэргийн нэг тал буюу хоёр хариуцагч хүсэл зориг зөрүүтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх боломжгүй юм.
****** банк ХК-ийг төлөөлж, Говьсүмбэр салбар болон Б.Б, Ч.Б нарын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №3Г/202352787*** дугаартай зээлийн гэрээ байгуулжээ. Энэхүү зээлийн гэрээний нөхцөлд бизнесийн зээлийн зориулалтаар жилийн 18.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай 130,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч Б.Б, хамтран зээлдэгч Ч.Б нар гарын үсэг зурж баталгаажуулан байгуулж, гэрээний дагуу зээл олгогдсон /хх 4-6/.
Мөн ******* банк ХК-ийг төлөөлж, Говьсүмбэр салбар болон Б.Б, Ч.Б, Т.У нарын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №БГҮ20235278**** дугаартай Барьцааны гэрээ байгуулагдаж, гэрээний 2.2-т Ч.Б-ын 3 ширхэг, Т.У-ийн 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан /хх-7,8/, БГХ202352787079 дугаартай хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ /хх10/ байгуулагдсан үйл баримт тогтоогдож, зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан эсэх болон нэхэмжлэлээр шаардсан гэрээний үүргийн дүнгийн талаар талууд маргаагүй байна.
Энэ зээлийн гэрээ, түүнийг үндэслэн байгуулсан барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр гэрээ байна.
Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн дөчин дөрөвдүгээр бүлгийн хоёрдугаар дэд бүлэгт зохицуулсан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн харилцаа байна.
Иргэний хуулийн 451.1 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар тухайн гэрээний үндсэн үүрэг нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэг байна.
Мөн Иргэний хуулийн 452.1 Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.,
Иргэний хуулийн 452.2 Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...
Иргэний хуулийн 453.1 Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан нэмэлт үүргийг хүлээхээр байх ба эдгээр үүргүүд зөрчигдсөн нь гэрээний нэг талд шаардах эрх бий болгохоор байна.
4.Зээлийн гэрээг цуцлах шаардлагын тухайд:
Энэ хэргийн тухайд зээлдүүлэгч ******* банк ХК нь гэрээний зүйл 130,000,000 сая төгрөгийг шилжүүлэн олгосноор үүргээ гүйцэтгэсэн байх ба зээлдэгч талын хувьд гэрээгээр тохирсон хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн тодорхой төлөлт хийх үүргээ зөрчсөн байдал тогтоогдож байна.
Талуудын хооронд 2023 оны 09 сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь 36 сарын хугацаатай буюу гэрээний хугацаа дуусах болоогүй байх ба нэхэмжлэгчийн зүгээс нэг тал үүрэг зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцлах шаардлага гаргасныг хариуцагч тал маргаагүй байх ба зээлдэгч тал үүрэг зөрчсөн, энэ талаар мэдэгдэж байсан байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж,
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225 дугуаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж зааснаар гэрээг цуцлах үндэслэлтэй байна.
5.Зээлийн гэрээний үүрэг гаргуулах шаардлагын тухайд тухайд:
Зээлийн гэрээг цуцлах шаардлагатай холбоотойгоор гэрээний биелэгдээгүй үүрэгт үндсэн зээл 83,914,588 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,081,824 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 25,548 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Зээлийн гэрээний үнэ 130,000,000 сая төгрөг, түүнээс төлөгдсөн үндсэн зээл, хүүгийн төлбөр болон одоо гүйцэтгээгүй нэхэмжилж байгаа үлдэгдэл төлбөрийн хэмжээний талаар талууд маргаагүй байна.
Харин уг үүргийг хэн гүйцэтгэх талаар хариуцагч Ч.Б маргаж байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж,
Иргэний хуулийн 242.2 Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ. гэж заасны дагуу Б.Баасансүрэн, Ч.Батжаргал нар нь гэрээнд зааснаар үүссэн хамтран хүлээх үүрэгтэй байна. Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нь ямар хэмжээнд үүрэг гүйцэтгэх талаар зохицуулан заагаагүй байх тул ямар зээл хэний нэр дээр ямар зориулалтаар олгогдсоноос үл хамааран тэдгээр нь гэрээний үүргийг хамтран хариуцах юм.
Иймд хариуцагч Б.Б, Ч.Б нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 83,914,588 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,081,824 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 25,548 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгох үндэслэлтэй байна.
6.Нотариатын үйлчилгээний зардал 44.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын зөрчигдсөн эрхийг сэргээх, Иргэний хуулийн зорилгын хүрээнд авч үзвэл уг шаардлага нь гэрээний үүрэгт хамааралгүй боловч гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс үүсэн гарсан, үүргийг гүйцэтгүүлэхийн тул шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон нэмэлт зардал буюу хохирол гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасныг үндэслэн хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Энэ шаардлагын талаар хариуцагч тал мөн маргаагүй ба зохигчдын маргаагүй зүйлийг шүүх нотлон тогтоохгүй, харин хууль зүйн дүгнэлт хийж хууль хэрэглэх замаар хууль заасан шаардах эрх, хууль зүйн үндэслэлийг тодорхойлж шийдвэрлэх юм.
7.Гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:
Барьцааны эрх зүй дэх үндсэн зарчмуудын нэг бол барьцааны эд хөрөнгийн өмчлөх эрхийг барьцаалуулагч эдэлдэг буюу барьцаалуулагчийн өмчлөлийн зүйл байх ёстой.
