| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0047/Э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2018-03-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 60
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгч Д.Ды өмгөөлөгч Т.Хүдэр
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 1730001790142 дугаартай хэргийг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр баг Орлойн 1-4 тоотод оршин суух /РД ЛБ77101617/ Орлой овогт Д.Д.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 10 дугаар сард Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Зуугийн-Овоо гэх газраас хохирогч Г.Батчулуугийн эзэмшлийн хураалттай байсан өвснөөс 140 боодол өвсийг хулгайлж 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэртээ зурагт үзээд байж байхад Асгат суманд өвсний цэвэрлэгээ хийнэ гэж сонссон. Маргааш нь гадуур өвс тарааж байна гэж сонсоод мотоцикльтой очиж үзэхэд олон хүн тэр газраас өвс авч байсан. Би өвсийг ялгаж тавиад, буцаж яваад машинаа аваад 140 боодол өвс авсан гэв.
Хохирогч Г.Батчулуугийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2016 оны намар 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг Зуугийн овоо гэх газарт Цогбаатар гэдэг хүний нэр дээр 200 га газар авч уг газраас 20 гаруй мянган боодол өвс авсан. Тэгээд 2016 оны намар өвсөө зөөж байтал Малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул уг өвсөө зөөж чадаагүй, 11 000 боодол өвс орхисон юм. 2017 оны 09 дүгээр сар хүртэл манаачтай байсан. 2017 оны 09 дүгээр сард би Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд хадланд гарсан бөгөөд Зуугийн овоонд сахиул хийж байсан хүн маань манай боогчоор ажилладаг байсан тул уг хүнээ дуудаад ажиллуулж байтал 2017 оны 10 дугаар сарын эхээр Асгат сумын Зуугийн овоонд хураасан байсан 11 000 боодол өвснөөс 9000 боодол өвсийг хүмүүс машинтай ирж зөөсөн байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-06-р хуудас/
Хохирогч Г.Батчулууд шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярихад “шүүх хуралдаанд суухгүй, хохирол төлөгдсөн, гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй” гэх тэмдэглэл /хх-ийн 65-р хуудас/
Сүхбаатар аймгийн Асгат сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12-р хуудас/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 14-р хуудас/
Шүүгдэгч Д.Ды хэргийг хялбаршуулсан журмааршийдвэрлүүлэх
тухай хүсэлт /хх-ийн 30-р хуудас/
Д.Даас хохирогч Г.Батчулууд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирлын 350000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 69-р хуудас/
Д.Ды ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17-р хуудас/ зэрэг баримтууд болно
Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 10 дугаар сард Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Зуугийн-Овоо гэх газраас хохирогч Г.Батчулуугийн эзэмшлийн хураалттай байсан өвснөөс 140 боодол өвсийг хулгайлж 375 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Ды мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Батчулуугийн мэдүүлэг, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Дд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг нотлогдож тогтоогдсон тул Д.Дыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Дд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Ды үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орлой овогт Д.Дыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дд мэдэгдсүгэй.
4. Ялтан Д.Д цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА