Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 212/МА2021/00042

 

Х.Сын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2021/00323 дугаар шийдвэртэй, Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, Ожых овогт Хурмагийн С-ын нэхэмжлэлтэй, Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Жагалбай овогт Хайратын Н-т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 5 дугаар  сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Х.С, түүний өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Х.Н, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн хамт 21.958.647 төгрөг гаргуулах тухай.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Х.С, Х.Н нарын хооронд байгуулсан 2018 оны 12  дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Би иргэн Х.Н-т 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 4 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан сарын 1.7% хүүтэй бодож 32.000.000 төгрөг зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээг тухайн үед нотариатаар баталгаажуулсан. Түүнээс хойш иргэн Х.Н нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 16.136.304 / арван зургаан сая нэг зуун гучин зургаан мянган гурван зуун дөрвөн/ төгрөгийг төлсөн. Түүнээс хойш  нэг ч төгрөг төлөөгүй өдий хүрч байгаа ба анх байгуулсан зээлийн гэрээний хугацаа ч дууссан болно. Иргэн Х.Н-ээс зээлж авсан мөнгө төлж өг гээд шаардсан боловч одоо хүртэл төлөхгүй байна. Иймд иргэн Х.Н-ийн надаас зээлж авсан мөнгөнөөс үлдсэн болон хүүгийн хамт 21.958.647 төгрөгийг гаргуулан миний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн агуулга: “Миний бие “Көшелик” ХХК-нийн барьж ашиглалтад оруулсан Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай “А.Жылхышы-1” дугаар гудамж, “Көшелик” ХХК-ны 24 айлын орон сууцны 128 тоот байрыг “орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” 18/02 тоот дугаартай гэрээний дагуу “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах” гэрээгээр худалдан авч, Голомт банктай байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ”, Ипотекийн ЗГ5805110363 дугаартай гэрээний дагуу 2018 оны 12 дугаар сарын 25-аас 2038 оны 11 дүгээр сарын 25-ны хооронд 20 жилийн хугацаатай зээлээр худалдан авч, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 000515157 дугаартай гэрчилгээ ёсоор Х.Н би уг байрыг өмчлөлд шилжүүлэн авсан билээ. Тухайн орон сууцыг барьж ашиглалтад оруулсан гүйцэтгэгч “Көшелик” ХХК-ний захирал Х.Мүпти нь 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх” 18/02 дугаартай гэрээг захиалагч Х.Н надад байгуулсан байх бөгөөд тухайн гэрээний нөхцөл, журмын дагуу байрны үнэ өртөг төлөгдөөд бараг дуусах шатанд байгаа билээ. Гэтэл “Көшелик” ХХК-ны барьж ашиглалтад оруулсан тухайн 24 айлын орон сууцны барилга нь Барилгын норм,норматив тогтоосон БНбД-31-01-01 стандарт шаардлага хангахгүй,барилга байгууламжид тавих шаардлагыг хангахгүй байгаа нөхцөл байдал барилга байгууламжийн зүгшрүүлэх хугацаа дууссаны дараа илэрч, захиалагч тал гүйцэтгэгчид гомдлын шаардлага гаргах, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар гомдол,нэхэмжлэл гаргах гэтэл “Көшелик” ХХК-ний гүйцэтгэх захирал Х.Сын захиалагч Х.Н-ийн надтай байгуулсан гэх 2018 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 01 дугаартай “зээлийн гэрээ” нэртэй “хүчин төгөлдөр бус хэлцэл” саад учруулж байх тул “сөрөг нэхэмжлэл” гаргаж байна.

Нэг: Нэхэмжлэгч Х.С-ын үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус тооцох үндэслэл:

1.1 Хариуцагч Х.Н миний бие нэхэмжлэгч Х.С-аас 32.000.000/ гучин хоёр сая/ төгрөг зээлж авсан явдал байхгүй юм.Энэхүү “Көшелик” ХХК-ний гүйцэтгэх захирал Х.С-тай байгуулсан гэрээний нэг тал болох Х.Н миний 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “зээлийн гэрээ” 01 дугаар гэрээ нь “Көшелик” ХХК-ний ерөнхий захирал Х.Мүпти, захиалагч Х.Н бид хоёрын дунд 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан” орон сууц захиалах,захиалга гүйцэтгэх” 18/02 дугаартай гэрээг “ халхавчлах зорилгоор” дүр үзүүлэн” хийсэн хэлцэл болно.Хариуцагч Х.Н миний бие “Көшелик” ХХК-ний ерөнхий захирал Х.Мүпти, гүйцэтгэх захирал Х.С нараас орон сууцны байр худалдаж авсан болохоос бус мөнгө зээлж авч байгаагүй тул эхний ээлжид нэхэмжлэгч Х.С-тай байгуулсан гэх 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “хүчин төгөлдөр бус хэлцлийг” хүчингүйд тооцох шаардлагатай байна.

1.2 Хэрэв нэхэмжлэгч Х.С нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох “зээлийн гэрээ” хүчин төгөлдөр гэж үзвэл хариуцагч буюу зээлдэгч Х.Н надад зээлээр олгосон 32.000.000 төгрөгийг бэлнээр буюу миний хувийн дансанд шилжүүлсэн бичгийн нотлох баримтыг гаргаж ирүүлэх шаардлагатай байна.

1.3 Хариуцагч Х.Н би “Көшелик” ХХК-тай /ерөнхий захирал Х.Мүпти, гүйцэтгэх захирал Х.С/ нартай 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “орон сууц захиалах,захиалгыг гүйцэтгэх” 18/02 тоот дугаартай гэрээ ёсоор 74 м.кв байр худалдан авч, ипотекийн зээлд хамрагдсан уг гэрээг халхавчлах зорилгоор, дүр үзүүлэн хийсэн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “зээлийн гэрээ” 01 дугаартай гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд уг гэрээний дагуу миний бие 1.7 хувийн хүүтэй төлөх, нэхэмжлэгч алдангаа нэхэмжлэх эрхгүй юм.

1.4 Хариуцагч Х.Н надтай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “зээлийн гэрээ” 01 дугаартай гэрээ нь миний хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчсөн, гүйцэтгэгч талд илт давуу байдал бий болгосон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлж хийсэн”, 56.1.3-д заасан 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “орон сууц захиалах,захиалгыг гүйцэтгэх гэрээг” “халхавчлан хийсэн” хэлцэл учир “хүчин төгөлдөр бусад тооцох” үндэслэлтэй гэж үзээд сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

1.5 Нэхэмжлэгч Х.С-ын нотлох баримтаар гаргаж өгсөн  2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн  “зээлийн гэрээ” 01 гэрээнд Иргэний хуулийн 451.2,452.1,452.2,453.1-т заасан “Банк,зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд”-ийн эрх хэмжээнд зээл олгосон хуулийн заалтаар гэрээ байгуулсан нь уг гэрээ илт хууль бус болохыг нотолно.

Учир нь  нэхэмжлэгч Х.С нь “Банк, санхүү,зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд” биш юм. Мөн гэж үзвэл банк, төлбөр тооцооны тусгай зөвшөөрлийг нотлох үүрэгтэй юм. Иргэн Х.С-ын шүүхэд гаргаж өгсөн гэрээгээр хувь хүнтэй гэрээ байгуулсан мэт харагдаж байгаа. Гэвч би хувь хүнтэй биш, компанитай гэрээ байгуулсан. Уг гэрээ нь шинжээчийн дүгнэлтээр зүйл заалт өөр хоорондоо зөрүүдтэй, цагаан өнгийн арилгагч бодисоор “Көшелик” ХХК  гэдгийг арилгаж Х.С болгож өөрчилсөн, иргэн Х.С-ын зурсан гарын үсэг нь өөр хоорондоо зөрүүдтэй, нэхэмжлэгч Х.С болон гэрээг баталсан нотариатын гаргаж өгсөн гэрээ хоорондоо зөрүүдтэй зэрэг хуурамч бичиг баримтын асуудалтай байна. Энэ гэрээ Х.С бид хоёрын байгуулсан гэрээ биш. Нотариат нь засвартай гэрээ баталсан байх ёсгүй. Тийм учраас нотариатаар батлуулсны дараа гэрээнд өөрчлөлт оруулсан гэж үзэж байгаа. Иймд шүүхээс хүсэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2,56.1.3, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Х.С, Х.Н нарын хооронд байгуулсан 2018 оны 12  дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай “зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2021/00323 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч  Х.Н-ээс үндсэн зээлийн үлдэгдэл болон хүүгийн хамт 21791450 / хорин нэгэн сая долоон зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.С-ад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 167197 төгрөг болон хариуцагч Х.Н-ийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №01 дугаартай “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн  шийдвэрийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч, танилцаад  дараах давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүхээс нотлох баримтад  буруу дүгнэлт хийсэн. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэг хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй.Илт хуурамч нотлох баримт байхад түүнийг нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэхэд гомдолтой байна. Тухайлбал нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэл болгож буй Х.С, Х.Н нарын хоорондоо байгуулсан гэх 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Зээлийн гэрээ” нэртэй хууль бус гэрээ нь хууль ёсны бус, уг гэрээнд  зурагдсан Х.С гэх гарын үсэг  хуурамч, тухайн гэрээний үндсэн эх  хувь эь Х.Нурыек болон Көшелик ХХК-ны хооронд “ Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх” 18/02 тоот гэрээнд үндэслэж, хуурамч зээлийн гэрээ болгон өөрчилж байгуулсан.Хүчин төгөлдөр бус гэрээ  болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр  нотолсон байдаг.

2. Нэхэмжлэгч Х.С гэдэг хүн “ хувийн журмаар зээл олгосон” гэж тайлбарласаар байхад гэрээний үндэслэлд 451.1, 452.1, 451.2, 453.1 дэх заалтуудыг  баримталсан нь банк зээлийн үйл ажиллагааг эрхэлдэг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэрээ байгуулсан болгож харагдуулдаг ба гэрээ хүчин төгөлдөр  бус болох нь нотлогдсоор  байтал  анхан шатны шүүх тухайн үйл баримтад хууль ёсны дүгнэлт хийгээгүй.

3. Хариуцагч Х.Н миний бие “Көшелик” ХХК-аас Орон сууцын зориулалттай байр худалдан авахад “Орон сууц захиалах, захиалгаар гүйцэтгэх” 18/02 дугаартай  гэрээг захиалагчийн хувиар  Х.Н,  ажил гүйцэтгэгч “Көшелик” ХХК-ны ерөнхий захирал Мупти, гүйцэтгэх захирал Х.Сержан нартай  гэрээ байгуулж байсан болох нь нотлох баримтаар өгсөн гэрээний хувиар  нотлогдож байна. Гэтэл тухайн орон сууцны үнэ өртөгт захиалагч тал Х.Н би хангалтай  үнэ өртгийг төлсөн санхүүгийн болон банкны  төлбөрийн баримтуудыг  гаргаж өгсөөр  байтал хариуцагч Х.Н миний Көшелик ХХК-ны ерөнхий захирал Мупти, гүйцэтгэх захирал Х.С  нарт төлж барагдуулсан үнийн дүн болон миний худалдаж авсан  байрны үнэ өртгийн дүн. Нийт төлөгдсөн үнийн дүнтэй харьцуулан  авч  дүгнээгүй.

4. Нэхэмжлэгч талын бичгийн нотлох баримт болгож гаргаж өгсөн хуурамч нотлох баримаар хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй” учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх маргаантай эрх зүйн харилцаанд Иргэний хуулийн тохирох  заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна.

 

Нэхэмжлэгч Х.С нь хариуцагч Х.Н-т холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн хамт 21.958.647 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаснаар талууд шүүхэд мэтгэлцжээ.

 

1. Нэхэмжлэгч Х.С-ын нэхэмжлэл Х.Нтэй байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай “Зээлийн гэрээ” болон түүний хавсралт, 32.000.000 төгрөгийг Х.Н-ийн дансанд бэлэн бусаар шилжүүлсэн тухай Голомт банкны төлбөрийн баримт, гэрч, нотариатч Б.Гүлжаукарын мэдүүлэг, нотариатчаас гаргаж өгсөн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2212 бүртгэлийн дугаартай гэрээний хуулбар, хавсралт, бүртгэлийн дэвтрийн  24 хуудасны хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудад үндэслэгдэж, 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх зээлийн хүүг нэхэмжилж, сөрөг нэхэмжлэлээс татгалзсан бол хариуцагч Х.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай зээлийн гэрээнд зурсан Х.С-ын гарын үсэг түүний гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар зээлдүүлэгч Х.С нь зээлдэгч Х.Нт 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 32.000.000 төгрөгийг 4 сарын хугацаагаар, сарын 1.7 хувийн хүүтэй зээлдүүлсэн, талууд үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт хоёр хувааж анхны төлөлтийг 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр, дараагийн төлөлтийг 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төлж гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон нь бүрэн тогтоогдсон, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул  зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийг нэхэмжлэгч Х.С нь хариуцагч Х.Н-ээс шаардах эрхтэй, шаардах эрхээ хэрэгжүүлэх бүрэн үндэслэлтэй  байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр 32.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатайгаар, сарын 1.7 хувийн  хүүтэй зээлдүүлж, мөнгийг бэлэн бусаар зээлдэгчийн дансанд, зээлдүүлэгчээс шилжүүлсэн зэрэг хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон ач холбогдолтой, хамааралтай нөхцөл байдлуудыг үнэлж, тодорхой тооцооллыг /зээлийн хүүг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнтэй буюу төлөгдөөгүй үндсэн зээлтэй уялдуулж 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тооцоолсон/ үндэс болгож дүгнээд, анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Н-ээс үндсэн зээл болон хүүгийн хамт 21.791.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.С-ад олгохоор шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзнэ. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, түүний үндэслэлийн талаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Хариуцагч Х.Н-ийн “талуудын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг /орон сууц худалдах-худалдан авах гэрээ/ халхавчлах зорилгоор хийсэн, гэрээг Х.Стай биш түүний нөхөр болох Х.Мүптигийн “Көшелик” ХХК-тай байгуулсан” гэх хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлүүд нь нотлох баримтад тулгуурлаагүй, бодит байдалд нийцээгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтын дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3 дахь заалтын өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл зэрэг нь талууд эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьдал болгосон байдаг бол талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргээс үзвэл, зээлдүүлэгч Х.С, зээлдэгч Х.Н нарын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээнд хэлцэл хүчин төгөлдөр байх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд баримтаар тогтоогдоогүй болно.

 

Нотариатчаас ирүүлсэн зээлийн гэрээ болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн зээлийн гэрээ харилцан адилгүй буюу дугаарлалт нь зөрүүтэй, тэдгээрт зурагдсан Х.С-ын гэх гарын үсгүүд харилцан байрлал болон элементийн хэмжээ зэргээрээ тохирохгүй байгаа боловч маргааны зүйл болсон, нотариатчаас гаргаж өгсөн буюу талуудын  хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зурсан гарын үсэг нэхэмжлэгч Х.С-ын гарын үсэг мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, тухайн зээлийн гэрээг хариуцагч Х.Н нь “Көшелик” ХХК-тай бус харин иргэн Х.С-тай байгуулсан нь мөн шинжээчийн “...гэрээний “Көшелик” ХХК гэсэн хэвлэмэл бичгийг цагаан өнгийн будагч бодисоор дарж дээр нь бичсэн “Х.С” гэсэн шинжилж буй бичгүүд ...” гэх дүгнэлт, нотариатчийн гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний бүртгэлийн дэвтэр, зохигчийн тайлбараар тус тус нотлогдож байх тул хариуцагчийн хариу тайлбар хийгээд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангажээ.

 

Хариуцагч Х.Н нь нэхэмжлэгч Х.С-ын дансанд түүнтэй зээлийн гэрээ байгуулахаас өмнө 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 8.000.000 төгрөгийг шилжүүлж байсан тухай баримт, түүний нөхөр Х.Мүптигийн “Көшелик” ХХК-д нийт 105.400.000 төгрөг шилжүүлсэн гэх тайлбар зэрэг нь тухайн хэрэгт хамааралгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, үндэслэлтэй дүгнэсэн байна.

 

Иймд давж заалдах гомдолд зааснаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй тул, дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, сөрөг нэхэмжлэлийг хангах тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Хуульд зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337.107 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 130/ШШ2021/00323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337.107 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

                       

                                                                                                          С.ӨМИРБЕК