Гэхдээ бусдын өмчлөлийн хөрөнгө барьцааны зүйл болох тохиолдол нь батлан даалт хэлбэрээр хэрэгждэг.
Батлан даалт нь Иргэний хуулийн 458.1 Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ. гэж зааснаар тодорхойлогдоно.
Иргэний хуулийн 460.1 Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ. гэж зааснаар буюу гэрээнд хамтран үүрэг хүлээж оролцохгүйгээр тусдаа үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээх,
Эсхүл Иргэний хуулийн 460.2 Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй. гэж заасан байгаагаас батлан даагч нь гэрээнд өөрөө хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар оролцож батлан даах гэсэн байдлаар үүрэг хүлээдэг байна.
Энэ хэргийн тухайд нөхөх хариуцлага хүлээх байдлаар буюу Т.У нь өөрийн хөрөнгийг барьцаалуулахдаа зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй тул зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч нар гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд Иргэний хуулийн 458.1-д заасан хариуцлага хүлээх юм.
Энэ нөхцөлд банк зээлдэгчээс Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлүүдэд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэх бөгөөд үүнийг шүүх хангаж шийдвэрлэхэд Иргэний хуулийн 460.1-д зааснаар батлан даагч нь нөхөх хариуцлага хүлээх тул зээлдэгч төлбөрийн чадваргүй болохыг тогтоох, шийдвэр гүйцэтгэх журмаар төлбөр барагдуулах ажиллагаа явагдсан байх нь дараагийн ээлжинд Иргэний хуулийн 458.1-д заасан үүргийг батлан даагчаас шаардах үндэслэл болно.
Тодруулбал батлан даагчийн нөхөх хариуцлага хүлээх эрсдэл нь үндэслэл бүхий нөхцөл байдал бий болсон тохиолдолд хэрэгжих ба энэ агуулга бүхий зохицуулалт нь батлан даагчийн хөрөнгийг үндэслэлгүй эрсдэлээс хамгаалах зорилготой юм.
Иймд шүүх зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас гаргуулахаар дээр дүгнэсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, зээлдэгч нарын өөрсдийн барьцаалсан хөрөнгөнөөс үүргийг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй болсон, төлбөр төлөгч нар төлбөрийн чадваргүй болсныг тогтоосны дараа эхний удаад төлбөр төлөгч /зээлдэгч/ нарын барьцаа хөрөнгөөс үүргийг гүйцэтгүүлэх юм.
Иймд энэ шийдвэрээр тогтоосон үүргийг хариуцагч нар гүйцэтгээгүй тохиолдолд гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б, Ч.Б нарын барьцаалсан бараа материал, автомашин, орон сууц, газар эзэмших эрх зэрэг хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж болон, мөн барьцааны зүйл болох бизнесийн орлогоор хангуулахаар шийдвэрлэж, шаардлагаас Т.Уртнасангийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх үүрэг гүйцэтгэгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч гэх Т.У-ийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь үндэслэлтэй эсэхийг энэ шийдвэрээр дүгнэхгүй юм.
8.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 668,480 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй ба энэ дүнгийн 70.200 төгрөг нь үнэлж болохгүй шаардлага болох үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах шаардлагад төлөгджээ. Шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангах шаардлагыг ерөнхий байдлаар хангаж шийдвэрлэсэн ба түүн дотроос Т.У-ийн барьцааны зүйлээр хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэлийн шаардлагаас салгаж үнэлэх боломжгүй тул 70.200 төгрөгийн хураамжийг хэсэгчлэн хуваахгүй юм.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 668,480 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Ч.Б нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүн болох улсын тэмдэгтийн хураамжид 668,480 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчд олгох үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч нь төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлд дурдахдаа алдаатай нэмж 668,780 төгрөг гэж бичсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус үндэслэн ****** банк ХК, хариуцагч Б.Б, Ч.Б нарын байгуулсан ЗГ/202352787079 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нараас зээлийн гэрээний гүйцэтгэгдээгүй үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 83,914,588 төгрөг, зээлийн хүү 4,081,824 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,548 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 44.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч****** банк ХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Б, Ч.Б нар зээлийн гэрээний үүрэг 88,021,960 төгрөгийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох:
- Бараа материал /жагсаалтаар буюу худалдан борлуулсан, хадгалалтын хугацаа зэргээс байхгүй болсон бол орлох зүйлсээр/
- Ч.Б-ын өмчлөлийн Тоуоtо Estima AHR20 гэр бүлийн суудлын автомашин-1 ш,
- Ч.Б-ын өмчлөлийн ************** талбайтай, 2 өрөө орон сууц,
- Ч.Б-ын өмчлөлийн *******************, 2 өрөө орон сууц,
- Ч.Б-ын өмчлөлийн ************* тоотод байрлах ГД0000222624, НТД4201000167, Э1902000833 дугаартай 392мкв талбайтай газар газар эзэмших эрх зэргийг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс,
- Бизнесийн орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас
- Т.-ийн өмчлөлийн Г************** бүртгэлийн дугаартай 2450мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар,
- Т.У*************************-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 668,480 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Ч.Б нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүн болох улсын тэмдэгтийн хураамжид 668,480 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр үйлдэх ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН